Индэр    
2022 оны 5 сарын 18
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ө.Болорцом: Хүмүүс бие даасан эрчим хүчний эх үүсвэртэй байхын чухлыг ойлгож, сэргээгдэх эрчим хүчний хэрэгцээг мэдэрч байна

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2019 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн Монгол Улсын хоёр дахь том нарны цахилгаан станц Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт буюу Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлаас баруун урд зүгт 5.3 км зайд орших "Бөхөг" нарны цахилгаан станцын ашиглалтын инженер Ө.Болорцомтой нарны цахилгаан станцын горим ажиллагаа, сэргээгдэх эрчим хүчний салбарын чиг хандлагын талаар ярилцлаа.

Түүний хувьд тус станцад дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа залуу мэргэжилтэн. 2008 онд ШУТИС-ийг сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжлээр төгсөж, 2009-2015 оны хугацаанд MCS International ХХК-д цахилгааны инженерээр ажлын гараагаа эхлүүлж, 2017-2018 онд Австралийн Засгийн газрын тэтгэлгээр Australia UNSW их сургуульд нарны эрчим хүчний инженерээр төгсөж, эх орондоо иржээ. Ийнхүү 2018 оны арваннэгдүгээр сараас "Тэнүүн гэрэл констракшн" ХХК-ийн "Бөхөг" нарны цахилгаан станцын төсөл дээр орж ажилласан салбартаа идэвхийлэн ажиллаж буй инженерүүдийн төлөөлөл юм. 

- Сайн байна уу. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, газрын тосны үнийн өсөлт зэрэг асуудал нь сэргээгдэх эрчим хүч рүү онцгой анхаарах шалтгаан болж байх шиг байна. Тэгвэл эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж байгаа нарны цахилгаан станцын үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар яриагаа эхлүүлье? 

- Сайн байна уу. Хэдэн сая жил хуримтлагдаж дагтаршсан байгалийн баялгийг ухаж гаргаж ирээд эрчим хүч гаргана гэхгүйгээр бэлэн байгаа нар, салхи, ус зэрэг байгалийн өөрийнх нь эрчим хүчийг шууд хувиргаж ашиглах байгаль орчинд ээлтэй. Тэр утгаар сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж байна. Байгалийн баялгийн нөөц хязгаарлагдмал, хомсдох нь ойлгомжтой учраас бид уг нь нөөцөөс хамаарал багатайгаар шавхагдахгүй нөөцийг ашиглах нь тогтвортой хөгжилд хөтөлнө.

Сэргээгдэх эрчим хүч нь байгаль дээр тасралтгүй нөхөн сэргээгдэж байдаг энерги. 

- Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр манай улсад одоогоор хэдэн станц байгуулагдаад байгаа вэ?

- Одоогоор том чадлын гурван салхины, зургаан нарны, хоёр усан цахилгаан станц байгуулагдчихсан ажиллаж байгаа. 2000-2010 оны үед сумдыг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар нар, салхи хосолсон дунд оврын төхөөрөмжүүдийг сумдад суурилуулаад, тодорхой хэмжээнд сумын цахилгаан хэрэглээг хангаж явсан туршлагууд (төсөл) байсан. Сэргээгдэх эрчим хүчний төрөлд нар, салхи, ус, биомасс, далайн татралт, түрэлт болон газрын гүний дулааны эрчим хүч багтдаг. Манай улс нар, салхи, ус, газрын гүнээс ялгарч байгаа дулаан гэсэн дөрвөн төрлөөр ашигладаг.

Манай улсад сэргээгдэх эрчим хүчийг хамгийн үр дүнтэй ашиглаж байгаа хүмүүс бол манай малчин иргэд. 

Яагаад гэвэл төвийн эрчим хүчинд хамрагдах боломжгүй болохоор нарны хавтан, батарейг ямар ч үнэтэй байсан хамаагүй худалдаж авч ашигладаг. Тэгээд харилцаа холбоотой байх, мэдээлэл авах, солилцох зорилгоор гар утас, гар чийдэнгээ цэнэглэх, зурагт үзэх хэмжээнд ашиглах нь элбэг байсан. Одоо харин нарны хавтангийн үнэ хямдраад, батерэйн технологи нь ч сайжирсан болохоор малчин иргэд тоног төхөөрөмжөө шинэчлээд хөдөлмөрөө хөнгөвчлөх байдлаар угаалгын машин, худгаа насосоор ажиллуулах зэргээр ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, малчин иргэд хөдөлмөр хөнгөвчлөх үүднээс сэргээгдэх эрчим хүчийг ихээр хэрэглэж байна.

Нөгөө талд харилцаа холбооны оператор компаниуд 2000 онд алслагдсан сум, аймагт сүлжээгээ оруулахын тулд нарны хавтан, батериагаар сүлжээний тоног төхөөрөмжийн асуудлаа шийдэж сэргээгдэх эрчим хүчийг ихээр ашиглаж эхэлсэн. Одоо ихээр ашиглаж байгаа.

 "станц өдөрт дунджаар 10,000 айл өрхийн хэрэгцээг хангахуйц хэмжээний эрчим хүчийг төвийн системд нийлүүлдэг"
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- "Бөхөг" нарны цахилгаан станц томоохон нарны станцуудын нэг. Үйл ажиллагааны горим нь хэрхэн явагдаж байна вэ? 

- Манай станц 2019 оны долоодугаар сараа албан ёсны үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд нийт 15 МВт-ын хүчин чадалтай. Япон улсын Шарп корпорацын орчин үеийн дэвшилтэт технологи бүхий нарны дэлгэцүүдийг ашиглан жилдээ 29 сая кВт.ц цэвэр эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. 2022 онд батлагдсан горимын дагуу 22 сая кВт.цаг эрчим хүчийг Монгол Улсын төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Нийт 48 га газарт тус бүр нь 320 Вт-ын хүчин чадалтай 51,372 ширхэг NDAF-320 загварын нарны дэлгэц суурилуулсан байгаа.

Энэхүү нарны цахилгаан станцын төсөл нийт 25 жилийн хугацаандаа 750 мянган тонн хүлэмжийн хийг бууруулах, 585 мянган тонн түүхий нүүрсний хэмнэлт гаргах, 3.6 сая тонн цэвэр усны хэмнэлт гаргах үр ашигтай.

Компани маань нийт 14 ажилтантай ба бүгд "Бөхөг" нарны цахилгаан станцын үйл ажиллагааг авч явах зориулалттай. 14 ажилтнаас 11 нь инженер техникийн ажилтан. Ерөнхий инженерийн удирдлага дор ашиглалтын инженер, ХАБЭА хариуцсан инженер, дөрвөн диспетчер болон дөрвөн монтёр бий, эдгээр хүмүүс нь ээлжийн зохицуулалтаар ажилладаг.

-  Та сая үр ашийн талаар ярилаа. Үр ашгийг нь зөвхөн хүлэмжийн хийг бууруулах дээр илүү фокуслах гээд байдаг хандлага олны дунд байдаг л даа? 

- Сүүлийн үед л хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зорилгоор л сэргээгдэх эрчим хүчийг ашиглах юм байна гэсэн нэг талын үр ашгийг нь хэт дөвийлгөсөн ойлголт байгаа анзаарагдсан. Үнэн хэрэгтээ бол энд орчин үеийн автоматчилагдсан технологи ажиллаж байна, хүний оролцоо бага, байгальд хор хөнөөлгүй, түүхий нүүрс болон цэвэр усны маш их хэмнэлт гаргах боломжтой, засвар үйлчилгээ, ашиглалтын зардал багатай зэрэг маш олон давуу талтай. 

- Усны хэрэглээний тухайд тодруулж хэлж болох уу? 

- Усны хэрэглээ гэвэл станц дээр ажиллаж байгаа ажилчдын ахуйн хэрэглээний ус л шаардагддаг. Мөн манайх байгаль орчны менежментийн төлөвлөгөөнийхөө дагуу жил болгон 100 гаруй мод тарьдаг болохоор тэр моднуудаа усалдаг. Зайлшгүй гэсэн тохиолдолд бохирдсон нарны хавтангуудаа цэвэрлэх зорилгоор л усыг ашигладаг. Өөрөөр бол ашигладаггүй. 

- Станцад эрчим хүч хэрхэн бий болж төвийн систем руу нийлүүлдэг процессыг мэдэхгүй хүн олон байгаа байх. Энэ тухай товч хуваалцаж болох уу? 

- Нарны хавтан нь нарны гэрлийг шууд фото цахилгаанд хувиргадаг. Тэгээд ирж байгаа нарны гэрлийг тогтмол гүйдлийн урсгал болгож задлан тэндээсээ цахилгаан үйлдвэрлэдэг. Инвертер гэх төхөөрөмжөөр тогтмол гүйдлийг хувьсах гүйдэл болгож хувиргана.

Инвертерээс гарсан 0.4 киловольтын хувьсах гүйдлийг трансформатораар дамжуулаад 10 киловольт өсгөж, удирдлагын байранд ирүүлээд, удирдлагын байрнаас 110 киловольтын трансформатораар дамжуулан 110 киловольтын 13 км шугамаар Хөшигтийн хөндийн дэд станц буюу төвийн шугамд холбодог.

Инвертер нь өдөрт хэдэн эрчим хүч үйлдвэрлэж байгааг автоматаар бүртгэчихдэг. Өөрөөр хэлбэл бүх процесс нь тоолуураар баталгаажаад хэр хэмжээний эрчим хүч үйлдвэрлэж байгааг бүртгээд явдаг. Манай станц цэлмэг нартай өдөрт дунджаар 100-110 мянган киловатт цаг эрчим хүчийг төвийн системд нийлүүлдэг. Үүнийг хэрэглээгээр нь бодвол 10,000 айл өрхийн цахилгааны хэрэглээг хангахуйц хэмжээний цахилгаан эрчим хүч юм.

- Том талбайд нарны хавтангуудыг ихээр байрлуулдаг шалтгаан юу вэ?

- Нэг ширхэг хавтан зөвхөн хязгаарлагдмал эрчим хүчийг хангадаг тиймээс хэд хэдэн хавтангаар илүү бодитой хэрэглээ хангах эрчим хүчний үүсгүүрийг бий болгодог. Мөн өртөг нь хямд. Айл өрхийн хэмжээнд дунд чадлын систем ашиглахаар 1 киловаттын өртөг 1,200 орчим ам.доллар байдаг. Тэгвэл манайх шиг мегаваттаар яригддаг. Нэг газар 10, 20 мегаваттын нарны цахилгаан станц байгуулчихъя гэхээр үйлдвэрлэх, эдийн засгийн өртөг нь хямдарч байна гэсэн үг. 

- Хавтангууд ямар үед илүү хүчин чадалтай болж, энерги их хуримтлуулдаг вэ?

- Цахиуран нарны дэлгэцийн нэг онцлог нь температур сэрүүн байх үед цахилгааны гаралтын чадал нь сайн байдаг. Тэгэхээр монгол орон шиг хуурай, сэрүүн цаг ууртай орчинд үйлдвэрлэл нь хамгийн өндөр байх боломжтой. Тэр нь ч манай станц дээр харагддаг ба хавар, намрын сэрүүн өдөр нэрлэсэн бүрэн хүчин чадлаараа ажилладаг. Өөрөөр хэлбэл, манай орны хувьд нарны эрчим хүч үйлдвэрлэх хамгийн боломжит хугацаа нь намар, хаврын улирал.

- Манай улс эрчим хүчний хэрэглээнийхээ тодорхой хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангах зорилт тавьсан ч төдийлөн амжилттай яваа харагддаггүй. Таны бодлоор...? 

- Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод Монгол Улс 2020 гэхэд нийт эрчим хүчний хэрэглээний 20 хувийг, 2030 он гэхэд 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээс хангах зорилго тавьсан.

Гэтэл 2020 оны статистикаас харахад нийт үйлдвэрлэсэн эрчим хүчний 8 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэсэн байгаа юм. 20 хувьдаа үйлдвэрлэх гэдэг зорилтын талд нь ч хүрээгүй байгаа биз. Тэгэхээр потенциалдаа хүрэх болоогүй харагдаж байна. 

- Танай станц дангаараа хэдэн хувийг үйлдвэрлэж байна вэ?

- 2020 онд нийт эрчим хүчний хэрэглээний 0.4 хувийг үйлдвэрлэсэн.

- Нарны хавтангийн ашиглалтын хугацаа хэдэн жил байдаг вэ? 

- Нарны хавтангийн идэвхтэй ашиглалтын хугацаа нь 25 жил. 25 жилийн дараа харин 90 хувийн хүчин чадлаар ажиллах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, нарны цахилгаан станцын төслийн идэвхтэй хугацааг нь 25 жилээр тооцоод түүнээс хойшоогоо хэдэн ч жил үнэгүй эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. 

Хавтанг нэг суурилуулаад л мартчихсан ч болохоор. Арчилгаа их шаарддаггүй ба онцгой тохиолдолд л гэхээс бусдаар бол байгалийн жамаараа угаагдаж, цэвэрлэгддэг.

"Эрчим хүчний салбарыг зах зээлийн зарчмаар нь харж, хөгжүүлэх цаг болсон"
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ талаасаа хоёулаа яриагаа үргэлжлүүлье, айлууд бас хувьдаа их хавтангуудыг их ашиглах болсон байна лээ? 

- Тийм шүү. Заавал төвийн эрчим хүчний сүлжээг хараад байлгүй иргэд, аж ахуйн нэгжүүд хаана ч нарны эрчим хүчийг ашиглаад, цахилгааны хэрэглээгээ хангаад явах боломж бүрэн бий. Нарны эрчим хүчээ батарей хуримтлуурт хураагаад цахилгааны хэрэглээгээ хангаад явахад техник тоног төхөөрөмжийн хувьд бүрэн боломжтой болчихсон. Одоо нарны эрчим хүчний технологи, батарей хуримтлуурын үнэ нь харьцангуй хямдарчихсан бөгөөд хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа нь 8-10 жил болсон. Эдийн засгийн хувьд ч ашигтай тал руугаа орж эхэлж байна.

- Ер нь нарны эрчим хүч ашиглах чиг хандлага ямар байна вэ? 

- Айл, өрх ААН-ийн ихэнх нь төвийн эрчим хүчтэй холбогдчихсон. Эрчим хүч хямдхан гэсэн ойлголттой л явж байгаа. Энэ чиг хандлага өөрчлөгдөгдөж байна. Манай улс заавал ОХУ-ын эрчим хүчнээс хараат байх биш тархмал буюу олон бие даасан өөрсдийн гэсэн эх үүсвэрүүдтэй болох ёстой. Нарны эрчим хүч одоохондоо үнэтэй байна гээд эдийн засагтаа баригдах биш бие даасан өөрсдийн гэсэн эх үүсвэртэй байх гэсэн чиг хандлага дэлхий дахинд бий болж байна. Монголчууд ч тэрийг ойлгоод хашаандаа нарны толь суулгамаар байна, өвөл зуны халаалтын асуудлыг шийдмээр байна гэж ярьж байгаа нь сайшаалтай. Хүмүүс эхнээсээ хараат бус бие даасан эрчим хүчний эх үүсвэртэй байхын чухлыг ойлгож, хэрэгцээг нь мэдэрч эхэлж байна.

Эрчим хүчний гол чиг хандлагыг харвал 3D шилжилт гэсэн ойлголт бий болж байна. Энэ нь:

  1. Decarbonization буюу хүлэмжийн хий ялгаруулдаггүй
  2.  Decentralization буюу төвлөрсөн бус олон жижиг тархмал эх үүсвэртэй байх 
  3. Digitization буюу дижиталчлал гээд ухаалаг байдлыг хангасан байх чиг хандлага руу явж байна.

Digitization тухайд гэвэл жишээлбэл би өөрийн баттерай хуримтлуур дахь хэрэглэхгүй байгаа эрчим хүчээ эзгүй байх үедээ хажуу айлдаа эсвэл өөр нэг байгууллагад зарах боломжтой ухаалаг зохицуулалт хийхийг хэлж байгаа юм. 

Австралид таван айл тутмын нэг нь дээвэр дээрээ нарны дэлгэцтэй, батарей хуримтлууртай байдаг. Гэх мэтээр тодорхой хэмжээний өөрсдийн гэсэн эрчим хүчний эх үүсвэртэй байна. Тэр нь хүлэмжийн хий ялгаруулдаггүй шаардлагыг хангачихсан байдаг.

- Станц ажиллаагүй үед өөрөө хэрэглэгч болчхож байгаа шүү дээ, маш олон давуу тал байгаа. Станцын сул тал гэвэл юу байх вэ?

- Одоогийн цахилгаан станцууд бүгд ажиллаж байх үедээ төвийн эрчим хүчний систем нийлүүлчхээд, ажиллахгүй үедээ системээсээ хэрэглэгч болдог. Тэр утгаараа холбогдох зохицуулалтад өөрчлөлт оруулаад цаашид шинээр ашиглалтад орох нар, салхины станцууд өөр дээрээ тодорхой хэмжээний батеррай хуримтлууртай байж, өдөртөө хуримтлуулсан инергээ шөнөдөө төвийн системд нийлүүлэх гэх мэт улам эерэг нөлөөтэй болно. 

-  Эрчим хүчний үнэ тарифын асуудлаар бас санал хуваагдаад ярьж байгаа. Та мэргэжлийн хүний үүднээс юу гэж харж байна вэ?

- Суурь асуудлыг нь харахаар манай дулааны цахилгаан станцад 30, 40 жил шинэ эх үүсвэр ороогүй, шинэчлэлт хийх шаардлагатай болчихсон. Шууд том эх үүсвэр барих мөнгө байсаар байхад дулааны цахилгаан станцуудаа өргөтгөж буюу өнөө маргаашийг аргацаасан байдлаар явсан нь харагддаг. Эрчим хүчний суурь үнэ хямд болохоор энэ салбарыг хүмүүс ашигтай салбар гэж хардаггүй. Шинэ тоглогчид болон хөрөнгө оруулагчид ч орж ирэхгүй байгаа юм. Тэгээд эрчим хүчний суурь үнэ хямдхан болохоор сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг үнэтэй гэж хараад, тэр зангаараа ханддаг. Эрчим хүчний үнийг нэмэх тусам энэ салбар эрүүлжиж, ашигтай ажиллана. Нэг ёсондоо эрчим хүчний салбарыг зах зээлийн зарчмаар нь харж, хөгжүүлэх цаг болсон.

Өчнөөн жил бэлэн дэд бүтэц дээр хямд эрчим хүч хэрэглэж амьдарснаа бид мэддэггүй. Хүмүүс ам.долларын ханш ийм болсон, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ингэж нэмэгдлээ гээд мэддэг атлаа эрчим хүчний үнэ бараг хөдөлдөггүй болохоор тэр болгон ямар өртөгтэй бүтээгдэхүүн хэрэглэж буйгаа мэддэггүй.

Бэлэн юман дээр байсаар байгаад угаасаа л хямд байх ёстой мэтээр боддог болчихсон. Гэтэл энэ дэд бүтцэд шинээр хэрэглэгчид холбогдох, өргөтгөх шинэчлэх ажлууд зайлшгүй хийгдэж байж бид нийтээрээ эрчим хүчний хомстолгүй, үйлдвэрлэл үйлчилгээгээ хөгжүүлэн, түүхий нүүрсний хэрэглээгээ багасган хөгжих боломжтой. Гэвч Эрчим хүч хямдхан байх ёстой гэж явсаар дэд бүтцээ унагаах гээд байх шиг.

Малчин өрх нэг киловатт эрчим хүчийг хэдээр хэрэглэж байгаа билээ, хотод дэд бүтцэд холбогдсон айл хэдээр хэрэглэж байгааг харьцуулсан зүйл ч байдаггүй. Энэ чиглэлийн компанит ажил явуулж иргэдэд үнэ цэнийг нь ойлгуулах хэрэгтэй санагддаг. Мөн улсаас сэргээгдэх эрчим хүчийг найдваргүй гэж хараад, болгоомжтой хандаад, хөшүүн байгаа санагддаг.

"Одоо бол сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажлын байр олон, залуучууд ч ихээр сонгодог трэнд мэргэжлүүдийн нэг болчихсон байна"
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Эрчим хүчтэй холбоотойгоор ямар эрсдэл бидний өмнө ирээд байгаа вэ?

  1.  Дэлхийн улс орнууд хүлэмжийн хийг бууруулна гээд нүүрсэн цахилгаан станцад санхүүжилт өгөхгүй болох эрсдэл удахгүй.
  2. КОВИД-19 гээд урд хөрш хилээ хаачихсан, дайны нөхцөл байдал гээд хойд хөрш хоригтой болчихлоо. Найдвартай мөнхийн хоёр хөрш гэж харсан хоёр улс найдваргүй ч байж болохоо сүүлийн хоёр жил харууллаа.

Дулааны ч бай нар, салхи, усны ч бай эрчим хүчний эх үүсвэрүүдийг барьж байгуулаад улсынхаа эрчим хүчний хэрэгцээг хангаад явах хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн бүхий л компани, хувь хүмүүс өөрсдийн гэсэн эрчим хүчний эх үүсвэртэй байя гэсэн чиг хандлага улам ихсэх болно. Энэ нь ч эдийн засгийн хувьд үр ашигтай. Энэ нь биднээс хол асуудал биш.

Хүний нөөцийн талаар ярихгүй өнгөрч болохгүй байх гэж бодлоо. Их сургуулиа төгсөх үед энэ чиглэлийн ажлын байрны эрэлт хэр байсан, одоо ямар байна вэ?

- Миний хувьд 2008 онд их сургуулиа төгссөн. ШУТИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний инженерийн ангийн гурав дахь төгсөлт байсан. Тухайн үед манай улсад сэргээгдэх эрчим хүчний талаарх ойлголт бага байв. Усан цахилгаан станцаар л төсөөлдөг байсан. Сургуулиа төгсөөд хөдөлмөрийн зах зээл дээр гарахад сэргээгдэх эрчим хүчний инженерийн мэргэжлээрээ ажиллах ажлын байр ховор. Судалгааны чиглэлээр ажилладаг ганц нэг төрийн байгууллагад орох боломж харагдсан. Тухайн үеийн төгсөгчид гэхдээ эрчим хүчний салбарт өөр чиглэлээр мэргэшээд ажилладаг байсан л даа. Би ч мөн адил тав зургаан жил ийнхүү ажиллаад сурахаар явсан.

Харин одоо бол сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажлын байрны эрэлт ч их, залуучууд ч ихээр сонгодог трэнд мэргэжлүүдийн нэг болчихсон байна. Жишээ нь манай нарны цахилгаан станцын ажилчдын 5-6 нь сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжлээр төгссөн залуус. Мөн зөвхөн нар, салхины ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг компаниас гадна сэргээгдэх эрчим хүч суурилуулах судалгаа явуулдаг компаниуд ч олон болж, тэр хэмжээгээр ажлын байрууд бий болж байгаад хувьдаа баяртай байдаг.

- Ярилцсанд баярлалаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав