Зураг
Зураг
Индэр    
2021 оны 9 сарын 14
Зураг
iKon.mn сэтгүүлч

Б.Дашням: Хийсэн филтерүүдийг минь гадаадын одууд хэрэглэж, нийт хандалт 4 тэрбумд хүрэхэд маш их урам авсан

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Техник технологийн эрин үетэй хөл нийлүүлэн алхаж, өөрийгөө тус талбарт хөгжүүлдэг залуус олон. 

Тэдний нэгэн төлөөлөл бол Б.Дашням. 17 настай ахлах ангийн сурагч тэрбээр инстаграмын 100 гаруй филтер хийж, дөрвөн тэрбумын хандалт авсан нь бахархам амжилт яах аргагүй мөн билээ. 

Б.Дашнямтай Augmented Reality (AR) инстаграм филтерийн талаар ярилцсанаа хүргэе.

Инстаграм хаяг: thexicko



- Сүүлийн үед технологийн хөгжлөөс хоцрохгүйн тулд өөрсдийгөө хөгжүүлдэг, аливааг туршиж үздэг залуус олон болсон. Чамайг бас тэдний нэг байгаад баяртай байна. Уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу? 

- Сайн байна уу, намайг Батбаярын Дашням (nickname XICKO-оор олонд танигдсан) гэдэг. Одоо 17 настай. Сүхбаатар дүүргийн 6-р сургуулийн 12 дугаар ангийн сурагч. Чөлөөт цагаараа Augmented Reality (AR) инстаграм филтер хийх, англи хэл сурах дуртай. Мөн турник гимнастикаар хичээллэдэг. Багаасаа компьютер, гар утсан дээрээ янз бүрийн зүйлс сонирхож хийдэг байсан. Жишээлбэл, график дизайн, видео эдит, код бичих, тоглоом тоглох, бас youtube суваг хөтөлдөг байсан. 

- Англи хэлийг бие дааж сурдаг байх нь, тийм үү? 

- Тийм ээ. Англи хэлний ямар нэг сургалтад суугаагүй, сонирхлоороо сурсан. Миний үздэг, сонсдог, ярьдаг, биширдэг ихэнх зүйлс англиар байсан учраас аяндаа дасаж, сурсан. Одоо үед заавал сурч мэдэх ёстой хэл бол англи хэл. Би гадаадад сурах төлөвлөгөөтэй болохоор удахгүй IELTS-ийн шалгалт өгч, өндөр оноо авахыг зориод бэлдэж байгаа.

Мөн удаан хугацаагаар компьютер дээр суугаад нуруу өвдсөн учраас ямар нэгэн спортоор хичээллэх хэрэгтэй болсон. Тэгээд гудамжны турник болон спортын гимнастикаар хичээллэж эхэлсэн. Энэ нь ч зөв шийдвэр байсан бөгөөд энэ спортдоо дурлаж, их цаг гаргадаг болсон. Хоёр тохойгоо гэмтээсэн байгаа учраас одоохондоо завсарлага авсан. 

- Augmented Reality инстаграм филтер гэдгийг тайлбарлахгүй юу? 

- Augmented Reality буюу өргөтгөсөн бодит байдал нь аливаа компьютер графикийг жинхэнэ амьдрал, бодит байдал дээр компьютер технологийн тусламжтайгаар нэмж өгдөг хагас виртуал орчин юм. Өөрөөр хэлбэл, инстаграм AR филтер нь гар утасны камер болон мэдрэгчүүдийг ашиглан хагас виртуал орчныг бүрдүүлдэг. Хамгийн анх 2015 онд Snapchat нь AR Filter гаргаж байсан бөгөөд тэрнээс хойш энэ технологи өдрөөс өдөрт хөгжсөөр байгаа.

Б.Дашням: Филтерийг би чөлөөт сэтгэхүйгээ илэрхийлэх нэгэн арга гэж боддог. Гоё зохиомж санаатай, нямбай сайн хийцтэй бол урлагийн бүтээл л гэсэн үг

 
Гэрэл зургийг MPA.mn

- Анх хэрхэн филтер хийхээр болсон түүхээсээ товч хуваалцаач? 

- Анх инстаграм ухаад явж байхад янз бүрийн филтерүүд хүмүүсийн стори дээр гарж ирдэг байсан. Тэр үеэс буюу 2019 оны сүүлчээр анх сонирхоод филтер хийж үзэж байсан. Он гараад вирус тархаж, хөл хорио тогтоох үед гэртээ хобби болгон хийж эхлээд одоог хүртэл хийсээр байгаа. Одоогийн байдлаар 100 гаруй филтер хийж, нийт дөрвөн тэрбум 400 сая хандалт авсан. (Youtube-ийн үзэлт шиг харагддаг).

Дэлхийн том артистуудаас миний филтерүүдийг хэрэглэсэн. Нэр дурдвал Америкийн реппер Lil Nas X, Өмнөд Солонгосын реппер CL болон Оросын Азербайжан гаралтай поп хамтлаг (ихэр) Rauf & Faik хэрэглэсэн. Магадгүй миний мэдээгүй өөр одууд зөндөө байгаа байх \инээв\. Гэхдээ би статистикт анхаарал тавихаа больсон.

 

(2021 оны есдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар)

2020 оны долдугаар сард Rauf & Faik (Детство дуугаараа алдаршсан) ихрүүдийн нэг, Faik намайг инстаграмаар дагаж миний филтерүүдийг хэрэглэж, надтай харьцаж эхэлсэн. Ийнхүү хийсэн филтерүүдийг маань гадаадын одууд хэрэглэж, мөн нийтдээ дөрвөн тэрбум хандалт хүрсэн нь маш их урам өгсөн.

- Филтерээр юу хийж болох вэ?

- Филтерийг би чөлөөт сэтгэхүйгээ илэрхийлэх нэгэн арга гэж боддог. Гоё зохиомж санаатай, нямбай сайн хийцтэй бол урлагийн бүтээл л гэсэн үг. Сошиал медиан эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт өсөхийн хэрээр филтерүүд ч бас их олон хүнд хүрч байгаа. Хамгийн гол нь филтер сүүлийн жилүүдэд маркетингийн нэг өвөрмөц шийдэл болсон.

 

- Өвөрмөц шийдэл гэдэг нь их содон сонсогдож байна шүү. Арай тодруулаад ярихгүй юу? 

- Дуучид шинэ цомгоо, том брэндүүд бараа бүтээгдэхүүнээ, кино компаниуд шинэ киногоо сурталчлах гэх мэт юу ч байж болно. Өөрөөр хэлбэл, филтер нь тухайн брэнд үйлчлүүлэгчидтэйгээ илүү ойр дотно байх боломжийг бий болгодог гэж боддог. 

Та гоо сайхны бүтээгдэхүүн авахынхаа өмнө зүгээр зураг бичлэгээс харж авахаас илүүтэй өөр дээрээ туршиж үзээд авахыг илүүд үзнэ. Тэр утгаараа ихэнх үйлчлүүлэгчид AR зар сурталчилгааг сонгоно гэж бодож байна. Жишээлбэл, GucciLouis VuittonZARA, Dua Lipa гэх мэт том брэндүүд болон уран бүтээлчид бүгд өөрийн гэсэн филтертэй. 

- Чиний хувьд филтерээр ашиг олж байсан удаа бий юу?

- Яах вэ, ашиг олж болно. Гэхдээ гадаадад дөнгөж хөгжиж яваа учраас баттай ашиг олно гэж байхгүй, үйлчлүүлэгч олох хүндрэлтэй. Бүтээгчид одоохондоо брэнд, байгууллага, инфлюенсер, компани, алдартнууд, чөлөөт уран бүтээлчдэд филтер хийж өгч, ашиг орлого олдог. Би байнгын нэг үйлчлүүлэгчтэй. Бас сонирхсон хүмүүст филтер доторх график элементүүдийг бэлнээр зардаг. Өнгөрсөн наймдугаар сард сая гаруй төгрөгийн ашиг олсон. \Монголоос биш\

- Филтер хийхэд ерөнхий болон чамд тулгамддаг асуудал чинь юу байдаг вэ, хөгжүүлэлтээ хүссэн хэмжээндээ хийж чаддаг уу?

- Бүтээгчид ихэвчлэн орлоготой байхын тулд үнээ унагааж ажиллах явдал их гардаг. Энэ нь надад ч бас их тохиолддог. Монголд дандаа сонирхлоороо хийдэг хүмүүс цөөнгүй байдаг харагдсан. Ашиг олох боломжгүй байдаг болохоор тэр байх. 

Мөн өөр нэг тулгамддаг зүйл нь техникийн хязгаарлагдмал байдалд баригдаад чадварын түвшнээ ахиулж чаддаггүй. Зургаа, долоон жилийн өмнө эгчийнхээ хэрэглэж байгаад өгсөн нөүтбүүк дээр бүх зүйлээ хийсээр яваа. Хүчин чадал муутай нөүтбүүк учраас чадвараа дараагийн түвшинд хүргэх боломжгүй байсаар л байна. Ганц филтер хийхэд ч биш, бусад сонирхдог зүйлсэд минь ч гэсэн их нөлөөлсөн. Хүчин чадал сайн компьютер авах гэхээр их үнэтэй. Дээрээс нь гэр бүлийн санхүүгийн байдал сайнгүй болохоор нэхэхийг ч хүсдэггүй юм. Гэхдээ зүгээр дээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

- Филтерээ хэрхэн үнэлдэг вэ? 

- Би хувьдаа филтерээ хэр цаг зарцуулж хийснээсээ шалтгаалан үнэлдэг. Ер нь бол мэргэжлийн түвшинд ажилласан цагаар нь үнэлдэг гэж сонсож байсан. Сайн мэдэхгүй байна. 

- Сонирхсон хүн бүр филтер хийх боломжтой юу, ямар программ ашиглахыг санал болгох вэ? 

-Хүн болгон программыг нь татаад үнэгүй хийж эхэлж болно.  Youtube дээр таныг хийж эхлэхэд чинь туслах олон tutorial зааврууд байгаа. Гэхдээ танд ерөнхий англи хэл болон график дизайны мэдлэг чадвар хэрэг болно. Миний хувьд филтер хийж эхлэхэд үндсэн мэдлэгүүд нь байсан болохоор амар байсан. Хэрэглэж сурах программууд:

  • Spark AR 
  • Adobe Photoshop
  • Adobe Lightroom
  • Adobe After effects
  • Blender 

- Дөнгөж хийж эхэлж байгаа анхлан сурагчдад хэлэх зөвлөгөө байна уу?

- Би зөвлөгөө өгөх хэмжээний мундаг хүн биш ээ. Өөрийн туршлагаасаа харвал, филтер хийж эхэлж байгаа бол шууд мөнгө олно гэж бодох хэрэггүй. Юун түрүүнд анхан шатны мэдлэгийг сайн сурч, дараа нь үйлчлүүлэгчдийнхээ хүссэн хэмжээнд хийдэг болох хэрэгтэй. Мөн хүмүүс филтерийг чинь хэр сонирхсон зэрэг статистик тоогоо хараад хүндээр хүлээж авах хэрэггүй гэж хэлмээр байна. Хүн бага ашиглаж байлаа гээд муу филтер болсон гэсэн үг биш. Үнэхээр гоё филтерүүд хийсэн байлаа ч хүмүүс бага ашиглах явдал байдаг юм (инээв).

Нэмж хэлэхэд, манай улсад энэ салбарын эрэлт хэрэгцээ сайжраасай гэж хүсдэг. 

- Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.