Индэр    
2022 оны 1 сарын 11
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

2022 оны ҮНИЙН ӨСӨЛТӨД бэлэн үү?

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-ын Холбооны нөөцийн сан үнийн өсөлтийг түр зуурынх хэмээн үзэж ирсэн нь хамгийн буруу таамаглал ба бодлогын алдаа гарсан хэмээн өнөөдөр шүүмжлэл дагуулж буй. 

Их гүрний мөнгөний бодлогыг тодорхойлогчид хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ хавханд орж, үнийн өсөлтөө тогтоон барьж чадахгүй алдчихаад байгаа ба үүнийг Холбооны нөөцийн банкны түүхэн дэх хамгийн муу нүүдэл хэмээн өдгөө тодорхойлж байна. Ялангуяа, “Инфляц түр зуурынх” гэсэн нь хамгийн буруу дүгнэлт байсан хэмээн үзэв. 

Хөгжиж буй орнуудын төв банкуудад өгч байгаа анхааруулга

КОВИД-19-өөс үүдэлтэй нийлүүлэлтийн гаралтай үнийн өсөлт тасралтгүй нэмэгдсээр АНУ-ын сүүлийн 40 жилийн хамгийн дээд түвшиндээ тулж ирээд байна. Яг энэ үед коронавирусийн Омикрон хувилбарын халдвар тархсан нь инфляцад бас нэгэн дарамт учруулж, үнэ буурах найдлагыг бууруулав. Ажил олгогчид үнийн өсөлтийг дагаад цалингаа нэмэхээс аргагүй байдалд хүрч байгаа тул Холбооны нөөцийн сан өнгөрсөн сард бодлогоо чангаруулахдаа гол шалтгааныг инфляц хэмээн нэрлэсэн. 

Эдгээр үйл явдал нь Монгол шиг хөгжиж буй эдийн засагтай орнуудад тодорхой бус байдлыг улам нэмэгдүүлэхээр байгааг ОУВС-ийн шинжээчид дүгнэж, тэдгээр орны төв банк бодлогоо чангатгахад бэлдэх ёстойг анхааруулжээ.

Ингэхдээ хөгжиж буй орнуудад үнийн өсөлт өндөр байгаагаас гадна гадаад өрийн хэмжээ нь тасралтгүй өсөж байгаа нь гол том асуудал болохыг онцолсон байна. Эдгээр зах зээлийн гадаад өрийн хэмжээ цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 10% орчмоор нэмэгдэж, 2021 онд ДНБ-ий 64%-тай тэнцжээ.

Харин Монгол Улсын өрийн хэмжээ 2021 онд 32.3 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 240 орчим хувьд хүрсэн. Оны эцэст Оюутолгойн хэлэлцээрийн үр дүнд Монгол Улсын Засгийн газарт ногдох өрийг хасаж тооцвол манай улсын өр нийт эдийн засгаасаа давж, ДНБ-ий 150 орчим хувьтай тэнцэж байгаа нь ба дээрх олон улсын дунджаас хол тасарсан нь харагдаж байна. 

Энэ бол үйлдвэрлэл хөгжөөгүй, уул уурхайгаа л түшиглэж яваа Монгол Улсад хамгийн том асуудал.

График. Монгол Улсын өрд эзлэх Засгийн газрын өр

Монголбанк төгрөгийн тогтвортой байдлаа хангаж чадах уу?

Одоогоор 2021 оны эцсийн байдлаарх инфляцыг зарлаагүй байгаа ч 12% орчимд байна хэмээн ҮСХ таамаглаж байна. Энэ бол Монголбанкны 2022 оны хагас жил орчимд хүрнэ хэмээн таамаглаж байсан дүн. 2021 оны сүүлээр болсон Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хурлын дараа Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа "Инфляц 10.5% байгаа нь оргил үзүүлэлт биш. Ирэх оны эхний хагас жилд 12 орчим хувьд хүрээд гуравдугаар улирлаас буцаад буурч, жилийн эцэс гэхэд 7% орчимд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна. Ирэх жил мөнгөний бодлогын шаардлагатай тохиргоонуудыг хийгээд энэ түвшинд хүрнэ гэх хүлээлттэй байгаа" гэсэн юм.

Төв банк хоёр л үндсэн зорилтыг хэрэгжүүлэхийг Монголбанкны тухай хуулиар зааж өгсөн байдаг. Уг хуулийн

•    4.1-т “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино.
•    4.2-т Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ” гэж.

Мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино гэдэг төгрөгийн үнэ цэнэ буюу инфляцын түвшнийг тогтвортой, зорилтдоо нийцүүлэх арга хэмжээг авна гэсэн үг юм.

Гэтэл 2021 онд 6%-д байна гэж тооцсон инфляц өнөөдөр 10 хувь давав. Үүний гол шалтгаан нь нийлүүлэлтийн гаралтай инфляц буюу гадна талд үүсэж буй нөхцөл учраас ямар ч арга байхгүй бөгөөд түр зуурынх гэсэн тайлбарыг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүд тасралтгүй тайлбарласаар ирэв. 

“КОВИД-19-ийн халдвартай бол таныг хүлээн авч оёдол тавих боломжгүй” гэж Гэмтлийн эмнэлэг зориод ирсэн өвчтөнд хэлж болох уу? Ямар шалтгаанаар өвчилснөөс үл хамаараад тухайн эмнэлэг өвчтөнийг эмчлэх ёстой. Үүний адил нийлүүлэлтийн гаралтай байна уу, эрэлтээс шалтгаалсан байна уу хамаагүй, инфляц өсөх нөхцөл үүсэж л байгаа бол Монголбанк бодлогын арга хэмжээ авч, түүнийг нь “эмчлэх” хуулиар хүлээсэн үүрэгтэй. Ямар арга хэрэгсэл ашиглахаас үл хамаараад иргэдэд үнийн өсөлтийг аль болох бага мэдрүүлэх нь тус бүтцийн гол ажил нь. Ингэж чадахгүй бол буруу тооцоолол хийж, үнэ өсгөсөн мөнгөний бодлого тодорхойлогчдын хувьд гэмт хэрэг. 

Гэтэл өнгөрсөн хугацаанд үнэ хэдийн өсчихсөн, иргэд халааснаасаа төлсөөр байгаа ч бидний цалин нэг төгрөгөөр ч нэмэгдээгүй байгаа билээ. Үнийн өсөлт орлого багатай иргэдэд хамгийн хүнд тусаж байгааг сануулах хэрэгтэй.

График. Инфляц үе үеийн төв банкны ерөнхийлөгч нарын үед

Төв банкны тайлбарлаж байгаа нийлүүлэлтийн гаралтай инфляц хэзээ бий болсон бэ?

Энэ бол 2020 оны эхээр цар тахал дэгдэж, улс орнууд хилийн хориг арга хэмжээ авч эхэлсэн цагаас үүссэн ба тодорхойгүй хугацаанд үргэлжилж, нөхцөл байдал хүндрэх нь тэр үеэс л ойлгомжтой болсон гэсэн үг.

Тухайн үед буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 4-нд Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир 2021 Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийн талаар ярихдаа "2021 оны эцэс гэхэд инфляц 5-6 хувь орчимд гарна гэж харж байгаа ба эдийн засаг сэргэж, 6-8%-ийн өсөлттэй гарах нь. 2020 онд уул уурхайн салбар, түүнийг дагаад тээврийн салбарт уналт бий болсон. Буцаад уул уурхайн экспорт, ялангуяа нүүрсний экспорт сэргэвэл түүнийг дагаад тээврийн салбарын экспорт сэргэнэ. Энэ сэргэлт мэдээж ирэх оны 6-8%-ийн өсөлтийн гол суурь гэж харж байгаа. Ийм өсөлттэй байхад инфляцынхаа зорилтыг 6%-д хангаж чадна гэсэн макро том дүр зураг, нийцтэй байдал харагдаж байгаа" гэсэн бол харин “Экспорт сэргэхгүй бол…” гэдэг хувилбарыг яриагүй юм.  

2021 оны зургаадугаар сард ч Монголбанкны Мөнгөний бодлого тодорхойлогчдын төсөөлөл өөдрөг хэвээр байв. Хилийн нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байхад 2021 оны эцэст нүүрсний экспорт 29 сая тоннд хүрнэ гэж тооцсоноо төв банкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир хэлж байв. Харин гүйцэтгэлээрээ Монгол Улс 2021 онд 16 орчим сая тонн нүүрс гаргаад байгаа билээ. 

Энэ өөдрөг төсөөллөөсөө Монголбанк дөнгөж 2021 оны сүүлчээр л хөрсөн дээрээ бууж, 2021 оны эдийн засгийн өсөлтийг 6.1% гэж тооцож байсан төсөөллөө 4% болгон бууруулаад буй.

Хилийн нөхцөл байдал ойрын хэдэн сардаа энэ хэвээр үргэлжлэх таамагтай байна. Урд хөршид өвлийн олимп дууссан ч омикрон хувилбарын тархалтаас хамаараад хилээ энэ хэвээр хэр удаан барихыг хэлж мэдэхгүй байгаа нь нэг эрсдэл. 

Нөгөө талдаа, хил нээгдвэл бас нэг эрсдэл үүснэ. Импорт огцом өснө. Хил хаалттай байгаа энэ үеийн Гаалийн ерөнхий газрын статистикаас харвал импортоор нийт 2021 онд импорт 6.9 тэрбум ам.долларт хүрсэн нь 2020 оны мөн үеийн гүйцэтгэлээс 1.6 орчим тэрбум доллар, буюу 29%, 2019 оныхоос 721 сая ам.доллар буюу 12% орчмоор өссөн дүнтэй байна. 

Өөрөөр хэлбэл, эрэлтийн гаралтай инфляц үүсэх маш том эрсдэл биднийг хүлээж байна. Үүнийг Монголбанкны хуримтлуулсан гадаад валютын нөөц давж гарч чадах уу? Төгрөгийн тогтвортой байдлаа хангаж чадах уу? Инфляцыг зорилтот түвшиндээ хадгалж чадах уу? Энэ мэт олон асуулт хүлээгдсээр...

Харин төв банк өнгөрсөн оных шиг гадаад хүчин зүйлээс шалтгаалаад үнэ өссөөр байна гэсэн тайлбартай сууж байвал 2022 оны сүүлч, цаашлаад 2023 оны эхэн хүртэл иргэд бид үнийн өсөлтийг хүлцэнгүй төлөхөөс өөр арга үлдэхгүй бололтой