Цар тахлын дараах импортын өсөлттэй зэрэгцэн ОХУ, Украинд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын валютын нөөц эрчимтэй буурч, иргэдийн хадгаламжид долларжих хандлага нэмэгдсэнээр төв банк болон арилжааны банкууд тодорхой хязгаарлалт тавиад буй.
Энэ асуудлыг богино хугацаанд хялбараар шийдэх орон зай хангалттай байгаа талаар эдийн засагч Г.Мөнх-Эрдэнэ онцолж байна. Түүнтэй ханшийн талаар ярилцлаа.
-Төгрөгийн эсрэг чангараад байгаа ам.долларын ханш болон нийлүүлэлтийн асуудлыг богино хугацаанд шийдэх боломжийг судалж байсан гаргалгааныхаа талаар ярихгүй юу? Энэ хүнд үед Монгол Улсад яг ямар шийдэл байна вэ?
-Банканд таван жил ажилласан туршлагаасаа харахад одоогийнх шиг ийм огцом ханшийн өсөлтийн үед 70 орчим хувь нь гадагшаа төлбөр тооцоо хийх шаардлагагүй мөртлөө ханшийн өсөлтөөс ашиг хийх зорилгоор доллар авч спекуляц эрэлт үүсгэснээс шалтгаалдаг. Энэ нь тухайн хүндээ ашигтай боловч компани, нийгэм, улсад хохиролтой.
Тэр эрэлтийг, ханш дээр ирээд байгаа дарамтыг шилжүүлдэг хөрөнгө оруулалтын сонголттой байх ёстой. Тэр нь алт юм. Ялангуяа, Орос, Украины дайн болж байгаа ийм үед.
-Тэгэхээр долларыг алт орлож болно гэх гээд байна уу?
-Тийм. Алт өөрөө хатуу валют. Доллар авахын оронд алт аваарай гэх гээд байна шүү дээ.Алтыг төгрөгөөр авч байгаа Монголбанкны тэр ханш нь ам.долларын ханш болон олон улсын алтны ханшаас хамаардаг.
Монголбанк хэрвээ арилжааны банкнуудаас худалдаж авсан алтаа буцаагаад иргэддээ нээлттэй зардаг, эсвэл арилжааны банкууд зөвхөн Монголбанканд биш танд, бас надад алтаа бие бус хэлбэр рүү шилжүүлээд онлайнаар зардаг тогтолцоо нь байх юм бол хүмүүс долларыг биш алтыг авна. Яагаад гэхээр алт нь долларын ханш болон олон улсын алтны ханшаас хамаарч байгаа учраас.
Ингэж доллар дээр үүсээд байгаа тэр бөөгнөрсөн эрэлтийг алт руу шилжүүлбэл өнөөдрийн энэ ханшийн өсөлт ч намжина. Тэр шаардлагагүй, зохиомол эрэлт ч намжина. Ханшийн огцом өсөлтийг зөөлрүүлж өгнө.
Өнөөдрийг хүртэл Монгол Улс 30 жил алт олборлохдоо гадагш экспортолдог ганцхан урсгалтай явж ирсэн. Өөрөөр хэлбэл,
алт олборлолт ➡ арилжааны банк ➡ Монголбанк ➡ Экспорт гэсэн замаар явдаг.
Гэтэл олборлосон алт дотоодод хөрөнгө оруулалтын хэрэгсэл болоод эдийн засагтаа эргэж байх ёстой.
Холын орнуудыг ярихаа болъё л доо. Хятад улсад л гэхэд арилжааны банкууд нь цэвэршүүлсэн гулдмайг иргэддээ чөлөөтэй зардаг шүү дээ. Энэ өөрөө хөрөнгө оруулалтын чухал хэрэгсэл.
-Манайх алтаа гулдмайлаад зарах боломжтой гэж үү?
-Монголд аж үйлдвэр сайн хөгжөөгүй болохоор алт цэвэршүүлнэ гэхээр өртөг өндөртэй, үнэтэй болон. Тиймээс хэцүү. Харин биет алтаар баталгаажсан биет бус арилжаа болж болно.
Өмнө нь үүнийг хэрэгжүүлэх гэж судлаад юун дээр очиж гацсан гэхээр эрх зүйн орчны тодорхой бус байдал. Тухайлбал, иргэн, ААН-д алт зарж болох уу, болохгүй юу гэдэг нь тодорхойгүй. Зарж боллоо гэхэд татварын орчин тодорхойгүй, АМНАТ арилжаа хийгдэх бүрд төлөх ёстой ч юм шиг. Гэтэл нэг л алт эргээд байгаа шүү дээ. Зүй нь нэг л удаа авах ёстой.
Эрх зүйн орчин бүрдээд, иймэрхүү асуудал тодорхой болчих юм бол хамгийн богино хугацаанд долларын ханшийг ч, зохиомол эрэлтийг ч бууруулж чадна.
Ноолуур, нүүрс, зэсээ гаргахад хугацаа их орно. Энэ бол стратегийн шийдэл. Харин тактикийн богино хугацааны шийдэл бол алтаа дотооддоо эргэлтэд оруулдаг болох.
-Монголбанкны жилд авсан алтны дээд хэмжээ нь 22 тонн. Сүүлийн жилүүдэд 20 тонн алт авч байгаа. Хэрэв алтаа дотооддоо эргэлдүүлэх зохицуулалт хийвэл нөөцийнх нь боломж хангалттай юу? Хэдий хэмжээний мөнгө шингээх боломж байна вэ?
-20 тонн алт өнөөдрийн ханшаараа нэг тэрбум ам.доллар байна.
Үнэхээр алт экспортолж, доллар оруулж ирэх хэрэгтэй бол заавал бүтэн жилийнхээ алтны нөөцийг дотоодод хадгалах албагүй. Шаардлагатай үед тодорхой хэмжээг нь гаргаад валютын хэрэгцээгээ хангах боломжтой. Харин үлдсэнийг нь дотооддоо хиймэл эрэлтийг дарахад бэлдээд байлгаж болно.
Нарийвчлаад тооцвол эхний ээлжид 100 сая ам.долларын алтыг дотроо бид эргэлдүүлэхэд валютын ханшид ирж байгаа дарамт, эрэлтийг маш ихээр бууруулна.
Одоогийнх шиг ийм онцгой цаг үед зохиомол эрэлтийг өөр тийш чиглүүлдэг хөрөнгө оруулалтын сонголттой байх хэрэгтэй.
Улс орны эдийн засгийн тогтвортой байдлын төлөө Монголбанк яагаад үүнийгээ хийдэггүй юм. Алтыг иргэн, аж ахуйн нэгжид арилжаалдаг нь шинэ зүйл биш. Дэлхийн улс орнуудад аль хэзээний хөгжчихсөн, байдаг зүйл. Үүнийг 30 жилийн хугацаанд, XXI зуунд манай улс хийгээгүй байгаа нь маш том эмгэнэл.
-Ханшийн өсөлт иргэн бүрд очиж дарамт болдог учраас аль ч талаараа ашигтай шийдэл гэж харагдаж байна. Ямар нэгэн байдлаар эрсдэл үүсвэл хаана очиж, яаж нөлөөлөх вэ?
-Харилцагчийн талд эрсдэлтэй. Долларын ханшаас алтны ханш илүүтэй унаад байвал анхны хийсэн мөнгө буурах магадлалтай. Алтны ханш өсвөл мэдээж таатай, доллароос хавьгүй ашигтай. Украины дайн эхэлснээс хойш 100 доллар буюу 6% орчим өслөө. Доллар авсан хүн 5 хувийн ашиг хийсэн бол алт авсан хүн 10 хувийн ашиг хийх боломжтой байх жишээтэй.
Дэлхий нийтээрээ алтанд итгэдэг. Дайн байлдааны үед алт ашигтай гэдэг нь ойлгомжтой. Яг л ийм үед сонголт нь байхгүй байгаа учраас өнөөдөр арилжааны банкууд өдрийн хязгаараа 5 хүртэл сая доллар болгож бууруулаад байна. Хязгаарлалт тавих нь эргээд зах зээлд муу мэдээ болж, төгрөгийн эсрэг ам.доллар 3,500 болсон ч хамаагүй авах сэтгэл зүйг бий болгож байна.
Харин алт бол жилийн тэрбум доллар гэхээр хангалттай орон зай байна.
Ингээд харахаар маш том эргэлттэй зах зээл. Хөрвөх чадвар супер. Үнэ супер. Өөлөх нэг зүйл нь алтны ханш унах. Энэ эрсдэлийг иргэд тооцчихно.
-Монголбанк ийм зохицуулалт хийе гэвэл хэдий хугацаанд хэрэгжүүлэх боломжтой гэж харж байна вэ?
-Хүсвэл Монголбанкны ерөнхийлөгч тушаал гаргаад, маргааш ч хийж болох ажил. Би хуульч биш ч Монголбанканд эрх мэдэл нь байдаг учраас тушаал, журмаар шийдэх боломжтой гэж ойлгож байгаа.
Банканд таван жил ажиллаж, алтны дилер байхдаа хийж амжаагүй ганц ажил минь энэ. Эцсийн дүгнэлт нь Монголбанкны хүсэх, эс хүсэх асуудал болсон. Харин өнөөдөр Монголбанкны хүсэх, эс хүсэх сонин биш болчихлоо. Энэ бол нийгмийн асуудал боллоо. Тэгэхээр Монголбанк хийх ёстой л гэж бодож байна.
Энэ бол гадаад хүчин зүйлээс хамааралгүй, зөвхөн дотроо бүгдийг нь шийдэх боломжтой, шийдэхдээ тийм их шинэ хөрөнгө оруулалт шаардахгүй, зөвхөн эрх зүйн орчны зохицуулалтыг сайжруулахад болчих зүйл.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
46 СЭТГЭГДЭЛТЭЙ
|