Улаанбаатар хотыг утаанаас нь салгах нэрээр 2008 оноос хойш ₮1 их наяд орчим төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрсэнгүй. Хүрээгүйг нь аудитын дүгнэлтээр нотолсон.
Гэр хорооллын 98 хувьд нь сайжруулсан зуух тарааж, өрхийн ахуйн хэрэглээний цахилгааны тарифыг өвлийн шөнүүдэд хөнгөлөхөд хагас зуун тэрбум төгрөг зарцуулж, шахмал түлш үйлдвэрлэн, үнэгүй шахам тараагаад ч агаарын бохирдлоо бууруулж чадалгүй өнгөрүүлсэн 13 жилийн хугацаанд нийгмийн асуудлууд улам томорсоор, УТАА эрүүл мэнд, эдийн засаг, экологийн том дайсан болон хувирч, Монгол Улсыг тогтвортой хөгжлийн эсрэг чангаах болов.
Тэгвэл дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд амьдарч байгаа иргэдийг бүх талаар туйлдуулж байгаа гол шалтгаан нь “ДУЛААН” хэмээн оношилж, энэ асуудлыг шийдсэнээр Улаанбаатар хотыг олон зовлонгоос ангижруулах, дэлхий нийтээр зорьж буй тогтвортой хөгжилтэй хөл нийлэх боломжтой гэсэн том зургаар харж “Пассив барилгын хүрээлэн”-г байгуулжээ.
Шийдэл нь “Пассив хаус” буюу гал түлэхгүйгээр дулаан, тухтай амьдрах технологийн боломж гэдгийг “Пассив барилгын хүрээлэн”-гийн ерөнхийлөгч, Олон улсын Барилгын зөвлөх, сургагч багш Н.Ганбаа онцолж байна.
-Та бүхний санаачлан нэвтрүүлсэн Пассив барилгын технологи Улаанбаатарт үүссэн утаа, хөрсний бохирдлоос авхуулаад олон асуудлын цогц шийдэл болох боломжтой гэж харагдаж байгаа. Пассив барилгын гол концепцын талаар яриагаа эхлүүлэх үү?
-Зөвхөн Улаанбаатарт тулгараад байгаа асуудлаар тогтохгүй дэлхийн дулааралтай холбоотойгоор барилгын салбарт хамаарах өргөн цар хүрээтэй сэдэв л дээ. Хүлэмжийн хийн ялгаралд барилгын салбар, тэр дотроо дулаан алдагдал том хувь эзэлдэг. Энэ өнцгөөс нь харвал олон улс талаасаа эерэг үр дүн гарах ажил хийж байгаа.
CO2 буюу хүлэмжийн хий, утаа хоёр бол нэг юмны хоёр тал мэт боловч өөр сэдэв. Хүлэмжийн хий нийт иргэдийн хувьд нүүрсний утаанаас хол мэт байж болох ч нэг хүнд ногдох CO2-ын үзүүлэлтээрээ Монгол Улс толгой цохиж байна.
Монгол Улсын нэг хүнд ногдох хүлэмжийн хийн хэмжээ 2016 онд 6.08 тонн байсан бол 2020 оны статистикаар 26.98 болж дэлхийд гуравдугаарт бичигдэж болжээ.
Аж үйлдвэрийн салбар хөгжөөгүй, химийн үйлдвэрлэл байхгүй мөртлөө энэ хэвээр байвал бид дэлхийгээс мөнгө босгож чадахаа болино. Энэ том хүндрэлтэй асуудлуудад цэг тавихуйц хамгийн том дэмжлэг болох нөөц барилгын салбарт бий.
Эрчим хүчтэй холбоотой дэлхийн хүлэмжийн хийн нийт ялгарлын 40 орчим хувь нь барилган салбарт оногддог. Түүнээсээ тал хувь нь халаалт, дулаан алдагдал, хөргөлт зэрэгтэй холбоотойгоор үйлдвэрлэгддэг. Дэлхийн нийт ялгаруулж байгаа хүлэмжийн хийн 10 орчим хувь нь барилгын дулаан алдагдал гэж үздэг юм билээ. Энэ бүхэн бидний ажил нэг сумаар олон туулай буудах боломжтойг харуулж байгаа юм.
Германы физикч Вольфганг Файст салбартаа 30 жил ажилласан туршлагадаа тулгуурлан пассив барилгыг үүсгэн байгуулсан үндсэн зарчим нь эрчим хүчний хараат бус болох байсан. Үүний суурь нь байшингийн дулаан алдагдлыг бууруулах. Дулааныг яаж алдаж байна, байгальд ээлтэйгээр дулааныг хадгалах, хүн амьдрах бүх хэрэгцээг яаж хангах зэргийг салбар салбараар нь судалж, маш олон эрдэмтний бүтээл, туршилтууд дээр үндэслэгдсэн технологи байхгүй юу.
Хүлэмжийн хийг бууруулах маш том потенциал агуулж байгаа энэ технологи сүүлийн үед дэлхий нийтэд танигдаж, Германаар тогтохгүй Хятад хүртэл барилгын эрчим хүчний зарцуулалтыг маш бага хэмжээнд бууруулахаар ашиглаж байна. Бага чулуугаар их чулуу хөдөлгөнө гэж монголчууд ярьдагчлан байж болох минимум хөрөнгө оруулалтаар хамгийн их үр дүн гаргах нөөц боломжтой салбар.
Ялангуяа, өргөн уудам нутагт тархсан манайх шиг улсад, хөдөө орон нутаг, сум гээд ямар ч дэд бүтцийн сүлжээгүй газруудад шугам татаж, яндан босгон уурын зуух ажиллуулдаг өндөр зардалтай, хоцрогдсон шийдэлгүйгээр ая тухтай амьдрах боломж олгож байгаагаараа хамгийн их тохирч байгаа юм.
Түүнчлэн дээр дурдсанчлан хүлэмжийн хий талаасаа ч, санхүүжилт босгох боломж талаасаа ч шийдэл болно гэж үзэж байгаа.
-Зөвхөн утааг бууруулах биш, дэлхийн дулаарлын эсрэг тогтвортой хөгжлийн зорилтод нийцэхэд том түлхэц болно гэж харж хүлээнгээ байгуулсан байх нь, тийм үү?
-Тийм ээ. Пассив барилгын хүрээлэнг бид байгуулсан шалтгаан нь энэ. Манай хүрээлэнд барилгын салбарын олон эрдэмтэн, докторууд бий. Үр ашиггүй зарцуулж байгаа зардлууд, ядуурал болон улс орны бусад асуудал явж явж эцсийн дүндээ ДУЛААНтай холбоотой, дулаан алдагдал иргэдийг туйлдуулж байгаа юм байна гэдгийг бид олж харсан.
Асуудлыг хүн бүр өөр өөрийн салбарын өнцгөөс харах байх. Барилгын салбарын өнцгөөс бол эрчим хүчний үр ашиггүй зарцуулалт, тооцоолол төлөвлөлтгүй хийгддэг бүтээн байгуулалтаас болоод бид туйлдаад байна.
Нотолгоотой ярья.
Барилгын салбар үүсэж хөгжсөн богино хугацаанд дулаанаар хангах эрчим хүчний тооцоолол хийх боломж гарч ирсэн нь сүүлийн хэдхэн жил. Түүнээс өмнө уламжлалт аргаараа тоосго, шавар, цемент, блокоор байшин босгосноо бүтээн байгуулалт гэж ойлгоод Улаанбаатар хотыг барьчихсан. Дулаан алдагдлын талаар ерөөсөө тооцдоггүйтэй адил. Маш том уурын зуухаа хот дотроо босгочихсон. Илүүдэл дулаан нь 500 хүртэл мянган оршин суугчийг хангахад хүрэлцээтэй гэж тооцсон. Гэвч Улаанбаатар хотын хүн ам 1.4 саяд хүрч, хойд энгэр тэр чигээрээ монгол гэрээр дүүрсэн өнөөгийн нөхцөлд нийслэлд одоогийн байгаа эрчим хүчний хангалт, технологи, байршил зохицохгүй бөгөөд хоцрогдоод байна. Үр дүнд нь утаа, хөрсний бохирдол, тоосжилт, сүүлдээ ядуурал, тэгш бус байдал, өвчлөл гээд бүр өргөн хүрээг хамарсан асуудал болчихлоо.
Тиймээс барилгын норм дүрмээ шинэчлэх, эрчим хүчээ хэмнэх замаар явах юм бол бид хамаагүй хүртээмжтэй, хавьгүй олуулаа, илүү аятайхан, ногоон орчинд амьдрах боломж байна гэдгийг таниулах гээд явж байгаа.
-Биднийг туйлдуулж, утаа үйлдвэрлэхэд хүргэж байгаа гол шалтгаан нь “Дулаан” гэж тодорхойлсон нь сонирхолтой өнцөг байна. Уг нь барилгын салбар хөгжөөд, улс орон хөгжөөд байна л гээд байгаа шүү дээ, хаа хаанаа?
-Бид тодорхой түвшинд оччихсон барилгачин хүмүүс. Тэр түвшнээсээ том зургаар нь харахаар бүхэлдээ болохгүй, буруу байна л даа. Хотоо буруу төлөвлөж байна. Дулаан, цахилгаан эрчим хүчний эх үүсвэр нь дандаа уурын зуух, нүүрсэнд дулдуйдсан, тэр болгон нь турбин, шахуурга гээд импортод түшиглэдэг. Уул уурхайн салбар нь нүүрс олборлохын тулд нүсэр техник хэрэгслийг импортолж, эргээд санхүүгийн маш том дарамт учруулж, улсад өр үүсгэж байна.
Тэгвэл энэ бүхэнтэй огт хамааралгүйгээр нөгөө талаас нь харъя.
Километр тутамдаа нэг литр шатахуун хэрэглэдэг хуучны машин моодноос гарч, хайбрид, өнгө үзэмжтэй машинууд хувьсал авчирсан шиг тийм шинэчлэл барилгын салбарт хийхгүйгээр цааш явах хэцүү болсон. Пассив барилгын технологийг бүрэн дүүрэн нэвтрүүлснээр бид эрчим хүчний хараат байдлаас гарахаар байна. Дээр нь ногоон санхүүжилт урсаж орж ирэх боломж нээгдэнэ. Гэр хороолол, шинэ хотууд, алслагдсан сумд гээд хүссэн газраа ая тухтай амьдарч, аялал жуулчлал ч хөгжих боломжтой хэмжээнд аваачна. Үүний эх үүсвэр нь барилгын дулаан алдагдал юм байна гэж харчхаад, түүнийгээ шийдэхээр бид зорьж явна.
-Үүний тулд мэдээж шууд шийдэх боломжгүй. Хамгийн түрүүнд байгаа нөөцдөө тулгуурлаад хийж болох зүйлсийн талаар ярилцъя. Дулаан хэмжигч камерын талаар та нэг санал дэвшүүлсэн байсан.
-Дулаан алдалтыг хэмждэг камер байдаг. Тэр камер дулаан алдагдлыг хэмжихээс гадна галын эрсдэлийг тогтоох боломжтой. Функц нь ижил байдаг. Ялангуяа, өвлийн улиралд ачаалал нэмэгдээд хаа нэгтээ цахилгааны утас час улаан болчихсон байдаг. Бидэнд харагдахгүй.
Энэ санаачилгыг маань хэрэгжүүлбэл үнэхээр их өөрчлөлт гарна. Цахилгаан халаагуурын ачаалал буурч, нүүрсний зардал багасна. Хүмүүс байшин нь огт дулаан алдахгүй байгаа гэж боддог. Очоод хэмжилт хийхээр шүүрэн шанага шиг, монгол гэрээс дор байх нь бий.
-Загастай байшинг хүмүүс их сонирхож байсан. Дулаан тухтай амьдрахаас гадна ямар үр дүн гарах талаар илүү өргөн хүрээтэйгээр ойлгуулах хэрэгтэй юм болов уу?
-Би өөрөө тийм байшинд амьдардаг. Зарим тохиолдолд халаагуураа шөнө л залгадаг. Ая тухаас эхлээд олон бодит үр дүн гарах боломжтойг бид харж байна.
Тиймээс төлөвлөлтөө сайн хий гэж зөвлөмөөр байгаа юм. Гэр хорооллын иргэдийн 80% нь евро блокоор том байшин барьж авна гэж төлөвлөсөн байгаа. Бид хэлж байгаа, тийм том байшин хэрэгтэй юу сайн бод гэж. 40, 50 сая төгрөг зарцуулаад материал аваад уламжлалт аргаараа буруу хийчхэж байгаа юм. Зүтгэж зүтгэж том байшин босгоод авчихдаг, буруу барьчихсан учраас нэг өрөөндөө төвлөрөөд, зуухаа тойроод амьдардаг. Өдөржин, шөнөжин түлнэ. Ийм л байх ёстой гэж бодоод байдаг. Ингэж амьдарч болохгүй.
Хэрэгцээтэйгээ уялдуулаад зөв төлөвлөчихсөн өрөөнүүдтэй, сууринаасаа дулаалчихсан, маш сайн битүүмжтэй байшинтай болох аргыг бид зааж өгье. Тооцоогоо сайн хийгээд, барилгын материалуудаа зөв хуваарилъя. Гол нь “Гал түлэхгүйгээр амьдаръя” гэдэг зорилт тавих хэрэгтэй. Их юм бодогдоно доо.
Галгүйгээр яаж амьдрах юм, хоолоо хаана хийх үү, хөлдөөд үхнэ биз дээ гэхчлэн олон асуулт урган гарна. Тэр болгоны хариултыг бид өгнө. Тэрийг л бид зорьж байна. Бүгд шийдэгдээд болж байна. Эцсийн бүлэгт танайх арагшаа санаа зовох зүйлгүй, тог цахилгаан, галын эрсдэлгүй, тав тухтай амьдарна. Маш их өөрчлөлт гардаг юм билээ.
-Байшингаа буруу барьчихсан байгаа ч түүнийгээ пассив болгох аргыг зааж өгнө гэсэн үг үү? Эсвэл буруу барьчихсан бол шинээр барихаас нааш нэмэргүй юу?
-Нураагаад шинээр барих нь маш их хаягдал, үргүй зардал гарна. Цаана нь хүлэмжийн хийг нэмэгдүүлнэ. Анхнаасаа л зөв барих хэрэгтэй. Хэрэв буруу барьсан бол аль болох засахыг эрмэлзэх ёстой. Аргуудыг боловсруулна.
Байшингуудыг яаж дулаалбал эрчим хүч хэмнэх, ая тухтай байх вэ гэдгийг зөвлөдөг экспертүүд олноор бий болох ёстой. Дулаан алдагдлыг нь хэмжээд, сайжруулах талаар нь зөвлөөд өгчихдөг. Эрчим хүчний зохицуулах хороо ч юм уу бодлогоор дэмжих ёстой.
-Айлуудын янданг гэрт нь очоод хөөлөхийг заадаг шиг үү?
-Яг тийм. Тэгж хийвэл их сайн байна.
-Одоо байгаа байшин барилгуудыг дулаалахын зэрэгцээ шинээр барьж байгаа орон сууцнууд олон байгаа. Дулаан алдагдал багатай байхад норм стандарт нь зохицож чадаж байна уу?
-Барилгын дулаалга хамгаалалтын нормыг 1997 оноос нэвтрүүлснийг 2000 оноос хойш сайжруулсаар энэ жил 20 см дулаалгатай байх ёстой гэх мэт сайн заалтууд орж, норм стандарт нэлээд сайжирсан. Германы 2014 оны стандартыг 21 онд хэрэглэж байна. Харин мөрдүүлэх систем хангалттай ажиллахгүй, ойлголт аль ч түвшиндээ сул байна.
-Тухайлбал, танай хүрээлэнгээс зөвлөгөө тусламж авч байшингаа пассив болгосон айлуудаас эерэг гарсан үр дүнгийнх нь талаар та жишээ татаж хуваалцахгүй юу? Ялангуяа, санхүүгийн хувьд ямар бодит хэмнэлтүүд гардаг вэ?
-Гандангийн дэнжид 2017 онд баригдсан байшингийн жишээг сонирхуулъя. 120 метр квадрат бүхий хагас палкаар барьсан тухайн байшинг ханан пийшингээр халаах гэж өдөрт хоёр шуудай нүүрс түлдэг байсан. Азаар шал нь хөндий байсан болохоор сууринаас нь дулаалах боломжтой байсан. Бид ханыг нь 30 см зузаан болгож, бүх талаас нь цаасан дулаалга хийсэн. Цонхыг нь сольсон. Гэрийн эзний тооцоогоор 25 орчим сая төгрөг болсон байсан.
Үр дүнд нь тухайн айл зуухаа гаргаж, яндангаасаа салаад цахилгаан халаагуурт шилсэн. Сард төлдөг тогны мөнгө нь 70,000 төгрөг буюу нүүрсний зардлаас хоёр дахин багассан байсан.
Анхны хөрөнгө оруулалт 25 сая төгрөг гэдэг өндөр байж болох ч амьдрах ая тух, итгэл үнэмшил эрс дээшилсэн. Яг орон сууц шиг болсон.
Ядуурлын эсрэг мөн эерэг нөлөөтэй. Сард сая төгрөгийн орлоготой өрх түлшинд талыг нь өгөөд байна. Цахилгаанаар халаая гэхээр 80 метр квадрат байшинтай айл сард 300-400 мянган төгрөг төлдөг жишээнүүд бий. Дэлхийд хамгийн хямдад тооцогдох тог, тэр дундаа шөнө үнэгүй хэрэглэж байж сард ийм хэмжээний мөнгө цахилгаанд төлнө гэдэг бол дулаан нь тэр чигээрээ гоожиж, асгарч байна гэсэн үг. Гоожоод байгаа тэр хэсгийг нь олж тогтоодог үйлчилгээ зайлшгүй хэрэгтэйг энэ жишээ харуулж байна. Дулаан алдагдлыг хэмждэг байцаагчдыг олон болгосноор
гээд олон бэрхшээл зэрэг шийдэгдэх гээд байгаа юм.
-Байшингаа дулаалах хүсэл байвч хөрөнгө мөнгөнөөс болоод хойш тавих явдал иргэдэд бас тулгардаг байх. Санхүүгийн боломж, эдийн засгийн асуудлыг хэрхэн шийдэх боломжтой гэж та харж байна вэ?
-Дулаан хангамжийг сайжруулахын тулд санхүүжилтийн механизм, үл хөдлөхийн гэрчилгээ, тарифын ялгаатай нөхцөл зэрэг хөшүүргийг ашиглах боломжтой. Шинээр баригдаж байгаа байшингийн дулаан алдагдлын түвшин бага байх тусам зээлийн хүү нь буурдаг ч юм уу. Дулаан алдагдлыг стандартаас 20% бууруулсан амины орон сууцанд ипотекийн зээл олгоно гэсэн хөшүүрэг өнөөдөртөө зөв байж болох юм. Цонхоо сайжруулахад л 20% дулаан алдагдлаа бууруулна. Ийм тэмүүлэлгүй, алсын хараагүй механизм бол буруу.
Маш хурдтай, 5 жилийн дотор утаанаас салъя гэвэл эрчим хүчээ 60, 70, 80 хувь хэмнэх тусам хүүг шатлалаар бууруулах ч юм уу санхүүжилтийн системтэй зөв уях хэрэгтэй. Ингэснээр дулаанаа хамгаалах бодит хөшүүрэг болно. Орон сууцны байшин дулаан их зарцуулдаг маш том цонхтой, үрэлгэн байшингуудад үл хөдлөхийн гэрчилгээ гардаггүй ч юм уу, эсвэл цахилгааны тарифыг илүү өндөр тооцох боломжтой. Ингэж тал талаас нь шахаж цэгцэнд нь оруулахгүй, нүүрсээ хөөгөөд, түлшээ сайжруулна, үнсийг нь блок болгоод байшин барина гэж ухуулаад явбал хөгжлийн яг эсрэг тийш явж байгаа хэрэг.
-Дулаан, эрчим хүч үйлдвэрлэж, иргэдээ хангах бүх үйл явц импортыг дэмжиж байгаа талаар та дээр ярьсан. Хэрэв пассив барилгаар гэр хороолол, орон нутаг, сумдын асуудлаа шийдье гэвэл дотоодын нөөц боломж хүрэлцээтэй байж чадах уу?
-Ямар ч асуудалгүй. Бид Ногоон барилгын гэрчилгээг Монголд анх удаа авсан. Хүлэмжийн хийг барилгын салбарт бууруулах үнэлгээний системийн дагуу эрчим хүчийг 57%, усыг 27% хэмнэж, материал гарган авахад зарцуулсан эрчим хүчний хэмнэлт 42% гэсэн үр дүнгүүдэд тулгуурлан Дэлхийн банк, Олон Улсын Санхүүгийн Корпорацаас уг гэрчилгээг бидэнд олгосон.
Хүлэмжийн хийг бууруулах хүрээнд дотоодоос, урт хугацаанд, тасралтгүй хангагддаг материал байх ёстой гэсэн нэг гол шалгуур байдаг. Энэ шаардлагыг хангахдаа бид модон материалыг ашигласан. Каркасанд мод, дулаалгад хөвөн, боловсруулсан картон цаас ашиглахаар пассив барилгын маань 90 хувь нь дотоодын материалаар босох боломжтой. Шилийг импортоор авна. Удахгүй дотооддоо үйлдвэрлэдэг болох байх. Хаалгаа модоор хийж байна. Гипсэн хавтанг Монголд үйлдвэрлэж байгаа. Ингээд тооцохоор гаднаас тусгайлан оруулж ирэх шаардлагатай материал байхгүй.
-Мод гэхээр эргээд дэлхийн дулааралтай тэмцэх зарчимтайгаа зөрчилдөхгүй юу?
-Мод бол СО2-ыг өөртөө шингээн авдаг хамгийн том хуримтлуур. Нүүрстөрөгчийг барих дэлхийн хамгийн шилдэг технологи гэж үзэх болсон. Мод ургах явцдаа нүүрстөрөгчийг өөртөө хуримтлуулж, түгждэг. Байшинд ашигласан мод нүүрстөрөгчийг 100 жил түгжинэ гэсэн үг. Дахин боловсруулж болдог, хаягдалгүй материал. Гагцхүү ашигласан модныхоо оронд ахиад мод ургуулах зарчим үйлчлэх ёстой.
-Мод тайрах нь буруу л гэж ойлгоод байдаг. Энэ ойлголт нь өөрөө буруу байх нь ээ?
-Яг тийм. Манайхан тэгж буруу ойлгодог.
Монгол Улсын ойн сан газар нутгийнхаа 8%-ийг эзэлдэг гэдгээрээ бага юм шиг боловч нэг хүнд жилд ногдох тонн модны үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүр бичигддэг. Тэр утгаараа бид хангалттай нөөцтэй. Нөөцтэй гэдэг нь шинэ мод тайрч болно гэсэн үг биш. Харин дандаа үхмэл мод, унангийг ашиглах ёстой. Ойн цэвэрлэгээ хийгдэхгүй, уулаасаа тайрч аваад байгаад л асуудал оршиж байгаа юм.
Мод хүлэмжийн хий талаасаа ч, дулаан дамжуулах талаараа ч хамгийн сайн эко материал. Цемент, бетон дотоодоосоо хангах боломжтой ч их хэмжээний нүүрс шатааж үйлдвэрлэдэг учраас кг тутамдаа гаргаж байгаа хүлэмжийн хийн үзүүлэлтээрээ хар материал болчихдог. Харин цаас, хөвөн, мод бол ногоон материал.
Бетон 100 жил болдог бол мод гурван жилийн настай гэж хүмүүс ойлгодог. Энэ маш буруу шүү. Чийгийн зохицуулалт хийсэн буюу бороо, цас нэвтрэхгүй байх технологийн дагуу баривал модон байшин мянган жил ч наслах боломжтой нь нотлогдчихсон. Тэр аргад суралцаж, байшингаа зөв барьж сураагүй учраас 2-3 жил болоод нурна гэж олгойдог. Банкууд хүртэл тийм ойлголттой учраас зээл олгох гэхээр насжилт дээр нь эргэлзчихдэг. Модноос айж цэрвэх биш, барилгын материалын маш том эх үүсвэр гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Байшингийнхаа талаар илүү дэлгэрүүлээд асууя. Пассив барилгыг модоор барихдаа дулаан алдагдлыг хамгийн бага түвшинд барихаас гадна эрчим хүчээр дулааны эх үүсвэрийг нэмнэ биз дээ? Ямар ч халаалтгүйгээр байх боломжтой юу?
-Юуны өмнө хэрэглээ, хэрэгцээ хоёроо тогтоох хэрэгтэй. Инженерүүд тооцоо гаргахад хэрэгцээ бодит хэрэглээ хоёр тухайн айлын амьдралын хэв маягаас хамаараад өөр байдаг.
Цахилгаан хэрэгслүүд, хүний биеийн дулаан, хоол хийх зэргээр байшин дотор ямар нэг дулаан үүсэж байдаг. Монголчуудын амьдралын хэв маягаас шалтгаалаад дотоод хэрэглээ өндөр байдаг тул халаагуур огт ашиглагдахгүй айл ч байх жишээтэй.
Дотоод дулааны эх үүсвэрийг ойролцоогоор 30%, цонхоор 30%, үлдсэн 40%-д аливаа халаалтын элемент шаардлагатай гэж тооцно. Байшин, цонхны байршил, гадаа хасах хэм байх хугацаа зэргийг нарийн тооцож, балансыг бариулна. Үгүй бол температур унана шүү дээ. Цонх, хана зэргээр алдах дулааныг мэдээж хамгийн бага түвшинд байлгана. Үүний тулд байшингуудыг минимал, гадаргуугийн талбай аль болох бага мөртлөө шалны талбай их байх загварчлалыг хийдэг. Цонхоор хамгийн их дулаан алддаг. Тэглээ гээд цонхоо жижиг хийвэл нарнаас орж ирэх дулаан багасах учраас хангалттай нар тусдаг, дулаан бага алддаг сайн цонх байх шаардлагатай. Үүнийг бид гурван давхар шил хийгээд аргон хий шахаж шийдсэн.
Улаанбаатар хотын утааг бодитой 50% бууруулах маш хялбар
Дулааны дотоод эх үүсвэрийг нэмэх гэж байгаа гээд хуучны хөргөгч тавьчхаж болохгүй. Яагаад гэвэл жаахан зүйл хөргөх гэж маш их дулаан ялгаруулж, эрчим хүч их зарцуулдаг учраас хамгийн бага эрчим хүч зарцуулдаг, хамгийн өндөр ашигт үйлийн коэфиценттэй цахилгаан хэрэгслийг сонгох хэрэгтэй. Тэгээд ирэхээр маш жижиг халаагуур хэрэгтэй болох тооцоо гардаг. 80 ам метр талбайд 500 ваттын буюу оффист хөл доор тавьдаг жижиг халаагуур ашиглах дизайныг бид гаргаж өгдөг. Яг бодит байдал дээр тэр халаагуур ч хэрэггүй болчихдог.
-40 хэм хүрч хүйтэрдэг манай оронд огт гал түлэхгүйгээр амины сууцанд өвөлжинө гэдэг гэр хорооллын хувьд яах аргагүй хувьсгал хийх боломж гэж ойлгож байна. Хамгийн түрүүнд юу хийх ёстой гэж та харж байна вэ?
-Хийх ажил зөндөө байна. Эхлээд хүн болгонд ойлголт төрүүлэх ёстой. Хэрэв дулаанаа хамгаалж чадвал маш их ая тух, амар тайван байдал, бусдаас хамаарахгүй, нүүрс түлэхгүй амьдарч болохоор байна гэдгийг ойлгуулахыг хичээж байна. Сайхан байшин бариад, хэнээс ч хамааралгүйгээр, цахилгаан тасарсан ч мэдрэхгүй, хог хаягдалгүй амьдарч буй жишээнүүдийг үзүүлмээр байгаа ч хувь айлуудыг олон нийтэд харуулаад байх боломжгүй. Тиймээс дулаан хадгалдаг арга технологитой танилцаад, ороод, хонож үздэг загварын байшинг хийх нь илүү үр дүнтэй болох юм байна гэж үзсэн. Загастай байшинг мөн энэ хүрээнд байрлуулж, хүмүүс санаа аваасай гэж хүссэн.
-Одоогийн бүх зовлонгоос салгах боломжтой шийдэл нь бараг бэлэн болчихлоо. Тэгвэл үүнийг бүхэлд нь нэвтрүүлэхэд юу хамгийн их саад болж байна вэ?
-Бүх түвшиндээ зөв ойлголттой болж, дор бүрдээ хичээх хэрэгтэй байна л даа.
Цахилгаанаар ч юм уу ямар нэгэн байдлаар дулаан үүсгэсэн бол түүнийгээ хамгаалах аргачлал руугаа орохгүй бол үнэгүй шахуу дулаан ороод ирэхээр хүн дулаалахаа мартчихдаг. Халаагуурт паар байхад хүн дулаалдаггүй. Гэтэл дулаан алдагдалтай хоёр өрөөг халаахын тулд маш сайн дулаалгатай 10 орчим монгол гэрийг яндангаас салгах хэмжээний эрчим хүчийг урсгачихдаг. Зарим нь халууцаад цонхоо онгойлгоод байдаг. Ийм шударга бус, тэгш бус хүртээмжтэй байдлаас салж, айл өрх бүр өөрийнхөө асуудлыг шийддэг зарчимд шилжих нь урт хугацаандаа зөв.
Төвлөрсөн аргаар нэг хэсэг хүмүүсийг хангаад заримд нь хүртдэггүй. Түүнд нь төр оролцож, хэдэн жил болоод эрчим хүч, тээврийн гэх мэт салбаруудын алдагдлыг төсвөөс хаагаад байх нь шударга бус. Нөгөө талаар төрийн аж ахуйн нэгж үүсээд ирэхээр авлига, шахаа бий болдог. Энэ бүхнээс салах шийдлийг түвшин түвшинд нь гаргаж өгөх ёстой. Хэрэв Улаанбаатарын төвийн төвлөрсөн орон сууцнуудын халаалт дээр тоолуур тавьж, шинэлэг технологи ашиглан дулаанаа хүртээмжтэй тараавал нийслэлийг бүрэн хангах хэмжээний эх үүсвэр байгаа юм.
Нэг хүнтэй биечлэн уулзаад байшинд нь дулаан алдагдал байгааг ойлгуулахын тулд хэрэлдэх, хэлэлцэхийн дунд 20 орчим минут ярьж байж бага зэрэг ойлгуулдаг.
Тиймээс хана хэчнээн зузаан байгаад гадна хасах хэмтэй удаан байхад дулаанаа алдаж, зуух тавьдаг. Зуухны ачааллыг бууруулахын тулд хана улам зузаан байх хэрэгтэй гэхчлэн дулааны талаар бүх түвшинд тайлбарлаж, дунд сургууль, нийгмийн ажилтнуудаас авхуулаад дулаан алдагдлыг хамгаалах зөв аргачлалыг бүх нийтэд ойлгуулах хэрэгтэй байна.
-Энэ бүх арга хэмжээг ажил хэрэг болгож чадвал Улаанбаатар хотын агаарын бохирдол ямар хугацаанд үр дүнтэй буурах бол?
-Сарын 1.5 сая төгрөгийн орлоготой өрхүүд боломжийнхоо хэмжээнд цонхны сийгэлтийг бууруулж, шалны дулаалга хийх зэрэг жижиг аргуудаар өвөлжилтийн бэлтгэл хийхэд түлшний хэрэглээ эрс буурна. Улаанбаатар хотын утааг бодитой 50% бууруулах маш хялбар. Олон улсын санхүүжилтээр тодорхой хэмжээнд тусламж үзүүлж болно. Бодлогоор хийх ёстой. Шахмал түлшний үйлдвэрээ нэмж барьж, зөөж байхаар айл болгонд нэг удаагийн багц өгчихөд л бодитой өөрчлөлт гарна.
-Ярилцсанд баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!