Индэр    
2021 оны 10 сарын 28
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ц.Энхжин: Хүүхэд хүссэн үедээ амрах, тоглох, хувцсаа сольж өмсөхөд нь тохирсон тавилга өөртөө итгэлтэй хүн болоход тусалдаг

Зураг
Зургийг хувийн архиваас авав

"Гайхалтай дизайн бол давуу тал бас адал явдал" гэсэн үг байдаг.

Сүүлийн үед хүмүүс тав тухтай, байгальд ээлтэй, минимал хэв маягийг цогцлоосон тавилгыг сонгож, амьдралаа адал явдалтай болгохыг эрмэлздэг болсон.

Иймд сүүлийн үеийн интерьер чиг хандлага болон хүүхдэд ээлтэй тавилгын талаар Дэлхийн Мисс 2017 тэмцээний оролцогч, Eden Design-ийг үүсгэн байгуулагч Ц.Энхжинтэй ярилцлаа. 

Ц.Энхжингийн хувьд Их Британийн Кэмбрижийн Урлагийн сургуулийг интерьер, дизайны мэргэжлээр төгсөж, Италийн Флоренц хотын Дизайны их сургуульд бүтээгдэхүүний дизайнаар магистр хамгаалсан. Өдгөө энэ салбартаа ажиллан хүүхдэд ээлтэй тавилга хийж, ашгийнхаа тодорхой хувийг алслагдсан дүүргийн сургуулиудын номын сан болон урлагийн танхим тохижуулахаар ажиллаж байгаа юм байна.

-  Сайн байна уу. Өөрийн чинь хувьд Дэлхийн миссийн тэмцээнд оролцсоноос хойш дөрвөн жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд тэмцээнтэй холбоотойгоор эхлүүлсэн ажлуудаа хэрхэн үргэлжлүүлж байгаа вэ?

- Цаг хугацаа их хурдан өнгөрч байна. (Инээв) Бидний эрүүл мэндэд шууд хамааралтай тулгамдаж буй асуудлуудын нэг бол хөрсний бохирдол. Иймээс тогтвортой хөгжилд өөрийн хувь нэмрийг бодитой оруулах зорилготойгоор би тэмцээндээ оролцож байсан. Байгаль дэлхийгээ ээж шигээ хайрлах ухамсрыг бүр бага байхаас эхлэн эмээ минь суулгасан болоод ч тэр үү буруу үйлдэл шийдвэрүүдээс болоод бид байгаль дэлхийгээ сүйтгэж байгаад харамсдаг. Өөрийн мэргэжлийн давуу тал бол онцлогуудыг ашиглан гаргаж буй шийдвэр бүрээ эргэн харж, аль болох байгальд ээлтэй байх талаас нь бодолцон хийдэг минь ч үүнтэй холбоотой. Иргэн бүр ингээд сурчихвал алсдаа өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байдаг.

- Аль болох байгальд ээлтэй байхыг хичээдэг гэж та хэллээ. Мэргэжилтэй нь холбоотойгоор асуухад хэрхэн туршлага хуримтлуулан ажиллаж байгаа тухайгаа товч хуваалцахгүй юу? 

- Сургуулиа төгссөнөөс хойш олон улсын баг бүрдүүлэн дотоодын болон гаднын интерьер, экстерьер, брэндинг дүр төрх боловсруулалт, интерьер маркетинг зэрэг төслүүд дээр төвлөрөн ажиллаж байгаа. Өнгөрсөн жилээс эхлэн бид бүтээгдэхүүн хөгжүүлэлт түлхүү дээр ажиллаж яваа. Мөн компанийнхаа хажуугаар боловсролын салбарт өөрийнхөө зүгээс хувь нэмрээ оруулах зорилгоор Рафлес олон улсын институтад интерьер дизайны зөвлөх багшаар ажиллаж байна. 

- Сүүлийн үед гэр эсвэл ажлын байрныхаа дотоод засал чимэглэлд түлхүү анхаарч, өрсөлдөх болсон. Олон улсад өнөөдөр ямар интерьер дизайн трэнд болж байгаа вэ?

- Цар тахал гарснаас хойш дизайны салбарт томоохон өөрчлөлтүүд гарч, бидний амьдарч буй хүрээлэн буй орчин сэтгэл зүйтэй шууд холбоотой болохыг хүмүүс өөрсдийн биеэр ухамсарлан гэрийнхээ интерьерт илүү анхаарах болсон. Ихэнх цагийг гэрээсээ ажиллан өнгөрүүлж байсан өдрүүд ч саяхан. Зарим хүнд одоо ч энэ нь үргэлжилж байгаа байх. Үүнтэй холбоотойгоор орон зайг илүү multifunctional буюу олон төрлөөр ашиглах боломжтой байх хэрэгцээ ихэссэн. 

Тэр утгаараа сүүлийн үед гэртээ ажиллах орон зай, дасгал хийх хэсэг, өдөр тутмын болон чөлөөт цагаа өнгөрүүлэх орон зай зэрэг тухайн хүний зан араншин, сонирхлын дагуу хэрэгцээ болон хэрэглээг нь хангахуйц төлөвлөлтүүд улам дэлгэрч байна. 

Мөн биофилик дизайн буюу яг л байгальд байгаа мэт мэдрэмж төрүүлэхүйц ургамлууд, байгалийн өнгө материалууд (раттан, таар, мод гэх мэт) болон илүү органик, байгальд ээлтэй дахин боловсруулсан эсвэл хог хаягдалгүй, тогтвортой/ эд зүйлс трэнд болж байна.

Дугуйрсан хэлбэр дүрстэй тавилгуудаар гэрээ тохижуулснаар тархинд эерэг сэтгэгдэл төрүүлж, хүнийг илүү аз жаргалтай болгож өгдөг. Иймээс экспертүүд хурц өнцөггүй зөөлөн, дугуйрсан тавилга болон гар аргаар хийсэн керамик декорац, артисан тавилгуудаар гэрээ тохижуулахыг зөвлөж байгаа.

Бас сүүлийн жилүүдэд хүмүүс fast fashion (хурдан загвар)- аас аль болох татгалзаж байгаагийн адилаар интерьерт ч мөн адил олон жил хэрэглэгдэх тусмаа үнэ цэнэ нь нэмэгддэг чанартай тавилга эд зүйлсэд хөрөнгө оруулахыг илүүд үздэг болж байна. 

- Хүүхдэд ээлтэй тавилга хийж байгаа нь их сонирхолтой санагдсан. Таны хэлснээр тавилгын загвар, дизайнаас илүүтэйгээр байгальд ээлтэй байдлыг илүүд үздэг болсон өнөө үед уншигчид их ч сонирхох байх? 

- Тавилгаар дамжуулан хүүхдийг хүмүүжүүлж, бие даасан, өөртөө итгэлтэй хувь хүн болгон төлөвшүүлэх зорилгоор zero waste буюу хог хаягдалгүй эко байгалийн модоор хийсэн монтессори тавилгууд хийж байгаа.

Бидний ирээдүй бол бидний хүүхдүүд шүү дээ. Тиймээс эрүүл орчинд олон монгол хүүхэд өсөж, хөгжих нь манай улсын хөгжилд шууд нөлөөтэй гэдэгт би итгэдэг юм. 

Тэр утгаараа би тавилгын бүх детал дээр өөрөө оролцож, хамгийн чанартай материалуудаар хийхийг зорьдог. Бид ашгийнхаа тодорхой хувийг алслагдсан дүүргийн сургуулиудын номын сан болон урлагийн танхим тохижуулахаар зорин ажиллаж байгаа. 

- Та монтессори тавилга гэж ярилаа. Энэ нь ямар тавилгыг хэлж байгаа юм бол? 

Монтессори тавилга нь хүүхдийг бие даасан өөртөө итгэлтэй хувь хүн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн. Хүүхдийн бие физиологийн онцлогт тохирсон эргономик тавилга юм.

- Хүүхэд өөрөө хүссэн үедээ орондоо орж амрах, зураг зурах, тоглох, хувцсаа өөрөө сольж өмсөхөд амархан болгож өгдөг учраас бие даасан шийдвэрүүдийг гаргах чадвартай хувь хүн болгодог. Мөн цэвэр модон, байгальд ээлтэй, хүүхдийн аюулгүй байдал болон мэдрэхүйг нь хөгжүүлэн суралцах боломжийг нь хангасан байхыг "монтессори зарчим" гэж хэлдэг. 

- Ер нь эцэг эхчүүд хүүхдийнхээ өрөөг тохижуулахад юунд анхаарах ёстой байдаг вэ?

- Хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл мэндэд хор нөлөөгүй байх нь хамгийн чухал. Дараа нь хүүхдийнхээ зан араншин болон сонирхолд нийцсэн дизайн гаргаж өгснөөр хүүхэд өөрийг нь илэрхийлсэн зан, орон зайтай болно. Ингэснээр өөрийгөө чухал хүн шүү гэдгийг мэдрэн хайр дүүрэн, өөртөө итгэлтэй хүн болж төлөвшдөг.

Гэхдээ хүүхдийн сонирхол ойр ойрхон өөрчлөгдөж байдаг болохоор нэг хоёр жил хэрэглээд уйдахааргүй тавилгууд сонгох хэрэгтэй. Харин орны даавуу, хөшиг, ханын өнгө, декорацууд зэргийг нь сонирхлынх нь дагуу шинэчлээд байж болно. 

- Өнгөний зохицлын талаар мэдлэг болох зүйлс хуваалцахгүй юу?

- Өнгөний хүрдийг ашиглан өнгөний зохицлыг зөв гаргах боломжтой. Аналог буюу дараалсан өнгөнүүд нь хүнийг тайвшруулж амраадаг. Жишээлбэл, ногооноос цэнхэр рүү ууссан гэх мэт. Харин комплементари буюу эсрэг байгаа өнгөнүүд нь анхаарал татсан сонирхолтой уур амьсгал бүрдүүлдэг. Жишээлбэл хөх - улбар шар гэх мэт. 

- Ярилцсанд баярлалаа.