Индэр    
2021 оны 5 сарын 13
Зураг
iKon.mn сэтгүүлч

CHAKALAND: "Монгол цуйван хэр вэ" дууны ая дээр хийгдсэн хоёр дахь дууг хаштагаар ирүүлэх уран бүтээлүүдээс сонгож, цацахаар төлөвлөсөн

Зураг
Chaka Land хамтлаг

Монгол цуйван хэр вэ?

Монгол цуйван хэр вэ?

Солиотой амттай гэсэн идэж үзэх юм сан... хэмээн үргэлжлэх хөнгөн ритмтэй уг дууг монгол цуйвангийн сүлд дуу гэж хошигнох пост олон таарсан байх. 

Залуусын анхаарлыг татаад буй "Монгол цуйван хэр вэ?" хэмээх дууг дуулсан, Японы CHAKALAND хамтлагийн залуустай ярилцлаа.

Ийнхүү монгол хэл дээр уран бүтээлээ гаргаад буй CHAKALAND хамтлагийнхан уг дууг хэрхэн бүтсэн тухай түүхээ хуваалцсан юм.



CHAKALAND /@chaka_land/ хамтлаг нь байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрчээ. Тус хамтлаг уран бүтээл туурвихын зэрэгцээ Японы Окинава хотод телевизийн нэвтрүүлэг хийдэг аж. Цэвэр мэдрэмждээ тулгуурлан гэгээлэг дуунууд гаргахыг зорьдог тэд дууны ая, үг, клип, зураг авалтыг өөрсдөө хийж гүйцэтгэдгээрээ онцлог юм. Тухайлбал, хамтлагийн ахлагч Чакатомо /@chakatomo2021/ реппер, хоолой, багийн продюсерын үүрэг гүйцэтгэдэг бол хамтлагийн гишүүн Хао Блосом /@hao_blossom/ хоолой, трек үйлдвэрлэгч, Г.Энх-Эрдэнэ буюу Eku /@eku_gnkhuхөгжимчин, хөгжмийн инженерийн үүрэг гүйцэтгэдэг байна. 

- Сайн байцгаана уу. Та бүхнийг "Монгол цуйван хэр вэ" дуугаар монголчууд, тэр дундаа залуус таньдаг боллоо. Эерэг сэтгэгдэл төрүүлээд буй энэхүү дуу хэрхэн бүтсэн талаар ярилцлагаа эхлүүлье?

Хамтлагийн ахлагч Чакатомо: Сайн байна уу. Юуны өмнө биднийг дууг халуун дотноор хүлээн авсан хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Chakaland хамтлагийн хувьд өөрсдөө дууныхаа хөгжим, найруулга, үг, зураг авалтыг хийдэг. "Монгол цуйван хэр вэ" дуу нь манай хамтлагийн монгол хэл дээр гаргасан хоёр дахь дуу юм.

Бүтсэн түүх гэвэл бид дуу гаргах ажилтай сууж байх үедээ санамсаргүй хоолны талаар ярьж эхлээд Экү(Энх-Эрдэнэ)-ээс дуртай монгол хоолыг нь асуусан юм. Тэр үед цуйвангийн тухай яриа их сонирхолтой өрнөж, "Монгол цуйван хэр вэ" дууныхаа санааг олсон. 

Дуу маань үндсэндээ бэлэн болчихсон, клипээ хийж байх үедээ дууныхаа эхний 24 секундтэй хэсгийг цахим сүлжээнд оруулсан нь хүмүүсийн анхаарлыг нэлээд татсан байсан. Япон улсад Япон дахь Монгол Оюутны Холбоо болон Япон хүмүүсийн хамтран “Хаврын баяр” наадмыг  жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Тус наадам энэ жил цахим хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд, наадмын эхний өдрийн орой зохион байгуулах багаас манай хамтлагийнхантай холбогдоод "Монгол цуйван хэр вэ" дуугаа дуулж өгөөч гэсэн саналыг тавьсан юм. Бид ч саналыг найрсгаар хүлээн авч зөвшөөрөөд маргааш өглөө нь буюу наадмын хоёр дахь өдрийн өглөө жижиг зураг авалт хийж, янзлаад цацсан нь тэр.

- Танай хамтлагт монгол гишүүн байгаа нь анхаарал татаж байна. Хамтлаг хэрхэн байгуулагдсан тухайгаа хуваалцахгүй юу? 

Хамтлагийн ахлагч Чакатомо: CHAKALAND хамтлаг өнгөрсөн жилийн зун байгуулагдсан. Хамтлагийн гишүүд маань сургуулийн дээд курсийн ах нар бөгөөд бид Окинавагийн intertaiment school-д суралцдаг байсан. Ах нар сургуулиа төгсөж, Токиод очсон үед нь хамтдаа дуу хийе гэж яриад албан ёсоор энэ хамтлагаа байгуулсан. Уулзах ёстой хүмүүс уулздаг гэдэг шиг хувь тавилангаар учирч нэг хамтлаг болсон гэж боддог. 

 

- "Монгол цуйван хэр вэ" дуу нь монгол хэл дээрх хоёр дахь дуу гэж хэлсэн. Нөгөө дуу нь ямар дуу вэ? 

- Бид хамтлагаараа цуглаад хамгийн анх "Бактери" нэртэй дууг хоёр өдрийн дотор сууж байгаад хийсэн. Тухайн үедээ монгол хэлэнд сонирхолтой зүйр үг, хэлц үг юу болохыг асууж байгаад

"Буга намнаач нь манайд байна 

Булга зүйгээч нь танайд байна" гэсэн хэсгийг сонгоод, хайрын дуу гаргасан.

Ингэхдээ видеогоо анимэйшн байдлаар хийсэн юм. Одоо шинээр цацагдах дуу маань бэлэн болчихсон байгааг хэлэхэд таатай байна. Уг нь "Бактери" дууныхаа видеог Монголд очиж хийх сонирхолтой байсан ч коронавирусийн халдвараас болоод явж чадаагүй. 

- Та бүхэн өмнө нь Монголд ирж байсан уу. Ер нь та бүхний төсөөлөлд Монгол орон хэрхэн буудаг вэ. Хамтлагийн нэг гишүүн нь монгол хүн болохоор магадгүй Монголын тухай олон зүйл сонсдог байх, тийм үү? 

- Биднээс нэг нь ч одоогийн байдлаар Монголд очиж үзээгүй байгаа. Таны хэлснээр хамтлагийн гишүүн Экү маань байгаа болохоор Монголын талаар гайгүй төсөөлөлтэй гэж боддог. Харин нийт япон хүмүүсийг харвал Монголын талаар ямар ч төсөөлөлгүй хүн нь их олон. Монголыг ихэнх япон хүн "Бактери" дуун дээр гардаг шиг монгол гэр, үндэсний хувцас болох дээл, морь гэх мэтээр төсөөлж, байгаль сайхантай орон гэж хардаг.

Бас монгол хэл их хэцүү /инээв/. Бид дуулахдаа их хичээж, цээжилж байгаад дуулдаг. Харин зүгээр ярих гэхээр их хэцүү юм билээ. Экүг утсаар монголоор ярихыг сонсоход хүртэл үгийг нь ялгаж салгаж чаддаггүй.

Нэг зүйл хэлэхэд бид Японы Окинова аралд амьдардаг хүүхдүүдтэй монгол хэлний талаар ярилцсан сайн дурын ажил зохион байгуулж байсан юм. Баярлалаа, баяртай гэх мэт энгийн харилцааны үгийг зааж өгөхөд хүүхдүүд их сонирхож хүлээж авч байсан. 

- CHAKALAND хамтлагийн хувьд уран бүтээлээ ямар төрөл жанраар гаргахыг эрмэлздэг вэ?  

-Төрөл жанрын хувьд бидэнд баригдсан зүйл байхгүй. Хамтлагийн гишүүдийн сонсдог дуунууд өөр өөр болохоор нэг төрөлд баригдахыг хүсдэггүй, өөр өөр мэдрэмжийг нэгтгээд гаргах гэж хичээдэг гэж болно. Энэ нь манай хамтлагийн онцлог болдог.

Ерөнхийдөө хүн сонсоход эерэг, баяр хөөртэй, цээжлэхэд амар, сонсоод уйддаггүй дуунууд хийхийг зорьдог. Японы Окинава хот нь өвөрмөц дуу хөгжимтэй орон. Тэр утгаараа энэхүү өвөрмөц хэв маягийг монгол ардын урлагтай хослуулж, шинэлэг сонирхолтой дуу гаргах бодол бидэнд бий. "Монгол цуйван хэр вэ" дууны хойно хүртэл Окинавагийн ардын дууны хэсгүүд орсон байгаа. 

 
Хамтлагийн гишүүн Хао Блоссом

- Япон дахь монголчууд цуйвангаар дайлъя гэсэн санал тавьсан тухай сонссон. Цуйван идэж үзсэн үү?

Хао Блосом: Цуйван хийж өгье гэж байгаа хүмүүс их байгаад баяртай байгаа. Одоогоор арай идэж амжаагүй байна. Идмээр байна /инээв/.

Экү: Хийж өгье гэж бодсон ч би хоол хийхдээ муу болохоор монгол гоё цуйвангийн үнэлэмжийг нь бууруулчих байх гээд хийж өгөөгүй /инээв/.

- Цар тахлын улмаас салбар бүр өөрсдийн сорилттой нүүр тулж байгаа. Япон улсын соёл урлагийн салбар энэ нөхцөл байдлыг даван туулж байгаа туршлагаас хуваалцахгүй юу? 

Хамтлагийн ахлагч Чакатомо: Нийгмийн хувьд өөрчлөлтүүд орсон. Хөгжмийн салбарт бодитоор тоглолт хийх боломжгүй болсон. Бидний хувьд дөнгөж гарч ирж байгаа хамтлаг. Японы хөгжмийн зах зээлийг сайн хэлж мэдэхгүй байна. Хамтлаг байгуулагдаад бүтэн жилийн дараа л "Хаврын баяр"-т зориулж бодитоор дууллаа.

Цар тахлаас шалтгаалсан муу нөлөө байгаа ч нөгөө талдаа цахимаар Монгол Улстай холбоо тогтоож чадсан нь сайн хэрэг. Энэ бүгдээс харвал урлагийн салбарынханд гаднын зах зээл дэх гарц илүү нээгдсэн гэж бодож байна. 

- Хэрвээ боломж олдвол Монголд ирж тоглолт хийхээр төлөвлөсөн зүйл байгаа болов уу? 

- Тийм ээ. Монголд очмоор байна. Коронавирусийн халдварын асуудал намжихаар Экү биднийг дагуулж явах байх. Очоод Монголын хөгжийн фестиваль, монгол соёлыг талаар хамтлагийнхан илүү ихийг мэдэхийг хүсэж байгаа. Монголд "Play time" гээд хөгжмийн фестиваль болдог бөгөөд гадаадаас дуучид урьдаг гэж сонссон. Боломжтой бол тэрхүү наадамд ч гэсэн оролцох хүсэлтэй байгаа.

Нэг зүйлийг нэмж хэлмээр байна. “Монгол цуйван хэр вэ” дууны хойно нь явж байгаа аяа өгч болох уу гэсэн хүсэлт Монголын артистуудаас их ирж байгаа. Тиймээс бид ярилцаад дууныхаа аяыг үнэгүй тараахаар болсон. Харин дууны аяыг ашиглаад ковер хийх эсвэл ая дээр нь шинэлэг санаа гарган дуу хийж #ChakaLand гэж оруулбал бид шалгаруулалт явуулж, music video хийгээд цацах бодолтой байна. Өөрөөр хэлбэл сонирхсон хүн бүр манай аяыг ашиглаж хийсэн өөрсдийн дуугаа хаштаг ашиглан илгээвэл "Монгол цуйван хэр вэ" дууны ая дээр хийгдсэн хоёр дахь дуу болгож цацахаар төлөвлөсөн. 

- Ярилцлагын төсгөлд та бүхэнд хэлэхийг хүссэн зүйл юу байна вэ? 

- CHAKALAND хамтлаг дуугаа маш их баяр хөөртэйгээр хийдэг. Бидний хийсэн дууг та бүхэн сонсоод илүү сайхнаар хүлээн авч байгаад маш их баярлаж байна. Хоёр өөр орон хэдий ч бидний хийсэн уран бүтээлийг сонсоод, сайнаар хүлээн авч байгаад баярлалаа. Эерэг зүйлийг түгээх нь бидний хувьд хамгийн сайхан зүйл. 

- Ярилцсанд баярлалаа, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.

- Та бүхэнд бас баярлалаа.

 
 
Хамтлагийн гишүүн Г.Энх-Эрдэнэ