Индэр    
2021 оны 7 сарын 26
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Уэнди Рут Шермэн: АНУ Монголын эдийн засгийг дахин сэргэхэд туслахад бэлэн байгаа

 
Гэрэл зургийг MPA.mn

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч, хатагтай Уэнди Рут Шерман Япон, БНСУ-д очсоныхоо дараа долдугаар сарын 23-25-нд Монгол Улсад айлчлалаа үргэлжлүүлсэн юм. Тэрбээр 1993 оноос хойш АНУ-ын дипломат албанд удаа дараа зүтгэхдээ Монгол Улсад ийнхүү анх удаа хөл тавьж байгаагаа ярилцлагын эхэнд онцлоод айлчлалаа дүгнэн дараах байр суурийг илэрхийлэв. 

“Би Монгол Улсад зочилсондоо маш их баяртай байна. Монгол Улсын стратегийн түнш, гуравдагч хөрш байгаагаараа АНУ бахархдаг. Манай хоёр орон ардчилал, чөлөөт худалдаа болон бизнес, хууль дээдлэх ёсыг сахих хийгээд хүний эрх, эрх чөлөөг дээдлэх үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж ирсэн.   

 Өчигдөр миний би Гадаад харилцааны сайд болон дэд сайд, УИХ-ын даргатай уулзаж, бүс нутгийн аюулгүй байдлын чиглэлээрх хамтын ажиллагаа, COVID-19 цар тахлын эсрэг хамтын хүчин чармайлт болоод бусад асуудлаар өргөн хүрээнд нээлттэй бөгөөд үр дүнтэй яриа хэлэлцээг хийлээ. 

Түүнээс гадна Чойжин ламын музейгээр зочилж, Монголын уламжлалт уран бичлэгийн ер бусын үзүүлбэрийг үзэх боломж тохиов. Монгол Улс шашин шүтэх эрх чөлөөг дээдлэн, уламжлалт соёлоо хадгалж ирсэн нь бүс нутаг төдийгүй дэлхий дахинд үлгэр жишээ болдог. 

АНУ-ын Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сангаар дамжуулан Чойжин ламын сүм музейг сэргээн завсарлахад тусалж, Монгол дахь бусад соёлын үнэт зүйлсийг хадгалах үйлсэд дэмжлэг болж байгаад бахархаж байна. 

Түүнчлэн Афганистан дахь энхийг сахиулах ажиллагаанаас саяхан буцсан Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын бие бүрэлдэхүүнтэй уулзах боломж олдсонд таатай байгаагаа илэрхийлье. Сүүлийн 20 орчим жилийн хугацаанд Монголын зэвсэгт хүчний алба хаагчид Афганистан дахь АНУ болон НАТО-гийн цэргүүдтэй мөр зэрэгцэн, нэр төртэй, баатарлагаар үүрэг гүйцэтгэж ирсэнд АНУ гүн талархаж буй. 

АНУ Монголын эдийн засгийг илүү сайнаар дахин сэргэхэд туслахад бэлэн байгаа бөгөөд монголчуудад эдийн засгийн боломж олгох зорилгоор АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг(USAID) өнгөрсөн онд Монгол дахь үйл ажиллагаагаа сэргээж, хөтөлбөрөө өргөжүүлж эхлээд байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хэдийн тодорхой хөрөнгө оруулалтууд хийгдэж эхэлсэн. Үүнд, ЖДҮ-ийг хөгжүүлэхэд 15 сая ам.доллар, эрчим хүчний салбарт техникийн туслалцаа үзүүлэх 12 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг дурдаж болно. Мөн Мянганы сорилтын сангийн компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ундны усны чанарыг сайжруулах 350 сая ам.долларын санхүүжилт батлагдсан. Энэ бүхэн ямар чухал ач холбогдолтой дэмжлэг болж байгааг, энд байхдаа олж мэдсэн бүхнээ USAID-ийн тэргүүн Саманта Пауэр найздаа хэлэх болно. Тэрбээр монголчуудтай хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх нэмэлт арга замыг заавал эрэлхийлэх болно” гэдгээ хэллээ. 



 
Гэрэл зургийг MPA.mn

Хатагтай Уэнди Рут Шерман Монгол Улсад хийж буй айлчлалаа ийнхүү өндөрлүүлэхийн өмнө цөөн хэвлэлд ярилцлага өгснийг хүргэж байна. 

-АНУ, Монгол Улс стратегийн түнш болсон. Шинэ Ерөнхийлөгч ирэх дөрвөн жилд Ази, Номхон далайн бүс нутаг, тэр дундаа Монгол Улсад ямар бодлого барих вэ? Ялангуяа, эдийн засаг, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд ямар ахиц гарах нь анхаарал татаж байна. 

-Манай хоёр орны Стратегийн түншлэл бол маш чухал. Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Жо Байден Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчид баяр хүргэн захидал илгээхдээ Монгол Улстай стратегийн түншлэлээ цаашид бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Улс төрийн аль нэг намаас үл хамааран энд байгаа бүхий л хүн АНУ болон Монгол Улсын түншлэлийг бидний хамтын үнэт зүйлд тулгуурлан дэмждэг гэдэгт бид итгэдэг. 

Эдийн засгийн хамтын ажиллагааны тухайд бид маш их хичээж ажиллах болно. 

-Манай улсын хувьд АНУ-ын Конгресст өргөн баригдсан Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль маш их ач холбогдолтой юм. Энэхүү хуулийг батлах явц ямар шатанд байгаа талаар Та мэдээлэл өгөхгүй юу?

-Та бүхний мэдэж байгаачлан АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хуулийг дахин оруулаад буй. Конгресс хэрхэн ажиллах талаар миний бие тайлбар хийх нь зохистой бус хэдий ч Вашингтон манай стратегийн түншлэл, манай орнуудын эдийн засаг, худалдааны илүү нягт харилцааг хөгжүүлэхэд хоёр намын зүгээс хүчтэй дэмжлэг үзүүлдэг гэдгийг хэлье.

Бид Монгол Улсын ноолуурын үйлдвэрлэлийн хөгжил, тэр дундаа нэмүү өртөг шингэсэн ноолууран бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд хэдийн дэмжлэгээ эхлүүлсэн. 

USAID хамгийн сүүлд л гэхэд монгол ноолуурын брэндийг таниулах, нэмүү өртгийн тогтвортой, урт хугацааны сүлжээг өргөжүүлэх талаар ноолуурын үйлдвэрлэлийн салбарын хөгжилд чухал судалгааг дэмжсэн.

Монгол ноолуур маш чанартай тул Америкийн хэрэглэгчид дуртай байдаг. Америкчуудад  монгол ноолуурыг улам сайн таньж мэдүүлэхэд илүү их зүйл хийх боломжтой. 

-Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль өнгөрсөн сард болсон. Шинэ Ерөнхийлөгч хоёр улсын харилцаанд ямар дэвшил авчирна гэж Та харж байна вэ?

-Монгол Улс зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгосонд, Монгол Улсад ардчилал тасралтгүй хөгжиж байгаа нь гайхалтай. Дээр дурдсанчлан Ерөнхийлөгч Байден баярын захидал илгээсэн. Үнэндээ бид тангараг өргөх ёслол болон Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан төлөөлөгчдөө илгээх байсан ч COVID-19-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор сэрэмжилсэн. Гадаадын төлөөлөгчид Монгол Улсын болон бусдын аюулгүй байдлын төлөө  ирээгүй нь цаанаа бодолтой байгаа хэрэг. Энэ нь харилцааны чухал зүйл гэж бодож байна.

Миний бие Хятадад очихоосоо өмнө Япон, БНСУ, Монгол гэсэн ардчилсан, хамтын үнэт зүйлтэй орнуудаараа зочилсон бөгөөд ОХУ-тай Стратегийн яриа хэлэлцээ хийх юм.

Манай хоёр орны стратегийн түншлэл нь ардчиллын хүч, ардчилал нь иргэддээ ашиг тусаа өгч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч Жо Байден, Ерөнхий нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар үзэж байгаа гэж бодож байна. Тиймээс танай шинэ Ерөнхийлөгч үүнийг үргэлжлүүлнэ хэмээн харж байна.

-Та Монголд айлчлах хугацаандаа Монголын шашин шүтлэг, хүний эрхийн асуудлаар манай албаны хүмүүстэй ярилцсан гэж байсан. Яагаад энэ асуудлуудыг чухалчилсан бэ?

-Бид айлчлалын явцад бүхий л асуудлыг өргөн хүрээнд чухалчилж авч хэлэлцсэн. Үүнд эдийн засаг, Орос, Хятад, Хойд Солонгос, бүс нутгийн аюулгүй байдал зэргийг нэрлэж болно. Түүнчлэн хүний эрх, эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөө, үг хэлэх эрх, ЛГБТ нарын эрхийн асуудлаар ч ярилцсан. Бид ардчилсан орнууд учраас хүний эрх, үг хэлэх болон шашин шүтэх эрхийг чухалчилдаг. Монгол Улс энэ талаараа үнэхээр Азидаа тэргүүлэгч бөгөөд бүс нутгийн болон дэлхийн ардчиллын илэрхийлэл болон замнахдаа өнгөрсөн үеийн уламжлал соёлоо, улсынхаа мөн чанарыг алдалгүйгээр хадгалж ирж чадсан.

​​Тийм ч учраас шашин шүтэх эрх чөлөө хэчнээн чухал, Монгол Улсын шашны түүх улс орны хувьд болон онцлог шинж чанарын хувьд хэр үнэ цэнэтэй болохыг харах маш их сэтгэл хөдөлгөм байлаа. Энэ бол үнэхээр гайхалтай бөгөөд дэлхий нийтийн хувьд ч маш чухал юм.

 
Гэрэл зургийг MPA.mn

-Монголд айлчлалаа дуусгаад Хятад болон Орос улсад очно гэж ойлголоо. Энэ тухай Таны айлчлалын мэдээнд дурдагдаагүй байсан. Айлчлалын хөтөлбөртөө гэнэт өөрчлөлт оруулах болсон шалтгааныхаа тухай ярихгүй юу?

-Энэ бол гэнэтийн өөрчлөлт байгаагүй. Вашингтоноос хөдлөхөд Япон, Солонгос, Монгол дахь уулзалтууд товлогдсон байсан бол Хятадын талтай хэрхэн ажиллахаа одоо болтол тохируулж байна. Айлчлалын үеэр бид харилцан бүтээлч оролцоотой байхаар тохиролцсон. Үүний үндсэн дээр тус улсад очихоо зарласан. 

ОХУ-ын тухайд стратегийн тогтвортой байдлын талаарх яриа хэлэлцээг хийх өдрөө зарлахгүй байхаар тохиролцсон. Энэ нь Оросод биш, Швейцарын Женев хотноо болох юм. Өөрөөр хэлбэл, бусад талуудын хүсэлт, харилцан тохиролцсоны дагуу явж байна.

Хятад улсад хийх айлчлал бодитой, бүтээлч яриа хэлэлцээ дүүрэн болно гэдэгт итгэлтэй байна. Бидэнд олон ялгаа байгаа боловч хамтарч ажиллах талбар цөөнгүй бий. Тиймээс хэцүү биш болон хүнд төвөгтэй бүхий л асуудлыг ярилцах болно. 

-Бид цар тахлын маш хүнд цаг үеийн гэрч болж байна. Энэхүү хүнд байдлыг даван туулахад манай хоёр орны хамтын ажиллагаа, эдийн засгийн харилцаа холбоо маш чухал ач холбогдолтой. Ийм нөхцөлд эдийн засаг, гадаад худалдааны урсгалыг хэвийн хангахын тулд АНУ-ын засаг захиргаа хэрхэн ажиллаж байгаа талаар хуваалцахгүй юу? 

-COVID-19 цар тахлын эсрэг харилцан дэмжлэг үзүүлэх нь манай стратегийн түншлэлийн гол хэсэг юм.  

Монгол Улс өнгөрсөн жил эмнэлгийн ажилчдад зориулж хувийн хамгаалах хэрэгсэл болгон нэг сая ам.долларын хандив үзүүлсэнд бид маш их баяртай байна. Энэхүү хандивыг КОВИД-ын хүнд цохилтод өртсөн, АНУ-ын баруун өмнөд хэсэгт орших Навахо хүмүүст зориулсан гэдгийг хэлмээр байна. Тиймээс энэхүү хандив тодорхой бүлэг хүмүүст шууд нөлөөлсөн билээ.

Бид ийнхүү аль аль талдаа дэмжлэг үзүүлээд явж байна. АНУ-ын тусламж хоёр замаар явагдаж буй. Өнгөрсөн арванхоёрдугаар сард $4 саяын үнэ бүхий 50 амьсгалын аппарат хандивласан. 

Мөн бид КОВАКС хөтөлбөрийн дэлхийн сангийн хамгийн том хандивлагч орон юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд тодорхой хэмжээний вакциныг Монголд татан авсанд баяртай байгаа. 

Бид ИХ-7-ийн уулзалтаар ярилцсаны дагуу бүх улс орныг энэ хүнд хэцүү үеийг даван туулахад нь туслахаар хувийн хөрөнгө оруулалтыг хөшүүрэг болгох замаар "Илүү сайхан ертөнцийг сэргээн босгох нь" хэмээх үзэл баримтлал дээр ажиллаж байна. Цар тахлыг бид хараахан даван туулж чадаагүй байна. АНУ-д Дельта вирусийн улмаас халдвар огцом өсөж буй.

Монгол Улс урагшлахын тулд үнэхээр шаргуу ажилласан. Цар тахлын өмнөх нөхцөл байдалдаа хүрэхийн тулд хичээнгүйлэн ажилласанд баяр хүргэмээр байна.

Бид бусад бүх улс орон, ялангуяа дэлхийн ардчилсан орнуудтай хамтран ажиллаж, урагш ахих замаар хамтдаа илүү сайн сэргэлтийг авчрахын төлөө ажиллах болно.

-Цар тахалтай холбоотойгоор америкчуудын дунд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хандлага бий болсон. Энэ талаар ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

-Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, төрийн нарийн бичгийн дарга бүгд Ази хүмүүсийг үзэн ядалтын эсрэг гэмт хэргийн талаар маш хүчтэй байр сууриа илэрхийлсэн. Энэ бол тэвчихийн аргагүй, буруу зүйл. 

Ерөнхийлөгч үүнийг маш тодорхой хэлсэн. АНУ-д байгаа Ази гаралтай америкчуудыг бид дэмжиж, тэдний ард байгаа гэдгээ ойлгуулах алхмыг манай Хууль зүйн яам болон орон нутгийн хууль сахиулах байгууллагууд хийж байна. Манай улсын хувьд олон талт байдал  маш үнэ цэтэй.