Индэр    
2021 оны 9 сарын 3
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Б.Солонгоо: "Оюу толгой" компани 2038 он хүртэл ашгийн татвар буюу ААНОАТ төлөхөөргүй байгаа нь анхаарах л асуудал

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Оюу толгой" төслийн талаар олон жил яригдаж ирсэн асуудлууд шийдэгдэх нь гэсэн хүлээлт үүсээд байна.

"Рио Тинто" компани анх удаа Монголын талын зээлийн хүүг бууруулах боломжтой гэдэг байр суурь илэрхийлж, Засгийн газарт тодорхой саналууд тавиад байгаа. Тэгвэл Засгийн газар энэ саналуудыг хэрхэн хүлээн авч, цаашид төслийн үр ашгийг яаж нэмэгдүүлэх саналтай байгаа талаар Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн, ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга Б.Солонгоотой ярилцлаа. 



-"Рио Тинто" компаниас Засгийн газартай зөвшилцөх талаар саналаа ирүүлсэн. Засгийн газар ямар хүлээлттэй байсан бэ. Ирүүлсэн албан бичигт тусгасан саналууд нь Засгийн газрын өмнө нь тавьсан шаардлагуудад нийцсэн гэж үзэж байгаа юу? 

-Засгийн газрын Ажлын хэсэг аль болох зөвшилцөж, Оюутолгой төсөлтэй холбогдож үүсээд байгаа асуудлыг харилцан ашигтайгаар шийдвэрлэж, Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

”Рио Тинто”, “Туркойс Хилл Ресурсэс” компаниудаас ирүүлсэн албан бичигт дурдсан гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсонтой холбогдуулан "Оюу толгой" компанид эзэмшдэг манай 34%-д ногдох зээлийн хүүг бууруулж, зээлийн хэмжээг багасгах болон ₮1 их наяд төгрөг гурван жилийн хугацаанд төлөх гэгчлэн тусгасан саналуудыг бид сайтар судалж, хэлэлцэнэ. 

Төслийн хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэх нь манай улсад ирэх ногдол ашигт сөргөөр нөлөөлдөг. Учир нь бид 34%-ийн хувь эзэмшилд ногдох хөрөнгө оруулалтыг "Туркойс Хилл Ресурсэс" компаниас зээл авч санхүүжүүлдэг. Одоогийн байдлаар энэ зээлийн хүү жилийн 6.5%+LIBOR (Лондоны банк хоорондын суурь хүү) байдаг. Энэ зээлийг бид ирээдүйд энэ төслөөс авах ногдол ашгаар эргүүлэн төлөхөөр анх тохиролцсон байдаг.  

Бид өмнө нь зээлийн хүүг бууруулах асуудлыг хөндөж тавьдаг байсан. Зээлийн хүүтэй холбоотой хэлэлцээг 2018 онд хийж байсан, өмнөх ажлын хэсгээс хүүг бууруулах санал тавьж байсан боловч "Рио Тинто" хүлээж аваагүй юм билээ. Бид энэ асуудлаар "Рио Тинто", TRQ компаниудтай ярилцана, Монгол Улсад ашигтай хувилбарыг судална, үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна. Энэ зээлийн асуудлыг нааштайгаар шийдвэрлэж чадвал Монгол Улсад ирэх ногдол ашиг төлөх хугацаа наашилж, бид татварын орлогоос гадна төслөөс ногдол ашиг авах боломжтой болно. 

-Засгийн газар болон "Рио Тинто"-ийн хооронд хэлэлцээр албан ёсоор эхлээгүй байхад ийнхүү РТ тодорхой санал гаргасан нь гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой болов уу. Дубайн гэрээг цуцалж шинээр байгуулна гэсэн Засгийн газрын байр суурь хэвээрээ байгаа юу? 

-Гүний уурхайн бүтээн байгуулалтад гарсан хүндрэлээс болж талуудын харилцаанд үүссэн бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор албан бичиг ирүүллээ гэж бид ойлгож байна. "Рио Тинто" компанийн, гүний уурхайн төсөлтэй холбогдуулж үүсээд байгаа асуудлуудыг шийдвэрлэж хамтын шийдэл олоход анхаарч санал гаргаж байгаа нь нааштай зүйл гэж харж байна. Бид саналыг судална. Ямар нөхцөл санал болгож байгааг судалж нягтална, "Рио Тинто"-оос тодруулж цаашид хэлэлцэнэ. 

Дубайн гэрээний тухайд Засгийн газрын Ажлын хэсэг Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан. Энэ тогтоолоор Оюутолгой төсөлтэй холбогдуулж 7 асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн. Тогтоолд Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах тодорхой чиглэлийг Засгийн газарт өгсөн.

Дубайн гэрээг анх байгуулахад эрх олгосон тухайн үеийн Ерөнхий сайдын захирамжуудыг илтэд хууль бус буюу хүчин төгөлдөр бус гэсэн шийдвэрийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сард гаргасан. Энэ баримт бичгийг анх байгуулахад процессын алдаатай байсан гэсэн үг л дээ. Тиймээс бид анхнаасаа процессын алдаатай байсан баримт бичгийг хүчингүй болгосны үндсэн дээр асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. "Рио Тинто" ч энэ асуудлыг судалж ярилцахад бэлэн байгаагаа илэрхийлж байсан. Бид яриа хэлэлцээний явцад 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх энэ асуудлыг шийдвэрлэнэ. 

-Гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгахад 1.4 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэсэн тооцоолол өмнө нь гарсан байсан. Энэ тал дээр Засгийн газар ямар шийдэл харж байна вэ?

-Гүний уурхайн ашиглалтад орох хугацаа хоёр жилээр хойшилж, хөрөнгө оруулалтын зардал 1.45 тэрбум орчим ам.доллар буюу 4 их наяд гаруй төгрөгөөр нэмэгдээд байгаагаас болж Оюутолгой ХХК нэмэлт санхүүжилт татах шаардлагатай болсон. "Рио Тинто" компаниас бидэнд нэг жилийн өмнө өгч байсан мэдээллээр 2.3 тэрбум орчим ам.долларын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж байсан бол одоо энэ дүн 1.4 тэрбум ам.доллар болж буурсан. Нэг талаас одоо авсан байгаа төслийн санхүүжилтийн 4.4 тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, нэмж зээл авах замаар энэхүү санхүүжилтийг босгохоор төлөвлөж байгаа талаар тохиролцсоноо "Рио Тинто", TRQ компаниуд олон нийтэд энэ оны дөрөвдүгээр сард мэдээлж байсан.

Санхүүжилт босгох талаар тодорхой саналыг Засгийн газрын Ажлын хэсэгт одоогоор ирүүлээгүй байна. Мэдээж бид тодорхой санал хүлээн авсны дараа энэ асуудлаар ярих боломж гарна гэж харж байна. Албан ёсоор мэдээлэл, санал ирүүлээгүй байхад асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар дүгнэлт, шийдэл гаргах эрт байна. 

-"Рио Тинто" компани гүний уурхайн бүтээн байгуулалтыг хойшлуулсандаа уучлалт гуйсан гэж ойлгосон. Энэ нь гүний уурхайн зардал хэтрүүлсэндээ уучлалт гуйж байна гэж ойлгож бас болохоор байгаа. Хэрэв тийм бол менежментийн төлбөрийн асуудал яригдах уу?

-Албан бичигт гүний уурхайн бүтээн байгуулалтад хүндрэл учирсны улмаас бидний харилцаанд хүндрэл гарсанд хүлцэл өчье гэсэн байна.

Ер нь бол гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудал энэ төслийн үр өгөөжийг их хэмжээгээр бууруулсан, нэмэлт санхүүжилт гэх мэт олон асуудал шийдвэрлэх шаардлагатай болж байна. "Рио Тинто" компани "Оюу толгой" компанийн менежментийг багагүй хэмжээний төлбөр авч хэрэгжүүлдэг. Гүний уурхайн хөрөнгө оруулалтын зардлын 3%, үйл ажиллагааны болон урсгал зардлын 6%-тай тэнцэх хэмжээний менежментийн төлбөр авдаг. Мөн менежментийн үйлчилгээ үзүүлэхэд гарсан бүх зардлаа "Оюу толгой" компаниар нөхөн төлүүлдэг. 

Дэлхийн томоохон уул уурхайн компани энэ төслийн менежментийг сайн хэрэгжүүлнэ гэдэгт бид итгэж анх гэрээ байгуулж байсан шүү дээ. Харамсалтай нь хөрөнгө оруулалтын зардал хэтэрч, төслийн гүйцэтгэл хангалтгүй байна.

Гүний уурхайн хугацаа хойшилж, зардал хэтэрсэн асуудлыг "Рио Тинто" компаниас хөрсний чулуулгаас болсон гэж тайлбарлаж байсан бол энэ тайлбарыг үгүйсгэсэн эргэлзээтэй мэдээллүүд ч гарч байсан. Эргэлзээг арилгах үүднээс хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулах саналыг тухайн үед ЗГХЭГ-ын дарга байхдаа Ажлын хэсгийг ахалж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2020 оны арваннэгдүгээр сард албан ёсоор хүргүүлж энэ асуудал шийдэгдэж байсан. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт наймдугаар сарын эхээр гарсан. Төслийн менежментийн алдаатай үйл ажиллагаанаас болж хугацаа хойшилж, зардал нэмэгдэх нөхцөл байдал үүссэн тухай уг дүгнэлтэд тодорхой дурдсан байна. Мэдээж "Рио Тинто" компанийн зүгээс бидэнд өнөөдрийг хүртэл өгч байсан тайлбараас зөрүүтэй дүгнэлтийг дэлхийн нэр хүндтэй шинжээчид гаргасан гэдэг дээр бид "Рио Тинто"-оос тайлбар авах шаардлагатай. "Рио Тинто" албан ёсны тайлбараа хараахан ирүүлээгүй байна.  

Бид хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд байгаа асуудлыг ярих шаардлагатай, дахиж ийм асуудал гаргахгүй байх, менежментийг илүү хариуцлагатай, үр ашигтай ажиллахад хандуулж, анхаарч, хяналт тавьж ажиллах хэрэгтэй байна. Тиймээс "Оюу толгой" компанийн ТУЗ-д тодорхой саналуудыг оруулахаар бэлдэж байна. Юун түрүүнд зардал хэтэрсэн асуудалд санхүүгийн аудит оруулах, төслийн гүйцэтгэлд тогтмол хяналт тавих талаар ажлууд хийгдэх шаардлагатай байна. Цаашлаад менежентийн төлбөрийг гарч буй зардалд биш харин гүйцэтгэлд суурилсан байдлаар төлөх асуудлыг судалж шийдвэрлэх шаардлагатай болов уу. "Рио Тинто" компани менежментийн төлбөрийн асуудлыг мөн эргэн харах боломжтой талаар өмнө нь мэдэгдэж байсан. 

-Томоохон төслүүд дээр хөрөнгө оруулалт, хугацаа хэтрэх нь байдаг л үзэгдэл гэж их тайлбарладаг. Одоо ч ийм байр сууриуд тааралдаж байна.

-Яг тийм, Засгийн газар зардал хэтэрч байгаа асуудалд хэт ач холбогдол өгч байна гэсэн шүүмжлэл байдаг. Гэхдээ хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх тусам Монгол Улсад энэ төслөөс ирэх үр өгөөж багасаж байгаа нь бидний санаа зовж, анхаарлаа хандуулах ёстой асуудал.

Өмнө нь дурдсан, ногдол ашгаас гадна бид дэлхийн хэмжээний том уурхайгаас зохих татварын орлого авах ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээгээр зардалд суурилсан татварын хөнгөлөлтүүдийг "Оюу толгой" компанид олгосон. Үүнээс улбаалж гүний уурхайн хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх тусам "Оюу толгой"-н Монгол Улсад төлөх аж ахуйн нэгжийн орлогын албан татвар багасахаар байна. Тодорхой жишээ дурдвал, гүний уурхайн босоо ам, дэд бүтцийн үндсэн хөрөнгөд шулуун шугамын аргаар 10 жилийн хугацаанд элэгдэл хорогдлын шимтгэлийг тооцохоор Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан. Гүний уурхайг дор хаяж 30 жил ашиглахаар төлөвлөж байгаа ч эхний 10 жилд нь оруулсан хөрөнгө оруулалтын зардлаа татвар ногдох орлогоос суутгахаар байна. "Рио Тинто"-оос гаргасан санхүүгийн тооцоололд "Оюу толгой" компани 2038 он хүртэл ашгийн татвар буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөхөөргүй байгаа нь анхаарах л асуудал.

-РТ компанийн зүгээс итгэлцлийг сэргээхэд нэлээд хүчин чармайлт гаргаж байгаа нь энэ удаагийн тавьсан саналаар илэрхийлэгдэж байна. Засгийн газрын тухайд татварын маргаанаа үргэлжлүүлнэ гэж хэлсэн. Цаашид, РТ-ийн тавьсан саналд ямар хариу өгөх төлөвлөгөөтэй байна вэ? Бусад асуудлаар Засгийн газрын байр суурийг тодорхой хэлж өгнө үү?

-"Рио Тинто" компани асуудлаа шийдвэрлэе гэж тодорхой саналууд гаргаж байгаа нь сайшаалтай хэрэг. Ирүүлсэн саналыг нухацтай судална.

Бид энэ төслийн хувьцаа эзэмшигчийн хувьд төслийн үр өгөөжийг сайжруулах, "Оюу толгой" ХХК-ийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэж, харилцан ашигтай хамтран ажиллах шийдлийг олоход анхаарч ажиллаж байна. Төслийг хамтран хэрэгжүүлж буй талууд бие биедээ харилцан хүндэтгэлтэй хандаж, итгэлцэлд суурилсан харилцаатай байвал энэ төслийг урт хугацаанд тогтвортой, үр ашигтай хэрэгжүүлэхэд дөхөм болно. Аль нэг тал буулт хийх гэхээсээ илүү бид асуудлыг харилцан үр ашигтай шийдвэрлэх гарцыг олоход анхаарах нь чухал. 

Нөгөө талаас, бид Монгол Улсын эрх ашгийг хамгаалж, төслөөс ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Ногдол ашиг бол бидний авах үр өгөөжийн нэг хэсэг. Татварын орлого ч мөн чухал.

"Рио Тинто" компани татварын арбитрын маргааныг түдгэлзүүлж зөвшилцөх талаар ярилцья гэж албан бичигт дурдсан байсан. Бид маргаан үүсгэсэн татварын акттай холбогдуулж 2018 оноос эхлэн РТ-той зөвшилцөхөөр уулзалтууд хийж байсан. "Рио Тинто" компани 2018 оны татварын актаар ногдуулсан 350 тэрбум төгрөгийг бууруулж тохиролцох саналыг өмнө нь тавьж байсан юм билээ. Засгийн газар үндэслэлтэй татварын акт гарсан гэж үзэж байгаа учраас үнийн дүнг бууруулах байдлаар тохиролцох нь зарчмын хувьд зөвшөөрөх боломжгүй. Тиймээс маргааныг нэг тийш нь шийдүүлэх зорилгоор арбитрын маргаан үүсээд явж байна. Бид "Оюу толгой" компанид ногдуулсан татварын актууд үндэслэлтэй гэж үзээд байр сууриа хамгаалж байна. Нөгөө талаас энэ бол Засгийн газрын эхлүүлсэн маргаан биш. "Оюу толгой" компанийн нэхэмжлэлтэй маргаан шүү дээ. 

Ярилцлагын эхэнд дурдсанчлан Засгийн газрын Ажлын хэсэг нь Оюутолгой ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан. Бид энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд яриа хэлэлцээнд бэлтгэж байна. Бидний яриа хэлэлцээний ерөнхий удирдамж тэгэхээр 92 дугаар тогтоол юм. Үүнийг бүх тал сайн мэдэж байгаа. 

-Засгийн газар яриа хэлэлцээг сунжруулж, төслийг зогсоох эрсдэл үүсгэж байна гэсэн болгоомжлол байна. Төсөл зогсох хэмжээний эрсдэл үүсэх эсэх дээр ямар хариулт өгөх вэ?

-Засгийн газар "Оюу толгой" төслийг дэмжиж ажилладаг. Гүний уурхайг аль болох хурдан ашиглалтад оруулахыг дэмждэг. "Рио Тинто" компанид энэ талаар тодорхой санал, шаардлага гаргадаг. Бид төсөлтэй холбоотой асуудлыг ярилцаж харилцан ашигтай хамтын шийдэл олохыг эрмэлзэх нь төслийг зогсооно гэсэн үг биш. Бид төслийг зогсоох, гацаах ямар ч нөхцөл байдал үүсээгүй гэж харж байна. Тийм эрсдэл байхгүй. Харин ч гүний уурхайн төсөл аль болох хурдан хугацаанд дуусвал оролцогч бүх талд ашигтай. "Рио Тинто" компани ч гэсэн дэлхийн уул уурхайн компанийн хувьд энэ төслийг амжилттай дуусгах нь тус компанийн нэр төрийн хэрэг байх, гэрээгээр хийх ёстой ажил нь шүү дээ.

"Оюу толгой" төсөл бол "Рио Тинто" компанийн үйл ажиллагаа төмрийн хүдрээс хэт хамааралтай байгаагаас үүдэх эрсдэлийг бууруулах, зэсийн салбарт олборлолтоо нэмэх боломж олгох хамгийн чухал төсөл гэж шинжээчид үздэг. Тиймээс Засгийн газар төслийн үр ашгийг сайжруулах, маргаан үүсгэдэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор тодорхой санал, шаардлага гаргах нь төслийг зогсооход эрсдэлийг үүсгэхгүй. Харин ч маргаан байнга дагуулдаг асуудлаар ойлголцож, зөвшилцөлд хүрэх нь энэ төслийг урт хугацаанд амжилттай хэрэгжүүлэх суурь болно.  

-Засгийн газраас байгуулсан Ажлын хэсэг нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй байгаа. Энэ Ажлын хэсгийн гишүүд дотроо ойлголцож, нэг байр сууринд хүрч чадсан уу?

-Өргөн бүрэлдэхүүнтэй гээд ойлголцоход түвэгтэй гэсэн үг биш. Аль болох байр сууриа нэгтгэж, Монгол Улсын эрх ашгийг хангуулахын төлөө ажиллаж байна. Нэгдмэл байр суурьтай байвал яриа хэлэлцээ хийхэд дөхөмтэй, маргаан үүсэхээс сэргийлж чадна. 

-"Рио Тинто"-той хэзээ хэлэлцээр хийх вэ. Уулзалтын тов тодорхой байгаа юу?

-Одоогоор тодорхойгүй байна. "Рио Тинто" компанийн талаас албан ёсоор уулзалт хийх хүсэлт гаргаагүй байна.