Манай улсын төрийн өмчийн цэцэрлэгүүд бага насны хүүхдүүдийг сугалаагаар элсүүлдэг. Улмаар улсын цэцэрлэгийн сугалаанд багтаж чадаагүй багачууд гэртээ өнжих эсвэл хувийн цэцэрлэгт хамрагдах хоёр сонголттой тулгардаг. Мэдээж хувийн цэцэрлэгийн төлбөрийг төлөөд өгөх боломж залуу гэр бүл бүрд байхгүй. Энэ асуудлаас үүдэн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдээ оруулахын тулд хандив өгсөн эцэг эхчүүдийн дунд авлигын хэргээр шүүхэд дуудагдах тохиолдол цөөнгүй гардаг байна. Тодруулбал, 2015-2018 оны хооронд авлигын хэргээр шалгагдаж эхэлсэн 10 эцэг эх байгаа юм. Одоогоор тэдний зургаа нь Эрүүгийн хэрэгт холбогджээ.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын авлигын тоон мэдээллийг Улсын Прокурорын Ерөнхий Газар(УПЕГ)-ын холбогдох эх сурвалжаас тодруулахад "2021 онд авлигын нийт 268 хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн байдаг. Үүнээс цэцэрлэгийн багш, эрхлэгчтэй холбоотой долоон хэрэг байна. Тухайн долоон хэргийн хоёр нь харьяаллын бус хүүхэд авч, хахууль авсан үйлдэл бүртгэгджээ. Үлдсэн нь хүүхэдтэй холбоотой биш буюу бусдыг ажилд оруулахдаа авлига авсан хэрэг байна" гэх мэдээллийг өгөв.
Дээрх авлигын хэрэгтэй холбоотойгоор эцэг эхийн төлөөлөл Н.Ө-тэй /нэрийг нь нууцлав/ ярилцлаа.
-Авлигын хэргээр нийт арван эцэг эх 2015-2018 оны хооронд шалгагдаж эхэлсэн ч одоог хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй гэсэн мэдээлэл бий. Энэ төрлийн хэрэгт холбогдох болсон шалтгааны талаар та юу гэж бодож байна вэ?
-Миний хувьд 2018 оны намраас хойш авлига өгсөн хэргээр шалгагдаад дөрвөн жил болж байна. Манайх бага насны гурван хүүхэдтэй. Тухайн үед том хүүхэд маань таван настай, дунд хүүхэд гурван настай, бага нь ой ч хүрээгүй байсан. Улмаар ажлын шаардлагаас үүдэн хоёр хүүхдээ цэцэрлэгт өгөхөөр шийдсэн. Гэтэл улсын цэцэрлэгийн сугалаанд багтаж чадаагүй. Ингээд цэцэрлэгийн эрхлэгчтэй нь уулзахад “Сургууль, цэцэрлэгийн төсвийн мөнгө үнэхээр хангалтгүй учраас анги танхимаа янзлуулах шаардлагатай байна” гэж хэлсэн. Тиймээс хэсэг эцэг эхчүүд нийлж цэцэрлэгийн цонх, шалыг нь янзлахад тусалсан. Үүнтэй холбоотойгоор бүтэн дөрвөн жил шалгагдаж, цагдаа шүүхэд дуудагдаж байна. Сүүлдээ Эрүүгийн хэргийн ялтан гэж үзээд хотоос гаргах эрхгүй болгосон.
-Тухайн цэцэрлэгт засвар хийхэд хэдэн төгрөг өгсөн бэ. Яагаад эрүүгийн хэрэг болтлоо хүндэрсэн юм бол?
-Нуулгүй хэлэхэд, эцэг эхчүүд 500 мянгаас сая төгрөгөөр цэцэрлэгийн зарим зүйлийг тохижуулсан. Эрүүгийн яллагдагчаар татагдвал хоёр жил хүртэлх хорих ялаар шийтгүүлэх заалттай юм билээ. Биднийг эрүүгийн хэргийн ялтан гэж үзээд шүүхээс өдөр болгон дууддаг. Анх АТГ-ын мөрдөгч “Монголын нийгэмд байдаг л асуудал. Эцэг эхчүүдийг ойлгож байна. Цэцэрлэгийн эрхлэгчийг л шалгана. Та нар сайн дураар илчилсэн гэх үндэслэлээр ямар ч хариуцлага хүлээхгүй” гэж хэлээд мэдүүлэг авсан. Гэвч биднийг эргээд эрүүгийн хэргийн яллагдагчаар дуудсан.
-Эрүүгийн хэргээр шалгуулж байгаа дээрх эцэг эхчүүд бүгд олон хүүхэдтэй гэсэн үү?
-Алдарт эх, одонтой ээжүүд байна. Ерөнхийдөө 3-5 хүүхэдтэй. Бид ажлаа хийгээд хажуугаар нь шүүх, цагдаа, прокурор, мөрдөн дамжаад нийт дөрвөн шат явж байгаа. Монгол Улсад олон хүүхэдтэй байх нь үнэхээр шийтгэл юм байна. Яах вэ, нэг хүүхэдтэй бол аргалаад хувийн цэцэрлэгт өгч болно. Харин олон хүүхэд бол улсын цэцэрлэгт л өгөхгүй бол боломжгүй. Тэр олон хүүхдийн цэцэрлэгийн төлбөр мөнгийг яах юм бэ.
Бид эрүүгийн хэргийн яллагдагч учраас байнга очиж бүртгүүлдэг. Ийш тийш явах эрхгүй. Сүүлдээ хилийн хориг тавьсан. Ажил төрөл, эрүүл мэндийн шалтгаан байсан ч улсын хил давах эрхгүй. Хэрэв Улаанбаатар хотоос гарвал оргон зайлсан гэж үзээд баривчилна. Бүр баривчлуулсан тохиолдол ч бий. Шүүх дээр ирж бүртгүүлээгүй гэх үндэслэлээр нэг аавыг 20 гаруй хоног хорьсон. Нэг ёсондоо бусдад нь сануулга өгч, айлгаад байна л даа. Энэ дунд хорт хавдраар өвчилсөн таван хүүхдийн ээж бий. Мөн бага насны дөрвөн хүүхэдтэй ээж, таван хүүхэдтэй аав байгаа. Олон хүүхэд гаргахад алдарт эх, дархан бэр гэж өргөмжилдөг ч яг бодит байдал дээр иргэдээ дэмжих ямар ч зохицуулалтгүй. Хүүхэд бүр үнэ төлбөргүй боловсролыг улсаас авах эрхтэй ч сугалаанд сонгогдоогүй гэх шалтгаанаар хохирч үлддэг.
-Чухам ямар үндэслэлээр та бүхэнд хэрэг үүсгэсэн юм бол?
-Нийгэмд хохирол учруулсан гэж яллаад байгаа. Гэхдээ нийгмийг яаж хохироосноо сайн ойлгохгүй л байна. Хүүхдийнхээ сурч боловсрох эрхийн төлөө л явсан. Гэвч бидний амьдралын бүхэл бүтэн дөрөв жилийг ингэж барж, хохироож байна. Миний хувьд таван настай хүүхдээ сургуульд орохоос нь өмнө нэг жил улсын цэцэрлэгт явуулахыг хүссэн шүү дээ.
-Шүүхэд дуудагдах үйл явц одоогийн байдлаар ямар байна вэ?
-Байнга л дуудна. Бид нар чинь хувийн байгууллагад цаг нартай ажил хийдэг хүмүүс шүү дээ. Энэ олон хүүхдийг тэжээхийн тулд ажил хийх ёстой. Одоогийн процесс гэвэл, долоо хоногт заавал нэг удаа өдөр болгон цайны цагаар очиж бүртгүүлж байгаа. Хэрвээ цэцэрлэгийн үйл ажиллагаанд зориулж өгсөн мөнгийг авлига гэж үзэж байгаа юм бол бүх цэцэрлэг,сургууль эцэг эхээс мөнгө хураадаг. Тэгвэл яагаад энэ үзэгдлийг авлига гэж үзэхгүй байгаа юм бэ. Ингэж үзвэл Монголын бүх эцэг эх авлигын хэргээр яллагдагч болох болчхоод байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2022 оны эхний улиралд авлигын 124 хэрэг бүртгэгджээ. Үүнийг өмнөх оны эхний улиралтай харьцуулахад 39.3 хувиар өссөн дүнтэй байна. Бүртгэгдсэн авлигын 124 хавтаст хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн зүйлээр ангилахад,
Иргэд авлигын талаарх ойлголт, эрх зүйн мэдлэг дутмагаас энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох эрсдэлтэй байна. Хууль мэдэхгүйн улмаас зөрчил үйлдсэн бол энэ нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэх гол зарчим бий. Тиймээс иргэд өөрсдөө эрх зүйн мэдлэгтэй байх шаардлагатай гэдгийг албаны эх сурвалж хэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор хуульч Б.Мэргэнтэй ярилцлаа.
-Авлигын талаарх эрх зүйн мэдлэггүйгээс үүдэн иргэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох эрсдэл нэмэгдэх болов уу. Хуульч хүний хувьд танд хэрхэн анзаарагдаж байна вэ?
-Албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгосон бол үүнийг авлига хэмээн үзэж байна. Гэхдээ дан ганц мөнгө эсвэл эд материал өгснөөр авлига болно гэж ойлговол өрөөсгөл. Өөрт ашигтай шийдвэрийг хэн нэгнээр гаргуулсан, тухайн хүнд давуу байдал үүсгэсэн бол авлигын хэрэг үүсдэг.
Дээрх цэцэрлэгийн асуудлын хүрээнд яръя.
Нэгэнт хууль журам батлагдсан л бол үүнийг хүн болгон хэрэгжүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, сугалаанд шалгарсан хүүхдийг цэцэрлэгтээ оруулна, сугалаанд сонгогдоогүй тохиолдолд авах эрх хуулиар олгогдохгүй. Иргэдийн зүгээс бодохдоо "Би май гээд бэлэн мөнгө өгөөгүй, зүгээр л тухайн орчныг нь сайжруулах зорилготой байсан" хэмээх тайлбар өгөх нь түгээмэл. Зарим тохиолдолд багш нь өөрөө ч мэдээгүй байхад эцэг эхчүүд данс руу нь мөнгө хийгээд авлигын хэрэгт холбогддог үзэгдэл гарч байна. Хууль мэдэхгүйн улмаас зөрчил үйлдсэн бол энэ нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэх гол зарчим бий. Тиймээс иргэд өөрсдөө эрх зүйн мэдлэгтэй байх шаардлагатай.
-Тухайн цэцэрлэгийг тохижуулах ажилд 500 мянгаас нэг сая хүртэлх мөнгөтэй тэнцэх тоног төхөөрөмж, тавилга, эд хэрэгсэл авч өгөөд авлигын хэрэгт холбогдсон жишээ байна. Ер нь хэдэн төгрөг өгч, авбал авлигад тооцогддог вэ?
-Мөнгөний хэмжээнээс үл хамаараад үйлдэл гарсан л бол авлигын хэрэг болчихдог. Бүр нэг төгрөг ч өгөөгүй байхад авлига үүсэж болно. Жишээлбэл, Би гоо сайхны газар ажиллуулдаг. Энэ хэргийг бүтээж өгвөл, таныг үнэгүй гоо сайханд оруулъя гэж байвал энэ авлига. Цаад утгаараа 50 мянган төгрөг өгөөд үйлчлүүлэх ёстой байсан бол тойруугаар тэр хэмжээний мөнгөтэй тэнцэх үйлчилгээг авч байна гэсэн үг. Төлбөргүй үйлчилгээ амлаж, санал болгох нь хүртэл авлига өгч буй асуудал.
Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт авлигын 12 төрлийн гэмт хэргийг тусгасан байдаг. Нэг талаар хуульд авлига гэж томьёолсон байна. Харин нөгөө талаас хээл хахууль гэж тодорхойлсон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 14 дүгээр бүлэг нь таслан сэргийлэх арга хэмжээтэй холбогддог. Жишээлбэл, тус хуулийн 14.5 дугаар зүйлд, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний талаар заасан. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс тогтоосон газар нутгаас гарч явж болохгүй зэрэг эрх үүргийг тусгасан.
-Дээрх хэрэгт холбогдсон эцэг эхчүүдийн хувьд 2018 оноос хойш хэрэг нь шийдэгдээгүй явж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Авлигын хэргийг шалгах процесс ийм удаан үргэлжилдэг үү?
-Нийтлэг утгаараа авлигын хүрээнд ярьж байгаа ч голчлоод үзвэл хахууль өгөх гэдэг асуудал руу орно. Чухам ямар байдлаар хахууль өгч байна гэдгээс хамаараад ялгамжтай. Энэ хэрэгт хүлээлгэх хамгийн хүнд хариуцлага бол зургаан сараас гурван жил хүртэл хорих ял байдаг. Тухайн хэрэг нь хэдэн жилийн ялтай гэдгээс хамаарч хэргийг шалгах хугацаа нь харилцан адилгүй байдаг.
Гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хүний хувийн байдал болон бусад нөхцөлийг харгалзан үзэж ялыг нь ялгаатай оногдуулдаг зохицуулалт байдаг. Эрүүгийн хуульд зааснаар торгох, нийтэд тустай ажил хийлгэх эсхүл зорчих эрх хязгаарлах ял өгнө. Хэрэв хорих ял оноосон бол 1-5 жил, зорчих эрх хязгаарлах тохиолдолд 240-720 цаг, торгууль 450 мянгаас 40 сая хүртэл гэх мэтчилэн байдаг.
-Хуульд зааснаар хилийн хоригийг ямар үндэслэлээр тавьдаг юм бол. Үүний эрх зүйн орчныг тайлбарлавал?
-Гэмт этгээдийг хил даваад алга болбол хохирогчийн асуудал шийдэлд хүрч чадахгүй шүү дээ. Энэ утгаар тухайн хүн хэргээ шийдвэрлэж дуустал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор таслан сэргийлэх арга хэмжээ авдаг. Гэхдээ авлигын хэрэгт яг хулгайд эд зүйлээ алдсан юм шиг хохирогч гэж бараг байдаггүй.
Хэн нэгэнтэй уулзахгүй байх, тодорхой бүс нутгаас гарахгүй байх зэрэг нь хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнд ордог. Ерөнхийдөө нийтлэг бүх хэрэгт үйлчилдэг зохицуулалт юм. Хөнгөн, хүнд хэрэг гэж ялгахгүй гэсэн үг.
Нэмж хэлэхэд, Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах бус, иргэдийн боловсролд анхаарах байгууллага байх ёстой. Энэ бол цагдаа шиг ажилладаг байгууллага биш. Нарийн судалж үзвэл, авлигын эсрэг үйл ажиллагааг сурталчлах, мэдээллийг түгээх үүднээс НҮБ-ын конвенцод үндэслэж байгуулагдсан.
-Авлигын хэрэгт хүлээлгэх хариуцлага мөнгөн дүнгийн хэмжээнээс шалтгаалж харилцан адилгүй байдаг уу?
-Нэг төгрөгийн авлига өгөөгүй байсан ч өөрт давуу байдал үүсгэсэн бол хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог хэмээн дээр дурдсан. Энэ нь 1-5 жилийн хорих ялтай. Гэтэл 50 сая төгрөгөөс дээш хахууль өгсөн бол их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзэж хүндрүүлэх нөхцөл болж байгаа. Мөн л 1-5 жилийн хорих ялтай байдаг. Уг нь их хэмжээний мөнгөн дүнгийн авлига өгч, авсан бол илүү өндөр ял авах ёстой. Гэтэл хуулийн заалт яг адил.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!