Индэр    
2021 оны 9 сарын 29
Зураг
iKon.mn сэтгүүлч

Д.Золжаргал: Холливудад хийсэн дэлхийн түвшний уран бүтээлд оролцсон минь нэр төрийн хэрэг

Зураг

Энэ сарын эхээр нээлтээ хийсэн, “Marvel” кино компанийн шинэ бүтээл болох "Shang-Chi and the Legend of the Ten Rings" кино Хойд Америкийн BOX оффисыг дөрөв дэх долоо хоногтоо тэргүүлж байна.

Дэлхийн хэмжээний тус уран бүтээлд монгол орлон тоглогчид ажилласан бөгөөд тэдний төлөөлөл болох Д.Золжаргалтай цөөн хором ярилцсанаа хүргэе.

​Тэрбээр дизайнер мэргэжилтэй бөгөөд сонирхлынхоо дагуу орлон тоглогчоор давхар ажилладаг болохоо хуваалцсан юм. 

Үзэгчид болон кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байгаа тус кино өнөөдрийн байдлаар дэлхий даяар 363.4 сая, дотооддоо 196.5 сая ам.долларын орлого олж, 2021 оны байдлаар хамгийн их ашиг орлоготой дотоодын киногоор нэрлэгдэж байна. 



- Марвелийн "Shang-Chi and the Legend of the Ten Rings" уран бүтээл кино сонирхогчдын ярианы сэдэв болж байгаа энэ үед хором ярилцах болсондоо таатай байна. Тус кинонд монгол орлон тоглогчид хэрхэн тоглох болсон түүхээс хуваалцахгүй юу?

- Энэ өдрийн мэндийг хүргэе. "Марвел" студийн Шанг-Чи киноны эхний хэсэгт гардаг морьтой тулааны хэсэгт орохоор 11 хүний бүрэлдэхүүнтэй багийнхан Австралийг зорьсон. Зорьсон ажлаа бүтээгээд, дахин газрын тулааны шалгаруулалт хийгдэхэд нь оролцоод таван хүн нь үлдэж ажилласан. Өөрөөр хэлбэл, дөрвөн орлон тоглогч, нэг орчуулагчийн хамтаар кино багийнхантай үлдсэн. Уг төсөлд оролцонгоо гоё боломжуудтай таарч, ажилласандаа баяртай байгаа. Миний хувьд дизайнер мэргэжилтэй бөгөөд сонирхлынхоо дагуу орлон тоглогчоор давхар ажилладаг. 

- “Монгол орлон тоглогч" холбооны талаар товч танилцуулна уу? 

- Монголын орлон тоглогч нарын холбоо гэж байдаг. Орлон тоглогчид гадаадын том кино уран бүтээлд ажиллахдаа Монгол Улсынхаа нэрэн дор нэгдсэн нь ийнхүү холбоо болон өргөжсөн. Холбооноос одоогийн байдлаар “Марко Поло” цуврал, “Мулан”, "Шанг-Чи" зэрэг гадаадын төслүүд дээр ажиллаад байна. Өөрөөр хэлбэл, орлон тоглогчид тус бүрдээ ажилтай, хувьдаа уран бүтээл хийдэг ч гадагшаа явахдаа "Mongol Stunt" нэрийн дор нэгдээд явдаг.

 
Хувийн архиваас

- "Шанг-Чи" кино нь Азийн хамгийн анхны супер баатрын тухай кино гэдгээрээ онцлог. Багт нь орж ажилласан хүний хувьд төрсөн мэдрэмжээсээ хуваалцаач? 

- Дотор нь ажилласан болохоор ч тэр үү кино гэдэг үүднээс хүлээж авч чадахгүй байгаа. Таны хэлснээр тус уран бүтээл нь Холливудад хийгдсэн Азийн анхны супер баатартай кино гэдэг утгаараа их өвөрмөц байсан. Кино багийнхны хувьд маш чадварлаг байсан ба олон мундаг жүжигчин тоглосон. Киног үзсэн хүмүүс эхнээсээ өөрсдийн дүгнэлтээ хийж байгаа байх. Холливудад хийсэн дэлхийн түвшний уран бүтээлд Ази хүний төлөөлөл болон оролцсон минь нэр төрийн хэрэг. 

- Хэний орлон тоглогчоор ажилласан бэ?

- Би гурван жүжигчин буюу "Шанг-Чи" болон хоёр туслах дүрийн орлон тоглогчоор ажилласан. 

 
Хувийн архиваас

- Хэдий хэр хугацаанд ажилласан бэ? 

- Нэг сар ажиллана гэж яваад есөн сар болчхоод ирсэн. Дунд нь гурван сарын хугацаанд КОВИД-19-өөс шалтгаалаад завсарлага авсан. Цар тахлын үед гэрээсээ хол байсныг эс тооцвол ажиллах үеэр бол хүндрэл бэрхшээл байгаагүй.

- Тус кинонд ажилласнаар магадгүй та өөрийгөө олон талаар нээсэн болов уу. Өөртөө олж авсан шинэ зүйлээсээ хуваалцаж болох уу? 

- Тийм ээ, өөрийгөө шинээр нээсэн зүйл их байсан. Хамгийн гол нь хүн өөрөөсөө зарцуулж чадах хүчээ зөв хуваарилах нь илүү чухал гэдгийг ойлгосон.

 
Хувийн архиваас

- Хамгийн шилдэг орлон тоглогч гэдгийг Та хэрхэн тодорхойлох вэ?

- Орлон тоглогч бүр өөрийн гэсэн чадвартай. Морины, мотоциклын, тулааны орлон тоглогч гэх мэт. Өөрийн чадах зүйл дээрээ шилдэг нь байвал тэр хүн сайн орлон тоглогч гэгдэх байх. Үүн дээр нэмээд багаар ажиллаж чаддаг, хамт ажиллаж байгаа хүмүүстээ эерэг эрч хүч өгч чаддаг байвал илүү давуу талтай гэж боддог.

- Монгол орлон тоглогчдын ур чадвар олон улсын түвшинд хэрхэн үнэлэгддэг вэ?

- Ур чадварын хувьд монгол орлон тоглогчид илүү гарна уу гэхээс дутах зүйл байдаггүй. Гэхдээ манайхны хувьд хэл л асуудал болдог шиг санагддаг. Гадаад хэлгүй бол гадагшаа гарч ажиллахад хүндрэлтэй. Мөн дээр хэлсэнчлэн багаар ажиллаж чадахгүй бол том дутагдал.

- Орлон тоглогчийн ажил их эрсдэлтэй санагддаг. Ер нь гаднын зах зээлд орлон тоглогчийг хэрхэн үзэж, хэрхэн үнэлдэг вэ?

- Орлон тоглогч бол хамгийн эрсдэлтэй ажил. Гаднын улс орнуудад кино багийнхан ч тэр, жүжигчид нь ч тэр орлон тоглогчдыг маш их хүндэлдэг. Учир нь орлон тоглогчидгүй бол тухайн киноны нарийн хийц, онцлог, ур чадвар харагдах боломжгүй. Тэр утгаараа их хүндэтгэлтэй гоё ажил.

 
Хувийн архиваас

- Мэргэжлийн орлон тоглогч болоход тухайн хүн өөрийгөө хэрхэн бэлдсэн байх шаардлагатай вэ?

- Ер нь орлон тоглогч хүнээс бүх талын ур чадварыг шаарддаг. Гэхдээ миний бодлоор бие бялдар, спортлог ур чадвараас илүүтэйгээр жүжиглэх ур чадвараа сайн бэлдсэн байх хэрэгтэй болов уу. Учир нь зураг авалт дээр жүжигчинтэйгээ харьцаж, адилхан хувирал гаргахад камертай харьцахаас эхлээд жүжиглэх ур чадвар их шаарддаг.

- Таны энэ салбар дахь дараагийн зорилго юу вэ?

- Өөрийгөө улам их хөгжүүлэхийг хүсэж байна. Боломж олдвол олон гоё төсөлд орж ажиллана. 

- Ярилцсанд баярлалаа.

"Шанг Чи-10 бөгжний домог" киноны трэйлэр