Индэр    
2021 оны 7 сарын 22
Зураг
iKon.mn сэтгүүлч

Хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжилд анхаарах нь хамгийн УХААЛАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Хүүхэд бүхэнд хөрөнгө оруулах нь дэлхийн төлөөх үйлс байх болно-

Бүхэл бүтэн нэг үеийг ирээдүйн гамшигт унагахгүйн тулд сургуулиудыг нээх бүхий л боломжоор хангахыг НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Хенриетта Фор гурав хоногийн өмнө Засгийн газруудад уриалав.

КОВИД-19 цар тахлын үр дагавар нь нийгэм, эдийн засгийн байдал болоод хүүхдүүдийн амьдралд урт хугацааны үр дагавар учруулж болзошгүй байгааг НҮБ-ын Хүүхдийн сангаас хийсэн судалгааны өгүүлэлд онцолжээ. 

Мөн ядуу болон эмзэг бүлгийн хүүхдүүд цар тахлын нөлөөнд илүүтэй өртөж, сурч боловсрох эрхээ хязгаарлуулж, шим тэжээлийн дутагдалд орж байна. Насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр эрхлэлт болон хүүхдийг гэрлүүлэх явдал нэмэгдэж байгаагийн зэрэгцээ сэтгэл зүйн эрүүл мэндэд нь ихээхэн сөрөг нөлөө учирсаар байгааг дурджээ.

НҮБ-ын Хүүхдийн сан судалгаа хийхэд 2020 оны эцэст дэлхий даяар 142 сая хүүхэд ядууралд өртсөн нь тогтоогдсон байна.

Сургуульд сурах боломжгүй болсон, өрхийн орлого нь багассан, хоол хүнсний аюулгүй байдал алдагдсан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрэлцээгүй байдал зэргийн улмаас сүүлийн 10 жилийн хугацаанд сургуулийн насны хүүхдүүдийн хүмүүн капиталын индекс* 4.5 хувиар унаж, бүтээмж буурчээ.

Иймд улс орнууд ирээдүйн дэлхийн эдийн засгийн хөгжилд бэлтгэгдсэн иргэнийг бүтээхийн тулд хүүхдүүддээ хөрөнгө оруулах зайлшгүй шаардлагатай болж байна. 

Хэдийгээр цар тахлын урт хугацааны нөлөөллийн улмаас эдийн засгийн байдал тодорхойгүй байгаа ч улс орны бодлого болон оновчтой шийдвэрүүд нь хүүхдүүд болон тэдний асран хамгаалагчдад эдийн засгийн хувьд мэдэгдэхүйц эерэг нөлөөллийг авчирч чадна. 

Дэлхийн даяараа хэвийн амьдралдаа эргэн орохын тулд хичээж буй энэ цаг үед ирээдүйн нийгэм эдийн засгийн байдалд хамгийн сайн үр дүн өгч чадах ухаалаг алхам нь хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр байх болно хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангаас тодорхойлж байна.

Хүүхдүүдийн төлөө гурван төрлийн арга хэмжээ авах шаардлагатай байгаа гэж НҮБ-ын Хүүхдийн сан үзэж, улс орнуудын засгийн газар, олон улсын нийгэмлэгүүдэд хэрэгжүүлэхийг уриалсныг хүргэж байна.

1. Үр ашиггүй зардлуудыг танаж, нийгмийн тогтолцоог бэхжүүлэхэд анхаарах

Хүүхдүүдийн шим тэжээлийн дутагдлыг бууруулах, сургуулийн өмнөх боловсролыг өргөн хүрээнд чанартай олгож, хүртээмжийг нэмэгдүүлэхийг хамгийн эхэнд чухалчилж байна. Энэ мэтээр Хүмүүн капиталаа хамгаалах нь амин чухал ба тууштай арга хэмжээ нь нийгэм, эдийн засгийн дээд үзүүлэлтүүдийг бий болгодгийг анхааруулжээ.

Ялангуяа хүүхдийн амьдралын эхний он жилүүд буюу тархины хөгжил хамгийн хурдтай явагддаг үед нь урт хугацаанд суралцах үндсийг бэхжүүлж, эрүүл мэнд, биеийн хөгжлийг дэмжихэд ихээхэн анхаарч, хөрөнгө зарцуулах шаардлагатай байдаг. Засгийн газраас хэрэгжүүлэх халамжийн хөтөлбөр, гэр бүлд ээлтэй төсөл арга хэмжээ нь шинэ ажлын байрыг олноор бий болгодгоос гадна эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг сайн талтай. 

Улс орнуудын засгийн газар хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр, түүнд зориулах зардал зэргээ тодорхой тусгаж, хүүхдэд төвлөрсөн арга туршлагуудыг хэрэгжүүлэх шаардлага бий болоод байна.

2. Хүмүүн капиталаа хөгжүүлэхийн тулд санхүүгийн эх үүсвэрүүдийг нийгмийн салбар бүрд үр дүнтэйгээр зориулах

Амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд тусламж, чанартай үйлчилгээг хүртээмжтэй болгож, ирээдүйн сөрөг нөлөөг багасгахын тулд богино хугацааны хөтөлбөрүүдийг эрчимтэй хэрэгжүүлэх нь зөв.

Үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд засгийн газрууд давхардсан зардал, үрэлгэн байдлыг арилгаж, төсвийн гүйцэтгэлийг сайжруулан боломжтой бол чулуун нүүрсний татаасыг үгүй болгож, хүүхэд бүхэнд чиглэсэн үр дүнтэй хөтөлбөрүүдэд шилжүүлэхийг зөвлөж байна. 

3. Ядуу, эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамгаалах бодлогыг санхүүжүүлэх

КОВИД-19 цар тахлаас сэргийлэх вакцин авах, улс орондоо тээвэрлэн түгээх зэрэгт шаардагдах нэмэлт санхүүжилтийг олох нь Засгийн газруудын хувьд тэргүүлэх чиглэл болоод байна. Үүнийг дагаад өрийн асуудал хөндөгдөж байгаа тул найдваргүй зээлийн бүтцийг өөрчлөх, ялангуяа бага орлоготой улсуудад санхүүгийн хоёр ба түүнээс дээш тооны санхүүгийн эх үүсвэрийг бий болгох нь зүйтэй байна. Түүнчлэн санхүүгийн хувийн секторуудын нэмэлт санхүүжилтийг хүүхэд хамгаалал, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэгт чиглүүлэх нь оновчтой.

Цар тахал монгол хүүхдүүдэд хэрхэн нөлөөлөв?

Монгол Улс цар тахлын үед хүүхдүүдэд зориулан хэрэгжүүлж буй арга хэмжээнээс дурдвал, 18 хүртэлх насны хүүхэд бүрд олгодог сар бүрийн мөнгөн тэтгэмжийг тав дахин нэмэгдүүлж, 100,000 төгрөг болгосон. Мөн байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэмжийг 288,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн юм. 

Засгийн газраас хүүхэд бүрд мөнгөн тэтгэмж олгох, ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулж, ус, цахилгаан, дулаан, хогны төлбөрийг төрөөс даах зэрэг шийдвэрийг гаргаж, иргэдэд ирэх санхүүгийн хүндрэл, ачааллыг бууруулахыг зорьж байгаа. Гэвч хүнсний бүтээгдэхүүн, барааны үнийн өсөлт нь дээрх хөнгөлөлтийг үр дүнг багасгасаар байгааг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас теле хичээл, интерактив хичээлүүд бэлтгэх зэргээр сурагчдын заавал судлах агуулгын тодорхой хувийг олгосон. Хэдий тийм ч теле хичээл үр дүн муутай байсныг судалгаанууд харуулсан бөгөөд хүртээмжийн хувьд ч хангалттай хэмжээнд байгаагүй юм.

Тодруулбал, Монгол Улс цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд 2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр өмчийн хэлбэр үл харгалзан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн танхимын үйл ажиллагааг зогсоож, теле болон цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэрийг Улсын Онцгой комисс гаргаж байв.

Хэдийгээр тухайн үед Монгол Улсад цар тахлын тохиолдол бүртгэгдээгүй байсан ч урьдчилан сэргийлж хэрэгжүүлсэн энэ шийдвэрийн нөлөөгөөр олон мянган сурагч хичээлээ теле хэлбэрээр үзсээр 2019-2020 оны хичээлийн жилийг үдсэн. 

Мөн 2020-2021 оны хичээлийн жилийн дийлэнх хугацааг цахим болон теле хэлбэрээр үзсээр өнгөрөөв. Үр дүнд нь 178 мянган хүүхэд хичээлийн хоцрогдол ороод байгаа. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хэлснээр хэрэв манай улс 2021 оны есдүгээр сарын 1-нд танхимын хичээлээ эхлүүлэхгүй бол хоёр жилийн турш сургуулиа хаасан цөөн хэдэн улсын нэг болно хэмээсэн. Үүний уршгаар үүссэн хичээлийн хоцрогдлыг арилгахад багадаа гурван жил зарцуулах тооцооллыг ч БШУЯ-наас хийгээд байгаа юм. 

Сургуульд суралцана гэдэг нь зөвхөн хичээл үзэхийн нэр биш бөгөөд нийгмийн харилцаанд оролцож, өөрийгөө танин мэдэх, бусадтай харилцаж сурах, олон нийтийн дунд биеэ хэрхэн авч явах зэрэг олон чухал чадварт суралцуулдаг гол орчин. Түүнчлэн "Үдийн цай" хөтөлбөрөөр хоол хүнс, шим тэжээлийн хэрэгцээнийхээ тодорхой хувийг авдаг хүүхдүүд бийг ч мартаж болохгүй юм. 



*Хүмүүн капиталын индекс гэдэг нь Дэлхийн Банкнаас жил бүр гаргадаг аливаа хүүхэд төрснөөсөө хойш 18 нас хүртлээ боловсролыг ямар түвшинд эзэмшиж, эрүүл мэндийн үйлчилгээ хэрхэн авч буй зэргийг тооцон гаргадаг үзүүлэлт юм.