Индэр    
2021 оны 12 сарын 13
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

С.Баясгалан: Манайд геополитикийн бодлого гэхээсээ илүү хоёр хөршөө хараах бодлого яваад байна. Энэ бол бодлого биш

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор /Ph.D/ С.Баясгалантай хоёр хөршийн харилцааны нөхцөл байдал болон энэ долоо хоногт ОХУ-д болох Ерөнхийлөгчийн айлчлалын талаар ярилцлаа. 

Тэрбээр Монгол Улсад геополитикийн бодлого огт байхгүй байгаа нь хилийн боомтоор ачаагаа нэвтрүүлж чадахгүй удаж буй байдлаас харагдаж байгааг шүүмжилсэн юм. 

-Өнгөрсөн арваннэгдүгээр сард ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко болон ЗХЖШ-ын дарга, ОХУ-ын баатар, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимов нарын өндөр албан тушаалтнуудын айлчлал ойрхон болж өндөрлөсөн. Өмнө нь ОХУ-аас ингэж ойрхон өндөр албан тушаалтнууд айлчилж байсан уу?

-Өмнө нь ийм айлчлалууд хийгдэж байгаагүй. 

2000 оноос В.В.Путиний гадаад бодлого Ази руу чиглэх болсон. Ялангуяа, 2014 оноос Украинаас үүдэлтэйгээр Барууны орнуудтай асуудал хурцдаж, ОХУ-д хориг тавьж эхэлснээр тус улсын гадаад бодлого 

  1. Импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх
  2. Ази буюу Хятад руу голчлон бодлогоо чиглүүлэх болсон. 

Хятад руу явуулах бодлогынхоо хүрээнд Монголд анхаарлаа хандуулж, эрчимжсэн. Энэ бодлого 2020, 2021 онд нэлээд хүчтэй болж байна. Энэ нь нэгдүгээрт, Хятад улс хүчирхэгжээд эхэлсэн учраас бүс нутгийн хувьд Орос өөрийн байр сууриа бэхжүүлэх хүрээнд эрчимжиж байгаа. 

Хоёрдугаарт, Хятадын нөлөө Монголд ихсэж байгааг ганц Орос ажиглаж байгаа хэрэг бус, Америкийн сенатор хүртэл хэлж байсан. Америк, Япон хоёр “Монгол бол Хятадын нөлөө рүү гулсаж орж байна” гэсэн дүгнэлт рүү явж буй. Энэ нөхцөл байдлыг Орос хараад өөрийн ашиг сонирхлоо хамгаалахгүй бол болохгүй нь гэж харж байгаа. 

-Орос улс манай дотоод асуудалд хэт нөлөөлөх гээд байна гэдэгтэй та санал нийлэх үү? Жишээ нь, тодорхойгүй гэж хэлж болох шалтгаанаар шатахуун нийлүүлэх боломжгүй гэдгээ өмнө нь илэрхийлсэн. Сая Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко айлчлалынхаа үеэр УЦС-ыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Үүнийг Та хэрхэн дүгнэж байна вэ? 

-Энэ бол хувийн нөлөөлөл биш, геополитикийн нөлөөлөл. Тодотгож хэлэхэд, Хятадад Ши Жиньпин, Оросод Путин гарсан байна уу хамаагүй, их гүрнүүдийн бодлого их гүрний бодлогоороо л явна. Хувь хүний үзэл бодлоор олон улсын харилцаанд ханддаггүй гэдгийг хэлмээр байна. 

Нөгөө талаар, дэлхийн улс орон аливаа нэг улсыг муу, сайнаар нь хардаггүй. Хамгийн түрүүний зорилт нь өөрсдийн аюулгүй байдлыг л хангах. Үүний тулд ашиг сонирхлоо хамгаалахаас өөр аргагүй болдог. Харин Их гүрнүүдийн ашиг сонирхолд жижиг улс орнууд дандаа өртөж, хэлмэгдэж, хохирч явдаг. Нэг бол холбоотон болно, үгүй бол хохирно. 

Орос ч, Хятад ч Монгол Улсад өөрийн ашиг сонирхолтой. Орос, Хятадын дунд орших Монгол Улсад Америк өөрийн ашиг сонирхлоо Японоор дамжуулж гэх үү дээ, хэрэгжүүлдэг. Тийм ч учраас япончууд Монголд нэлээд их тусалж, нисэх буудал, сургууль, эмнэлэг барих зэргээр голчлон стратегийн хөрөнгө оруулалтууд хийдэг. 

ОХУ-ын тухайд геополитик, геостратегийн хувьд Монголд 

  • Шатахуун
  • Төмөр зам
  • Цахилгаан, эрчим хүч

Гэсэн гурван салбар хамаардаг. 

Харин сүүлийн үед хийн хоолой дамжуулах яриа нэлээд эрчимтэй явагдаж байгаа бөгөөд ОХУ ямар их ач холбогдол өгч байгааг Виктория Абрамченкогийн айлчлал илтгэв. Ерөнхий сайдын орлогч сайд ирж байгаагийнх бусад асуудлыг хэлэлцэх нь тодорхой ч ирсэн гол шалтгаан нь хийн хоолой. 

Дараагийн асуудал нь, “Роснефть” манайд орж ирэх тухай. Тус компани өмнө нь ШТС-уудаа Монголд байгуулах санал тавьж байсан ч үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярих, бодох хэрэгтэй гэдгээ илэрхийлсэн байгаа. Манай шатахуун импортолдог компаниуд үндсэндээ “Роснефть”-ээс шатахуун авч байгаа тохиолдолд энэ бол утгагүй асуудал. Хөшигийн хөндийн нисэх буудал дээр “Роснефть” оператор нь болж, шатахуун цэнэглэх байгууламжийг байгуулна гэж явж байгаа шүү дээ. Хамтарсан биш, “Роснефть” дангаараа оператор нь болж явах нь. Бидэнд өөр хувилбар байна уу гээд харахаар өөр арга байхгүй.

Энэтхэгтэй байгуулсан гэрээний дагуу газрын тос нирэх үйлдвэр байгуулж байгаа нь зөвхөн монголчуудын хэрэглэдэг автобензинийг л гаргана гэж буй. Энэ мэт асуудал үүсээд байгаа. Энэ бол геополитик бидэнд тоглоомын дүрмээ шахаж байгаа хэрэг. Хэрэв бид өөрсдөө хийдэг байсан бол Орост хариу болзол тавих боломжтой байв. Иймд бид хоёр хөршөө муулаад ч юм уу, Америкийг сайлаад ч юм уу хол явахгүй. Олон улсын харилцаа өөрийн гэсэн дүрмээр явдаг буюу хувь хүний үзэл бодол хамаагүй гэдгийг дахин хэлмээр байна. 

Дараагийн нэг асуудал нь эрчим хүч. Орост өөрийн гэсэн бодлого байгаа. Улаанбаатар, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Ховд гэсэн аймгуудаар эрчим хүчний дэд бүтэц байгуулж, Буриад, Тува, Алтайн хязгаарыг эрчим хүчээр холбох санаархал бий. Учир нь Тува, Алтайн  хязгаар руу эрчим хүч тавих нь эдийн засгийн хувьд ашиггүй. Тухайлбал, Тувад жил бүрийн өвөл уурын зуух нь хөлдөж, ослын байдал зарлаж, онцгой байдлын алба нь жил бүр очиж засдаг. Энэ нь үндэсний цөөнхийг ялгаварлаж байгаа асуудал биш, эдийн засгийн хувьд ашиггүй байгаа юм. Социализмын үед бид Галуут нуураас эрчим хүч авдаг байсан. Харин Улаанбаатар дахь ДЦС-уудыг Японы буцалтгүй тусламж, хөтөлбөрүүдээр өргөтгөсөн учраас бид тодорхой хэмжээнд хамааралгүй болчихсон. Ингэхээр Галуут нуурын цахилгаан станц ямар ч үүрэггүй болж байгаа юм. 

Галуутын ЦС-тай холбох талаар Абрамченко ирж ярилаа. Усан цахилгаан станц экологийн хувьд хор хөнөөлтэй, Байгал нуурын экосистемд нөлөөлнө гэх мэт зүйл ярьж буй юм. Гол асуудал нь геополитикийн хувьд эрчим хүчний хараат байлгах сонирхол. Хоёрт, Галуут нуурын цахилгаан станцыг ашиглалтад оруулах. 

Галуут нуурын цахилгаан станц Улаан-Үдээс нааш явах замд зэлүүд бөглүү газар харагддаг ч хүчин чадал нь нэлээд өндөр. Монгол Улсад зориулж байгуулсан энэ станцыг ашиглаж Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан, Хөвсгөл гээд нэг сүлжээ үүсгэх бодлоготой. Ингэснээр Алтайн хязгаар, Тувагаа цахилгаанаар хангаж, Алтайн хязгаар Тува зэрэг улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой болно. Одоогийн нөхцөлд бүрэн хэмжээнд ашиглалтад оруулахад эдийн засгийн хувьд ашиггүй байгаа юм. Ийм л ашиг сонирхол байгаа. 

Галуут нуурын цахилгаан эрчим хүчээр хангах санал тавьж байгаа нь Монголыг хөгжүүлэх гэсэндээ биш гэдэг нь ойлгомжтой. Угаасаа тийм алба ч байхгүй. Монголыг хөгжүүлэхэд монголчуудын арчаатай байдал л яригдана шүү дээ. 

-Хийн хоолойн төслийг олон жил ярьсан ч сүүлдээ Монголыг тойруулж байгуулахаар болсон. Гэнэт яагаад ийм өндөр ач холбогдол өгч, яриа хэлэлцээр эрчимжсэн гэж Та харж байна вэ?

-Оросын тал аливаа бизнест өмнөх ЗХУ-ын үе шиг биш, ашигтай, эсвэл алдагдалгүй гэж үзвэл хийхэд бэлэн гэсэн хандлагатай болсон. Геополитикийн хувьд ашигтай учраас Европ руу хийн хоолой тавьж байна. “Умардын урсгал 1, 2”-ыг стратегийн хувьд ашигтай учраас өөрсдөө бүх санхүүжилтээ гаргаад Герман руу тавьж байх жишээтэй. Монголоор тавьж байгаа хийн хоолой нь геостратеги гэхээсээ илүүтэй эдийн засгийн ач холбогдолтой. Геостратегийн хувьд ач холбогдолтой ч эдийн засгийн хувьд ашиггүй байсан бол тавихгүй. 

Өмнө нь яригдаж байгаад болиход Оросууд ханган нийлүүлэх байсан гэдэг утгаараа Оросуудыг их зэмлэж байсан. Миний ойлголтоор хүлээн авагч буюу гол мөнгөтэй, захиалагч, хэрэглэгч тал болох Хятад улс цааргалж байсан учраас хамгийн бага өртгөөр “Сибирийн хүч 1”-ийг алс Дорнодоор явуулсан. Учир нь Алс Дорнодоор явуулахад хуучин дэд бүтэц нь байсан тул түүнийгээ үргэлжлүүлээд Владивостокоор дайруулаад явуулсан. Тойруу зам мэт боловч хажуугаар нь Хабаровск, Владивостокоо хийгээр хангачихна. Өөрийн хөрөнгөөр бариад ашиггүй ч гэсэн алдагдалгүйгээр том бүтээн байгуулалт хийгээд Хятад руу хүргэсэн. 

Үүний дараа “Сибирийн хүч 1”-ээс арай илүү зардалтай, цэвэр эдийн засгийн үр ашгийг харсан төсөл нь Харбинаар явж буй. Благовишенск гээд Хятадтай хиллэдэг Оросын хотоор дайраад манай нутаг дэвсгэрийг тойроод Манжуур руу орж буй хийн хоолой. 

Энэ төслийн дараа Монголоор дайруулахаар болсон. Үүнд Хятад улс цааргалж байсан. Украин шиг дундаас нь хаавал яах вэ гэж болгоомжилсон хэрэг. Хаахгүй юм аа гэхэд Монголын газар нутгаар 1,000 орчим километр үргэлжлэх хийн хоолойн аюулгүй байдлыг Монгол хариуцаж чадах уу гэдэг асуудал байгаа. “Сибирийн хүч 2”-ыг Алтайгаар явуулах ёстой байсан ч газар зүйн нөхцөл байдал үнэхээр нийцэхгүй, асар хүнд учраас Монголоор дайруулахаар болсон гэж ойлгож байгаа. 

Хоёрдугаарт, эдийн засгийн хувьд ашигтай. 

  • Манай улсын хувьд бид ашиглаж чадвал агаарын бохирдлоо бууруулна. Оросууд бидний захиалгаар Улаанбаатар руу хоолой татаж магадгүй. Мэдээж цаана нь хэний хөрөнгөөр барих уу зэрэг асуудал яригдана. 
  • Хоёрт, манай улсын нутгаар явсны ашиглалтын төлбөр гэж өгөх ч бид аюулгүй байдлыг давхар хангах ёстой. Тэгж чадахгүй асуудал гарвал бид бараг торгууль төлөх ч нөхцөл үүсэж мэднэ.

Хоёр их гүрнийг холбож байгаа дэд бүтэц учраас том хариуцлага байгаа. Энэ мэтчилэн геополитик гэхээсээ гадна олон асуудал яригдана. 

-Эгийн голын усан цахилгаан станцын асуудлаар Орос улс ЮНЕСКО-ийн зөвлөлтэй  хамтарсан хурал хийнэ гэдгээ илэрхийлсэн байсан. Өнгөрсөн долоо хоногт болсон МАН-ын 30 дугаар их хурлаар усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхийн төлөө бүх хүчээ дайчилна гэдгээ Ерөнхий сайд илэрхийлсэн. Энэ хооронд зөрчил үүсэх үү? 

-Эгийн голын УЦС-ын асуудлаар бид Оросыг буруутгах шаардлагагүй. Яагаад гэвэл энэ бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Монголын төсвөөр барих ёстой төсөл. Тусгаар улсын нутаг дэвсгэр дээр юу хийх нь эзний дур. Орос ч заахгүй, Хятад ч заахгүй. Орос эсрэг байна гээд бид буруутгах бас үндэс байхгүй. Тэд ярилаа гээд биднийг хориглох бас үндэс байхгүй. 

ЮНЕСКО-оор хуралдлаа гээд зөвлөмжийн шинжтэй зүйл гаргахаас биш тусгаар улсын хуульд нөлөөлөхгүй. Олон улсын харилцаа ийм л байдаг. Бид Оросын нэг муж биш. Орос тэглээ гээд биднийг зогсоож чадах мэт ойлгох хэрэггүй. Бидний нутаг дэвсгэрт бид юу хийхээ өөрсдөө мэднэ. 

Хэнээр бариулах, төсвөө яаж шийдэх нь ч бидний асуудал. Экологийн асуудлаа харин монголчуудын эрх ашиг, байгальд сөргөөр нөлөөлөхгүйгээр, маш сайн тооцоотой хийх нь Монголын төрийн арчааны асуудал. 

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр хоногийн дараа ОХУ-д айлчлах гэж байна. Айлчлалын гол асуудлын талаар ямар таамагтай байна вэ?

-ОХУ-д хийх гэж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын талаар тус улсын хэвлэлүүд ярьж байна л даа. Ер нь Оросын талаас хэлэлцэх гол зүйл нь төслөө хоосон яриа болгохгүйгээр явуулах. Яагаад гэвэл бид Оросыг хашраачихсан. Төмөр замын хамтарсан нийгэмлэг дээр л гэхэд бид Монголын талын даргаа ерөөсөө тавьж чаддаггүй. Хүн томилох гэж байна гээд хоёр нам нь хэрэлдээд суучихдаг. Оросууд энэ хүнтэй чинь ажиллаж чадахгүй гэдэг асуудал ярьдаг. Үүнээс гадна Мардайн уранаас авхуулаад Ерөнхий сайд нь оросуудыг хулхидсан тохиолдлууд байгаа. Энэ мэт тогтворгүй, нэг юм ярьж ирээд өөр юм ярьдаг, байр сууринаасаа буцдаг зэрэг нь хашраасан. Тиймээс Оросын тал хийн хоолойн төслийг дээд түвшинд баталгаажуулахыг гол болгож байгаа гэж харж байна. 

Монголын талаас бол худалдааны татварыг багасгах асуудал явж байгаа. Энэ асуудлаар ярихаар Орос Евразийн эдийн засгийн холбоонд элсэх санал тавьдаг. Тус холбоонд ер нь элсэх үү, үгүй юу гэдгээ судалж байгаа байх гэж бодож байна. Хэрэв орвол татвар багасах байтугай тэглэгдэнэ гэж ярьж байгаа. Дундад Азиас авах зүйл нэг их байхгүй. Гэхдээ Европын бараа Оросоор дамжихад үнэ арай гайгүй болж болох юм. Иймэрхүү асуудлыг хэлэлцэх болов уу. Эрчим хүчний асуудал бас яригдах байх. 

-ЗХЖШ-ын дарга, ОХУ-ын баатар, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимов ирээд явснаас харахад батлан хамгаалах салбарт шинэчлэл гарах болов уу?

-ОХУ-ын Жанжин штабын дарга ирж байна гэдэг маш том хэрэг. Цэргийн хамтын ажиллагаанд Оросууд анхаарлаа хандуулж байна гэдэг жинхэнэ геополитик, нэлээд хүчтэй бодлого явж байгаа хэрэг. Орос, Хятад хоёр Америкаас их юм сурч байгаа нь зөөлөн бодлого. Бид хүссэн хүсээгүй Оростой батлах хамгаалах салбарт ажиллана. Энэ нь бид Хятадад муу, Орост сайндаа огт биш. Геополитик буюу газар зүйн нөхцөл байдал бидэнд бодлогоо тулгаж байгаа нь энэ юм. 

Олон улсын харилцаа яаж л бол яаж өөрчлөгдөж болно. Зөв бурууг нь дэнслэхэд суурь болдог зүйл нь зөвхөн Монголд ч биш, аль ч улсад газар зүйн байршил байдаг. Монгол хүссэн хүсээгүй Оростой хамтрахаас өөр замгүй. Оросууд биднийг их хэлмэгдүүлэлтээр хоморголж, 100 мянган хүнийг цаазалж байсан гээд муулж болох ч харилцаа гэдэг ганц үйл явдлаар хязгаарлагддаггүй. Янз бүрийн талаас аваад үзэхээр газар зүйн байршил яалт ч үгүй дэг журмыг тогтоож байдаг. 

-Ерөнхийдөө сүүлийн жилүүдийн манай улсын геополитикийн бодлого таны харж байгаагаа ямар байна вэ?

-Манайд геополитикийн бодлого харагдахгүй байна. Энэ бол айхтар зүйлсээс эхэлдэг. Хятад хилээ хааж байгаа нь геополитикийн бодлого. Эрчим хүчний асуудлаар Орос орж ирж байна гэдэг геополитикийн бодлого. Худалдаа, эдийн засгийн бодлого биш өргөн хүрээгээр харах бодлогууд ингэж явдаг. 

Манайд геополитикийн бодлого гэхээсээ илүү хоёр хөршөө хараах бодлого яваад байна. Энэ бол бодлого биш. Аливаа нэг үнэт зүйлээр, тэр дундаа барууны үнэт зүйлээр хандаж, хувь хүний үзэл бодлоор гадаад бодлогод хандах гээд байна. Энэ бол туйлын буруу. Бид бүх юманд объектив байж, Монгол Улсын ашиг сонирхлын өнцгөөс хандах ёстой. Манай түлш, эрчим хүчний асуудал, ковидтой тэмцэж байгаа байдлыг харъя. Тяньжин юм уу, Эрээнээс бараагаа авч чадахгүй гацаж байгааг бодлого байхгүй байна гэхээс өөр юу гэх вэ. Улс орны хооронд байдаг л транзит шүү дээ. Хилийн боомтоор гарах асуудал. Дарханы зам дээр л гэхэд хэрэв бодлого байсан бол дөрвөн эгнээ хурдны замыг аль хэдийн байгуулчихсан байх ёстой. Бодлого биш, улс төрийн хэрүүл л явж байна. 

-Хятадын талтай манай улс яриа хэлэлцээгээ хийж чадахгүй байна уу. Эсвэл үнэхээр КОВИД-оор далимдуулаад бодлогоор нөлөөгөө харуулаад байна уу?

-Аливаа асуудлыг янз бүрийн түвшинд тайлбарлаж болно. Өргөн хэмжээнд геополитик гэж тайлбарлаж болно. Нөгөө талаар, цэвэр тухайн төрийн бодлогын хэмжээнд хоёр түвшнээр авч үзэж болно. 

Өнөөгийн нөхцөлд геополитик гэхээсээ илүү улс орны буюу төрийн бодлоготой холбоотой байна. Нэгд, өөрийн аюулгүй байдлаа хангах тал дээр Монголд халдварын нөхцөл аймшигтай байна. Хятадууд өөрсдийгөө хамгаалж, Дахин Хятад руу сүүлийн үед мутац оруулж болохгүй гэдгээр хөл хорио тогтоож буй. 

Хоёрт, Бээжингийн олимп дараа жил болох гэж байгаа. Үүнтэй холбоотой эрх ашиг байгаа. Гуравт, монголчууд хариуцлагагүй байна. Бараагаа сайн хянахгүй, PCR шинжилгээгээ ч олигтой авч чадахгүй байгаа тул итгэх арга алга гэдэг шалтгаануудаар хилээ хааж байна. 

Монголын төрийн бодлого муу учраас өөрсдийн хянаж чадах хэмжээнд арга хэмжээ авч байгаа хэрэг. Оросынх бол геополитик гэж харагдаад байгаа. Орос хилээ хаагаагүй ч эрчим хүч, шатахуунаар геополитикийн бодлогоо явуулж байгаа. Олон улсын харилцаанд улс болгон өөрийн ашиг сонирхлоо хамгаалдаг. Тиймээс бид сөргүүлэн тавих хөзөртэй байх шаардлагатай. Монгол Улс иргэдээ аюулгүй байдалд байх боломжоор хангана гэсэн үг. Наанадаж хүнсээ, хувцсаа дотооддоо үйлдвэрлэдэг, хамааралгүй байх хэрэгтэй. Хоёр хөршдөө болзол тавьж, байр сууриа илэрхийлэх байдлаар ухаалаг нүүдэл хийхээс биш муу оросууд, хятадууд гэж үзэн ядах байдлаар яваад юманд хүрэхгүй. Олон улсын харилцаагаа ойлгохгүй байна.