Одоогоос 31 жилийн тэртээ бидний аав ээж, ах эгчийн оролцон бий болгосон нийгэм, засаглал өнөөдрийн хүсэж байсан нийгэм нь мөн байсан уу?
Яг энэ асуултыг сүүлийн 20 гаруй жил Монголын ардчилал, засаглалын үйл явц, үр дагаврыг онцгойлон судалж буй, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Улс төр, эрх зүйн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, улс төрийн ухааны доктор О.Хатанболдод тавьсан юм.
Тэрбээр ардчилал гэдэг зүйл дандаа эрх, эрх чөлөөгөөр хэмжигддэг юм биш, ардчилсан иргэн юунд яаж оролцох, ямар үүрэг хүлээх вэ гэдэг чухал болохыг онцоллоо.
-Үндсэн хуулийн оршилд монголчуудын хүрэхээр зорьж байгаа нийгмийг дүрсэлсэн байдаг. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм гэдгийг Та тайлбарлахгүй юу?
-Энгийнээр бол ардчилал гэдэг өөрөө хариуцлагатай байдал, эрх үүргийг мэддэг, хүний эрхийг дээдэлдэг, зөвшилцдөг, хуулийг дээдэлдэг, хүн хүний харилцааг эрхэмлэдэг нийгмийн тогтолцоо.
Ардчилал чанарын хувьд сайн уу, муу юу гэдгийг ярихаас илүүтэй ардчиллыг бэхжүүлэхэд оролцогч талууд буюу иргэн, төр, нийгмийн бүлгүүдийн оролцоо ямар түвшинд байгаагаар ардчиллын чанар хэмжигдэх ёстой.
Мэдээж онолын хувьд авч үзвэл илүү том агуулгаар ярих хэрэгтэй болно.
-Үндсэн хуулиа хэрэгжүүлж ирсэн өнгөрсөн 30 жилд алдаа оноо юу байсан талаар, тэр дундаа иргэдийн хувьд алдаа нь юу байсан тухай юу гэж дүгнэдэг вэ?
-Өнөөдөр ардчилсан тогтолцоог, Монголын ардчилал гэдэг зүйлийг үүсгээд, хөгжүүлж, бэхжүүлээд явж буй хүмүүсийн хувьд бид 30 жилийн өмнө юу хийв, одоо юу болчхов, цаашид юу хүлээж байна вэ гэдэг энэ асуулт зүй ёсоор тавигдаж байна.
30 жилийн өмнөх нийгмийг авч үзвэл тэр үед бид ардчилалгүй байсан уу гэвэл бас хэцүү. Тодорхой хэмжээнд Ардын ардчилсан гэдэг 1924 оны Үндсэн хууль, 1940 оны Үндсэн хууль, 1960 оны Үндсэн хуулиуд гээд тодорхой хэмжээгээр, хөнгөн маягаар “Ардчилал” гэдэг зүйлийг үүсгээд явж л байсан, агуулгынхаа хувьд. Яагаад хөнгөн маягаар ардчиллыг үүсгэж ирсэн гэж би хэлэх дуртай гэхээр тэр үеүдэд бүх юм 100% хамааралтай байсан уу гэхээр үгүй байсан байгаа юм. Судалгаа шинжилгээний олон ном бүтээлтэй танилцаад, судлаачийн хувьд өмнөх үеийнхээ хүмүүстэй ярилцлага хийх явцад энэ бүхэн харагддаг л даа. 30 жилийн өмнө бид Хойд Солонгос шиг хатуу дэглэмтэй байсан уу гэхээр бас эргэлзээтэй. Энэ нь аливаад төвч, голч байр сууринаас хандах үзэл монголчуудад байсаар ирсний илрэл болов уу гэж боддог.
Ингээд Ардчилсан шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталж, өмч хувьчлал явуулж, эдийн засгаа либералчиллаа. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө маань өмнөх нийгмээсээ илүү шинэ түвшинд гарч ирж чадсан уу гэвэл чадсан.
Юмыг дандаа аргацаах гэсэн сэтгэлгээ нь нийгмийг ч, ардчиллыг ч сулруулж байна
Одоо 30 жилийн өндөрлөгөөс эргээд харсан чинь бас алдсан байна гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Ардчилсан монгол хүн, ардчилсан бус монгол хүн хоёрын 30 жилийн ялгаа юу байсан бэ, бид ялгаа бий болгож чадаж уу гэдгээ харах хэрэгтэй болсон.
Ардчилсан гэж үзээд, бий болгоод ирсэн 30 жилд өсөж торнисон, үзэл бодол нь өөрчлөгдсөн хүмүүсийн маань өнөөдрийн нийгэмд хийж байгаа үйлдлийг хартал нөгөө л авлига, албан тушаалын хэрэг гээд системийн хувьд доголдолтой асуудлууд гарч ирээд байна.
Нийгэм юм чинь, хүн л юм чинь алдаа гаргаж болно гэж хүмүүс хэлэх байх л даа. Гэхдээ төр барьж байгаа, ард түмнээ төлөөлөн төрийн өндөрлөгт гараад сууж байгаа хүмүүст алдаа гаргах эрх байх ёсгүй. Яагаад гэвэл тэр хүмүүс төр улсыг авч явах ёстой. Энэ нь өөрөө Монголын ардчилал ямар мөн чанартай байна вэ гэдгийг харуулаад байгаа юм.
-Тэгэхээр бидний хүсэж байсан ардчилал бүрэлдэж чадаагүй гэж Та хэлэх гээд байна уу?
-Гаднын улс орон, олон улсын байгууллагууд Монголын ардчиллыг гажиг ардчилал буюу flow democracy гэж ярьдаг. Стандарт бус ардчилал гэе л дээ, энгийнээр. Гэхдээ ардчилсан биш улсыг бодвол бид хамаагүй ардчилсан орон. Ардчилсан нийгэм өндөр хөгжсөн улс орнуудыг бодвол бид арай доогуур. Гэхдээ тэнд байхгүй ардчилал энд байгаа гэдгийг бид мэдэх ёстой. Тэр бол өнөө цагт бидний мэдэрч байх ёстой зүйл.
-Гажиг ардчилал нь монгол хүмүүсээс шалтгаалсан, манай улсын онцлог уу. Монголчууд ардчиллыг гажиг болгоод байгаа гэсэн үг үү. Үүнийг та илүү тодруулахгүй юу?
-Энийг монгол хүний мөн чанартай холбон үздэг.
Аливаа улс орны эд эс нь ард түмэн өөрөө. Ард түмэн өөрөө мэдлэгтэй, боловсролтой, хариуцлагатай, эрх үүрэгтэй, тэгээд зөвшилцөж чаддаг, аливаад оюун дүгнэлт өгч чаддаг байж гэмээнэ бидний хөгжүүлж, бэхжүүлэх гээд байгаа ардчилал оршин тогтноно. Дээрээс нь бидний эрж хайгаад байдаг тунгалаг нийгэм, тунгалаг төр бий болох ёстой. Тэрийг бүрдүүлэхийн тулд шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшин дэх иргэд бидний оролцоо хамгийн чухал.
Манай Философийн хүрээлэнгээс хийсэн, залуучуудын идэвх оролцоо, улс төрийн соёлын талаарх судалгааны үеэр “Та хорооныхоо Иргэдийн Нийтийн хуралд оролцож, үзэл бодлоо илэрхийлж байсан уу” гэж асуухад дийлэнх олонх буюу 50-аас дээш хувь нь “Үгүй” гэж хариулсан. Шалтгаан нь
Ийм хандлага залуучууд болон дундаас дээш насныханд нийтлэг ажиглагдсан. Тэгэхээр өнөөдөр “Миний үгийг сонсохгүй байна” гэдэг атлаа бодит байдал дээр оролцоогоо хангахад дутмаг байдаг нь эндээс харагдаж байгаа юм. Энэ бол эргээд ардчилал, улс төрийн боловсролтой шууд холбоотой. Тэгэхээр тухайн иргэн хүн улс төрийн боловсролын түвшин мэдлэг хэдий чинээ өндөр байна, төдийн чинээ улс төрд оролцох дуу хоолойгоо илэрхийлэх үзэл бодлоо чөлөөтэй ярих, тэгээд бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ер нь ямар хэмжээтэй оролцох вэ гэдэг хандлагын асуудлууд гарч ирж байна.
-Залуусын оролцоо, иргэдийн оролцоо сул байна гэж сүүлийн хэдэн сонгуулиар ярьсаар ирсэн. Яаж энэ хандлага, оролцоог өөрчлөх вэ?
-Сүүлийн үед хандлагаа өөрчилье гэж ярих болсон. Энэ нь ямар хандлага вэ гэдэг нь чухал асуудал.
Тэгэхээр бид үзэл бодол, аливаа зүйлд хэт туйлширсан байдлаар хандах хандлагаа өөрчлөх ёстой. Цаашлаад нийгмийг зөв, эрүүл саруулаар авч явах тэр үзэл бодлыг илэрхийлэх хандлагаа өөрчлөх асуудал бий болж байна. Сүүлийн нэг хоёр жилд иргэдийн оролцооны түвшин бага багаар ахиж байна уу даа гэж би өөдрөгөөр харж байгаа.
Иргэдийн оролцоог бодит байдал дээр яаж нэмэгдүүлэх талаар сүүлийн үед манай хүрээлэнгийн зүгээс судалгаа хийж эхэлсэн. Ялангуяа, өнгөрсөн жилүүдэд бид улс төрийн соёлыг судалсан. Ийнхүү судлахдаа иргэн хүн шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд яаж оролцох вэ гэдэг асуудалд тулгуурлаж асуултуудаа тавихад дийлэнх нь оролцох хүсэлтэй боловч тухайн хэлэлцэж байгаа асуудлаар мэдлэг дутах, эсвэл тухайн хүнд өөрт нь бодитоор тусаагүй тохиолдолд оролцох боломж байхгүй гэж хариулж байсан. Тиймээс ямар ч тохиолдолд бодлого боловсруулахад, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх гэж байгаа нөхцөлд оролцох ёстой гэсэн хандлагыг нийтээрээ бий болгох ёстой байгаа юм.
Мөн ардчиллын боловсролыг нийтийн хүрээнд түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй. Мэдээж иргэний нийгмийн, судалгаа шинжилгээний болон зарим төрийн байгууллагууд чиг үүргийнхээ хувьд иргэдийг оролцуулах, тэдний дуу хоолойг сонсох ажлууд хийж байгаа л даа. Гэхдээ энэ нь хангалттай биш байгаа юм. Яагаад үүнд өрөөсгөл хандаад байна вэ гэдгийг судалж, шинжилгээ хийхээс өөр арга байхгүй. Энэ дээр манай иргэний нийгмийнхний дуу хоолой чухал байгаа.
- "Эмнести Интернэшнл" байгууллагын судалгаагаар дэлхийн 46 улсад ардчилал ухарсан, иргэний орон зай хумигдаж байна гэжээ. Манай улсад ардчилсан, иргэний орон зай ямар байгаа хэмээн та харж байна вэ?
- Монголын иргэний нийгэм харьцангуй хөгжөөд, төрөлжөөд явж байгаа. Гэхдээ иргэний нийгмээ гаднын зарим улс орных шиг хүчирхэг байлгая гэвэл тодорхой хэмжээнд орчныг нь бүрдүүлэх ёстой.
Ардчиллыг шинээр тогтоосон болон сэргээсэн улс орнуудын байгууллагууд 2006 онд Монголын иргэний нийгмийн индекс буюу Монгол дахь иргэний нийгмийн хөгжлийг судалж эхэлсэн. Түүнээс хойших хугацаанд энэ талаарх тухайлсан том хэмжээний судалгааг 2013 онд манай ШУА-ийн Философийн хүрээлэн хийсэн. Тэр үеийн судалгааны үр дүнгээс үзвэл Монголд иргэний нийгэм төлөвших шатандаа яваа ба төлөвшихөд олон хүчин зүйл нөлөөлж байна. Иргэний нийгмийн эрүүл орчин бүрэн утгаараа төлөвшөөгүй байна гэж гарсан. Түүнээс хойш бид хийж байгаа судалгаа болгондоо иргэний нийгмийн асуудлуудыг тодорхой хэмжээнд тусгаад явж байгаа.
-Иргэний нийгмийн байгууллагын талаарх иргэд төдийгүй шийдвэр гаргах түвшнийхэн ч бүрэн ойлголтгүй болох нь Холбоо, сангийн тухай хуулийн төслөөс харагдаж буй. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Ер нь жирийн иргэнээс “Та иргэний нийгэм гэж юуг ойлгох вэ” гэж асуухаар төдийлөн түгээмэл ойлголтгүй, хамгийн түрүүнд төрийн бус байгууллага уу гэдэг. Ямар ч байсан ТББ гэдгийг хэлж ойлгож байна гэдэг нь харьцангуй шинэ, эрүүл нийгмийн нэг орчин байгааг харуулж байгаагийн илрэл гэж би үздэг.
Эрх зүйн орчныг аваад үзвэл өнгөрсөн 1997 онд гарсан Ашгийн бус хуулийн этгээдийн тухай хуулиар явж байгаа саяхнаас Холбоо, Сангийн тухай хууль яригдаж, шинэчлэгдэх гээд явж байна.
Гэхдээ иргэний нийгмийг хөгжүүлж, бэхжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн олон төлөөллийг татан оролцуулж, хэлэлцүүлгийг бүрэн болгож, Иргэний нийгмийн байгууллагуудаас алтернатив төсөл гаргах боломжтой. Харин томоохон иргэний нийгмийн байгууллагууд эвсэл болж нэгдээд ямар эрүүл орчин бүрдүүлэхийг хүсэж байгаагаа тусгасан хуулийг төслийг Засгийн газраас боловсруулж байгаа төсөлтэй зэрэгцүүлээд судалгаа хийгээд явбал илүү шинэлэг хууль гарах боломжтой гэж хараад байгаа.
Түүнээс биш иргэний нийгмийн үйл ажиллагаа яг бодит амьдрал дээр хийгээд явж байгаа төлөөллийн дуу хоолой ороогүйгээр хуулийн тэг гаргана гэвэл энэ хооронд асар том ялгаа гарч ирнэ. Тэгээд үл ойлголцол бий болно. Ардчилалд зөвшилцөл байх ёстой. Гэтэл зөвшилцлийн хоёр талд гараад суучих эрсдэлтэй.
-Иргэний нийгмийн байгууллагуудын оролцоогүйгээр тэр салбарыг зохицуулах хууль боловсруулах нь ардчиллын зарчимд хэр нийцтэй вэ?
-Ардчилал өөрөө алтернатив сонголтыг өгөх буюу олон ургалч үзэлд суурилах ёстой. Тэгэхээр аливаа хууль хүртэл зөвшилцлийн хүрээнд л батлагддаг зүйл шүү дээ, УИХ дээр. Аль нам байх нь хамаагүй, хамгийн гол нь тэр хууль монгол хүний, монгол иргэн бүрийн амьдрал ахуйд шууд тулж очоод асуудлыг шийдэх нь л чухал. Түүнээс биш аль нэг нам эвсэл юм уу, хэн нэг этгээдийн эрх ашигт нийцэх ёсгүй. Тийм гажуудал бий болгохгүйн тулд бид иргэний нийгмийг хүчтэй болгох ёстой. Үүний тулд эрх зүйн зөв, эрүүл орчин бий болгох ёстой юм.
-Иргэний нийгмийг төрийн бус байгууллага гэдгээр төсөөлж, гаднаас санхүүжилт авч байгаа нь нийгэмд хортой гэж шүүмжлээд байгаа. Манайд иргэний нийгэм өөрөө гажуудаад байна уу?
-Иргэний нийгэмд зөв эрүүл орчин байгаа тохиолдолд гаднын хөрөнгө оруулалт буруу зүйл биш. Засгийн газраас төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллагаараа гүйцэтгүүлнэ гэсэн мөртлөө яг бодит амьдрал дээр гүйцэтгүүлээд, иргэний нийгмээ чадавхжуулах гээд оролдоод байгаа юм ховор. Тодорхой хэмжээний байгууллагууд нь оролцоод явдаг. Бусад нь боломжгүй. Боломжгүй байгаад нь чадавхын асуудал яригддаг. Аливаа нэг юмыг хийхэд хүн заавал ур чадвар, нарийн мэдрэмжтэй байх ёстой. Тэр бүх зүйлийг нэг хүн төгс төгөлдөр байлгаж чадахгүй ч иргэний нийгэм тэр бүх зүйлийг өөртөө агуулах баялаг эд эс нь юм. Тэгэхээр ардчилсан эрүүл нийгмийг цогцлоохын нэг гол эд эс нь өөрөө иргэний нийгэм мөн. Үүнийг бүх хүн ойлгож мэдрэх ёстой.
-Төрөөс гүйцэтгүүлэх чиг үүрэг гээд ярихаар улстөрчид өөрсдөө ТББ байгуулаад төсөл, тендер авдаг асуудал хөндөгддөг. Энэ орон зайг ашиглаад байгааг цэгцлэх гээд байна гэж ойлгосон.
-Иргэний нийгэм гэдгийг өөрийнхөө халаасанд байдаг ТББ-уудыг гэж ойлгодог бол тэр том эндүүрэл. Энэ улс орны болохгүй байгаа, нийгмийн бурангуй ч юм уу, харанхуй байгаа газарт гэрэл гэгээ болдог зүйл нь иргэний нийгэм мөн.
Өнөөдөр манай иргэний нийгмийн байгууллагууд өөрсдөө төсөл бичээд, тендерт нь шалгараад, өөрийгөө санхүүжүүлээд явж байгаа шүү дээ. Тэр орон зайг ашиглах боломж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ би аль болохоор өөдрөгөөр харахад манай иргэний нийгмийнхэн өөрсдийнхөө үндэсний эрх ашгийн эсрэг орчин бүрдүүлэх гээд байгаа зүйл байхгүй гэж боддог.
-Иргэний нийгэм, иргэдийн оролцоо нь ардчиллын гол тулгуур гэж та хэлсэн. Хэрэв хуулиар иргэний нийгмийн байгууллагыг төрөөс томилох этгээдүүд хянадаг болбол ардчиллын мөн чанараа алдах логик гарч ирж байна. Одоо байгаа нөхцөлд хянах боломж байгаа юу?
-Үндэсний зөвлөл гэдэг зүйлийг иргэний нийгэм дундаасаа ротаци маягаар, эсвэл сонгон шалгаруулаад гаргаж ирж болно. Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд нийлээд хороо байгуулаад, тэндээсээ хүмүүсээ нэр дэвшүүлээд хоёр жилээр солигдоод явах ч юм уу боломжууд бий.
Ардчилал ухарч байгаа нь ажиглагдаж байгаа бол шалтгаан нь нөгөө л авлига, албан тушаалын хэрэг байгаа
Түүнээс биш ардчилсан тогтолцооны эд эс болсон иргэний нийгмийг төр томилно гэвэл нөгөө ардчиллын үнэт зүйл хаачих вэ? Хүний үзэл бодлоо илэрхийлэх, ардчилсан үнэт зүйлс, тэр соёлыг төлөвшүүлэхэд оролцож байгаа иргэний нийгмийг нэг талаар хязгаарлах гээд байгаа мэт эрсдэл харагдаж байна. Ямар СЕХ, АТГ-ын удирдлага томилох гэж байгаа биш. ИНБ-ууд өөрсдөө төлөөллөө оруулаад зөвлөлөө хийгээд бүх юм нь шилэн байхад болох асуудал.
Гаднын мөнгө орж ирээд байгаа эсэхийг хяная гэвэл шилэн санхүүгийн тогтолцоогоо хийгээд яв л даа. Тэгвэл бүх юм нээлттэй, тодорхой болно. Тодорхой бус юмыг тодорхой бус байдлаар хийчихээр тэр зүйл цаашаа дандаа тодорхой бус л явна.
Нөгөө талдаа, төрийн гаргаж байгаа аливаа шийдвэр дээр хөндлөнгийн мониторинг хийж, хяналт тавьдаг чанараа хэзээ ч алдахгүй явах боломжоо бүрдүүлэх ёстой.
Харин төр нэгэнт л эрүүл иргэний нийгэм бүрдүүлж өгөх зорилготой байгаа бол хуулийн оролцоон дээр иргэний нийгмийг оролцуулж, дуу хоолойг нь сонсох нь зүйн хэрэг. Хамтраад альтернатив төслүүд хийгээд хэлэлцүүлэг дундаа хамгийн сайн саналуудаа тусгавал Монгол Улсын иргэний нийгэмд ээлтэй шинэ хууль гарах боломжтой.
-Монголын ардчилал ухарч байна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Хэрэв ардчилал ухарч байгаа нь ажиглагдаж байгаа бол шалтгаан нь нөгөө л авлига, албан тушаалын хэрэг байгаа шүү дээ. Ардчиллын олон индикатор бий. Авлигын түвшин нэмэгдээд л байвал ардчилал гажуудалтай л байна шүү дээ. Хариуцлагын тогтолцоо сул, төсвийн ил тод байдал муу, иргэдийн оролцоо хумигдмал байгаад байвал ардчилал өөрөө ухрахаас аргагүй байдалд орж байгаа юм. Түүнээс биш манай ардчиллыг нураах гээд байгаа, энд тэндээс нөлөөлөх гээд байгаа юм алга. Бид өөрсдөө л шуудайд хийсэн эвэр шиг байгаа байдал хэн нэгэнд өгөөш болчих вий. Тэрийг хэн ч таашгүй.
Нийт ард иргэдийн хувьд улс төрийн соёл, зөв зохистой мэдлэгийг түгээх ёстой. Ардчиллын зохистой үнэт зүйл, мэдлэгийг бий болгох ёстой. Түүнээс биш ардчилал гэдэг зүйл дандаа эрх, эрх чөлөөгөөр хэмжигддэг юм биш. Та ардчилсан иргэнийхээ хувьд юунд яаж оролцох, ямар үүрэг хүлээх вэ гэдэг зүйл чухал. Тэр суурийг нь тавьж өгөх ёстой. Тэгж байж цэвэр тунгалаг хөгжинө. Түүнээс биш тодорхойгүй юм хийчхээд дутуу хаяад байж болохгүй.
-Тэгвэл ардчиллын эд эс болсон иргэн бид өөрсдийгөө шүүмжилж харвал юун дээр алдаж, юуг анхаарах хэрэгтэй гэж та боддог вэ?
-Ерөөсөө ардчилал гэдэг бол бие биедээ итгэх итгэлцэл. Бие биеийнхээ олон ургалч үзэл бодлыг дэмждэг, ойлгодог, хамгийн гол нь зөвшилцлийн үндсэн дээр бий болдог. Нэгэнт л зөвшилцөлд хүрсэн бол түүнийгээ биелүүлж, эцсийн үр дүнг нь үздэг төгс гүйцэтгэлтэй байх ёстой.
Яагаад гэвэл дутуу барьсан барилга нураад унадагтай адил дутуу, бүрэн төгс байгуулаагүй нийгэм эрсдэлд хүрэх магадлал байгааг эргэн тойрон гарч ирж байгаа улс орнуудын хурцадмал байдал харуулж байна. Одоо бие даасан байдал, үндэсний тусгаар тогтнол гэдэг зүйл хаана байна вэ гэдэгт анхаарч харах хэрэгтэй болов уу.
Дэлхий ертөнц өөрчлөгдөөд байна. Ялангуяа, цар тахлын дараах ертөнц дэлхий асар их хэмжээгээр өөрчлөгдөж байна. Үзэл бодлын хувьд ч, оюун санааны хувьд ч өөрчлөгдөж байна. Энэ бүхэнд бид хатуу байр сууринаас хандахаасаа илүүтэй ойлголцох байр сууринаас хандах нь илүү зохистой. Нийгэм төлөвших хэрэгтэй гэж бодож байна.