Индэр    
2021 оны 11 сарын 8
Зураг
iKon.mn сэтгүүлч

Монголдоо үйлдвэрлэсэн шатахуун хэрэглэх өдөр ойртсоор... 

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хараагүй юм аа харж, үзээгүй зүйлээ үзэж яваа монголчууд минь... 

Үүний тод жишээ нь шатахууны хомсдол. 

Хойд хөрш шатахууны экспортоо хумих төдийд Монгол Улсад хэр хэмжээний том асуудал үүсэж болохыг мэдэрсэн иргэд "Газрын тос боловсруулах үйлдвэр..." гэж ам нээн анхаарал хандуулав.

Иймээс монголчууд өөрсдөө барьж байгаа газрын тос боловсруулах үйлдвэртэй холбоотой мэдээллийг тоймлон хүргэж байна. 

Түүхийг сөхвөл, 2017 оны хоёрдугаар сард Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий "Газрын тос боловсруулах үйлдвэр" барих төслийг Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт- Импорт (Эксим) банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. 

Ийнхүү шийдвэр гарснаас хойш холбогдох инженерчлэлийн ажил үргэлжилсээр 2021 оны нэгдүгээр сарын 15-нд Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлсэн юм. 

Хэдхэн жилийн өмнө энэ нь Монголчуудын мөрөөдөл байсан тул энэ өдөр Монголчуудын түүхэнд тэр дундаа 80 жилийн түүхтэй Монголын газрын тосны салбарын түүхэнд чухал өдөр. 

Үйлдвэрийн бүтээн байгуулалт дөрвөн үе шатаас бүрдэх бөгөөд өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажил 30 гаруй хувьтай үргэлжилж байгаа аж. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар EPC-1 буюу технологийн бус барилга, байгууламж, ус дамжуулах хоолой, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн бэлтгэлийн ажил явагдаж байгааг холбогдох хүмүүс мэдээлсэн. EPC-1 амжилттай хэрэгжсэнээр үйлдвэрийн дараагийн технологийн барилга угсралтын ажлуудыг эхлүүлэх суурь нь болно хэмээн үзэж буй. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Газрын тосны эрэл, хайгуулын ажлын үр дүнгээр 2010, 2012 онуудад Тосон-Уул, Тамсаг, Зүүнбаян, Цагаан- Элсний орд газарт 332.6 сая тонн газрын тосны баталгаат нөөц, 43.2 сая тонн ашиглалтын баталгаат нөөцийг тогтоож, Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэн авсан ба манай улс газрын тос олборлогч орон болсон талаар олон улсад зарлаж байсан. 

Тэгвэл ашиглалтын баталгаат нөөцийг нийт нөөцийн 13%-аар тооцжээ. 

2019 оны зургаадугаар сараас хойш 150 гаруй инженерчлэл, зураг төслийн бичиг баримтыг батлаад байгаа аж.

Үндсэн технологийн 12 байгууламжтайгаар 2025 онд бүрэн ашиглалтад орох тус үйлдвэрээс дараах бүтээгдэхүүнүүд гарна гэж тооцжээ. 

  • Шингэрүүлсэн шатдаг хий 43 мянган тонн
  • Авто бензин 339 мянган тонн
  • Дизель түлш 824 мянган тонн
  • Онгоцны түлш 80 мянган тонн
  • Зуухны түлш 47 мянган тонн 

Газрын тос боловсруулах үйлдвэр нь өөрийн дулааны болон цахилгаан эрчим хүчний хэрэгцээг шингэн түлшээр ажиллах Дулааны цахилгаан станцаар хангах юм.

Монгол орны түлшний нийт импорт 1.1 сая тонн байгаагаас 65 хувь буюу 722 мянган тонныг төвийн болон говийн бүсэд хэрэглэдэг. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Тус үйлдвэрийн хувьд АИ-92-оос татгалзаж, АИ-95 үйлдвэрлэх нь хэрэглээндээ чанарын ахиц гаргах төдийгүй урагшилж буй хэрэг. Гэхдээ АИ92-ийн үнээр зарна" гэдгийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэлсэн. 

Түүхий тос дамжуулах хоолой

2020 оны нэгдүгээр сарын 6-нд Засгийн газраас түүхий тос дамжуулах хоолойгоор тээвэрлэхээр шийдвэрлэсэн. 

Дамжуулах хоолой нь түүхий тосыг хол замд тээвэрлэх хамгийн оновчтой, үр ашигтай хэрэгсэл бөгөөд 1.5 - 2 метр гүнд угсрах учир байгалийн гадаад дүр төрхөд өөрчлөлт орохгүй, бусад хөдөлгөөнд саад учруулахгүй, цаг агаарын нөлөөнд өртөхгүй зэрэг давуу талтай гэж үзжээ.

Яагаад заавал дамжуулах хоолойн тээвэрлэлтийг сонгов гэх асуултад Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг "Дамжуулах хоолой нь өөрөө тээврийн хэрэгсэл, тээгч сав, тээврийн зам болдог. Мөн тээврийн зардал бага, ихэвчлэн газар доогуур тавигддаг, байгалийн дүр төрхөд нөлөөгүй, амьтдын хөдөлгөөнд саад болохгүй, агаарын бохирдол, дуу чимээгүй зэрэг бусад сөрөг нөлөөгүй" хэмээн хариулсан юм.  

Газрын тосны үйлдвэрийн 550 айлын хотхон

 
Гэрэл зургийг mpa.mn

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК төслийг иж бүрнээр нь хэрэгжүүлэх үүднээс ажилтнуудын орон сууцны хотхоныг Сайншандад барьж байна. Үндсэндээ Сайншанд суманд 11 га газар олгогдсон бөгөөд тус бүр 50-60 метр квадрат бүхий нийт 550 айлын 15 орон сууцны барилга баригдаж байгаа.

Орон сууцны барилгын явц 90 орчим хувьтай байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийн хувьд 

  • Түлш, шатахууны импортын хараат байдлаас гарна.
  • Аж үйлдвэрийн цогц хөгжлийн чухал хэсэг болох нефть химийн үйлдвэрийн суурь тавигдана.
  • Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 гаруй хувиар өснө.
  • Зөвхөн үйлдвэрт 600 ажлын байр бий болж, шууд бус ажлын байр олноор нэмэгдэнэ.
  • Гадагш гарах валютын урсгал буурч валютын ханш тогтворжино гэх мэтээр тооцож буйг холбогдох хүмүүс хэлж буй.

Монгол инженерүүд хүчин зүтгэж буй энэ ажил хэрхэн дуусахыг харах л үлдэж байна.