Индэр    
2021 оны 6 сарын 1
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Хүүхэд бол цэвэрхэн цагаан цаас лугаа адил. Түүн дээр хэрхэн юуг бичих нь эцэг эхчүүд бидний эрх гэхээс илүүтэй маш их хариуцлага"

Зураг
Д.Эрдэм ээж Ж.Болормаагийн хамт

Хүүхдийн инээд хөөр, баяр баясалгүйгээр энэ дэлхий ертөнцийг төсөөлөх аргагүй. 

Хүүхдүүд хамгийн цайлган, өхөөрдөм ч тэдэнд маш их хүч, маш их чадвар нуугдаж байдаг.

Дөнгөж 11 настай Д.Эрдэм хүү 2,000 орчим ном уншжээ. Цахим хэрэглээ давамгайлсан энэ үед хүүхдийг номонд дурлуулж, номоос эрдэм мэдлэг олж авдаг болгон төлөвшүүлэх нь ээж, аав нарын хувьд маш том чадвар болж хувираад буй энэ үед 11 настай хүүгээ хэрхэн ингэж номонд хайртай болгосон нь сонирхолтой.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Д.Эрдэм болон түүний ээжтэй ярилцсанаа хүргэж байна.


- Сайн байна уу, ярилцлага хийх урилгыг хүлээн авсанд баярлалаа. Д.Эрдэм манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

- Сайн байцгаана уу. Намайг Д.Эрдэм гэдэг. Би одоо 11 настай. Америкт бага сургуулийн зургаадугаар ангид сурдаг. 

- Эрдэмийн ном түүртэхгүй уншдаг дадал зуршил, уншсан номынхоо агуулгыг товчоор илэрхийлж оноо өгдөг байдал нь үнэхээр мундаг санагдсан. Номыг анх хэдэн наснаасаа, ямар байдлаар уншиж эхлээд өөртөө дадал болгосон арга барилаасаа хуваалцахгүй юу?

- Намайг гурван нас хүрсэн өдрөөс эхлэн ээж маань надад англи хэл дээр уншихыг зааж өгснөөр анх ном уншиж сурсан. Ээж бид хоёр өдөр болгон хамтдаа ном уншдаг байсан болохоор яваандаа тэр нь дадал болсон. Би ном уншиж, үйл явдлыг нь төсөөлж бодох маш дуртай. Саяхнаас Erdem Wisdom гэсэн өөрийнх Facebook хуудастай болж, уншсан номынхоо талаар мэдээлэл оруулдаг болсон.

- Одоогийн байдлаар хэдэн ном уншаад байна вэ?

- Одоогийн байдлаар 1,900 гаруй ном уншсан байгаа. Тэдгээрийн 100 орчим нь монгол хэл дээр бичигдсэн бол 1,800 гаруй нь англи хэл дээрх ном. Миний уншсан номын жагсаалтыг ээж маань гурван настайгаас маань эхлээд бичээд явсан. Одоо ч би ном уншиж дуусахаараа ээждээ хэлээд жагсаалтандаа нэмүүлдэг. Ээж маань хятад хэл мэддэггүй болохоор миний хятадаар уншсан номуудыг бичиж байгаагүй. Тэгэхээр хятад хэл дээрх ном хэдийг уншсанаа сайн мэдэхгүй байна. Тэр номуудыг нэмбэл уншсан ном маань 2,000 дөхөж ч магадгүй.

 
Зургийг хувийн архиваас

- Маш олон ном уншжээ. Ямар ном хамгийн их таалагдаж, гүн сэтгэгдэл үлдээсэн бэ?

- Миний хамгийн дуртай монгол ном бол Чингис хааны тухай комик цуврал. Ээж маань намайг төрөхөөс хоёр жилийн өмнө ирээдүйд хүүхдэдээ уншуулна гээд аваад хадгалсан байсан юм билээ. Би бүх хаадын угсаа, хатдынх нь нэрийг жоохон байхдаа цээжилдэг байсан. Зураг нь бас надад их гоё санагддаг.

Харин англи хэл дээр уншсан миний хамгийн дуртай ном байнга өөрчлөгдөөд байдаг. Жил бүр өөр шинэ ном уншихаар өмнө нь уншиж байснаас ч илүү гоё ном гарч ирээд байдаг. Одоогийн байдлаар уран зохиолын ном гэвэл Харри Поттерын цуврал, Найм дахь өдөр болон Перси Жэксоны цувралууд хамгийн таалагдаж байгаа. Гүн сэтгэгдэл үлдээсэн ном гэвэл Жошуа Фоерын "Энштэйнтэй бүжиглэсэн" нь гээд орчуулчихдаг юм уу "Moonwalking with Einstein" гэдэг ном. Энэ нь Америкийн ой тогтоолтын тэмцээний аварга хүний бичсэн ном байгаа юм.

Дурсгалтай хэрнээ хамгийн их юм сурсан ном бол манай Чингис хааны тухай ‘Genghis Khan and the making of the modern world’ гэдэг номын зохиогч Жэк Вэдэрфордын "Мөнгөний түүх" гэдэг ном бий. Учир нь миний ээж профессор Вэдэрфордыг Монголд алтан гадас одонгийн шагнал авах гээд 2007 онд ирэхэд нь онгоцны буудал дээрээс тосож авч байсан болохоор тэд нэгнээ сайн мэддэг. Миний ээжийн сурсан, бас дараа нь багшилдаг болсон их сургуулиудын яг хажуугийн Макалэстэр коллежид багшилдаг байсан хүн. Мөнгөний түүх номынх нь зохиогчийн гарын үсэгтэй дурсгалтай ном нь манайд байсан болохоор уншсан бөгөөд маш ихээр таалагдсан.  

- Ном уншсаны ач тусыг нь өөр дээрээ хэрхэн мэдэрч байна вэ?

- Ном их уншихаар бүр илүү хурдан уншдаг болдог юм шиг байна лээ. Тийм болохоор хамгийн эхний ач тус нь хараагаар уншдаг болсон тул олон юмыг бага цагт сурах боломжтой болсон. Заримдаа зүгээр л хөгжилтэй, зугаатай болохоор уншдаг. Бас "Spelling Bee" гэдэг англи хэл дээрх үсэглэлийн тэмцээнд унаган хэлтэй америк хүүхдүүдтэй өрсөлдөөд түрүүлэхэд хэрэгтэй байсан.

- Ном унших хурд нь харааны үйл ажиллагаатай шууд холбоотой гэж сонссон. Эрдэмийн хувьд хэзээнээс хараагаар уншиж эхэлсэн билээ?

- Би зургаан наснаасаа хараагаар уншиж эхэлсэн.

- Номонд дуртай болоход Эрдэмд хамгийн их нөлөөлсөн зүйл нь юу байх гэж боддог вэ?

- Гэрийнхэн маань бүгд номонд дуртай. Байнга ном уншдаг нь нөлөөлсөн байх. Дээрээс нь манайд ном маш их байдаг болохоор заримдаа зүгээр сонирхоод уншчихдаг. Бас ээж надад маш инээдтэйгээр, гоёор уншиж өгдөг байсан. Бид хоёр дандаа инээгээд байдаг байснаа л санадаг. Бас сонирхолгүй ном байвал ээж дуу болгоод дуулангаа уншиж өгөхөөр их зугаатай гоё байдаг байсан нь бас нөлөөлсөн байх гэж бодож байна. 

- Уншсан номны ихэнх нь англи хэл дээр бичигдсэн гэсэн. Англи хэлийг хэрхэн сурсан тухай болон одоо хэрхэн сайжруулж байгаа вэ?

- Ээж намайг гурван настайд шууд ном уншихыг заахдаа англи ном ашиглаад англи хэл зааж эхэлсэн. Одоо бол дараа жилийн үсэглэлийн үндэсний аваргын тэмцээнд мужаа төлөөлж орохын тулд өмнөх жилүүдийн тэмцээний үгүүдийг ээжтэйгээ орой бүр биеийн тамир хийж алхахдаа давтаж, шинэ үг цээжилж, сайжруулж байгаа.

- Ном унших хурдаа хэрхэн сайжруулдаг бол. Найзууддаа өгөх зөвлөгөө байвал хуваалцаач?

- Ээж маань шинэ юм зааж байгаагаа мэдэгдэхгүй заачихдаг болохоор, бас би дэндүү жоохон буюу дөрөв таван настай байсан болохоор хараагаар уншуулж сургасан аргыг нь хэлж мэдэхгүй байна. Миний бодлоор бол гурван юм чухал.

  • Ном уншиж байхдаа өөр юм анхаарахгүй, бүрэн төвлөрөх. Гар утас, телевиз, жоохон дүү гэх мэт бүх чимээнээс хол, бас өөр юм бодохгүй номондоо орж төвлөрч унших.
  • Амандаа хэлэхгүйгээр уншиж сурах.
  • Их ном уншаад байхаар сүүлдээ дадлага суугаад улам хурдан болоод байдаг юм шиг байна лээ.

- Өдөрт ном унших цагаа хэрхэн зохицуулдаг вэ. Мэдээж өдөржин ном уншаад суудаггүй байх?

- Хичээлээ тарсны дараа заавал ээжтэйгээ алхах юмуу дугуй унаж биеийн тамираар хичээллэдэг. Дараа нь ном уншдаг. Заримдаа маш их завгүй үедээ цөөхөн хэдхэн минут л уншдаг. Харин өвлийн амралт гэх мэт зав ихтэй үед гоё номнуудаа дуртай үедээ уншаад сайхан байдаг.

- Хичээлээ хийх, найзуудтайгаа тоглох гэх мэт чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

- Сургууль хамгийн чухал болохоор өглөө босоод хичээлдээ явдаг. Чөлөөт цагаа маш олон төрлийн юм хийж өнгөрөөдөг. Улирлаас хамаараад өөр өөр юм хийдэг юм. Гадаа гоё байвал сагс тоглоно, нохойтойгоо гүйнэ, дугуй унана, hoverboard, скүүтер унана. Зундаа бол бараг өдөр болгон усанд сэлдэг. Хүйтэн үед гадаа тоглох хэцүү болохоор жадаар (fencing) хичээллэж, лакрос тоглодог. Гэртээ бол төгөлдөр хуур, морин хуур тоглодог. Эдгээр нь намайг их аз жаргалтай болгодог. Ээжийгээ ажлаасаа ядарсан ирвэл дуртай аяыг нь дарж өгнө. Ээждээ зориулж Queens-ийн ая тоглож сурсан. Найзуудтайгаа тоглохдоо Zelda, Mario cart голдуу тоглодог. Өвөөгөө байхад өдөр бүр шатар өрдөг. Эмээтэйгээ бол хөзөр тоглоно, шагайгаар морь уралдуулна гээд маш олон юм хийдэг. Зүгээр юм үзэж амрах бол Kennedy center, Orpheum theater гэх мэт олон газар ээж маань гишүүнчлэлтэй болохоор концерт, broadway show, симфони оркестр үздэг. Эсвэл морин тойруулга дээр очиж поло, морин уралдаан их үздэг. 

- Үнэхээр сайхан санагдлаа. Эрдэм бас математикаар их амжилт гаргасан юм билээ. Америкт бага сургуульдаа high school math olympiad-д орж амжилт гаргасан анхны хүүхэд болсон гэж сонссон. Энэ тухайгаа товч хуваалцаж болох уу?

- Тийм ээ болно. Тавдугаар ангид байхдаа би гүнзгийрүүлсэн сургалттай ангид байсан болохоор долдугаар ангийн тоо үздэг байсан. Улсын шалгалтад төгс буюу 600/600 оноо авсны дараа ээж рүү маань мужийн боловсролын хүмүүс яриад намайг зургаадугаар ангид нь есдүгээр ангийн тоо үзүүлэхийг санал болгосон. Ээж зөвшөөрсөн болохоор би математикийн хичээлээр ахлах сургуульд явдаг. Тэгээд математикийн олон улсын олимпиадад оролцсон. Манай баг дэлхийд топ нэгд орсон, гэхдээ цом маань гар дээр арай ирээгүй байгаа болохоор хүмүүст нэг их хэлэхгүй байгаа. \инээв\

- Эрдэм өөрийнхөө 18 настай байх үеийг хэрхэн төсөөлж мөрөөдөж байна вэ. Энэ талаар бодсон зүйл байвал хуваалцаж болох уу?

- Миний уншсан нэг номон дээр "Хэн ч ирээдүйг төсөөлж чаддаггүй, амьдралыг таамаглах аргагүй" гэсэн байсан. Манай гэрийнхэн бас энийг үнэн гэж боддог гэсэн. Тийм болохоор энэ талаар нэг их боддоггүй. Харин юу хийж байх бол гэвэл коллежийн оюутан болсон байна байх аа.

- Сонирхолтой яриагаа хуваалцсан дүүдээ баярлалаа.

- Танд маш их баярлалаа.

"Хүүгээ анх ном уншиж эхэлсэн цагаас эхлэн дөрвөн жилийн турш уншсан 1,000 гаруй номыг нэгд нэггүй өөрөө ТҮРҮҮЛЖ уншсан"
 
Зургийг хувийн архиваас

Д.Эрдэмийн ээж Ж.Болормаа

- Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүүгээ ингэж мундаг өсгөж хүмүүжүүлж байгаа ээжээс нь мэдэхийг хүссэн олон зүйл уншигчдад байгаа болов уу гэж бодож байна. Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу? 

- Сайн байцгаана уу. Намайг Ж.Болормаа гэдэг. Сүүлийн үед өөрийн нэрээр бус хүүгээрээ овоглуулж "Эрдэмийн ээж" гэдэг нэрээр танигдаад байх шиг байна. \инээв\ Зарим хүн алдарт Эми Чуагийн "Бар ээж" номтой зүйрлэж, намайг монгол хүн тул "Чоно ээж" гэж хочилсон нэр ч бас өгсөн байна лээ. Чоно гэдэг амьтан өөрөө монгол хүн бидний угсаа гарвалтай холбогдож Бөртэ чоно, Гуамаралын түүхэнд дурдагддаг, хийморьлог бөгөөд ухаантай, хүн бидэнтэй адил сүргээрээ амьдардаг амьтан тул би билэгшээж хүлээж авсан.

- Ээж хүн бүрийн хүүхдээ өсгөх арга барил өөр ч гэлээ илүү сайн арга барилыг үргэлж хайдаг санагддаг. Эцэг эхчүүд сүүлийн үед хүүхдийнхээ боловсролд их анхаарал хандуулах болсон. Таны хувьд хүүгээ хэрхэн ном уншуулж, номонд дуртай болгосон арга барилаасаа хуваалцана уу?

- Үлгэрлэлт. Хүү маань биднийг Америкт докторт оюутан байх үед төрсөн. Төрөлхийн номонд дуртай чанараас гадна аль аль маань диссертацаа бичих шинэ санаа сэдэл хайн эрчимтэйгээр судалгаа шинжилгээний ажил хийж байсан үед төрсөн болохоор хүү маань хаашаа л харна ном, сэтгүүл, эрдэм шинжилгээний бүтээлүүдээр хүрээлэгдэж өссөн. Бид өөрсдөө байнга ном уншиж байсан тул хүүхэд бас ээж, аав, эмээ өвөөгийн хийгээд байгаа зүйлийг сонирхоно. Тэгээд биднээр хэлүүлж шахуулахгүйгээр үлгэрлэлтийн ачаар номонд маш их дуртай хүүхэд болон өссөн. Миний бодлоор эцэг эхчүүд өөрсдөө телевизийн өмнө бүх цагаа өнгөрөөж, утсаа бариад дээшээ харах завгүй суучхаад хүүхдээ харин ном унш гэж шахах нь шударга бус санагддаг. Товчхондоо хүүхдээ номонд дуртай болгоё гэвэл номоор хүрээлж, өөрсдөө бас үлгэрлэх нь хамгийн үр дүнтэй арга санагдсан. Түүнчлэн яг энэ сэдэв дээр Чикагогийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгааны бүтээлийг уншаад зөвхөн манай гэр бүлийн арга бус ер нь номоор хүрээлэгдэж өссөн хүүхдүүд хожмоо хичээл сургууль болон амьдралдаа амжилттай байдгийг олж мэдсэн.

- Та бас өөрөө ч их ном уншдаг юм билээ. Сая бас дурдлаа. Ном унших тухайд таны зүгээс өгөх зөвлөгөө юу вэ?

- Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдгийн адилаар ном болгон сайн биш. Надад нийтлэг ажиглагдсан нэг зүйл бол ном л уншиж байвал ямар ном нь хамаагүй гэж ханддаг байдал. Миний хувьд хүүгээ анх ном уншиж эхэлсэн цагаас эхлэн дөрвөн жилийн турш уншсан 1,000 гаруй номыг нэгд нэггүй өөрөө ТҮРҮҮЛЖ уншсан. Түрүүлж гэдэг үгийг тодотгож байгаа шалтгаан нь жишээ нь хүүхдээ өвөр дээрээ суулгаад хамтдаа анх удаа уншихгүй гэсэн үг. Хүүдээ уншиж өгөх эсвэл хамт уншихаас өмнө би өөрөө дандаа уншчихсан байдаг. Ийнхүү би уншиж буй номонд нь хяналт тавьдаг.

Хүүхэд гэдэг бол цэвэрхэн цагаан цаас лугаа адил. Түүн дээр хэрхэн юуг бичих нь эцэг эхчүүд бидний эрх гэхээс илүүтэйгээр маш их хариуцлагатай ажил

Тиймээс хүүдээ өвлүүлэхийг хүсч буй ёс суртахууны чиг шугаманд маань нийцсэн ном байна уу үгүй юу гэдгийг өөрөө эхлээд уншиж мэдээд дараа нь хүүдээ уншуулдаг байсан хэрэг. Наад захын жишээ бол комик болон манга зэрэг зурагтай номнууд байна. Харахад хүүхдийн мэт зурагтай болохоор өөрсдөө шалгахгүйгээр хүүхдэдээ аваад өгдөг. Гэтэл тэр нь маш их алаан хядаантай эсвэл зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан агуулгатай байх нь бий. Ер нь хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлэхэд маш их зорилтот үйлдлүүд төдийгүй цаг зав, эрч хүч ордог.

 
Зургийг хувийн архиваас

- Та хоёр унших номоо хэрхэн сонгодог бол. Ялангуяа англи, хятад хэл дээрх номны сонголт их шүү дээ?

- Энэ маш чухал асуулт төдийгүй хариулт нь мөн их ээдрээтэй. Номын сонголт их байх тусам сонгох шалгуур мөн л чангарах хэрэгтэй.

Би бол өөртөө ном сонгохдоо зүгээр сонирхлоо дагадаг. Насанд хүрсэн хүмүүст бол чанартай ном сонгох арга л чухал. Харин хүүхдэд ном сонгох маш нюанстай. Хүүхэд өөрөө сонирхоогүй сэдэвтээ дургүй байдаг тул хүүхдийн сонирхлыг харгалзахын зэрэгцээ өөрийнх нь нас биений болон хэл ярианы хөгжилд нь тааруулж сонгох чухал. Түүнээс цаашлаад шат шатаар ахисан ном сонгохоос биш гэнэт нэг хэцүү үгтэй, дараа нь дан зурагтай ч гэдэг юм уу тогтсон чиггүй, шатлалгүйгээр сонгох нь хүүхдийн чадварыг мөнхөд дээш нь өсгөхөд сөргөөр нөлөөлдөг гэж би өөрөө боддог. Тиймээс хүүдээ унших номуудыг нь их хариуцлагатайгаар сонгодог.

Дээр дурьдсанчлан, би өөрөө түрүүлж уншдаг нь ийм шалтгаантай. Хүүхэд бас номоос маш их юм сурдаг тул номын агуулга, санаа нь ямар үлгэр дуурайл авахаар ном бэ гэдгийг тунгаан байж сонгодог. Би хэтэрхий бүхнийг гартаа атгаж контролдох, цаг завтайдаа бус миний хүүгийн бусадтай харьцах харьцаа, хэл ярианы хөгжил, сэтгэн бодох чадвар, ертөнцийг үзэх үзэл, бусдыг хүндлэх хандлага гэх мэт маш олон зүйлс миний хариуцлага учраас би үүргээ ухамсарлаж, асран хамгаалагч, хүмүүжүүлэгч гэдэг хариуцлагынхаа улмаас шалгаад байгаа юм. Ялангуяа манай хүү шиг хараагаар уншдаг, маш их ном уншдаг хүүхдэд ирэх мэдээллийн ихэнх хувь нь номоор дамжуулан орж ирж байгаа тул буруу сэдэл өгөхгүй, зөв сургамжтай ном сонгоход анхаардаг.

- Хүүхэд хараагаар ном уншдаг болохын давуу тал юу вэ?

- Маш их давуу талтай. Өмнөх асуултад хэлсэнчлэн маш их мэдээлэл, мэдлэгийг богино хугацаанд авах боломж олгоно. Түүнчлэн хүүхэд өөрөө чөлөөт цаг ихтэй болно. Хичээлийн даалгавар, ном унших зэрэг нь маш хурдан хийгдэх тул хүүхдээ тал бүрээр хөгжүүлэх гэж хичээдэг. Хүн болох багаасаа, хүлэг болон унаганаасаа гэдэг. Бага балчирт нь зөв хүн болгож ёс зүйн чиг баримжаа сайтай төдийгүй олон талын чадамжтай болгон хүмүүжүүлэх мөрөөдөл надад бий. Хараагаар унших нь энэ бүхнийг биелүүлэхэд түлхэц болохоос гадна амархан болгож өгдөг.

- Гадаадад амьдардаг хүүхдүүдийн хувьд эх хэлээ мартахгүй байх нь их чухал байдаг шүү дээ. Эрдэм хүү монгол хэлээрээ ч үнэхээр сайн ярьж байна лээ. Гадаад хэл, эх хэлний талаарх мэдлэгийг хослуулах зэрэг хэлний талаарх таны бодол юу вэ?

- Хүү маань эх хэлээрээ ээдрээгүй сайхан ярьж, бичиж, харьцаж сурах надад бүхнээс илүү чухал. Гадаадад амьдардаг эсэхээс үл хамааран монгол хүн гэдгээ яс махны голд ухамсарлах түвшинд сургах нь миний хүүгээ төрөхөөс ч өмнө тавьсан зорилтуудын нэг. Энэхүү зорилтыг тавьсан нь мэдээж учиртай. Ялангуяа гадаадад өсөж буй хүүхдүүд эх хэлээ мэдэхгүй бол ураг төрөлтэйгээ хэрхэн ойр зуурын хөнгөн яриа бус сэтгэлийнхээ гүнд байгаа нугачаас, хургасан зангилааг хожмоо хэрхэн хуваалцах билээ.

Миний бодлоор удмын хэлхээс тасрах аюултай тул унаган хэлээ сурах нэн чухал. Гадаад хэлийг би өөрөө, мөн эргэн тойрныхон маань арваас дээш насанд хүрсэн хойноо сураад сайхан хэлтэй, хөлтэй болсон. Гэхдээ...

Гадаад хэлний мэдлэгийг эх хэлээс чухалд хэзээ ч тавьдаггүй

- Хүү та хоёрын номтой холбоотой хөгжилтэй мартагддаггүй дурсамж байдаг уу, байдаг бол хуваалцаач?

- Сайхан асуулт байна, баярлалаа. Маш олон байдаг. Жишээ нь миний ээж хүүг маань таван настай байхад нь бадарчингийн тухай хөөрхөн зурагтай ном бэлэглэв ээ. Тэгсэн бадарчны зурган дээрх савааг нь хараад нэлээд бодож байснаа "Ээж ээ, энэ хүн тахир дутуу юм уу?" гэж билээ. Бадарчин гэдэг ойлголт огт байхгүй тул урьд нь тааралдаж байсан хөгжлийн бэрхшээлтэй суга таягтай хүмүүстэй адил харагдсан юм шиг байгаа юм. Бид нэлээд инээлдэж, түүнээс мөн санаа авч монгол ахуйн талаар олон юм зааж сургасан.

- Та хэл шинжлэлийн хүн гэхэд болохоор учраас англи хэлийг хэрхэн сайн үр дүнтэй сурах вэ гээд уншигчид асуухыг хүсэх байх. Энэ тал дээр таны зүгээс өгөх зөвлөгөө юу вэ?

- Би зүгээр л монгол хэлнийхээ агуу их баялагт бишрэн мөргөдөг хүмүүсийн нэг. Данзанравжаа хутагтын сургасанчлан "Эгшид бүр цэнүүштэй нь Бие, Хэл, Сэтгэл гурав" гэдгийг мөнхөд даган мөрддөг. Би өөрөө эдийн засаг, санхүүгийн мэргэжилтэй. Хэл шинжлэлээр сурч байгаагүй. Гэхдээ багаасаа эхлээд би таван гадаад хэл сурах гэж оролдож үзсэн хүн. Аливаа гадаад хэлийг сурахын үндэс нь эх хэлээ мэдэх байдаг гэдгийг хүмүүс нэг их ярихгүй байх шиг санагддаг. Нэг хэлийг нэн сайн ойлгосон байхад дараагийн хэлийг сурах барилаа олдог. Гадаад хэлийг ялангуяа бага насны хүүхдэд зааж байгаа бол хүүгийн маань ТomYo Kids Club-т өгсөн ярилцлагад хэлсэн биеэрээ мэдэрч сурах арга бол хамгийн эхний шатанд нэвтрүүлэхүйц үр дүнтэй бөгөөд зугаатай арга.

 
Зургийг хувийн архиваас

- Эрдэм маань аравхан насандаа энэ их зүйлийг хийж мэдэж авч байгаа нь таны гаргаж буй хүч хөдөлмөрийн үр дүн байх гэж бодлоо. Хүүдээ хэрхэн цаг зав зарцуулдаг вэ?

- Миний бодлоор аливаа хүн зорилго, чиг баримжаагаа сайтар тодорхойлсон тохиолдолд юунд хязгаарлагдмал нөөц бололцоогоо зарцуулахаа шийдэхэд амар болдог. Миний хувьд хүү маань нэн түрүүнд байдаг. Ажил, сургуулийн хувьд нэг цагт гаргах бүтээмжээ нэмэгдүүлснээр бага цагт ихийг амжуулах боломж гардаг. Хүү маань ч ялгаа байхгүй бүтээмж өндөр тул хичээлээ тарсны дараа тоглох, өөрийнхөө хүссэнээ хийх цаг их гардаг.

Зөв ухагдахуун суулгаж, эрүүл хүүхэд өсгөх зорилгынхоо хүрээд биеийн тамир, эрүүл хооллолт, аялал зугаалгад цагаа зарцуулдаг. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг үгэнд итгэдэг. Аливаа зүйлд тунг нь тааруулбал эм, тун хэтэрвэл хор болдог тул хичээл сургууль эсвэл амралт зугаалгыг хослуулж, аль нэг чиглэлд туйлшрахгүйг хичээн амьдардаг.

- Ярилцсанд баярлалаа.

- Миний багахан мэдлэг, туршлагыг гололгүй ярилцлагад урьсан та бүхэнд маш их баярлалаа. Хүүхдийн баяр болж байгааг тохиолдуулан та бүхэнд Эх Үрсийн баярын мэнд хүргэе. Монголын үрс маш олон болтугай.