Индэр    
2021 оны 12 сарын 20
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Хүүхэд хүчирхийлэгчийг химийн аргаар хөнгөлж шийтгэдэг болж яагаад болохгүй гэж?

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс балчир үрсдээ ямар ээлгүй, хатуу харгис нийгмийг цогцлоож байгааг сүүлийн үед үйлдэгдэж буй ноцтой хэргүүд харуулсаар байна.

Дунд сургуулийн, 13-хан настай хоёр охин өндөр байшингаас үсэрч, амиа хорлох шийдвэр гаргахад хүргэсэн нэг шалтгаан нь хойд эцгийн хүчирхийлэл байсныг Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл ил болгов. Харамсалтай нь хүчирхийлэлд өртсөн тэр охин нас барсан. Аав ээждээ эрхэлж, тоглох насны хүүхдэд өөрийгөө егүүтгэх бодол төрүүлж байгаа хүчин зүйл нь томчууд өөрсдөө болж байгаа нь эмгэнэл билээ. 

2021 оны эхний хагаст хүүхэд амиа хорлосон харамсалтай тохиолдол 11 гарсныг Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлсэн. 

ДЭМБ, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамтран хийсэн судалгаагаар 2009 оны байдлаар амиа хорлосон нас баралт 10,000 хүн тутамд 1.7 байсан бол 2020 онд 1.4 хүн болж буурсан эерэг үзүүлэлт байгаа ч насны бүлгээр авч үзвэл өсвөр үеийнхний амиа хорлолт нэмэгджээ.

2003 онд 10-14 насны хүүхдүүдийн амиа хорлолт энэ насныхны нийт нас баралтын 3.3%-ийг эзэлж байсан бол 2020 онд 11.6 хувь болж, 3.5 ДАХИН өссөн байна. Энэ нь бусад насныхтай харьцуулахад хамгийн их өөрчлөлттэй бүлэг байсныг уг судалгаанд дурдсан байна. Түүнчлэн өсвөр үе, залуучуудын дунд амиа хорлолт нас баралтын шалтгааныг тэргүүлж байгааг онцолжээ.

Ийнхүү өсвөр насныхны дунд аймшигт үйлдэл хийх сэдэл огцом нэмэгдсэнийг мэргэжлийн хүмүүс цар тахлын үеийн хөл хориотой холбон тайлбарлаж буй. УЕПГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн хяналтын прокурор, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа “Ковид-19 цар тахлын үеэр хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хүүхдийн эрхийг зөрчих зөрчил нэмэгдсэн гэж хэлж болохоор байна. Судалгаанаас харахад зөрчигдсөн эрхийг илрүүлэх ажиллагаа хангалтгүй, хоёрдугаарт хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээдэггүй, гуравдугаарт Монгол Улсад хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийг илрүүлэх, шалгаж шийдвэрлэх ажиллагаа хангалтгүй байна гэж дүгнэж хэлэхээр байна” гэжээ.

Прокурорын байгууллагаас Зөрчлийн тухай хуульд заасан Хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийн судалгааг анх удаа 2021 онд хийсэн юм. 

Тус судалгаагаар Монгол Улсад хүүхдийн эрхийн зөрчил 

  • 2020 онд 3,215 бүртгэгдсэн нь 2019 онтой харьцуулахад 2.2 ДАХИН их
  • 2021 оны нэгдүгээр улиралд 1,162 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 82% өссөн.

Энэ нь хүүхдийн эрхийг зөрчих зөрчил жил бүр нэмэгдэж байгааг тод харуулж байна. 

Хүүхдийн эрхийн зөрчлийн 90 орчим хувь нь ахуйн хүрээнд буюу орон гэртээ үйлдэгдсэн бол 65.8 хувь нь хүүхдийн шууд хамаарал бүхий хүн буюу төрсөн эцэг нь хүүхдийнхээ эрхийг зөрчиж байгаа нь тогтоогдсон байна. Зөрчил үйлдэж байгаа хүмүүсийн 46.5 хувь нь бүрэн дунд боловсролтой, 79.1 хувь нь 27-45 насны хүн бөгөөд ихэвчлэн оройн цагаар үйлддэг аж. 

Ийнхүү үйлдэгдэгдэж байгаа зөрчлийн дийлэнх хувийг “Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн” зөрчил эзэлжээ. Тодруулбал, 

  • 2020 онд бүртгэгдсэн 3,215 зөрчлийн 80.7%
  • 2021 оны нэгдүгээр улиралд бүртгэгдсэн 1,162 зөрчлийн 96.7%-ийг дээрх төрлийн зөрчлийн хэрэг эзэлсэн гэсэн дүгнэлт гарсан байна.
 
Эх сурвалж: УПЕГ

Дээрх судалгаа, статистикуудаас харахад томчууд хүүхдийн эрхийг улам их зөрчдөг болсны 80 ба түүнээс дээш хувь нь хүүхдийн бие махбодод халдсан хүчирхийлэл эзэлж байгаа юм. Харин амиа хорлох гарцаагүй нөхцөлд хэн хүргэж байгааг шалгуулахаар тус байгууллага ажиллаж байгаа аж. Хэдийгээр шалгаж, эзэн холбогдогчийг оллоо ч тэр хүүхэд эргэж ирэхгүй нь харамсалтай. 

Амиа хорлохоос сэргийлэх, хамгаалах стратеги хэрэгжүүлдэг орнуудын бодлоготой харьцуулан ҮСХ-ноос хийсэн дүгнэлтээр өсвөр үе болон залуучуудын сэтгэл зүй, зан байдал, амьдарч буй орчин, гэр бүлийн харилцаанд илүү анхаарал хандуулж, хүүхэд хамгаалал, залуучууд, гэр бүлийн тухай зэрэг холбогдох хууль, тогтоомж, хөтөлбөрүүдэд амиа хорлохоос хамгаалах талаар тодорхой тусгаж, хэрэгжүүлэх, тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийг мэргэшсэн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчээр ханган, өсвөр үе, хүүхдүүдэд зөвлөгөө, тусламж авах боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээг бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дурдсан байдаг. 

"Хөл хорионы үед хүүхдээ үл хайхарч байгаа нь маш том хүчирхийлэл. Хүүхдүүд сэтгэл санааны хувьд хэн ч намайг тоодоггүй, хайхардаггүй гэдгээс болоод сэтгэл гутралд автаад амиа хорлох талаар бодож эхэлдэг.  Хүүхдээ үл хайхрах нь тухайн хүүхдийг сэтгэл гутралд орох номер нэг хүчин зүйл байдаг" гэдгийг сэтгэл зүйч Т.Хонгорзул анхааруулж байв.

Гэвч нөгөө талд хүүхдүүдийг амиа хорлоход хүргэж, эрхийг нь хамгийн ихээр зөрчиж байгаа, ялангуяа хүчирхийлж байгаа талд авах хариуцлагыг илүү чангатгаж, дахин хүүхэд хүчирхийлэхгүй байх хэмжээнд шийтгэдэг болох шаардлага байна. 

Одоогийн хууль эрх зүйн хүрээнд 

Зөрчлийн тухай хуулийн

  • 6.20.7-д Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Эрүүгийн тухай хуулийн 12.2 дугаар зүйл буюу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэсэн хэсгийн 

  • 2.Энэ гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 3.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалттай. Гэвч хууль эрх зүйн зохицуулалт хүүхдийн эрхийн зөрчлийг бүрэн шийдэж чадахгүй байгааг дээд дурдсан.

Харин дэлхийн улс орнууд хүүхэд хүчирхийлсэн этгээдүүдийг химийн эмчилгээгээр гэсгээх аргыг хэдийн хэрэглээд эхэлсэн. 

Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эсрэг хүчирхийлэл сүүлийн үед нэмэгдэж байгаатай холбогдуулан улс даяар эгдүүцсэний үр дүнд Пакистанд шинэ хууль баталж, ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдэд "Chemical castration" буюу химийн аргаар хөнгөлөхийг 2021 оны арваннэгдүгээр сарын 18-нээс эхлэн зөвшөөрөөд буй. Энэ нь ​​энгийнээр тайлбарлавал эм болон тариагаар бэлгийн дур хүслийг маш бага түвшинд хүртэл бууруулах хэрэгсэл бөгөөд тухайн хүний эрүүл мэндийн эрхэд халдсан хэрэг биш аж. Энэ аргыг Пакистанаас гадна дэлхийн хэд хэдэн улс ашиглаж байна. 

БНСУ: Тус улс бага насны хүүхдийг хүчирхийлсэн, дахин хэрэг үйлдэх эрсдэлтэй этгээдүүдэд энэ аргыг хэрэглэх хуулийг 2011 оноос хэрэгжүүлэх болсон бөгөөд 31 настай этгээдэд 15 жилийн ял оноохдоо энэ аргыг хэрэглэж байж. 

АНУ: Тус улсын Калифорни, Флорида, Монтана зэрэг долоон мужид нь энэ аргыг хэрэглэж байна. 

ЧЕХ улс нь мэс заслын аргаар бэлгийн булчирхайг зүсэж авдаг цорын ганц улсад тооцогддог байна. 

УКРАИН: 2019 оны долдугаар сард тус улсын парламент хүчингийн гэмт хэрэгтнүүдэд энэ аргыг ашиглахыг зөвшөөрчээ. 

НИГЕРИ: Тус улсын баруун хойд Кадуна муж нь хүчирхийллийн гэмт хэрэгт энэ аргыг хэрэглэдэг ба хохирогч 14 нас хүрээгүй бол химийн аргаар хөнгөлсний дараа цаазаар авах ял, 14 нас хүрсэн бол бүх насаар нь хорих ял эдлүүлдэг байна. 

Түүнчлэн Австрали, Аргентин, Энэтхэг, Индонез гээд дэлхийн нийт 14 улс химийн аргаар хөнгөлөх уг аргыг хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгнүүдийг цээрлүүлэхэд ашигладаг ажээ. 

Манай улсын хувьд хүүхдүүдийнхээ төлөө энэ аргыг яагаад нэвтрүүлж болохгүй гэж?

Хүний эрх хамгийн чухал боловч хүүхдийн эрхээс давсан эрхийг томчуудад олгох нь магадгүй өнөөдрийн ээлгүй нийгмийн нэг үндэс байж болох юм. 

Амиа хорлох хэмжээнд хүртэл нь хүүхдүүдээ зовлонд унагамааргүй байна.