Индэр    
2022 оны 4 сарын 18
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Г.Ёндон: АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 800-1,000 төгрөгөөр нэмэгдэх бодитой нөхцөл үүссэнийг хэлэлцээ хийж, шийдвэрлэсэн

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ тасралтгүй өсөж байгаагийн зэрэгцээ Украинд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой шатахууны нийлүүлэлт, үнэ анхааралт татсан сэдэв хэвээр байна. Энэ талаар Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд Г.Ёндонтой ярилцлаа. 

Тэрбээр Монгол Улс шатахууны хараат байдлаас ангижрах гол боломж нь газрын тос боловсруулах дотоодын үйлдвэр гэдгийг онцолсон юм. 



-Өнгөрсөн долоо хоногт болсон Эдийн засгийн чуулганы үеэр Дэлхийн банкны Эдийн засаг, худалдаа хариуцсан олон улсын захирал нь Монгол Улсыг ОХУ-аас 100% хамааралтай  бараа бүтээгдэхүүнээ аль болох өөр улсаас авдаг болох тал дээр анхаарах хэрэгтэй гэж хэлсэн. Манай улсын шатахуун ОХУ-аас 100% хараат гэж хэлэхэд болно. Орос, Украины нөхцөл байдалтай холбоотойгоор энэ бүтцэд өөрчлөлт оруулах бодлого байгаа болов уу?

-Манайх газрын тосны бүтээгдэхүүний 95 хувийг ОХУ-аас авдаг шүү дээ. Тав орчим хувийг БНХАУ-аас авдаг. Өнгөрсөн оны есдүгээр сард шатахуун хомсдох үед Хятад улсаас шатахуун авсан.

Харамсалтай нь Хятадаас авах шатахууны үнэ ОХУ-аас авдгаас бага байж чаддаггүй. Шалтгаан нь ОХУ-аас манай импортолдог бензин Евро-2 стандарттай бол Хятадынх Евро-5 стандарттай. Хоёрдугаарт, БНХАУ өөрсдийнхөө хэрэгцээний нэлээд хэсгийг импортоор түүхий тос авч, боловсруулах замаар хангадаг. Тиймээс ОХУ-аас авдаг хэмжээний бэлэн бүтээгдэхүүнийг манайд шууд нийлүүлэхэд бэлэн биш байгаа. 

Газар зүйн байршлаараа Орос, Хятадын дунд оршиж байгаа бид гуравдагч орноос энэ хоёр улсаар дамжуулан шатахуун тээвэрлэж авна гэдэг хүнд бөгөөд өртөг илүү өндөр болно. 

Тиймээс газрын тосны үйлдвэрээ хурдан шуурхай барьж байгуулах нь нэн тэргүүний зорилт болохыг гадаад орчинд үүсээд байгаа нөхцөл байдал улам тод томруун харуулж байна. 

-ОХУ өөрийн найрамдалт харилцаатай орнуудад газрын тосыг дурын үнээр нийлүүлэх талаараа мэдээлэл хийсэн. Үүнд манай улс хамаарч байгаа юу? Энэ талаар албан ёсоор мэдэгдсэн болов уу?

-Энэ талаар хүмүүс буруу ойлгож байж магад. Шатахуун биш, түүхий тос гэдгийг тодотгох хэрэгтэй. Түүхий тосны хувьд 30 орчим хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа. 

Гэхдээ сая бид өргөн барьж өнгөрсөн долоо хоногт батлагдсан хууль дээр та бүхэн анзаарсан бол 

  • эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгоно. 
  • урьдчилгаа төлбөрийн хуримтлал дээр зээл олгоно гэж байгаа. 
Энэ чиглэлд Засгийн газар ОХУ-ын “Роснефть” компанитай хэлэлцээрт орсон. Тэгэхээр бид Энэтхэг, Хятадтай адил хөнгөлөлттэй үнээр, урьдчилгаа төлбөр төлж Оросоос шатахуун авч байгаа гэж ойлгож болно. Аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн татаас өгч байгаа хэрэг биш, хэлэлцээр хийж, үнийг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм. 

-Хятадаас авахаар өртөг өндөр гэж та хэллээ. Гуравдагч хөршөөс дамжуулан авах талаар ер нь судалж үзсэн үү. Газрын тос олборлогч улсуудаас Хятадтай төмөр замаар холбогдсон орнуудтай жишээ нь хэлэлцээ хийх боломж бий юу?

-Ийм боломж хомс. Учир нь зардал өндөр болно. Нэг онцлогийг анхаарах хэрэгтэй. Бид Энэтхэг улс шиг нэг удаа авахдаа 15 сая баррелиар хэлэлцээ хийж байгаа бол арай өөр. Гэтэл манай импортолдог хэмжээ ОХУ-ын хувьд маш бага. Их хэмжээний бүтээгдэхүүнийг, их мөнгө төлөөд авах тохиолдолд ийм хэлэлцээр хийх боломжтой. Гэвч бидний хэрэгцээ эдгээр улсын хувьд маш бага шүү дээ.

БНСУ-аас тухайлбал Хятадаар дамжуулан газрын тосны бүтээгдэхүүн оруулж ирье гэсэн санал тавьж байсан тохиолдол бий. Гэхдээ үнэ нь мөн л өндөр болоод байдаг

Хэрэв бид урьдчилгаа төлбөр төлөөд явбал нийлүүлэх боломжтой ойрхон улсууд бий. 

-Манай улсын нүүрсний экспорт бүхэлдээ БНХАУ руу гарч байгаа. Энэ худалдаандаа түшиглээд шатахуун авах хэлэлцээ хийх боломжтой юу?

-Тэгэхээр бид бүтээгдэхүүнээ хямд өгөх болно л гэсэн үг. Нэг бүтээгдэхүүнийг хямд авахын тулд хямд үнээр түүхий эдээ өгнө. Тэгэхээр энэ хувилбар ашигтай биш.

-Өнгөрсөн долоо хоногт батлагдсан хуулийг аж ахуйн нэгжүүд ашиглаад хэр зэрэг үр нөлөө үзүүлнэ гэж тооцож байгаа вэ?

-Энэ хуулийн гол зорилго нь инфляц, үнийн өсөлтийг л хязгаарлах зорилготой. Засгийн газраас “Роснефть” компанитай хэлэлцээр хийснийг дээр дурдсан. Ямар ч байсан шатахууны үнийг энэ түвшнээс өсгөхгүй байх арга хэмжээг авсан. Энэ хүрээнд импортлогч компаниудад хөнгөлөлттэй урьдчилгаа төлбөрийн зээл олгож байгаа. Тэгэхээр бид тодорхой хугацаанд урьдчилгаа төлбөрийг хэдэн сараар төлөөд үнийг өсгөхгүй байх чиглэлээр арга хэмжээ авч байна гэж ойлгох хэрэгтэй. 

Хамгийн тодорхой зүйл гэвэл АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 800-1,000 төгрөгөөр нэмэгдэх бодитой нөхцөл үүссэн байсан. Бид таван жилийн хугацаатай гэрээ хийдэг. Хуулийн хугацаатай гэрээгээрээ бид Сингапурын биржийн үнээр зах зээлийн үнээ тодорхойлдог. Сингапурын биржийн үнээр сая бид шатахуун авсан бол ийм хэмжээгээр үнэ өсөх нөхцөл үүссэн байсан. Тиймээс бид “Роснефть”-тэй хэлэлцээр хийгээд энэ нөхцөл байдалд үнэ нэмэхгүй байх чиглэлээр тодорхой хугацаанд урьдчилгаа төлбөр төлөөд өсгөхгүй байх арга хэмжээ авч, энэ хүрээндээ аж ахуйн нэгжүүдэд зээл олгож байгаа. 

-Засгийн газрын хуралдаанаар газрын тосны үйлдвэрийн асуудал хөндөгдсөн. Үнийн өсөлттэй холбоотойгоор өртөг өссөн талаар ярьж байсан. Ер нь төслийн үйл явц ямар түвшинд байна вэ? Хугацаа, зээлийн нөхцөл яаж өөрчлөгдөж байна вэ?

-КОВИД-ын нөхцөл байдлаас шалтгаалаад дэлхий дахин, бүх улс оронд бүтээн байгуулалтын ажлууд дээр тээвэр, ложистикийн зардал 5-6 дахин өссөн. Үүнтэй холбоотой өртөг нь нэмэгдэж байна. Манай улс түүнээс өмнө гэрээ байгуулсан байсан. 

Газрын тосны үйлдвэр үндсэндээ таван дэд хэсгээс бүрдэж байгаа. Яг үйлдвэр өөрөө EPC 1, 2, 3, 4, дамжуулах хоолой гээд таван төсөл хамаарч байгаа.

  • EPC-1 яг КОВИД-ын өмнө гэрээ хийсэн байсан тул бүтээн байгуулалтын ажил амжилттай хэрэгжиж байгаа. Тус төслийн хэсгийн компанийн захирлууд хоёр долоо хоногийн өмнө ирж, Засгийн газартай уулзалт хийсэн. Хугацаандаа ашиглалтад орно. 2022 оны арваннэгдүгээр сарын 29-нд ашиглалтад орох ёстой. Бүх ажил хугацааны дагуу явна. 
  • EPС-2, 3 өнгөрсөн 2021 оны зун тендерээ нээх ёстой байсан. Гэтэл компаниуд санал өгч чадахгүйд хүрсэн. Тээвэр, ложистикийн зардал тогтмол өсөөд байсан тул хугацаагаа олон удаа сунгасан. EPC-2 дээр тав, EPC-3 дээр долоо удаа хугацаа сунгасан. Үүний дараа тээвэр, ложистикийн зардал өссөөр байсан тул эцсийн байдлаар үнээ өгсөн нь манай ТЭЗҮ-д тусгагдсан үнээс өндөр байсан. Тиймээс бид энэ үнээр төсөл хэрэгжүүлэхэд Засгийн газартай хэлэлцэж, зөвшөөрөл авах шаардлагатай болсон тул энэ гэрээлэгчидтэй дахин хэлэлцээр хийх шаардлагатай болсон, үнэ буулгах чиглэлээр.
  • Дамжуулах хоолойн төсөл бол зарлагдаад, гүйцэтгэгч нь тодроод гэрээ байгуулж байгаа. (Даваа гарагт зурагдчих болов уу гэж харж байна.) Дамжуулах хоолойн төсөл хэвийн явагдана. 

-Ямар компаниуд орж ирж байгаа вэ, төслүүд дээр?

-Энэтхэгийн Засгийн газраас олгож байгаа хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж байгаа төсөл учраас тус улсын компаниуд л орж ирэх нөхцөлтэй. Гэхдээ бид сая Энэтхэгт бүртгэлтэй гадаадын компаниудыг оруулах чиглэлээр хүсэлт тавьсан. Тиймээс магадгүй нэмэгдэж орж ирэх байх. 

Дамжуулах хоолойн хувьд Энэтхэгийн нэг, Японы хоёр, Хятадын компани санал ирүүлсэн байсан. Хятадын компанийн үнэ боломжийн бөгөөд Засгийн газрын баталгаа шаардахгүй, хүү нэхэхгүй гэсэн нөхцөлтэй байсан тул ялагчаар тодорсон, туршлагатай компани байгаа. 

-Газрын тосны үйлдвэр дээр нөөцийн асуудал яригддаг. Үйл ажиллагаа нь эхэлсэн ч түүхий тосны нөөц хүрэлцэх эсэх талаар маргаантай байдаг. Нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хайгуул, судалгаа хийж байна уу? 

-Сүүлийн нэг жилийн хугацаанд манай газрын тосны нөөц бага зэрэг нэмэгдсэн. “Петро Матад” компани нөөцөө нэмэгдүүлж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр баталгаажсан. 

Тосонгийн 19, Тамсгийн 21 дүгээр талбайг ялгаж авсан. Өмнө нь Давст-31 гээд хайгуулын маш том талбайд “Петро Чайна Дачин Тамсаг” компани маш их хэмжээний хайгуулын ажил хийсэн. Тус компани хугацаа нь дуусаад уг талбайг буцаагаад Засгийн газарт хүлээлгээд өгсөн байсныг Монгол газрын тос боловсруулах үйлдвэрт авч өгсөн. Газрын тос боловсруулах үйлдвэр энэ талбайд хайгуулын ажил хийх компаниудыг урьсан. Саналыг 30 гаруй компанид хүргүүлсэн байгаа. Нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор эдгээр 5, 6 блок болгон хуваасан талбай дээрээ компаниудтай тус тусад нь хэлэлцээр хийж, хайгуулыг эхлүүлнэ гэсэн үг.

“Петро Чайна Дачин Тамсаг” компани манай газрын тосны зарим нэгэн талбайг сонирхож, боломж байна гэж харж байгаагаа илэрхийлээд санал өгсөн байгаа. Дорноговь аймгийн зарим талбайд нөөц нэмэгдэж батлагдах боломж бас бий. 

-Нөөц нэмэгдээд, үйлдвэр ашиглалтад ороход дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гэж үзэж байгаа юу?

-Ер нь газрын тосны үйлдвэрийг байгуулах хүчин чадлыг анх 1.5 сая тонн гэж сонгосон. Энэ нь “Петро Чайна Дачин Тамсаг” компани Монгол Улсын Засгийн газар хоорондын бүтээгдэхүүн хуваах гэрээний олборлолтын хүчин чадалд буюу жилийн 1.5 сая тоннд суурилсан байгаа. 

Ашиглалтын баталгаат нөөц гэж байдаг. Тэр нь баталгаат нөөцөөс ашиглах боломжтой нөөцийг хэлдэг. Ашиглалтын баталгаат нөөц Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 30 орчим сая тонн байгаа. Үүнээс бодож үзвэл, цооногуудаас гарах нөөцийг нэмэгдүүлбэл, 1.5 сая тонноор 20 орчим жил ашиглах боломж байгаа гэж харж байгаа. 

-Энэ бүхнээс шалтгаалаад ашиглалтад орох хугацаа хойшилж байгаа байх. Хэзээ ашиглалтад орно гэж урьдчилж тооцож байна вэ?

-2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

-Уул уурхайн биржийн тухай хууль хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа. Уул уурхайн салбарт ойрын үед хүлээгдэж байгаа өөр ямар томоохон шинэчлэл байгаа вэ?

-Уул уурхайн биржийн тухай хууль УИХ дээр хэлэлцэгдэх эсэх нь шийдэгдээд одоо эхний шатны хэлэлцүүлэг явагдана гэсэн үг. Хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ гэж харж байгаа. Үндэсний баялгийн сангийн тухай хууль мөн хүлээгдэж байгаа. УУХҮЯ Үндэсний баялгийн сангийн тухай хууль, тэр дотроо Хөгжлийн сангийн тухай хууль ямар байх ёстой гэдэг бүх бодлогоо боловсруулаад, бусад бүх яамдаас санал аваад Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байгаа. Хэлэлцэхээс өмнө зарим асуудлыг тодруулах шаардлагатай байгаа. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц, Хөгжлийн Банк, Төрийн өмчийн компаниудын тухай хууль зэрэгтэй уялдуулж байж хэлэлцүүлэх санал гарсан тул бага зэрэг хойшилсон. Хаврын чуулганаар амжаад өргөн баригдана гэж хүлээж байна. 

Бас нэг гол хууль нь Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга байгаа. Хаврын чуулганд амжиж өргөн барихаар хичээж байна. Энэ дотор зарчмын зөрүүтэй саналуудаа бид шийдэх хэрэгтэй байгаа. 2006 оноос хойш ямар нэгэн өөрчлөлт хийгээгүй байгаа энэ хуулийг Уул уурхай салбарын 100 жилийн ой тохиож байгаа энэ онд нийгмийн, цаг үеийн зайлшгүй шаардлагаар үүсэж буй асуудлуудыг тусгаад хэлэлцүүлэхээр чармайж байна. 

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд саяхан “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-ийн чиглэлээр хийж байгаа ажлуудын талаар хэд хэдэн хэлэлцүүлэг хийсэн. Тэгэхээр бидний гол зорилго бол боловсруулах үйлдвэрлэлээ хөгжүүлж, боловсруулах салбарыг эрдэс баялгийн салбарын бодлогоор дэмжиж, хөгжүүлэх юм. 

Манай улсын экспортод гаргадаг үндсэн долоон ашигт малтмалын дөрвийнх нь боловсруулалтын түвшнийг ахиулах замаар боловсруулах үйлдвэрийг бий болгох юм. Дөрвөн чиглэлээр маш бат бөх суурийг тавина гэсэн үг. Энэ үндсийг тавьчихвал түүнээс цаашаа боловсруулах үйлдвэрүүд маань модны салаа мөчир шиг салбарлаад явна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд металл нунтгийн үйлдвэр ашиглалтад орсон. Боловсруулах үйлдвэр хөгжвөл дараа дараагийн үйлдвэрүүд хөгжөөд явах боломж бүрдэнэ. Үүнийг хувийн хэвшлийнхэн хийж болно. Олон салбарын суурийг тавьж өгөх юм. 

Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулснаар нефть, химийн салбарын суурийг тавьчхаж байгаа юм. Эндээс цаашаа зөндөө үйлдвэр салбарлах боломжтой. Нүүрс баяжуулах үйлдвэрийг барьсны дараа нүүрсийг гүн боловсруулах нүүрс химийн салбарын суурь тавигдаж байна гэсэн үг. Нүүрсийг бид хатуу ашигт малтмал хэлбэрээр нь шатаахаас аль болох зайлсхийж, нүүрсийг гүн боловсруулбал гоо сайхны бүтээгдэхүүн, эмээс эхлээд 400 орчим бүтээгдэхүүн гаргаж авах боломжтой. Ийм өндөр ач холбогдолтой. Шийдэж чадахгүй байгаа олон асуудлыг бодлогоор яам шийдээд өгчихвөл цаашаа салбарлаад олон үйлдвэрлэл хөгжих боломжтой. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын өргөн барьсан Үйлдвэр технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр манай яам мөн голлон оролцож байгаа. Энэ хууль бас дээрх бүхэнтэй уялдана. Үйлдвэр технологийн парк голдуу эрдэс баялгийн салбарт томоохон орд, том төслийг дагаж бий болдог. Тэр газартаа эрх зүйн таатай орчныг бий болгоод өгөхөөр тэр салбар хөгжөөд явна.