Индэр    
2019 оны 11 сарын 1
Зураг
Хуульч, сэтгүүлч

Үнэн амьд байгаа

Зураг

- 11 дүгээр сарын хоёрны өдөр. Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөрт зориулав -

Үнэнд бүгд дуртай боловч үнэнээс бүгд үхтлээ айдаг. Энэ л үгийн тэнцвэрт сэтгүүлчид оршдог болов уу. Үнэн нь дэлгэгдэхээс зүрх нь амаараа гарах шахдаг хүмүүс үнэнийг илчилсэн хүний өст дайсан нь болдог жамтай.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөө хэмээгч нь байгаа амьд уу, эсвэл байхгүй амьдралын мөрөөдөл үү? Хэлэхэд уянгалаг, хэрэгжүүлэх нэгэнд хэцүү хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэгч нь дан ганц сэтгүүлчийн эрх биш бөгөөд 3.200.000 иргэний үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийн баталгаа болж өгч байдаг. Гэхдээ эл эрхийг сэтгүүлчид илүүтэй эдлэх нь бий.

Ингэхэд олон улсад сэтгүүлч гэдэгт хэнийг хамааруулж байгаа вэ?

ЮНЕСКО-ийн 2014 оны 11 сард Мэдээлэл Харилцааны Хөгжлийн Олон Улсын Хөтөлбөрийн Засгийн газар хоорондын 29 дүгээр чуулганаар “Сэтгүүл зүйн үйл ажиллагаанд татагдан оролцдог сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, нийгмийн сүлжээний туурвигчид”-ыг хамааруулсан. Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны өгч буй тодорхойлолтоор “Сэтгүүлч гэж ажлын цагийнхаа дийлэнхийг сэтгүүлзүйн мэргэжлийн үйл ажиллагаанд зориулдаг, орон тооны эсхүл чөлөөт байдлаар орлогынхоо ихэнхийг энэ ажлаас олдог” хүнийг ойлгохоор заажээ.

Дэлхий даяаршихын хэрээр сэтгүүлч гэдэгт дипломын боловсрол шаардахаа болиод удаж байна. Өнөө цагийн сэтгүүлчид олон өнгөтэй. Өнгө, мөнгөний төлөө явдаг ч бий өөрийн үзэл бодлоо сэтгүүл зүй гэж андуурах нь ч бий. Ялгаж танихын тухайд үнэний эрэлчинг сэтгүүлч хэмээн ойлговол нэг их хол зөрөхгүй болов уу. Тэгвэл үнэний төлөө тэмцэгчидээ хамгаалах зүй ёсны шаардлага нэгэнт бий болжээ.
Өдөр бүр мянга мянган сэтгүүлч гэрээсээ гарахдаа амьд явах эсэх нь эрсдэлтэй байна. Заримдаа сэтгүүлчдийн гэр орон хамгийн аюултай тэмцэлт бүс болдог.

ЮНЕСКО-гийн мэдээлснээр өнгөрсөн 12 жилийн хугацаанд 1,000 гаруй сэтгүүлч амь үрэгдсэн. Зөвхөн дайны бүсэд биш. Гэртээ байхдаа, гэрийнхээ ойролцоо гудамжны буланд, танай гудамжны буланд, зориуд, хэрцгийгээр. Тэд зарим хүмүүсийн нуухыг хүссэн сэдвийг эрэн сурвалжилжээ.

Амь бүхний төлөө ихийг мэдэж, шударга ёсыг шаардахын тулд үнэн амьд байгаа юм. Иймийн тул НҮБ-ын байгууллагын Ерөнхий Ассамблей жил бүрийн 11 дүгээр сарын хоёрны өдрийг “Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр болгох” тухай 68/163 тоот тогтоолыг 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр батласан.

Сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлж буй хэн боловч аюулгүй орчинд, аливаа сүрдүүлэг заналхийллээс ангид үйл ажиллагаагаа явуулах эрхтэй. Глоб Интернэшнл төвөөс “Сэтгүүлчийн аюулгүй байдлын түвшин тодорхойлох судалгаа”-г 2019 онд хийсэн бөгөөд үүнд өдөр тутмын мэдээ мэдээлэл, эрэн сурвалжлах, нийгэм эдийн засгийн чиглэлээр бичдэг 300 сэтгүүлчийг хамруулсан.

Судалгаанд хамрагдсан нийт сэтгүүлчдийн 74% нь мэдээлэл олж авахад ямар нэгэн саад бэрхшээл тулгардаг, 67% нь сүрдүүлэг, дарамт, заналхийлэлд өртөж байсан, 58% нь ажлын багаж хэрэгсэлд халдаж байсан, 52% нь нийтлэл, нэвтрүүлгээ түгээхийг хориглосон, редакцийн цензуртэй тулгарсан, 51% нь нууц эх сурвалжаа илчлэхийг албадсан, 36% нь шүүх хүчний байгууллагын дарамтад өртсөн, 20% нь хувийн цахим хаяг, түүнтэй холбоотой мэдээлэл алдагдсан, 18% нь бие эрхтэн, эрүүл мэндэд халдсан зэрэг зөрчлүүдтэй нүүр тулгарч байжээ.

Монголд үнэнг олж тогтоохын төлөө тэмцдэг сэтгүүлчид гал, усан дунд туулж байж үнэний үзүүрээс атгах ёстой юм гэж үү? Үнэний эрэлд мордсоныхоо төлөө өдөр шөнөгүй “Завгүй” байхаар шийтгүүлж, “Даашинзтай сурвалжилга”-аа хийж дуусгаад үүрд биднийгээ орхин одсон сэтгүүлчээ бид амархан мартах ёсгүй. Өнгөрсөн жил сэтгүүлчийг ажлаа гүйцэтгэж байхад нь цагдаагийн ажилтан шанаадсан хэрэг гарсан бөгөөд үйлдэлдээ ямар ч хариуцлага хүлээгээгүй билээ. Ялангуяа залуу сэтгүүлчдийг айлгаж ичээх, утсаар дарамтлах явдал хэрээс хэтэрлээ. Сэтгүүлчдийн аюулгүй байдалд ардчилсан улс орон бүр, дэлхий нийтээрээ анхаарал тавьж буй энэ үед бид сэтгүүлчидээ алаг үзсээр асуудлыг нь анзаарахгүй өнгөрөх гэж үү.

Нэрт сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ гуайн тодорхойлсноор арван хангалын нэг догшин дүр болох Жигжид бурхнаар хэвлэл мэдээллийн салбар, чөлөөт хэвлэл нь хамгаалагддаг. Гэвч хууль эрх зүйн хамгаалалтгүй бол нийгмийн эрх чөлөөний тугч болсон сэтгүүлчид хуулийн гадна нүцгэн суусаар үлдэж хоцрох нь ээ.

Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд тэдэнд зориулсан тусад нь хууль батлаад өг гэсэнгүй, төр оролц ч гэсэнгүй, одон медалиар шагна гэж бүр ч хэлсэнгүй. Харин дараах байдлаар хамгаалах боломжтой болохыг үүнд дурдъя.

  • Сэтгүүлчийн онцгой эрх гэгч гагцхүү нууц эх сурвалжаа хамгаалах асуудал байдаг тул нууц эх сурвалжаа сэтгүүлч ямар ч нөхцөлд илчлэхгүй байх үүргийг /онцгой нөхцөлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр илчилж болно/ холбогдох хуульд тусгах
  • Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчлэн найруулах, Үүнд хэвлэл мэдээллийн салбарын өмчлөл, төвлөрөл, эздийн ил тод байдал, сэтгүүлчдийн хараат бус мэргэжлийн үйл ажиллагаа, редакцийн хариуцлага зэрэг багтах ёстой
  • Олон нийтийн эрх ашгийн төлөө үнэнийг түгээсэн сэтгүүлчийг Зөрчил, Эрүү, Иргэний хуулиар шийтгэж эдийн засгийн цензур тавих эсхүл эрх чөлөөг нь хязгаарлах арга хэмжээ авахгүй байх
  • Шүгэлдэгчийн эрхийг хамгаалсан хуультай болох
  • Сэтгүүлчийг тагнаж чагнадаг асуудал дээр хуулийн хариуцлага оногдуулах зэргээр өөрчлөлт оруулах зүй ёсны хэрэгцээ шаардлага бий билээ.

Хэвлэл мэдээллийн салбарын эрх хэмжээг хассан, хязгаарласан олон заалтууд холбогдох хуулиудад байсаар ирлээ. Гэвч хамгаалдаг, хариуцлага хүлээлгэдэг ганц заалттай. Дурдвал, “Өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл төлбөр төлж зориуд нийтлүүлээгүй, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” хэмээх эрүүгийн хуульд байдаг заалтаар ямар ч хэрэг үүсээгүй бөгөөд одоогоор хэн ч хариуцлага хүлээгээгүй хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна.

Гэвч сэтгүүлчид халдлагад өртсөөр…