Индэр    
2022 оны 4 сарын 24
Зураг
iKon.mn сэтгүүлч

TEAM IHC: MAJOR-т оролцох багуудын потенциалыг мэдэх учраас сайн хичээвэл бидэнд түрүүлэх боломж бий

Зураг
МAJOR-т оролцох эрхийн төлөө APAC RMR тэмцээнд түрүүлэх үеэр

Дижитал эриний хурдацтай хөгжлийн энэ үед цахим спорт хүчээ аваад буй. 

Энэ 16-17-ны өдрүүдэд цахим спорт буюу Esports (И-спорт)-ын томоохон төрлийн нэг болох CS:GO (Counter-Strike: Global Offensive)-ийн "PGL Major Antwerp 2022" эрхийн төлөөх Ази Номхон далайн бүсийн аварга шалгаруулах (APAC RMR) тэмцээн сүр дуулиантай болж өнгөрсөн билээ. 

Тус тэмцээнд Монгол Улсын "TEAM IHC" баг түрүүлж, Монгол Улсаас E-Sports (И-спорт) төрөлд анх удаа MAJOR-т оролцох баг болж, CS:GO-ийн түүхэнд бичигдээд байна.

Ийнхүү "PGL Major Antwerp 2022"-г зорих гэж буй "TEAM IHC" багийн ахлагч Б.Гарьдмагнай (BLITZ), багийн гишүүн М.Содбаяр (TECHNO) нартай хийсэн ярилцлагыг хүргэж байна. 

"PGL Major Antwerp 2022" тэмцээн нь цахим спортын төрөл болох CS:GO тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэгддэг бөгөөд хамгийн нэр хүндтэй, өндөр шагналтай ($1 сая) гэдгээрээ онцлог. Тус тэмцээн ирэх тавдугаар сарын 9-22-ны өдрүүдэд Бельгийн Антверп хотноо зохион байгуулагдана.

- Ярилцлагын урилгыг хүлээн авсанд баярлалаа. МАЖОР-т өрсөлдөх эрхээ авсан та бүхэнд дахин баяр хүргэе. Эрхийн төлөөх тэмцээнд түрүүлсэн үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? 

Б.Гарьдмагнай (BLITZ): -Биднийг урьсанд баярлалаа. Тэмцээн хоёр хоног л үргэлжилсэн болохоор бүх зүйл маш хурдан болж өрнөсөн. Ихэнх хүмүүс биднийг Азийн шилдэг "TYLOO" багийг хожиж чадахгүй гэж таамагласан байсан. Гэтэл бүр 2:0 хожилт байгуулсан нь үзэгчдэд болон бидэнд шок болсон, түүхэн үйл явдал байсан. Тэмцээний зохион байгуулалт сайн байсан бөгөөд өөлөх зүйл байгаагүй. Бүх юм яг л мөрөөдлийн эхлэл шиг санагдсан. 

- Тийм шүү их цочирдом, бахархмаар байсан. Та хоёр CS:GO тоглоод хэдэн жил болж байна вэ? 

Б.Гарьдмагнай (BLITZ): -Миний хувьд гурван жил болж байна. Одоо 21 настай. 

М.Содбаяр (TECHNO): -Би бас 3-4 жил болж байна. Одоо 16 настай. Олон улсын тэмцээнд орох хамгийн доод нас нь 16 байдаг.

- И-спортод амжилт гаргаж байгаа залуусыг хараад хүмүүс энэ бол спорт юм байна, залуучууд зүгээр нэг компьютерын ард суугаад байдаггүй юм байна гэдгийг мэдэж эхэлсэн. Харин та бүхний сая гаргасан амжилт Монголын цахим спорт өндөр түвшинд хөгжиж байгааг харуулсан гэж бодож байна. Бусад орны тамирчдын чадвар та нарын төсөөллөөс хэр зөрүүтэй байв?

Б.Гарьдмагнай (BLITZ): -Бид бэлтгэлийн тоглолт дээрээ бүх багтай тоглож үзэж байгаа болохоор өөрсдийгөө хангалттай потенциалтай, хожиж чадна гэдгээ мэдэж байсан. Тэгээд хожсон. Харин үзэгчдийн талаас тийм бодолтой байгаагүй.

зураг
 
Б.Гарьдмагнай (BLITZ). Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

-  Сая Team Sticker, Player Sticker-үүд авсан. Стикер гэдгийг уншигчдад энгийнээр тайлбарлаж өгөхгүй юу?

Б.Гарьдмагнай (BLITZ): -Монголд стикертэй баг байгаагүй, ганц хувь тоглогч байсан нь Erkast ах. Стикерийг буундаа наадаг бөгөөд тэр бууг илүү гоё харагдуулдаг. Дээрээс нь стикер бол тухайн тоглогчдын чадварыг илтгэдэг зүйл гэж ойлгож болно. Стикертэй бол сайн тоглогч гэсэн үг. Мөн стикертэй болж байна гэдэг нь CS:GO тоглоомд өөрийгөө болон багаа мөнхөлж буй хэрэг. Тэр утгаараа Монголын хувьд IHC хамгийн анхных болохоор хүн бүр их баяртай хүлээж авсан байх. News Feed гүйлгэхэд л манай багт баяр хүргэсэн мэндчилгээнүүд байгааг харахад сайхан санагдсан.

- IHC баг байгуулагдаад хэр хугацааг өнгөрүүлж байна? 

М.Содбаяр (TECHNO): -Анх 2020 оны долдугаар сард "Checkmate" нэртэй байгуулагдаж, энэ нэрээрээ явж байгаад өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд "IHC" болж нэрээ өөрчилсөн. IHC спорт болоод гурав дахь тэмцээн нь саяны болсон Ази, Номхон далайн аварга шалгаруулах тэмцээн юм. Манай багийн дасгалжуулагчийг Эрдэнэдалай гэдэг. Бид нийтдээ долоон хүний бүрэлдэхүүнтэй. 

- Саяных IHC-гийн хувьд гурав дахь тэмцээн байсан юм байна. Өмнөх хоёр нь ямар тэмцээн байсан бэ, хэр амжилттай оролцсон? 

М.Содбаяр (TECHNO): -Монголд тайзан дээр тоглосон тэмцээн байсан. Бид нар тэр үед хоёр удаа хожигдчихсон. Хожигдоод, цочирдсон тэр хэмжээгээр хурцлагдсан. Яг тэр сэтгэл зүйтэйгээр сая очиж тоглоод түрүүлсэн.

(Эрхийн төлөөх тоглолтод түрүүлэх үеийн агшин)

https://www.facebook.com/ihcesport/videos/706205860733176

- Хэрхэн бэлтгэл хийдэг нь сонирхолтой санагдаж байна. Бэлтгэлийн цагийн хуваарь нь ямар байдаг талаар ярьж өгөхгүй юу? 

М.Содбаяр (TECHNO): -Багууд тогтсон цагт туршлага солилцох байдлаар хоорондоо тоглодог. Цагийн хуваариа гадаадын багуудаас санаа аваад өөрсдөө гаргасан. Ерөнхийдөө 12:00 цаг гэхэд компьютер дээрээ суусан байх ёстой. 12:00-13:30 цагийн хооронд хувийн бэлтгэлээ хийгээд, 13:30-15:00 цаг хүртэл хоорондоо газрын зураг ярилцах, гаднын том багуудын тоглолтуудыг үзэх гэх мэтээр туршлага судалдаг. Харин 15:00, 19:00 цагт \Азийн цагаар\ бэлтгэлийн тоглолтоо хийдэг. Үргэлжлүүлээд 21:00 цагаас Европын багуудтай тоглодог. Манай bootcamp буюу бэлтгэлийн байр таван өрөөтэй болохоор бэлтгэл хийх орчин нөхцөлийн тухайд тухтай байдаг. 

Б.Гарьдмагнай (BLITZ): -Нэмж хэлэхэд, бид өглөө босоод компьютерын урд суухаас өмнө ямар нэгэн байдлаар идэвхтэй хөдөлгөөн заавал хийдэг. 2-3 нь гарч алхана, зарим нь дугуй унана, харин зарим нь фитнест явах гэх мэтээр заавал хөдөлгөөн хийдэг. Юу ч хийхгүйгээр зүгээр л байнга компьютерын ард суугаад байвал сайн үр дүн гарахгүй.

- Та бүхэн цахим тоглоомын мэргэжлийн тоглогч болохоор бэлдэж эхлэх үед болон бэлдэх явцад гэрийнхэн нь хэрхэн хүлээж авч байв?

Б.Гарьдмагнай (BLITZ): -Манайх намайг бага байхад хэсэг хугацаанд PC тоглоомын газар ажиллуулдаг байсан юм. Тэр үед би Counter strike 1.6 тоглоомд нэлээн авьяастай байсан. Тоглож явсаар би ч том болсон, CS:GO ч гарсан. Тэгээд The MongolZ баг тэмцээнд түрүүлснээс хойш CS:GO тоглоомоор тасралтгүй тоглосон. Багаасаа ингэж тоглосон болохоор миний хувьд гэр бүлийнхнээс асуудал байгаагүй. 

М.Содбаяр (TECHNO): -Харин миний хувьд арван жилийн сурагч болохоор гэр бүлийн асуудал цөөнгүй тулгарсан. Эхэндээ гэрийнхэн маань дургүй хүлээж авсан. Явц дундаа намайг тэмцээнд ороод, шагнал аваад, амжилт үзүүлж эхлэх үед тоглоомыг арай өөрөөр харж, дэмждэг болсон. Би хүмүүстэй адилхан Counter strike 1.6 тоглоогүй. Компьютерын өөр төрлийн тоглоомууд л тоглодог байсан юм. Тэгж байгаад The MongolZ багийн аварга авдаг тоглолтыг үзээд CS:GO ингэдэг юм байна, багийн тоглолт гэж ийм байдаг юм байна гээд дуртай болсон л доо. Дээрээс нь тоглогчдын гаргаж байгаа сэтгэл хөдлөл маш их таалагдсан.

- Монголд мэргэжлийн тоглогч хэр ихсэж байгаа вэ? 

Б.Гарьдмагнай (BLITZ): -Монголд мэргэжлийн тоглогчид олон бий. Гэхдээ арай мэргэжлийн болоогүй тоглогчид илүү их байгаа гэж бодож байна. Амжилтаар нь мэргэжлийн, мэргэжлийн биш гэж ялгах байх.

- Танай багийн давуу тал юу вэ? 

М.Содбаяр (TECHNO): -Манай багийн гишүүд хувийн ур чадвар сайтай тоглогчид болохоор энэ нь бидний хамгийн том давуу тал. Одоо бол бид бие биетэйгээ маш сайн ойлголцож, бүрэн нэг баг болж чадсан гэж бодож байна.

"МАЖОР-т орж байгаа багуудаас сул ранктай, эрт хасагдах магадлалтай баг гэж хараад бидний талаар судалгаа бага хийж байгаа нь бидэнд давуу тал"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Одоо бүгдээрээ та бүхний хэдхэн хоногийн дараа зорих тэмцээний талаар ярилцъя. Янз бүрийн мэдрэмжүүд мэдрэгдэж байгаа байх гэж бодож байна. "PGL Major Antwerp 2022" тэмцээний онцлог юу вэ? 

Б.Гарьдмагнай (BLITZ): -Бельгийн Антверп хотноо тэмцээн болох ба нийт гурван үе шаттай явагдана.

  1. Эхний шат болох "The Challengers Stage"-д 16 баг швейцар системээр тоглож, шилдэг найман баг нь "The Legends Stage" шатанд шалгарна.
  2. Хоёрдугаар шат болох "The Legends Stage"-д өмнө нь шалгарсан байсан байсан найман баг дээр нэмэгдээд нийт 16 баг мөн швейцар системээр тоглож, шилдэг найман багаа шалгаруулна.
  3. Төгсгөлд нь буюу "The Champions Stage"-д шалгарсан багууд өрсөлдөөд ялагч тодорно. 

Өөрөөр хэлбэл, дэлхийн аваргын тэмцээнд legend буюу домог болсон найман баг, contenders статустай 16 баг гээд нийт 24 баг оролцоно. Бидний зорилго бол legend-д ороод, түрүүлэх. Өмнө бид бэлтгэлийн тоглолтууд дээр legend багуудтай тоглоод хожиж байсан удаатай. Ерөнхийдөө багуудын потенциалыг нь мэдэж байгаа болохоор үлдсэн хугацаанд бэлтгэлээ сайн хийгээд, илүү хичээвэл түрүүлэх боломжтой. Хүмүүс их хүлээлттэй байгаа байх. Тэр нь бага зэрэг дарамт болж байгаа. Гэхдээ зүгээр. (Инээв)

М.Содбаяр (TECHNO): -Бэлтгэлийн тухайд гэвэл саяны тэмцээний тоглолтууд дээр гаргасан дутагдлаа анзаараад, шинэ зүйлсийг туршиж тоглоно гэж бодож байна.

- Магадгүй нэг сая ам.долларын эзэд болчихвол та хоёр хамгийн түрүүнд юунд зарцуулах вэ?

Б.Гарьдмагнай (BLITZ): -Ярилцлагаа дуусаад бодно оо. (Инээв)

- Дэлхийн ранкаар IHC 48-д байсан. Энэ нь хэр үзүүлэлт вэ?

Б.Гарьдмагнай (BLITZ): -IHC багийн эхний зорилгуудын нэг бол топ 30-д орох. Монголоос The MongolZ баг дэлхийн ранкаар 24-т жагсаж байсан. Гэхдээ Азийн бүсээс дэлхийд 48-д эрэмбэлэгдэж байна гэдэг харьцангуй өндөр үзүүлэлт. Азийн 2-3 баг топ 30-д орж байсан юм. Бид The MongolZ багийн ах нарынхаа амжилтыг ахиулахын төлөө явах болно.

- Хамгийн өрсөлдөхүйц баг нь ямар баг байх бол?

Б.Гарьдмагнай (BLITZ): -Ерөнхийдөө Legend багууд. "Natus Vincere", "Team Liquid", "Imperial Esports" гэсэн гурван баг бий. Хараад байхад биднийг дутуу үнэлээд, бидний талаар судалгаа хийх байх. Учир нь гэвэл манайх энэ тэмцээнд орж байгаа сул ранктай, эрт хасагдах магадлалтай баг гэж харагдаж байгаа нь эсрэгээрээ бидэнд давуу тал болно гэж харж байна. 

"Монголд багууд бэлтгэлийн байртай, тоглогчид эхнээсээ боломжийн цалинтай болчихсон гэдэг нь И-спорт тэр хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн хэрэг"

зураг
 
М.Содбаяр (TECHNO). Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Манай улсад И-спорт хэр хөгжиж байна гэж боддог вэ, мөн хөрөнгө оруулагчдын хандлага хэр байдаг вэ? 

М.Содбаяр (TECHNO): -Өмнө нь ямар байсныг сайн мэдэхгүй. Одоо бол их гоё болж яваа. Багууд нь ч сайжраад, ивээн тэтгэгч байгууллагууд ч олон болсон. Жишээлбэл, багууд стандартад нийцсэн бэлтгэлийн байртай, тоглогчид эхнээсээ боломжийн цалинтай болчихсон гэдэг нь И-спорт тэр хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн хэрэг болов уу. 

Б.Гарьдмагнай (BLITZ): -Монголд И-спортыг хөгжүүлдэг хоёр том байгууллага байдаг. Нэг нь манай IHC. Мэргэжлийн тоглогчдын цалин ч хангалттай, хангамж ч сайн болсон. Бидэнд амжилт л үлдчихсэн байсан юм. 

- Компьютер тоглоом гэхээр л зарим хүмүүс өдөр шөнөгүй суугаад тоглоод байдаг гэж ойлгодог. Энэ тал дээр юу хэлэх вэ?

М.Содбаяр (TECHNO): -Тухайн хүн эхлээд өөрөө тоглох сонирхол, хоббитой байж тоглоно. Гэхдээ тоглох дуртай байна гээд олон цагаар суугаад донтолтын хэлбэр үүсгэж тоглох нь хамгийн буруу зүйл. Тоглох, амрах цаг гаргах байдлаар хүн өөрөө цагийн менежмент хийж явбал зүгээр.

- Би жишээлбэл тоглох дуртай, энэ спортоор хичээллээд амжилт гаргах хүсэлтэй гэж бодъё. Гэхдээ байнгын бэлтгэл сургуулилалт хийж явах ёстой болохоор нөгөө талд хичээл номоо орхигдуулах эрсдэлтэй. Би мэргэжлийн тоглогч болоод явах уу, эсвэл чөлөөт цагаараа тоглоод хичээл номоо хөөгөөд явсан нь дээр үү гээд эргэлзэж суугаа залуучууд магадгүй байгаа байх. Энэ хүмүүст хандаж хэлэх зөвлөгөө юу байна вэ?

Б.Гарьдмагнай (BLITZ): -Энэ асуултад би өөрийнхөө жишээгээр зөвлөе. Миний хувьд сонголт хийх үед илүү азтай байсан гэж бодож байна. Би шатар тоглодог байсан юм. МУИС-ийн нэгдүгээр курсийн оюутан болсон жилийн арванхоёрдугаар сард нь Шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсон учраас би сургуулиасаа жилийн чөлөө авч таарсан. Тэгээд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ч болж дууссан. Яг тэр үед анх "Checkmate" байгуулагдах гэж байна гээд санал ирсэн юм. Жилийн чөлөөтэй байсан болохоор ч тэр үү саналыг нь хүлээж аваад тоглосон. Чөлөө авсан жилээ тоглож байх үедээ энэ тоглоомоор цааш явж чадах юм байна гэсэн бодол төрж, жилийн чөлөөгөө сунгаад явж байгаа. Тэгэхээр үнэхээр сонголтын өмнө ирчихсэн хүмүүс байвал хичээл сургуулиасаа нэг жилийн чөлөө авч тоглож үзээд өөртөө дүгнэлт гаргачих хэрэгтэй. Нэг жил оролдоод үзчихсэн болохоор ядаж л дараа нь харамсахгүй шүү дээ.

М.Содбаяр (TECHNO): -Нэмээд хэлэхэд, мөн гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдсөн нь дээр гэж бодож байна. Хэсэг хугацаанд тоглож, үзээд дүгнэлт гаргах нь чухал. Хүн болгон янз бүр. Олон цаг бэлтгэл хийдэг болохоор багийн тоглолтоос болон бэлтгэлээс залхах хүмүүс гардаг. 

- И-спортын хувьд амжилттай тоглох боломжтой нас нь хэдээс хэдийн хооронд байдаг вэ?

Б.Гарьдмагнай (BLITZ): -Миний бодлоор оргил үе нь 18-26 нас. Тоглох боломжтой нас гэвэл 14-өөс эхлээд 30 гартлаа тоглох боломжтой гэж боддог. Гэхдээ хүн бүр адилгүй. 

- Ярилцлагын төгсгөлд уншигчид болон дэмжигчдэдээ зориулаад хэлэхийг хүссэн зүйл байна уу ? 

Б.Гарьдмагнай (BLITZ): -"TEAM IHC" баг дэлхийд данстай, тогтмол амжилт гаргадаг баг байхын төлөө үргэлж хичээнэ. Манайх олон дэмжигчидтэй баг. Саяны тэмцээнээр дамжуулан бүр их нэмэгдсэн. Биднийг дэмждэг бүх хүмүүст маш их баярлалаа. 

- Ярилцсанд баярлалаа.

"TEAM IHC" багийн болон гишүүдийн IG: team_ihccsgo 

  • Б.Эрдэнэдалай (MAARAA) дасгалжуулагч: dmaaraa89 
  • Б.Гарьдмагнай (BLITZ) багийн ахлагч: garidmagnaii
  • М.Содбаяр (TECHNO) тоглогч: technontc
  • Б.Тэнгис (SKOR) тоглогч: sk0rcs
  • Б.Бат-Энх (KABAL) тоглогч: kabal601
  • Г.Есөнтөмөр (NIN9) тоглогч: 9fe__
  • Б.Баатархүү (BART4K) тоглогч: bartkcs_
зураг
 
Судалгаанаас харвал CS:GO тоглоом нь онлайнаар нэг өдөрт тоглосон тоогоороо хамгийн өндөр тоглогчтой гэгддэг.Тэр утгаар уг тоглоом нь сонирхогч олонтой, өрсөлдөөн ихтэй. Хөл бөмбөгчид, сагсчид өөрсдийн талбай дээрээ очиж тоглоод бэлтгэлээ хийдэг бол И-спортын тоглогчдын хувьд тоглолтын талбай нь компьютер. Тэд бусад спортын тамирчдын адилаар нарийн дэг журмын дагуу бэлтгэл хийсний үр дүнд амжилт гаргадаг. Түүнчлэн И-спорт нь хурд, сэтгэн бодох чадвар ихээр шаарддаг тоглогчдын хувьд тархиа сэргэг байлгах нь хамгаас чухал. Монгол Улсад сүүлийн жилүүдэд цахим спортын төрлүүд асар хурдтайгаар хөгжиж байна.