Индэр    
2022 оны 1 сарын 24
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

БУРУУ ТООЦООЛЛООС болж ХАВХАНД орсон Б.Лхагвасүрэн

Зураг

Монгол Улсын инфляц сүүлийн есөн жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд ирлээ. 

Иргэдийн хамгийн өргөн хэрэглэдэг бараа, үйлчилгээний үнийн өсөлт 2021 оны сүүлийн сард 13.4%, Улаанбаатар хотод 14.8% хүрснийг Үндэсний статистикийн хороо танилцуулсан юм. 

Хамгийн их үнэд орсон нь хүнсний бараа бүтээгдэхүүн. Өнгөрсөн оны сүүлийн сараас 26 хувиар өндөр үнээр бид хүнсээ цуглуулж байна

Иргэдээ ийм дарамтад оруулж, олсон хэдэн төгрөгийг нь үнийн өсөлтөд хийсгэхгүйн тулд тухайн улсад мөнгөний бодлого гэж байдаг. 

Энэхүү мөнгөний бодлогыг улс бүрийн төв банк тодорхойлон, хэрэгжүүлдэг. 

Тэгвэл Монголбанкны 2021 оны инфляцын зорилтот түвшин 6 (+,-2) буюу 4-8% байлаа. Гэвч энэ зорилт харин хоёр дахин өсөж биелээд байгаа нь энэ. 

Төв банканд Мөнгөний бодлогын хороо ажилладаг. Тус хорооны албан тушаалтнууд инфляцын хүлээлт зөв, зорьсноо онилсон бодлого гаргадаг байх ёстой. Өөрөөр хэлбэл, бий болох хүндрэлээс өрсөж, үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг хадгалж, улмаар иргэдийн нуруунд үнийн өсөлтийн ачааг үүрүүлэхгүйн тулд толгойгоо гашилгаж суух үүрэгтэй юм. Энэ нь хуулийн заалттай.

График 1. Инфляцын түвшин 

Төв банк хоёр л үндсэн зорилтыг хэрэгжүүлэхийг Монголбанкны тухай хуулиар зааж өгсөн байдаг. Уг хуулийн:

  • 4.1-т “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино.
  • 4.2-т Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ” гэсэн байдаг. 

 “Үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэдэг нь төгрөгийн үнэ цэнэ буюу инфляцын түвшнийг тогтвортой, зорилтдоо нийцүүлэх арга хэмжээ авна гэсэн үг. 

2021 оны инфляцыг 6-8% байна гэж төсөөлж байсан хэмжээ нь өнгөрсөн арваннэгдүгээр сард 10.5% болж давах үед сүүлийн долоон жилийн хамгийн өндөр дүн болох үнийн энэ өсөлт оргил нь биш, ирэх оны эхний хагас жилд 12% хүртэл өснө гэдгийг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа 2021 сүүлчийн Мөнгөний бодлогын хорооны хурлын дараа мэдээлсэн. Гэвч он дуусаагүй байхад энэ таамаг 1.3 пунктээр ийнхүү давлаа.  
 
Үнэ өнөөдөр ч өссөөр л байна.

Харин энэ бүхний гол шалтгаан нь нийлүүлэлтийн гаралтай инфляц буюу цар тахлаас үүдэлтэй гадаад талд үүссэн нөхцөл байдалтай холбоотой учраас ямар ч арга байхгүй, гэхдээ энэ өсөлт удаан үргэлжлэхгүй, түр зуурынх хэмээн Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүд тасралтгүй тайлбарласаар ирсэн. 
 
Төв банкны тайлбарлаж байгаагаар коронавирусийн халдвараас болж дэлхий даяар үүссэн тээвэрлэлтийн асуудал, хил гаалийн хүндрэл буюу нийлүүлэлтийн гаралтай үнийн энэ өсөлт хэзээ бий болсон бэ? Энэ бол 2020 оны эхээр цар тахал дэгдэж, улс орнууд хилийн хориг арга хэмжээ авч эхэлсэн цагаас үүссэн, хэр удаан үргэлжлэх нь ч тодорхойгүй, байдал улам хүндэрч мэдэх нь тэр үеэс л ойлгомжтой болсон гэсэн үг. Ялангуяа, бодлого тодорхойлж байгаа хүмүүсийн хувьд энэ бол том эрсдэл гэдгийг хэдий цар тахалтай нүүр тулж байгаагүй ч гадарлах хэмжээнд холыг харах учиртай байв. 
 
Харин Монголбанк олон улсын жишээ татаж, ямар ч арга байхгүй гэсээр нөхцөл байдал өнөөдрийн түвшинд ирээд байна.

“КОВИД-19-ийн халдвартай бол таныг хүлээн авч, оёдол тавих боломжгүй” гэж Гэмтлийн эмнэлэг зориод ирсэн өвчтөндөө хэлж болох уу? Ямар шалтгаанаар өвчилснөөс үл хамаараад тухайн эмнэлэг өвчтөнийг эмчлэх үүрэгтэй. Яг үүний адил нийлүүлэлтийн гаралтай байна уу, эрэлтээс шалтгаалсан байна уу хамаагүй, үнэ өсөж, иргэдийн орлогод нөлөөлөх нөхцөл үүсэж л байгаа бол Монголбанк бодлогын арга хэмжээ авч, түүнийг нь “эмчлэх” хуулиар хүлээсэн үүрэгтэй. Ямар арга хэрэгсэл ашиглахаас үл хамаараад иргэдэд үнийн өсөлтийг аль болох бага мэдрүүлэх нь тус байгууллагын үндсэн гол ажил нь. Ингэж чадахгүй бол буруу тооцоолол хийж, үнэ өсгөсөн мөнгөний бодлого тодорхойлогчдын хувьд гэмт хэрэг. 

Өнөөдрийн нөхцөлд хамгийн тодорхой болж буй зүйл нь Монголбанк тооцооллын алдаа гаргасан нь маргашгүй үнэн боллоо

Өөрөөр хэлбэл, буруу төсөөлөл, тооцоололтой байсан нөхөд урьдчилж мөнгөний бодлогоор арга хэмжээ аваагүй нь бүр ч ойлгомжтой болж байна

МОНГОЛБАНК БУРУУ ТӨСӨӨЛӨЛТЭЙГЭЭС БОЛЖ АЛДАА ГАРГАСАН БАРИМТУУД

НЭГ. 

2020 оны арваннэгдүгээр сарын 4-нд Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир 2021 Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийн талаар ярихдаа "2021 оны эцэс гэхэд инфляц 5-6 хувь орчимд гарна гэж харж байгаа ба эдийн засаг сэргэж, 6-8%-ийн өсөлттэй гарах нь. 2020 онд уул уурхайн салбар, түүнийг дагаад тээврийн салбарт уналт бий болсон. Буцаад уул уурхайн экспорт, ялангуяа нүүрсний экспорт сэргэвэл түүнийг дагаад тээврийн салбарын экспорт сэргэнэ. Энэ сэргэлт мэдээж ирэх оны 6-8%-ийн өсөлтийн гол суурь гэж харж байгаа. Ийм өсөлттэй байхад инфляцынхаа зорилтыг 6%-д хангаж чадна гэсэн макро том дүр зураг, нийцтэй байдал харагдаж байгаа" гэсэн боловч харин “Экспорт сэргэхгүй бол…” гэдэг хувилбарыг яриагүй юм.

https://fb.watch/aHIrnQ3Td5/
ХОЁР.

Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл “Манайд бол эдийн засаг хасах болж байж л инфляц 2-3% болж байна. 2016 онд, одоо” хэмээн 2020 онд дотоодод халдвар бүртгэгдсэний дараа байр сууриа илэрхийлж байв.

 

Эндээс төв банкны бодлого тодорхойлогчид нийлүүлэлтийн гаралтай,  өөрсдийнх нь тайлбарлаж байгаагаар гадаад орчин тодорхойгүй нөхцөл байдал хэвээр байхад хэт өөдрөгөөр төсөөлөл гаргасан нь тодорхой харагдаж байна. 

ГУРАВ.

Монголбанк 2018 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн 4 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ-ыг 4 дэх хэлбэрээр буюу хүүний дээд хязгаар (бодлогын хүү)-тай, хэмжээг хязгаарлахгүй хэлбэрээр 7 хоногийн Даваа гараг бүрд зохион байгуулж банкууд дээрх бэлэн мөнгийг татах болсон. 
 
Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд мөнгийг аль болох зах зээлд нийлүүлэх ёстой байтал Монголбанк нэг гараараа иргэдийн зээлийг хумьж, нөгөө гараараа банкууд дахь бэлэн мөнгийг татаж эхлэв. Тиймээс банкууд иргэн надад, бизнес эрхлэгч танд зээл олгож эрсдэлд орсноос төв банканд хадгалуулах буюу ТБҮЦ худалдан авах сонголтыг илүүд үзэх болсон. Уг мөнгийг төв банк бодлогын хүүгээр хадгалдаг. Өнөөдөр энэ хүү сарын 6% байгаа билээ. 

Ийнхүү Монголбанк өнөөдөр Монгол Улсын нийт мөнгө болох 27 их наяд төгрөгийн 8.5 их наяд буюу 30 хувийг сарын 6%-ийн хүүтэй хадгалж байна. 

График 2. Төв банкны үнэт цаас ба бодлогын хүү

Эндээс харвал Монголбанк дээрх шийдвэр гарснаас хойш 2 их наяд гаруй төгрөгийг ТБҮЦ хэмээх хэрэгслийнхээ хүү болгож арилжааны банкуудад төлжээ.

Арилжааны банкуудын эх үүсвэрийн 80 гаруй хувь нь иргэн, ААН-ийн хадгалуулсан мөнгө гэдгийг энд сануулъя. 
 
Харин хүүд төлж байгаа тэр мөнгө цэвэр Монголбанкнаас зарлага болж гарч байгаа гэсэн үг. Энэ мөнгө бүтээмж үйлдвэрлэгдэхэд зориулагддаггүй. 

Тэгэхээр олон нийтэд хор уршигтай, зөвхөн банканд хадгаламжтай иргэдэд л дэмжлэг болж очдог байх нь. Энэ нь өөрөө нийгмийн тэгш бус байдлыг үүсгэх бодлого болж байгааг бид дараагийн сурвалжлагадаа хөндөх болно. 

Төв банкны Мөнгөний бодлогын хорооны гишүүд ийнхүү хэт өөдрөг төсөөлсний үр дүнд гаргасан таамгууд нь бүгд зөрсөн юм.

  • 2021 оны эдийн засгийн өсөлтийг 6.1% гэж төсөөлснөө он дуусаж байхад 4% болгож бууруулсан. 
  • Инфляц 2021 онд 7.3% байна гэж төсөөлсөн нь 13.4%-аар биелсэн.

ХАВХАНД ОРСОН Б.ЛХАГВАСҮРЭН

“Цар тахлын дараах нөхцөл байдал дэлхий нийтэд төвөгтэй байна. Нийлүүлэлтийн гинжин хэлхээ доголдсон нь инфляцыг хөөрөгдөж байгаа. Дэлхийн санхүүгийн зах зээлийг тодорхойлж буй Холбооны нөөцийн банк /АНУ-ын төв банк/ бодлогын ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдгээ олон нийтэд маш тодорхой хэлсэн. Инфляцын хөөрөгдлийг хатуу бодлогоор сааруулахгүйгээр аль болох удаан хугацаанд тэсвэрлэнэ гэдгээ хэлж байна. Энэ нь эдийн засгийн сэргэлтийг хойш нь татахгүй байх арга хэмжээнүүд юм” хэмээн Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа тайлбарласан. 

Төв банк түүний хэлсэнчлэн АНУ-ын Холбооны нөөцийн банкны бодлогыг үлгэрлэж байв. Харамсалтай нь өнөөдөр Их гүрний мөнгөний бодлогыг тодорхойлогчид хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ хавханд орж, үнийн өсөлтөө тогтоон барьж чадахгүй мөн алдчихаад байгаа ба үүнийг Холбооны нөөцийн банкны түүхэн дэх хамгийн муу нүүдэл хэмээн өнөөдөр тодорхойлж байна. Ялангуяа, “Инфляц түр зуурынх” гэсэн нь хамгийн буруу дүгнэлт байсан хэмээн үзэж, шүүмжилж байна. 

Хамгийн сүүлд Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Инфляц нийлүүлэлтийн шалтгаантайгаар зорилтоос давах эрсдэл харагдаж байгаа ч 2022 оны сүүлээс эргэн зорилтот түвшинд тогтворжих хүлээлттэй байна. Бүр цаашиллаа гэхэд 2023 оны эхэн рүү эргэн тогтворжино” гэсэн тайлбар өгөөд байгаа билээ.

Түүний хэлснээр иргэд үнийн өсөлтөд идүүлж аль хэдийнээ орлогоос нь хумсалж байгаа инфляцад энэ оныг дуустал “шулуулах” нь. Өөрөөр хэлбэл, Монголбанкны мөнгөний бодлогоо зөв таамаглаж, зорьж арга хэмжээ авч чадаагүй хэдэн нөхдийн балгийг улсаараа үүрэх нь. 

Таныг хөлөө хугалаад гэмтлийн эмнэлэгт очиход “Та цар тахлаас болоод хөлөө хугалжээ” гэж хэлээд үйлдэл хийхгүй зогсох эмч шиг Төв банк өнөөдрийн бодит эрсдэл болоод буюу инфляцын түүхэн өсөлтийг цар тахлаас боллоо гээд гэдийж байгаатай адил. Гэхдээ цар тахлын эсрэг эмч нар бол үүргээсээ буцаагүй. 

Инфляц бол мөнгөний бодлогын гол зорилт. Тэр мөнгөний бодлогыг тухайн улсын төв банк барьж, хэрэгжүүлэх үүрэгтэй билээ.