Индэр    
2021 оны 11 сарын 2
Зураг
Хуульч, сэтгүүлч

Аюулгүй байдлаа хамгаал, амаа бүү үдүүл

Зураг

11 дүгээр сарын хоёрны өдөр. Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөрт зориулан бэлтгэв

Сүүлийн 10 жилд дунджаар дөрвөн хоног тутамд нэг сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэсний төлөө амь насаа алдаж буйг ЮНЕСКО-гоос зарлав.Энэ хугацаанд нийт 1,300 гаруй сэтгүүлч нас барсан гэх гашуун мэдээ ч бий.

Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан сэтгүүлчдийн хэрэгтэй холбоотойгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн арваннэгдүгээр сарын хоёрны өдрийг “Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр болгох” тухай 68/163 тоот тогтоолыг 2013 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр баталсан байна.

Сэтгүүлч хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг бүх төрлийн хүчирхийлэл, гэмт хэргийг таслан зогсоох үүднээс энэхүү өдрийг дэлхий дахинаа “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахын тулд сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Сэтгүүлчид үнэнийг мэдээлээгүйн үр дагавар маш их ээ. Тухайлбал, хууль бус бусармаг үйлдлүүд дарагдан өнгөрөх бөгөөд хулгайн гай түйтгэр газар аван даамжрах нигууртай. Хүний наймаа, эрх мэдлээ урвуулан ашиглах, хүний эрхийн зөрчил, байгаль орчны эсрэг гэмт хэргүүд гээд эдгээрийг мэдээлэх нь сэтгүүл зүйн үүрэг оролцоо юм. Хотоо хамгаалагч хоточ нохой адил өргөмжлөхийн учир хэвлэл мэдээллийн салбараа бид бүхэн хортон дайсны идэш болон үлд хэмээн сэтгэж орхих ёсгүйн учир ийн ажгуу.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониа Гуттериш тэмдэглэхдээ, “Сэтгүүлчдийг мөрдөж мөшгөхөд нийгэм бүхэлдээ хор хохирол амсдаг. Тэднийг зохистой хамгаалж чадахгүй аваас бидний мэдээлэлтэй байх, шийдвэр гаргах явцад оролцох боломж хумигдан боогдоно. Сэтгүүлчид аюулгүй нөхцөлд ажлаа хийх боломжгүй бол бид хуурамч мэдээлэл самууралд автах болно” хэмээн цохон дурдсан. Тайлбарлавал, бидний оролцооны эрхийг хангаж шийдвэр гаргалтад нөлөөлөх сайн үр дагавартайгаас гадна хуурамч мэдээллийн шуурганд өвдөг сөгдөхгүйн тулд вакцин адил үйлчилж чадах ганц зүйл нь хараат бус хэвлэл мэдээлэл болохыг онцолсон байна.

Цар тахлыг амжилттай даван гарахын эх үндэс нь ч хэвлэл мэдээлэл болохыг дэлхий дахинд онцгойлон анхааруулж буй юм. Иймдээ ч 2021 оны Нобелийн энх тайвны шагналыг Филиппин болон Оросын сэтгүүлчид үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд оруулсан хувь нэмрээрээ анх удаагаа хүртлээ. Норвегийн Нобелийн хороо Ресса, Муратов нарыг "Ардчилал, хэвлэлийн эрх чөлөө улам бүр таагүй нөхцөл байдалтай тулгарч буй энэ цаг үед энэхүү эрхийн төлөө тэмцдэг бүх сэтгүүлчдийн төлөөлөл" хэмээн онцолсон байна.

Гэмт үйлдлийг өөгшүүлэхэд нөлөөлдөг хэд хэдэн хандлага амь бөхтэй оршсоор ирлээ. Хувь хүний, нийгмийн, үндэсний, олон улсын гээд бүх түвшинд бий.

Үндэсний түвшин буюу манай улсад сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдлийг хэрхэн шийдвэрлэж буйг авч үзье.

 Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг нь үл тоож, хязгаарласан үеэс энэхүү өөгшүүлэлт эхэлдэг. Иймд буруу үйлдлийнхээ хэн ч хариуцлага хүлээхгүй. Хуулийн хатуу хариуцлага биш юмаа гэхэд ухамсраараа ёс зүйн хариуцлага хүлээх хэмжээний албан тушаалтан, эрх мэдэлтэн манай улсад одоогоор алга байна. Сүхбаатарын талбай дээрх үйл явдлыг сурвалжлахаар очсон сэтгүүлчдийг цагдаагийн албан тушаалтнууд түлхэж унагасан үйл явдал  ганцхан хоногийн зайтай болж өнгөрөв. Эл үйлдэлдээ хэн ч ямар ч хариуцлага хүлээгээгүй нь маш харамсалтай. Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангахаас урьтаж, амыг нь үдүүлэх гэсэн нийгмийн хандлага, эрх мэдэлтнүүдийн турхиралт илүүтэй жин дарна.

Хууль ёсыг гажуудуулах, төрийн байгууллагын алдаа дутагдал нь ял шийтгэлгүй үлдээж буй хэлбэрийн үндэс гэж үздэг.

Цар тахалтай тэмцэх нэрийн дор цаашид төрийн байгууллага нь алдаа мадгаа хаацайлан буй нь “соёл” болон үлдэх вий гэсэн айдас бид бүхний өмнө бий болов. Шүүх, цагдаад гомдол, нэхэмжлэл гаргах нь ч сэтгүүлчдийг залхаан цээрлүүлэх зорилготойгоос гадна аюулгүй байдлыг нь алдагдуулах нөлөөг үзүүлдэг. Өнгөрсөн 2020 оны тухайд Иргэний хэргийн шүүхэд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэхээр шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн 106 тохиолдол байгаагийн 37.5 хувь нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн эсрэг гаргасан нэхэмжлэл байна. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Худал мэдээлэл тараах гэмт хэргээр хянан шийдвэрлэгдэж буй тохиолдол үүнээс ч өндөр хувьтай гарах юм. Иймд эрх орчны сайжруулах замаар элдэв өөгшүүлэлтийг нь хумих нь зүйтэй юм. Хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдах нь Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэгт тооцогдох болсон. Харамсалтай нь цаасан дээр бичигдсэн бэх нь хатаж амжилгүйгээр бүдгэрэн замхрах болов. Хэрэгждэггүй, хэн ч хэрэгжүүлэхийг хүсдэггүй энэхүү заалтыг бариад хариуцлага тооцуулахаар хандах нь хаданд хашхирсантай адил зүйл ажээ.

Эцэст нь хэлэхэд, хүний эрхийг дээдэлдэггүй нийгэмд үнэнийг мэдээлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь үхлийн аюулд ч хүргэж болзошгүй хор уршигтай тул амаа үдүүлээгүйн хэрээр аюулгүй байдлын асуудлаа ч нэн тэргүүнд тавих нь чухал юм. Энэ нь сэтгүүлчдээс гадна үзэл бодлоо илэрхийлэх эрхийн төлөө тэмцэж буй хүн бүхэнд хамаатай асуудал билээ.