Дотоодын их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад төрөөс хоёр төрлийн дэмжлэг үзүүлдгийн нэг нь сургалтын төрийн сангийн буцалтгүй тусламж юм.
Олон оюутанд зайлшгүй шаардлагатай байдаг дээрх дэмжлэг өнгөрсөн оноос нийгэм, эдийн засгийн байдал хүндэрснээр төсөвт мөнгөн дүн нь танагдсан. Үүний улмаас оюутнуудад хүндрэл бэрхшээл тулгарсан юм. Хэдийгээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас их, дээд сургуулиудад оюутнуудын суралцахуйг төлбөрөөс шалтгаалан зогсоохгүйгээр дотоод нөөц боломжоо ашиглах, уян хатан байхыг чиглэл болгосон ч ойлголтын зөрүү байсаар байна.
Тодруулбал, буцалтгүй тусламжийн санхүүжилт зогссоноор оюутнууд улирлын шалгалтдаа орж чадахгүй, төгсөх курсийн сурагчид дипломоо авах боломжгүйд хүрээд байгаа талаар хувийн хэвшлийн нэр бүхий сургуулийн оюутнууд манай редакцад хандсан юм.
Буцалтгүй тусламжийг Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолын дагуу
Буцалтгүй тусламжтай холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар болон бусад асуудлаар Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболдтой ярилцлаа.
-Сургалтын төрийн сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилт зогссоны улмаас оюутнууд шалгалтдаа орох боломжгүй болсон гэх мэдээлэл байна. Та үүнд тайлбар өгнө үү?
-Жилд дунджаар 12 тэрбум төгрөгийг Монголын их, дээд сургуульд суралцаж буй 6,500 орчим оюутанд буцалтгүй тусламж болгон олгодог.
Гэхдээ Засгийн газраас их, дээд сургуулийн оюутнуудад буцалтгүй тусламж, тэтгэлгийг үргэлжлүүлэн олгох чиглэл барьж байгаа. Энэ хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 1А-1188 “Чиглэл хүргүүлэх тухай” тушаал гарч, дотоодын их, дээд сургуулиудад хүргүүлсэн. Үүгээр санхүүжилт, буцалтгүй тусламжийн ямар нэг өр авлага үүсгэхгүйгээр их, дээд сургуулиуд өөрсдийн нөөц боломжоор дотоод зохион байгуулалтаа хийх чиглэл өгсөн юм. Энэ дагуу их, дээд сургуулиуд Түр журам гаргаад мөрдөж байна.
Монголын 88 их, дээд сургуульд нийт 4,000-5,000 оюутан буцалтгүй тусламжаар суралцаж байна. Нэг сургуульд цөөн тооны оюутан ноогдох тул санхүүгийн нөөц боломжоороо шийдэх боломжтой.
-Сургалтын төлбөрийн зээлийн тухай асуудлыг тодруулъя. Зээлийн санхүүжилтийг сургуулиудад шилжүүлсэн үү?
-Сургалтын төлбөрийн зээл буюу оюутны хөгжлийн зээлд өмнөх жилүүдэд дунджаар 31 тэрбум төгрөг батлагддаг байсан. Харин 2020 оны төсвийн тодотголоор 7.6 тэрбум болж танагдсан. Уг санхүүжилтийг оюутнууддаа бүрэн олгоод байна.
-Өмнө нь хүсэлт гаргасан оюутнууд мэргэжлийн чиглэл үл харгалзан зээлд хамрагдах боломжтой байсан. 2020 онд төсөв хүндэрсэнтэй холбоотойгоор тэргүүлэх чиглэлээр суралцаж буй оюутнуудад л олгохоор болсон шүү дээ. Цаашид нөхцөл байдал дээрдвэл энэ шийдвэр өөрчлөгдөх үү?
-Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор оюутны хөгжлийн зээлийг Монгол Улсын тэргүүлэх болон нэн шаардлагатай буюу хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлүүдэд олгоно гэж заасан. Гэхдээ нийгэм эдийн байдал хүнд байгаа энэ үед оюутан суралцагчдаа дэмжихийн тулд Засгийн газрын 2021 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 13 тоот тогтоолоор оюутны хөгжлийн зээлийг мэргэжил харгалзахгүйгээр нэг удаа олгохоор шийдвэрлэсний дагуу 2021 онд 11,663 оюутанд 17.3 тэрбум төгрөгийн зээл олгосон.
Цаашид Засгийн газрын тогтоолын дагуу оюутны хөгжлийн зээл олгоно.
-Гадаадын их, дээд сургуульд суралцагчдад санхүүжилттэй холбоотойгоор ямар нэг асуудал үүссэн үү. Боловсролын зээлийн сангаар дамжин олгодог энэхүү тэтгэлгийг жилд хэдэн оюутан авч байна вэ?
-Гадаадын шилдэг их, дээд сургуульд суралцаж буй иргэддээ Монгол Улсаас гурван төрлийн зээл олгодог.
Эхнийх нь бакалаврын хөтөлбөр. 2013 оны Засгийн газрын 271 дүгээр тогтоол, 2013 оны Ерөнхийлөгчийн 78 дугаар зарлигийн дагуу энэ тэтгэлэг олгогдоно. Тодруулбал, дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд буюу Times higher education, American world university ranking-ийн эхний 100-д багтсан сургуульд тэнцсэн оюутнуудад зээл олгодог. Ингэхдээ эхний 1-20 дугаарт эрэмбэлэгдсэн сургуульд тэнцсэн оюутнуудад мэргэжлийн чиглэл харгалзахгүй зээл өгнө. Харин 21-100 дугаарт жагссан сургуульд суралцах бол Монгол Улсад шаардлагатай мэргэжлийн чиглэлд олгоно гэж заасан. Гэхдээ төсвийнхөө хүрээнд л олгох тул тухайн жилд зээл авах оюутны тоо харьцангуй өөр.
Хоёрдугаарт магистр болон докторын хөтөлбөрийн тухайд өндөр хөгжилтэй орны сургуулиудад суралцах оюутанд зээл олгоно.
Гуравдугаарт Засгийн газар хоорондын тэтгэлэг.
Гадаад улс оронд бакалавр, магистр, докторт зээл болон тэтгэлгээр суралцах сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам хариуцан зарлаж, шийдвэрийг гаргадаг гэдгийг тодотгож хэлье. Өөрөөр хэлбэл гадаад улс оронд зээл болон тэтгэлгээр суралцах сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар комисс томилогдон зохион байгуулна. Тухайн комисс нь төсөвтөө багтаан оюутнуудыг шалгаруулж, зээл олгодог.
Шалгаруулалтын явцад Боловсролын зээлийн сангаас огт оролцдоггүй. БШУЯ-наас сонгон шалгаруулалтын үр дүн, тэнцсэн оюутнуудын мэдээллийг манайд ирүүлснээр, олгох зээлийн хэмжээнд дүйцэхүйц үл хөдлөх хөрөнгийг тухайн оюутнуудаас Боловсролын зээлийн сан барьцаанд авдаг юм. Барьцаанд авсны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар руу мэдээллийг мөн хүргүүлнэ. Үл хөдлөх хөрөнгийг барьцаанд авсныг нотлох баримтууд манайд хадгалагдаж байдаг.
Гадаад улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт зээлээр суралцах суралцагчдын 2020 оны сонгон шалгаруулалт 6-7 дугаар сард БШУЯ-нд зарлагдсан. Харин 2020 оны есдүгээр сарын 5-нд Улсын төсвийг тодотгосон. Сургалтын зээлд хамрагдаж байгаа суралцагчдын санхүүжилтийг олгохдоо Боловсролын зээлийн сан нь сургуулийн нэхэмжлэхийн дагуу сургалтын төлбөрийг тооцоолон БШУЯ болон Сангийн яаманд хүсэлтээ хүргүүлдэг.
Уг хүсэлтийн дагуу санхүүжилтийн эрхийг нээж гүйлгээ хийгддэг. Энэ нь Монголбанкаар дамжиж тухайн сургуулийн дансанд орно. 2020 оны дийлэнх суралцагчийн сургалтын төлбөрийн санхүүжилтийн эрх шийдэгдээгүйн улмаас хүлээгдэж байгаад 2021 оны хоёрдугаар сард шийдэгдсэн. 2020-2021 онд суралцаж байгаа 130 гарүй хүүхдийн 90 орчим суралцагчийн сургалтын төлбөр 2020 онд төлөгдөөгүй байсныг Сангийн яамнаас шийдэж 2021 оны хоёрдугаар сард шилжүүлсэн.
Гадаад улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт зээлээр суралцах суралцагчдын 2021 оны сонгон шалгаруулалт одоогоор зарлагдаагүй байна. Харин Засгийн газар хоорондын тэтгэлгүүд зарлагдаж, сонгон шалгаруулалт нь БШУЯ-д явагдаж байна.
-Сургуульдаа болон сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутан ямар нэг үл хөдлөх хөрөнгөгүй, эсвэл байгаа хөрөнгийн үнэлгээ нь авах зээлийн хэмжээндээ дүйцэхгүй байвал яах вэ. Барьцаанд үлдээх ёстой хөрөнгөөс шалтгаалан зээл, тэтгэлэгт хамрагдаж чадахгүй болох тохиолдол гардаг уу?
-Гадаадад суралцагчид зээл олгох гол шалгуур нь суралцуулах тушаалд үндэслэж үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл олгодог. Зээл олгохдоо барьцаа хөрөнгө заавал байршуулна. Тэтгэлэг олгохдоо хөрөнгө барьцаалахгүй. Барьцаанд үлдээх ёстой хөрөнгөөс шалтгаалж тэтгэлэгт хамрагдаж чадахгүй тохиолдол одоогоор байхгүй.
-Гадаадад суралцаад ирсэн төгсөгчид эх орондоо ирээд таван жилийн турш ажилласан бол барьцаалсан эд хөрөнгөө чөлөөлж авах боломжтой байдаг. Үүнд өөрчлөлт орсон уу?
-Дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцаж ирээд эх орондоо таван жил ажилласан, гэрээнийхээ үүргийг биелүүлсэн тохиолдолд чөлөөлөгддөг.
-Жилд хэдэн оюутан зээлээс чөлөөлөгддөг вэ?
-Чөлөөлөлтийн болзол хангасан иргэд Боловсролын зээлийн санд материалаа бүрдүүлж өгдөг. Уг хүсэлтийг БШУЯ-нд хүргүүлнэ. Харин хэнийг зээлээс чөлөөлөх тухай шийдвэрийг БШУЯ гаргадаг юм. Жилд дунджаар 20-30 иргэн зээлээс чөлөөлөгддөг.
-Оюутан хөгжлийн зээл авсан суралцагчид хэр хугацаанд зээлээ эргэн төлөх вэ?
-Оюутны хөгжлийн зээлийн тухайд ямар нэг эд хөрөнгө барьцаанд авдаггүй. Оюутнуудад 2018 оноос эхлэн зургаан жилийн хугацаатай хүүгүй зээлд хамруулж эхэлсэн нь маш том дэмжлэг болсон. 2018 онд нэгдүгээр курст элссэн оюутан сургалтын төлбөрийн зээл авлаа гэхэд 2024 оноос эхлэн зээлээ төлнө. Цаашид оюутны хөгжлийн зээлийг хариуцлагажуулах буюу хүүтэй, хугацаатай болгох ёстой гэж үзэж байгаа.
-Сургалтын төлбөрийн зээл авсан оюутнуудын олон мянган диплом Боловсролын зээлийн санд хадгалагддаг. Дипломоо авдаггүй шалтгаан нь юу вэ?
-1997-2017 онд Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгохдоо дипломыг нь барьцаалдаг байсан. Боловсролын зээлийн санд хадгалагдаж буй дипломуудаа эзэд нь авах ёстой. Манайд одоогоор 15,000 гаруй диплом бий. Зээлээ төлж байж дипломоо авах учиртай тул хойрго ханддаг байх магадлалтай.