Индэр    
2022 оны 1 сарын 17
Зураг
Эдийн засагч, шинжээч

Цагаан сарыг яах юм?

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цагаан сараар яах юм бэ? гэх цахим санал асуулгад оролцсон 10 хүн тутмын 9 нь тэмдэглэхгүй гэж хариулжээ. Гэвч хүүхэд хөгшид нь хөөрөөд эхлэхэд надад ямар сонголт байгаа юм бэ? гэсээр цомхон боловч тэрүүхэндээ бэлдэхээс аргагүй.

Эдийн засгийн гол суурь нь хүний л бодол. Цаашлаад бодол нь шийдвэр болж, гэрээ хэлцэл, арилжаа хийгдэх замаар эдийн засагт баялаг бүтээгдэнэ. Тэгэхээр хэрэглэгч өөдрөг байна гэдэг нь, баяр тэмдэглэнэ гэдэг нь хэрэглээ нэмэгдэж, эдийн засаг тэлэхийн дохио юм. Гэвч ЦАГААН САР өргөнөөр тэмдэглэх нь өрхийн санхүүд дарамт нэмэх, тархалтын тоог өсгөх гэсэн хоёр үндсэн эрсдэлийг бий болгохоор байна. 

Бид эдийн засаг, эрүүл мэндийн хувьд ямар нөхцөл байдалд энэ баярыг тэмдэглэх гэж байна вэ? гэдгийг авч үзье.

ЦАГААН САР ЕР НЬ ХЭР ЗАРДАЛТАЙ БАЯР ВЭ? 

Монголчуудын 60 гаруй хувь нь энэ баярыг тэмдэглэдэг. Нэг өрх дунджаар 2.2 сая төгрөгийг Цагаан сард зарцуулдаг байна. Энэ мэдээж КОВИД-гүй, хэвийн үеийнх төдийгүй залуу өрхүүдийг оруулж тооцсоныг мартаж болохгүй. Харин одоо бол барааны үнэ дор хаяж 2 ДАХИН нэмэгдсэн. Тиймээс энэ удаад нэг өрхөд ногдох зардал 4-5 сая гарахад гайхах зүйлгүй. Дээр нь бараа хомсдолтой үед бизнес эрхлэгчид ЦАГААН САРыг хүлээж буй нь тодорхой биз ээ. 
 

 

ӨРХИЙН ХҮНСНЭЭС БУСАД ЗАРДАЛ БУУРСАН ДҮР ЗУРАГТАЙ БАЙНА.

Манай өрхүүдийн ихэнх нь цалингийн орлогоос хамааралтай. Сүүлийн 2 жил гаруй хугацаанд цалин нэмэгдэх байтугай буурсан нь олонтаа. Үүнийг батлах тоон үзүүлэлт ч бий. Тэтгэмжийн орлогын нөлөөг хасвал сүүлийн жил гаруй хугацаанд өрхийн орлого дунджаар 6 хувь буурчээ(Зураг 2). 

 

Хөнжлийнхөө хэрээр л хөлөө жийдэг хойно тогтмол орлого нь өсөхгүй үед өрхүүд зардлаа ач холбогдлоор нь эрэмбэлж эхэлсэн. Эцэст нь идэж, уухаасаа бусдыг нь бараг хассан даа(зураг 3). Олдог нь буурахаар, гардгаа багасгадаг атал манай төрийн төсөв ингэж явдаггүй нь харамсалтай. Энд чинь нэг их судалгаа энэ тэр гээд байх юмгүй. 

 

850 МЯНГА ГАРУЙ ӨРХИЙН 56 ХУВЬ НЬ ЗЭЭЛТЭЙ. САР БҮРИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХӨД ХҮНД БАЙНА. 

Зээл бол муу зүйл ердөө биш. Гол нь бид чадалдаа тохируулж ашиглаж байвал үр өгөөжөө өгөөд байх нь тэр. Гэвч 2 жил үргэлжилсэн ковид өрхүүдийн зээл төлөх чадварыг бууруулж байна. Өнөөдөр 20 зээл тутмын 1нь чанаргүйдэж, 10 зээл тутмын 1-нь хугацаа хэтэрч байна. Тэгэхээр эндээс хялбархан тооцоолол хийж болно. Цагаан сараар бол дор хаяж жилийн хугацаатай зээл нэмж авна. Энэ нь эргээд зээлийн хугацаа, сарын төлөлт дээр дарамт учруулах нь дамжиггүй.

 

2022 ОНД ӨРХИЙН ОРЛОГО ӨСӨХ ҮҮ?

2022 он өрхийн хувьд ямар жил болох вэ? Орлого өсөх боломж байна уу? Харамсалтай нь орлого өсөхөөргүй байна. ААН-ийн хувьд тулгарч буй хүндрэлийг судлахад 72.9 хувь нь санхүүгийн байдал хүндэрсэн гэжээ(Цар тахлын нөлөөллийн судалгаа, 2021). Ийм үед ажил олгогчийн зүгээс цалингаа нэмэх боломжгүй. Ажилтан талдаа авч үзвэл, 4 хүн тутмын 1 нь орлого буурна гэж бодож байна(Хэрэглэгчийн итгэлийн индекс, 2021).
Зоосны нөгөө тал болох өрхийн зарлага ч мөн өсөхгүй нь байна. 2022 онд өрхийн зарлага талд хэд хэдэн нэмэлт дарамт тулгарахаар байна.

  • Иргэдийн 74 хувь нь барааны үнэ өснө гэсэн хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл, худалдан авах чадварт сөргөөр нөлөөлнө.
  • Өрхийн 50 хувь зээлтэй, зарлагын 50-60 хувь нь зээл рүү явж байна. Түүнчлэн оны 2-р хагасаас моргейжийн төлбөрөө төлж эхэлнэ.
  • Тог цахилгаан, ус зэрэг төрийн хөнгөлөлтүүд оны 2-р хагасаас дуусаж, өрхийн зарлага дээр шууд нэмэгдэнэ.
 

Дээр нуршсан олон зүйлсийн дүгнэлт нь санхүүгийн нөхцөл байдал хүнд, цаашид ч хүндрэхээр байгаа нөхцөлд ЦАГААН САР нэмэлт дарамт болохоор байна. Өрхийн эдийн засаг талдаа нэг иймэрхүү.

Эрүүл мэнд талаасаа нэмж хэлэх нь илүүц биз ээ. ЦАГААН САР тэмдэглэхэд тархалтын тоо ч өдрийн 15 мянга гарах төлөвтэй байна. Тиймээс иргэд маань ЦАГААН САР аль болох цомхон тэмдэглэх нь өрхийн эдийн засагтаа ч хэмнэлттэй, эрүүл мэнддээ ч эрсдэл багатай билээ.