Индэр    
2021 оны 7 сарын 10
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

"Аймаг сумдад халдвар нэмэгдэж, тэнд хүмүүс хүндээр өвдвөл эмнэлгийн тусламж авч чадахгүй нөхцөл үүссэн"

Зураг

Өнөөдрөөс Үндэсний их баяр наадмын ес хоногийн амралт орон даяар эхэлж буй. Яг энэ үед цар тахлын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөртэй ярилцлаа.

Хэрэв вакцинжуулалтыг энэ түвшинд явуулаагүй байсан бол нийт бүртгэгдсэн халдварын тоо долдугаар сарын 1-н гэхэд 780,000 болж, нас баралт доод тал нь 15,600, цаашлаад 46,000-д хүрэх байсан тооцооллыг судлаачид гаргажээ. Иймд аль болох вакциндаа хамрагдаж, иргэн бүр өөрийн эрүүл мэндийг гартаа авах нь эрүүл мэндийн салбарын ачаалал тулсан энэ үед хамгийн чухал байгааг тэрбээр онцолж байна. 



-Өдөрт бүртгэгдэж байгаа халдварын тоо бага зэрэг буурч байсан ч шинжилгээний тоо нэмэгдэхэд эргээд өсөх хандлага байна. Өнөөдөр(2021.07.09)-нөөс орон нутгууд зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа зогсоолоо. Тэгэхээр нөхцөл байдалтай холбоотой ямар эрсдэл байна вэ?

-Эерэг талаас нь харвал сүүлийн 14 хоногт халдвар буурч байгаа мэт боловч бодит тоон үзүүлэлт 2,000 орчимд хэлбэлзэж байгаа нь өөрөө өндөр тоо. Нас баралт, эмнэлэгт хэвтэж байгаа хүнд өвчтөний эзлэх хувь бага зэрэг буурах хандлага ажиглагдаж байгаа ч тайвшрах болоогүй. 

 

Олон хүчин зүйл нөлөөлж байгаа тул биднийг ямар нөхцөл байдал хүлээж байгааг үнэхээр хэлж мэдэхгүй. Наадмын урт амралтаар орон нутгийг зорих хөдөлгөөн нэмэгдэж, дахиад ямар мутаци гарч ирэхийг хэлэх аргагүй. Вакцины үр нөлөө, вакцинжуулалтын үйл ажиллагаа цаашид ямар хэмжээнд явах вэ гээд олон хүчин зүйл хамаатай. 

Хамгийн том эрсдэл бол орон нутгийн бүх нэгдсэн эмнэлэг КОВИД-19-өөс бусад төрлийн тусламж үйлчилгээгээ үзүүлэх боломжгүй байдалд хүрсэн явдал. Тэгэхээр алслагдсан аймаг сумдад халдвар нэмэгдэж, тэнд хүмүүс хүндээр өвдвөл эмнэлгийн тусламж авч чадахгүй нөхцөл үүссэн. 

Нийт шинэ тохиолдлын тал хувь нь бүртгэгдэж байгаа Улаанбаатар хотоос орон нутаг руу хөдөлгөөн нэмэгдэхээр Наадмын амралтын дараа тархалтын тоо, нас баралт нэмэгдэх эрсдэл бий. 

Хамгийн гол нь насанд хүрэгчид коронавирусээр өвдсөнөө мэдчихдэг. Хүүхдүүд халдвар авсан ч шинж тэмдгүүд нь бага, хөнгөн илрээд эдгэрэх боломжтой учир хүүхдүүдээр дамжин халдвар тархах эрсдэл өндөр байна. 

Өөрөөр хэлбэл, вакцинжуулаагүй хүн амаар дамжин халдвар тархах нөхцөл үүссэн. Иймд хөдөө орон нутаг руу явах гэр бүлийн нэг хүн шинжилгээ өгөөд явах зөвлөмжийг УОК-оос гаргасан. Энэ бол гэр бүлийнхээ төлөө хийх ажил юм. Тийм ч учраас хөдөө явахдаа аль болох байгальд амарч, суурин газар, олноор бөөгнөрөхгүй байхыг мэргэжлийн байгууллага зөвлөсөөр байгаа.

"Хэрэв вакцингүй байсан бол нас баралт өнөөдөр доод тал нь 15,600, цаашлаад 46,000-д хүрэх эрсдэлтэй байсан"

-Сүүлийн үед жирэмсэн эхчүүд олноор халдварт өртөж байгаа нь анхаарал татаж байна. Вакцинжуулалтад хамрагдалт бага байна уу?

-Жирэмсэн эхчүүд өмнө нь ч халдварт өртөж байсан. Ерөнхийдөө жирэмсний үед бий болдог нөхцөлүүдтэй холбоотойгоор халдвар авбал хүндрэх эрсдэл маш өндөр гэдгийг анхааруулсаар ирсэн. 

Одоо яагаад анхаарал татаад байна гэхээр хүн амын ихэнх хувь нь вакцинаар хамгаалагдаад ирэхээр вакцингүй хэсэг нь өвдөх эрсдэл харьцангуй ихэсдэг. Энэ бол вакцин үр дүнтэй гэдгийг харуулж буй нэг шалгуур. Энэ талын мэдээллийг сайн хүргээд эхлэхэд иргэдийн анхаарал сэрэмж нэмэгдэж, жирэмсэн эхчүүд гадуур явахгүй, халдвар хамгааллын дэглэмийг сайн барьж эхэлж байна. 

Жирэмсэн эхчүүдийг Файзер вакцинаар дархлаажуулж эхэлсэн боловч хамрагдалт хангалтгүй байгаа. 25-26 мянган жирэмсэн эх хамрагдах ёстойгоос 4,000-5,000 нь л вакцинаа хийлгэсэн.

Эх, барих эмэгтэйчүүдийн эмч нар “Нэгдүгээрт таньдаг хүнээ аврах ёстой” гэж үздэг. Өөрөөр хэлбэл, гарцаагүй тохиолдолд хамгийн түрүүнд эхийн амь насыг аврахыг чухалчилдаг. Нөгөө талаас ээж эрүүл байснаар ураг эрүүл байж, эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө. Харин ээжүүд маань урагтаа санаа зовоод вакцин хийлгэхгүй байх шиг байна. Эрсдэлээ тооцвол жирэмсэн хүн аль болох вакцинд хамрагдах хэрэгтэй юм. Дэлхий нийтэд маш олон жирэмсэн эхчүүд вакцин хийлгээд, хяналтдаа ороод явж байна. 

-Бид хэзээ нийт хүн амаа дархлаажуулж, сүргийн дархлаа тогтоно гэж тооцож байна вэ?

-Нийт хүн амын 60-90 хувь нь вакцин хийлгэж байж сүргийн дархлаа тогтоно гэж үздэг. Манай улсын хувьд насанд хүрсэн иргэдээ 100 хувь вакцинжуулбал хүн амын 65 хувьд хүрнэ. Монгол Улсын нийт хүн амын 35 хувь нь 0-17 насны хүүхэд. Хүүхдүүдээ вакцинд хамруулахгүйгээр нийтийн дархлааны талаар ярих боломжгүй. Одоогийн байдлаар манай улсын нийт хүн амны 54 хувь нь вакцины бүрэн тунгаа хийлгээд байна. 

Вакцинжуулалт удааширсан. Одоо вакцинд эргэлзсэн хүмүүс, жирэмсэн эхчүүд, хүүхдүүд үлдсэн. Зорилтот насныхан вакциндаа бүрэн хамрагдаж байж 0-11 насны, вакцин хийлгэх боломжгүй хүүхдүүдээ халдвараас хамгаална. Энэ нөхцөлийг бүрдүүлж байж л бид цар тахлын ард гарна. Өөр ямар ч арга байхгүй. 

-12-17 насны хүүхдүүдийн эхний тунг зогсоосноор идэвхийг сулруулчихав уу?

-2.5 сая тун Файзер вакцин авах гэрээ хийсэн. Нийлүүлэлт хийхэд тодорхой хугацаа хэрэгтэй. Долдугаар сарын 8-ны өдөр 30,000 тун Файзер вакцин буусан. 14, 15-ны үед 39,000 тун вакцин бууна. Тэгэхээр татан авалтынхаа хэмжээгээр иргэдээ дархлаажуулаад явна. Бид өмнөх туршлагаасаа сургамж аваад, вакцины 2 дахь тунг авч үлдэж байгаа.

Мэдээж нэг өдрийн өмнө ч болтугай нэг хүн ч гэсэн вакциндаа хамрагдаасай гэж хүсэж байгаа. Энэ насны хүүхдүүд маань харьцангуй сайн хамрагдсан. Одоогоор

  • 12-15 насныхны 50 хувь
  • 13-17 насныхны 60 хувь нь I тундаа хамрагдсан байна.

Хүүхдүүд хамрагдаж байж л сүргийн дархлааны талаар ярих болчихоод байгаа юм. 

Өнөөдрийн байдлаар нийт халдвар авч байгаа хүүхдүүдийн 44% нь 5-11 насны хүүхэд байна. 0-17 насны нийт 30,000 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилжээ. 

-Хүн амын дийлэнх нь Синофарм вакцин хийлгэсэн. Уг вакцин үр дүн муу байна гэж мэргэжлийн хэд хэдэн хүн шүүмжилсэн удаатай. Энэ нь иргэдэд эргэлзээ төрүүлж, вакцинжуулалтыг удаашрахад хүргэсэн болов уу. Синофармын үр дүн дотоодын судалгаагаар хэр үр дүнтэй байна гэж үзэж байгаа вэ?

-Засгийн газар анхнаасаа бүх төрлийн вакциныг эрэлхийлсэн. Хамгийн олдоцтой, хүн амаа дархлаажуулах боломжтой нь Синафармын вакцин байсан. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд АстраЗенека, Файзер вакцин орж ирсэн. Тэдгээрийг эхний ээлжинд хавдартай болон өндөр настай, эрсдэл өндөртэй хүмүүстээ хийсэн нь тодорхой үр дүнд хүрч, эрсдэлт бүлгийг хамгаалж чадсан. Засгийн газарт мөнгө нь ч байсан тул Файзер вакцин олдоцтой байсан бол худалдаж авах боломж байсан. 

Вакцины үр дүн гарч байна. Үр дүнтэй болох нотолгоо ч хангалттай олон байна. Судалгаанууд ерөнхийдөө гаднын судалгаануудын үр дүнтэй ойролцоо гарч байгаа. Тухайлбал, вакцин нас баралтаас 92%, халдвар авсан ч хүндрэх эрсдэлээс сэргийлж байна гэдгийг манай судлаачид тогтоосон. 

Синофармын вакцин хийлгэсэн хүн халдвар, мутацлагдсан вирусээс сэргийлэх нь бусад вакцинаас харьцангуй бага боловч хүндрэл, нас баралтаас сэргийлж чадаж байгааг олон улсын сэтгүүлүүдэд мэдээлж байна. 

Хүндэрч нас барж байгаа хүмүүсийн 80-90 хувь нь вакцин хийлгээгүй, эсвэл нэгдүгээр тундаа хамрагдсан байна. Долдугаар сард ийм нас баралт гарахад үнэхээр харамсаж байгаа юм. Ямар огт вакцингүй орон биш дээ. Энэ хүмүүс вакциндаа бүрэн хамрагдсан бол амь наснаас нь хол байх байсан даа гэж бодогддог юм. 

Тухайлбал, өчигдөр /2021.07.08/ есөн хүн нас барсны 

  • тав нь огт вакцин хийлгээгүй
  • нэг хүн нь нэг тун
  • нөгөө хүн нь хоёр дахь тунгаа хийлгээд 14 хоноогүй байхдаа халдвар авч хүндэрсэн. 
  • нэг хүн нь 91 настай. Өндөр настан учир вакцин хийлгэсэн ч дархлаа тогтох магадлал бага байх боломжтой
  • нэг нь залуу хүн байсан. Тэр иргэний хувьд цусны хавдартай хүн байсан. 

Өдөр бүрийн тохиолдлуудын тоон мэдээллийг харахад нас барсан хүмүүсийн дийлэнх нь вакцинд хамрагдаагүй байдаг. 

Тэгэхээр жирэмсэн эхчүүд, хүүхдүүд вакцинд бүрэн хамрагдахад онцгой анхаарах шаардлага байна.

 

-Улс орнууд гурав дахь тунг хийх шийдвэр эхнээсээ гаргаж байна. Турк улсад л гэхэд эрүүл мэндийн ажилтнуудаа хамгийн түрүүнд Синовакийн вакцинд хамруулж, үр дүнг нь судлахад өвдөөд эдгэсэн хүний дархлаанаас өндөр хэмжээнд эсрэг бие үүссэн гэсэн үр дүн гарсан байсан. Тиймээс улаан бүсэд ажиллаж байгаа хүмүүстээ гурав дахь тунг хийхээр болсон байсан. Манай улс гурав дахь тунг хийх тал дээр Та ямар байр суурьтай байна вэ?

-Бүүстер тун дээр бид маш болгоомжтой хандах хэрэгтэй. ДЭМБ болон олон улсын нөлөө бүхий байгууллагаас зөвлөмж өгсөн тохиолдолд бүүстер тунг хийх боломжтой. Түүнээс бусад тохиолдолд энэ асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй.

-Яагаад?

-Яагаад гэвэл судалгаанууд үргэлжилсээр байна. Одоо хийж байгаа вакцинууд бүгд яаралтай журмаар батлагдсан шүү дээ. Гэхдээ вакцингүй байснаас вакцин хийлгээд өвчлөлөөс эрт сэргийлэх нь илүү хохирол багатайг шинжлэх ухаанаар нотоллоо.

Ер нь 100% гэдэг ойлголт вакцин дээр ч, PCR шинжилгээнд ч байхгүй. 51-ээс дээш хувийн үр дүнтэй байвал тэрийг батлагдсан тооцдог. Бүүстер тунгийн талаар цөөхөн судалгааны ажил олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлд хэвлэгдсэн. Яаран гурав дахь тунг хийлгэх шийдвэр гаргах шаардлагагүй. ХӨСҮТ-өөс энэ талаар судалж байгаа.

Манай улсын хувьд дархлаажуулалт бусад улс орнуудтай харьцуулахад эрчимтэй явагдаж байгаа учир гурав дахь тунгийн талаар ДЭМБ, эсвэл шинжлэх ухааны байгууллагуудын зөвлөмж хүлээвэл магадгүй хожимдож мэднэ. Хүн амын дунд дархлаа тогтоц ямар байгааг судалсны дараа гурав дахь тунгийн талаар ярих боломжтой. Зарим судалгаагаар бүүстер тунг зургаан сар болон нэг жилийн дараа хийх нь зөв гэж үзэж байгаа. Бид вакцинжуулалтаа эхлүүлээд таван сар ч болоогүй байна шүү дээ.

-Огт вакцингүй байсан бол бид өнөөдөр ямар нөхцөлд байх байсан бол? 

-Доктор Т.Бэгзсүрэн долдугаар сарын эхний байдлаарх тооцооллыг өнгөрсөн сарын сүүлчээр гаргасан байгаа. 

Хэрэв вакцингүй байсан бол одоо бүртгэгдсэн 134,000 гаруй батлагдсан тохиолдол 780,000 орчим, шинж тэмдэггүй халдвар авсан байх магадлалтай хүний тоо нийт иргэдийн 70% буюу 2.3 сая байх байсан гэж үзсэн. 

Нас баралт өнөөдөр 600 давсан нь сайшаах үзүүлэлт биш ч хэрэв вакцинжуулалтыг явуулаагүй бол энэ тоо долдугаар сарын 1-ний байдлаар хамгийн доод тал нь 15,600, цаашлаад 46,000-д хүрэх эрсдэлтэй байсан. 

Тиймээс вакцинжуулалт маш чухал байгаа юм. 

Вакцины талаар эсрэг юм ярьж байгаа хүмүүс цөөнгүй бий. Тэгвэл эргэлзээд вакцин хийлгээгүйгээс болж нас барсан хүмүүсийн өмнөөс хэн хариуцлага хүлээх вэ? Тэр хүмүүс хариуцлага хүлээхгүй.

"Судалгаагаар халдвар авсан хүмүүсийн 80-90 хувьд альфа мутацлагдсан вирус тархсан нь тогтоогдсон. Тэгэхээр альфа мутац нэлээд эрт ороод ирсэн байж"

-Мутацын асуудал иргэдийг түгшээж байна. Манай улсад дельта вирус орж ирсэн үү. Судалгааны үр дүнгийн талаар та ярихгүй юу?

-Хоёр сарын өмнө PCR-т суурилсан шинжилгээгээр альфа(Их Британи) мутац байх боломжтой байна гэдгийг бид мэдээлж байсан. Дараа нь Япон улс руу явуулсан сорьцын шинжилгээгээр энэ нь батлагдлаа. 

PCR-т суурилсан шинжилгээг бид АШУҮИС-тай хамтарч дахин хийсэн. Тэр судалгаагаар халдвар авсан хүмүүсийн 80-90 хувьд альфа мутацлагдсан вирус тархсан нь тогтоогдсон. Тэгэхээр альфа мутац нэлээд эрт ороод ирсэн байж.

Дельта мутацын хувьд мөн Япон руу явуулсан сорьцод зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн. PCR-т суурилсан шинжилгээгээр тархалт тогтоогдоогүй. Зөөвөрлөгдсөн тохиолдол маань тодорхой хугацаанд тусгаарлагдаад эмчлэгддэг учраас. 

Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, ямар мутац орж ирж биднийг сүйрүүлэх бол гэж хүмүүс бодоод байгаа юм. Ямар ч тохиолдолд халдвар хамгааллын дэглэмээ барьж, вакцинаа хийлгэж, хөл хөдөлгөөнөө хязгаарлавал сэргийлэх боломжтойг байнга анхаарах хэрэгтэй.

-Халдвар авсан хүмүүсийн 80-90 хувьд альфа мутацлагдсан вирус тархсан нь тогтоогдсон гэж та хэлээ. Энэ нь вакцины үр дүнг сулруулахад нөлөөлсөн байх, тийм үү?

-Мутаци гэлтгүй Монгол Улсад тархаад байгаа вирусийн хувиралд орсон хэлбэрүүд ч гэсэн вакцинаас дайжих нөлөөллүүд үзүүлж байгаа. Ямар ч төрлийн вирус хувиралд ороход тухайн вакцин хийлгэж, эсрэг бие үүссэн хүмүүсээс яаж дүрээ хувирган өөрчлөгдөж, амьд үлдэж чадах вэ гэдэг тэр л биологийн хууль явагдаад байгаа. Тийм учраас ямар ч вакцины үр нөлөө буурч таарна. Учир нь тэр вакциныг анх үүсэж байсан вирусийн хувилбарт тохируулан бүтээсэн. Түүнээс хойш хэчнээн мянган хувирлууд гарсан тул вакцины үр нөлөө тодорхой хэмжээгээр буурна. 

Вакцины үр нөлөөний талаар олон улсын судалгаа гарч байна. Жишээлбэл, дельта вирусийн тухайд бүх вакцины үр нөлөө буурсан байгаа.

  • Файзерын үр дүн альфа хувилбар дээр 90% болж буурч байна. 
  • Модерна 85%
  • Спутник 80
  • Синофарм 80 орчим хувь байсан бол 63% болж буурч байна. 

Ямар нэг мутац нөлөөлж л байгаа. Тохиолдлын тоо олон буюу нэг хүнээс нөгөөд дамжих тусам вирус мутацад ордог. Вакцинжуулаагүй хүн ам олон, тэр дунд нь халдварын тархалт өндөр бол нэгээс нөгөөд дамжиж, вирус хувиралд ороод байгаа юм.

ХӨСҮТ өөрийн хийж буй судалгаануудад үндэслээд л бүх зөвлөгөө, зөвлөмжийг өгч байгаа.

-Вакцины үр дүн мутацад буурч байна гэж байна. Нөгөө талаар вакцин хийлгээгүй хүмүүс мутац бий болох шалтгаан болж байна гэж байгаа. Энэ ойлголтууд хүмүүсийн вакциндаа хамрагдах идэвхийг сулруулаад байна уу?

-Вирус хэзээ мутацад орох вэ гэхээр тохиолдлын тоо олон байх тусам, нэг хүнээс нөгөө хүн рүү дамжих тусам мутацад ордог. Тэгэхээр вакцинжуулаагүй хүн ам их байвал, тэр дундаа халдварын тархалт нэмэгдээд байвал нэг хүнээс нөгөө хүн рүү дамжихдаа л улам хувиралд ороод байгаа хэрэг. Түүнээс болж мутац улам нэмэгдээд байгаа. Монголчуудад үүсээд байгаа мутац тэрэнтэй л холбоотой үүсэж байгаа. 

-Орон нутгийг зорчих иргэд шинжилгээ өгч байгаатай холбоотой юу, PCR үнэгүй авч байгаагаас тэр үү, танай эмнэлгийн гадаа шинжилгээ өгөхөөр дараалсан иргэд маш их байна. Оношлуурын нөөц ямар байгаа вэ?

-Тодорхой хэмжээнд нөөцөө бүрдүүлээд явж байгаа. PCR шинжилгээг үнэгүй болгосон гэж хүмүүс ойлгоод байгаа байх. Энэ шинжилгээний 50,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалаас эмнэлгүүдэд нь өгч байгаа. 

Ер нь даатгалыг үнэгүй гэж хүлээж аваад сурчихсан санагддаг. Гэтэл үнэгүй гэдэг сэтгэлгээгээрээ хүмүүс хариуцлагагүй ханддаг. Зүгээр байж байхаар шинжилгээ өгчихье ч юм уу, улирлын 165,000 төгрөгийн даатгалтай юм чинь улиралдаа нэг PCR өгье ч юм уу эрүүл мэндийн салбарт ачаалал үүсгээд байдаг. Шинжилгээ өгнө гээд цаг авчихдаг. Тэгээд ирэхгүй, эсвэл өөр цагт ирж хүндрэл учруулдаг. Эсвэл ямар ч шаардлагагүй байхад янз бүрийн шинжилгээ өгөөд хариугаа авдаггүй. Гэтэл энэ бүхний төлбөр татвар төлөгчдийн мөнгөнөөс гарч байдаг. 

Хамтын төлбөрийн тогтолцоог хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Олон улсад тухайлбал үзлэгийн цаг авахдаа төлбөр төлдөг. Төлбөрөө төлсөн хүн хариуцлагатай байна. Үүн шиг тодорхой хэмжээний төлбөрийг иргэн төлдөг болчихвол тухайн хүн цагтаа ирнэ, хариугаа авна. Шинжилгээ өгөх шаардлагатай эсэх шийдвэрээ гаргаж байж эмнэлэгт үйлчлүүлдэг болно. Энэ мэт өөрчлөлт хэрэгтэй.

"Яаж амь нас аврах вэ гэдэг дээрээ л төвлөрч байна"

-Халдвар аваад эдгэсэн хүмүүст янз бүрийн шинж тэмдэг илрэх болсон талаар иргэд ярьж, олон нийтийн сүлжээнд ч бичиж байна. Ер нь халдварын дараах нөхцөл байдлыг ХӨСҮТ судалж байгаа юу?

-Пост ковид менежмент гээд яригдаж байгаа. Өвдөөд гарсны дараа энэ хүмүүстээ ямар сэргээн засах, нөхөн сэргээх ажиллагаанууд хийх вэ гэдэг. Яг одоо бол бодит байдал дээр өвдсөн хүмүүстээ ч хүний нөөц нь хүрэлцэхгүй шахам байгаа. Эдгээгээд л гаргавал өрхийн хяналт руу нь явуулж байгаа. Магадгүй тэр хүмүүс дотроос дахиад уушгины ямар нэгэн зовуурьтай, эргээд асуудал үүсэж байвал эмнэлэгт хандаад, дахиад шинжилгээ оношилгоогоо хийлгээд, тэр шинж тэмдэгт тохирсон л эмчилгээ үйлчилгээ явагдана. 

Ер нь та бүхэн мэдэж байгаа байх. Монгол Улс даяар байдаг 27,000 орчим орны талаас илүү буюу 14,000 гаруй нь зөвхөн КОВИД-19-ийн эсрэг эмчилгээнд ашиглагдаж байгаа. Нөхцөл байдал ийм байгаа тул яг үнэндээ пост ковидын менежментэд маш бага анхаарал хандуулж байна. Яаж амь нас аврах вэ гэдэг дээрээ л төвлөрч байна. 

-Мутацууд илэрсэн тухай Та хэлсэн. Мөн вакцинд хамрагдаагүй хүн олон байх тусам халдвар их тархвал вирус хувирах нөхцөл бүрддэгийг ч хэллээ. Яг ийм үед орон нутгийн хязгаарлалтыг ч зогсоогоод, халдвар тархах эрсдэлийн зэрэг өндөр фитнес, саун гэх мэт үйл ажиллагаануудаа нээхээр болж байна. Наадмын амралтын дараа халдвар нэмэгдэнэ гэж хараад байна. Эмнэлгийн ачаалал тулсан ийм үед гаргаж байгаа шийдвэрүүдийн талаар Та ямар байр суурьтай байна вэ?

-Бид бол аль болох л мэргэжлийн байгууллагын гаргаж байгаа зөвлөгөө, шийдвэрийг дагаач ээ гэдэг зөвлөмжийг л УОК, Засгийн газарт өгч байгаа. Гэхдээ зөвхөн эрүүл мэндийн салбар шийдвэр гаргахгүй. Олон салбарын хамтын ажиллагаа бий. Эдийн засаг, хил гааль, бизнес, ард иргэдийн амьдрал ахуй гээд олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Ганцхан КОВИД-ын хүчин зүйлээр бүх асуудлыг шийдэж болохгүй байна л даа. 

Наадмын дараа халдвар нэмэгдэж магадгүй. Тооцоолоогүй өөр варентууд орж ирэхийг үгүйсгэхгүй. Ерөнхийдөө ес, аравдугаар сараас буурах тооцоолол хийсэн ч нөхцөл байдлаас шалтгаалаад яаж өөрчлөгдөхийг хэлэх аргагүй. 

Ингэж хэлэх нь иргэдэд бөөрөнхий мэт, эргэлзээ төрүүлж байж болох юм. Өнөөдөр байгаа юм маргааш яаж өөрчлөгдөхийг бид хэлж мэдэхгүй. Тийм ч учраас олон улсад эрүүл мэндийн байгууллагууд "Өнөөдрийн байгаа нотолгоо, мэдээлэл дээрээ суурилж байгаа" гэдгийг тодотгож буй. Яалт ч үгүй шинжлэх ухааны түвшинд ийм байна. Вирус өөрөө яг л ийм тодорхойгүй нөхцөл байдалтай байгаа учраас тийм л мэдээлэл өгөхөөс өөр арга байхгүй. Зуун хувь баталгаатай гэсэн юм байхгүй.

Ер нь нийтээрээ л хариу арга хэмжээнийхээ хэлбэрийг өөрчилж байна. Хөл хорио тогтоовол, хөдөлгөөн багасвал тархалтын эрчим багасах нь тодорхой. Гэхдээ өнөөдөр вакцинжуулалтын түвшин боломжийн хэмжээнд явж байна. Хүүхдүүд маань вакциндаа идэвхтэй хамрагдаж байна. Файзер вакцины хангалт удахгүй ар араасаа залгаад ирчихнэ. Ийм боломж, нөхцөлүүд бүрдсэн, огт вакцингүй байсан үеийн нөхцөл байдлаас өөр байгаа тул шийдвэрийг түүндээ тулгуурлаж л гаргаж байгаа. 

Нөгөө талаар, баар нээхээр, шагнал өгөхөөр л халдвар тараагаад байгаа зүйл байхгүй. Тэнд очихгүй л байвал, очсон ч халдвар хамгааллын дэглэмээ бариад л өөрийгөө хамгаалж чадвал халдвар авахгүй байх боломжтой. Ийм л сэтгэлгээний өөрчлөлт хийхгүй л бол цар тахлын ард гарахгүй шүү дээ.

-Манай улсын хэрэгжүүлж байгаа арга хэмжээг ДЭМБ, олон улсын байгууллагууд хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Бид Монголд байгаа ДЭМБ-тай байнга хамтарч байгаа. Заримдаа зөрчилдөх юм байна, зарим арга хэмжээнүүд сайшаагдаж байна. Нийтэд нь харвал, тархалт нэмэгдээд нас баралт нэмэгдэж байхад мэдээж сайшаалтай байхгүй шүү дээ. 

-2025 он хүртэл дэлхий КОВИД-19-тэй зэрэгцэн амьдарна гэсэн олон улсын судалгаа гарсан байсан. Нэгэнт байдал ийм болж байгаа тул иргэдэд хандаж та юу хэлэх вэ?

-Яг үнэндээ бол иргэд, би ч ялгаагүй өөрийгөө л хамгаалахгүй бол болохгүй. Олон нийт цуглаж байгаа, найр наадам хийж байгаа газар би очихгүй л бол халдвар авахгүй. Ялангуяа, энэ урт амралтын үед иргэдээс өөрөөс нь шалтгаалах зүйл маш олон. Нэг нэгэндээ найдаад л халдвар хамгааллын дэглэмээ бууруулчихдаг. Найз нөхөдтэйгөө уулзахдаа маскаа авчихдаг. Хүүхдүүдээ дагуулаад явж байдаг. Гэтэл цаана нь хүүхдүүд нь хөдөө орон нутагт очиход эмээ өвөөдөө тараах нөхцөл үүснэ. 

Энэ вирус хэлбэрээ өөрчилж байна. Олон мутац хувилбартай болж байна. Эмчилгээ авахдаа их төвөгтэй байна. Их амархан хүндэрч байна. Өнөөдөр зүв зүгээр, ганц нэг ханиалгаж байгаа хүний цээжийг маргааш нь гэрэлд харахад уушгинд нь аль хэдийн хатгаа үүссэн тохиолдол байна. Тэгэхээр иргэд өөрсдөө л анхаарах шаардлагатай байна. Халдвар хамгааллын дэглэмээ баривал, вакциндаа хамрагдвал эрсдэлээс сэргийлэх боломж байгаа.