Индэр    
2021 оны 5 сарын 8
Зураг
Эдийн засагч, шинжээч

Пянгаа даагаарай

Зураг
Гэрэл зургийг mpa.mn
  1. Инфляц 10 хувь давсан,
  2. Төгрөгийн ханш 3,000-г хол хаясан,
  3. Ажиллах сонирхолгүй, ажилгүйдэл ихтэй

Төсөв нь хоосон ч халамж нь арвин эдийн засгийг аваад явж чадна гэвэл Засгийн газар минь пянгаа л даагаарай даа. Эдийн засаг дахь үйлийн үр айхтар шүү. Одоо ямар зам сонгоно, үр дагавар нь хөвөрч өгнө.

Өнөөдөр төсвийн 40 хувь нь халамж руу явж байна. Мэдээж цар тахлын хүнд үед халамжийн зарим бодлого байгаа оносон уу? гэвэл тийм. Жишээ нь, хүүхдийн мөнгө олгоогүй бол өрхийн орлого 2020 онд 2.6 хувиар унах байв.

Харамсалтай нь сонгуулийн үнэрээр халамжийн оочрыг дайруулан байж, хавтгайруулсан 300 мянган төгрөг тараав(Төсвийн 10 хувьтай тэнцэх мөнгө). Дараа нь 2-р тунгаа хийлгүүлсэн хүн бүр 50 мянган төгрөг. Одоо үлдсэн ахмадууддаа бэлэн мөнгө олгох тухай шийдвэр гаргав. Дахиад асууя. Пянг нь даах юм уу?

Тэтгэмж бол нэг удаа. Цалин бол орлогын тогтмол эх үүсвэр. Цаашдаа хүнд тэтгэмж бус, цалин нь хэрэгтэй юмсан. Цалингийн орлогоо тэр хүн хөөрхий өөртөө л зарцуулаг л дээ. Хажуугаар нь инфляц нэртэй хоосон мангасаар цалинг нь идүүлж яах нь вэ?

Оны сүүл хүртэл цалин, инфляцыг хоёрыг өсөлтөөр нь уралдуулбал инфляц л түрүүлнэ. Яагаад вэ? Бэлтгэл сайтай байна. Хүнсний инфляц гэхэд жилийн 8 хувь өсчихсөн гараан дээрээ гүйх гээд л халаалтаа хийгээд байж байх жишээний. Цалин юу болох вэ? Жил дотор ийм нөхцөл байдалтай байгууллагууд цалингаа өсгөнө гэдэг үлгэр.

Инфляц бол эдийн засаг дахь бүх юмны дарга шүү. Инфляцыг жаахан өрдөхөд худалдан авах чадвар буурна. Түүнийг нь дарах гэсэн төв банкнаас бодлогын хүүгээ өсгөнө. Улмаар арайхийн бууж байсан зээлийн хүү эргээд л өснө. Үр дүнд нь иргэд, ААН-үүд өндөр хүүтэй зээлэнд гинжлэгдэнэ.

Инфляцыг жаахан өрдөхөд төгрөг үнэгүйдэх нь гэх хүлээлтээр хөрөнгийн өгөөжөө хадгалах гэсэн хүмүүс доллар дээр оочирлож эхэлнэ. Ингээд л төгрөгийн ханш унана. Импортын бараагаар бүрэн гангардаг улс яах нь уу? Нийтээрээ худалдан авах чадвар нь давхар унана.

ПЯНГАА ДААГААРАЙ. ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ ҮЙЛИЙН ҮР АЙХТАР ШҮҮ.