Зураг
Зураг
Индэр    
2021 оны 7 сарын 21
Зураг
Эдийн засагч, шинжээч

2021 оны эхний хагас жил: Эдийн засгийн "эрүүл мэнд" ямар байна вэ?

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

2021 оны эхний хагаст л айдгаа авдартаа хийчихнэ хэмээн хэн хүнгүй итгэж найдаж байв.

Тэр ч үүднээсээ иргэд нь бараг засагтайгаа нийлэн байж 5 удаагийн их хөл хориог давж, вакцинжуулалтаа 65 хувь хүртэл нь хийж дуусгав. Энэ их хичээл зүтгэл харамсалтай нь талаар болов. Яагаад гэдгийг эдийн засгийг хэмждэг хэдэн тоон үзүүлэлтээс харах боломжтой.

 

 

Зэс, нүүрсний үнийн өсөлтөөс хүртэж чадсангүй.

2020 оны сүүлээс уул уурхайн түүхий эдийн үнийн супер цикл эхлэв. Улмаар тус цикл нь 2-5 жил үргэлжилдэг бөгөөд одоо бараг 1 жил хагас нь өнгөрөхөд бид ашиглаж чадаагүй л байна.

Зэсийн үнэ 6,000 ам.доллароос өсөж, 10,000 ам.долларт хүрч, нүүрсний үнэ 82 ам.доллараас өсөж 184 ам.долларт хүрэв. Энэ үед бид хаана байв? Бид хөл хорио тогтоож, сонгуульдаа бэлдэж, бэлэн мөнгө тарааж, наадам хийх, үгүй тухай ярьж байв. Тиймдээ ч 2021 оны эхний хагаст экспорт 45 хувь, импорт 32 хувиар өссөн ч 2020 оны шархаа нөхөж чадсангүй. 2019 оны мөн үеийн дүнтэйгээ харьцуулахад чүд л өссөн байна.

Ханш тогтвортой ч инфляц гаарав.

Валютын ханш 2020 оноос хойш тогтвортой байсан хэдий ч инфляц 6.6 хувьд хүрэв. Олон улсад бараа, үйлчилгээний үнэ өсөж байгаа, Монголд ч бас өсөх нь ойлгомжтой гээд хараад суугаад байж болохгүй. Ер нь гааль дээр үүссэн ариутгалын хаалганаас шалтгаалж импортын бараа гацаж, тээврийн зардал нь хэд дахин өсөж, импортын барааны үнийг улам бүр нэмэгдүүлж байна. Эргээд худалдаа эрхлэгчид үнээ өсгөнө. Эцэстээ хэрэглэгч тэр дарамтыг нь үүрнэ. Ёстой л үүрэхийг нь чи үүр, янцаглахыг нь би янцаглая гэж байгаа Засгийн газрын чадавхгүй байдлаас болж үнэ өссөн нь харамсалтай. Тэр гааль дээр үүссэн хязгаарлалтаас үнэ өсөхөд Монголбанк энд бодлогын хүүгээ өсгөнө гэвэл утгагүй.

Төсөв тодотгосон ч хүнд хэвээр байна.

2021 оны эхний хагаст төсвийн алдагдал 1 их наяд төгрөгт хүрчээ. Манай төсөв их энгийн. Зэс, нүүрсний үнэ өсвөл орж ирэх татвар нь нэмэгдэнэ. Улмаар төсвийн орлого огцом өсдөг. Гэтэл юу болов? Түүхий эдийн үнэ нь өсчхөөд байхад л бид ашиглаж чадаагүйгээс төсвийн орлогоо ч хангалттай бүрдүүлж чадахгүй байна. Төсөвт одоогоор мөнгө ч үгүй. Ямар сайндаа хүүхдийн мөнгөө гаднаас зээл авч тавих вэ дээ.

Цар тахлын хүнд байдал 2022 он хүртэл үргэлжилнэ.

Вакцинжуулалт бол эцсийн найдвар биш гэдгийг дэлхий нийтээрээ харлаа. Тархалтын тоо буурах ч цар тахал алга болохгүй нь тодорхой болов. Хэдийгээр манайд хөл хориогүй байгаа боловч хэрэгжиж буй үйлчлүүлэгчийн тоо, цагийн хязгаарлалт нь боломжит борлуулалтыг нь бууруулж байна.

2022 он хүртэл цар тахлын нөхцөл байдал намдахгүйг олон улсын судлаачид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрөв.

2021 онд огцом өсөлт, сэргэлт байхгүй.

Уг нь уул уурхайн салбараар дамжин эдийн засаг огцом сэргэнэ гэж бүгд найдаж байв. Гэтэл өдөрт 2,000 гаруй ачааны машин гардаг боомтууд өдрийн 200 машин гаргадаг болов. Ийм байдлаар оны эцэст нүүрсний экспорт жилийн 30 сая тонныг ч давахааргүй байна. Энэ үед уул уурхайн салбараас огцом өсөлт хүлээгээд нэмэргүй. Дотоодын тархалтаа хяналтдаа авч чадахгүй л бол үйлчилгээ, худалдааны салбарууд сэргэхгүй.