Индэр    
2021 оны 4 сарын 7
Зураг
iKon.mn сэтгүүлч

Amra: Эмэгтэй, соло, монгол артист юунд хүрч чадахыг дэлхийд харуулмаар байна

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Дуу хөгжимгүйгээр хорвоо ертөнцийг төсөөлөхийн аргагүй.

Сүүлийн үед Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн дуу хоолой, өнгө төрхөөр ялгаран гарч буй залуу уран бүтээлчдийн нэг бол дуучин, дуу зохиогч (singer, songwriter) Amra юм.

Түүнийг "Take Me There", "Never", "Free your mind" зэрэг дуугаар нь хөгжмийн хорхойтнууд мэдэх биз ээ. Тэрбээр саяхан Тайваний хамгийн том индепентент лэйбл болох Рок Рекордстой таван жилийн хугацаатай соло артистын гэрээ байгуулж, гаднын хөгжмийн зах зээлд гарах алхмаа амжилттай эхлүүлээд байгаа юм.

Рок Рекордс нь Тайваний Тайпэй хотод байрладаг рекординг лэйбл /label/ бөгөөд 1980-аад онд Rock Music Publishing нэртэйгээр байгуулагдаж байсан. Рок Рекордс нь хятад хэлээр ярьдаг орнууд дахь хамгийн том лэйбл төдийгүй Азидаа хоёрт ордог аж.

Amra-тай уулзаж, гэрээ амжилттай байгуулсан түүх, уран бүтээлээрээ дамжуулан хүргэхийг эрмэлздэг үзэл санаа болон хувь хүний үзэл бодлынх нь талаар ярилцсанаа хүргэж байна. 



- Сайн уу. Томоохон гэрээ байгуулж ажиллахаар болсонд нь баяр хүргэе. Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу. Японд санхүүгийн мэргэжлээр мастерт сурч, төгсөөд хэзээ ирсэн бэ? 

- Намайг А.Амаржаргал гэдэг. 2011 онд нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийг төгсөөд, СЭЗИС-ийг Санхүүгийн менежмент мэргэжлээр 3.5 жил суралцаж төгссөн. Төгсөөд "Голомт" банканд хоёр жил хагас, дараагаар нь олон улсын аудитын төсөл дээр хагас жил буюу нийт гурван жил гаруй хугацаанд Монголд үндсэн мэргэжлээрээ ажилласан. 2018 онд Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдан Ritsumeikan Asia Pacific University-д хоёр жил магистрын хөтөлбөрт сурч төгсөөд, өнгөрсөн хавар эх орондоо ирсэн.

- Дуулж эхлээд хэдэн жил болж байгаа вэ. Мэргэжлээсээ өөр салбарыг сонгоод уран бүтээлчийн амьдралыг сонгох амаргүй байсан уу? 

- Би багаасаа л дуулах дуртай хүүхэд байсан. Гэхдээ дуртай мөртлөө олны өмнө гарах дургүй, зүгээр гэртээ л дуулдаг байлаа. 2013 оны үед Soundcloud дээр ковер хийж тавиад үзэлт нь дөрөв, таван мянга болчихоор их баярладаг байсан юм. Үндсэндээ 2014 оноос хойш уран бүтээл дээр ажиллаж, дуулж эхэлсэн гэхэд болно. Дуулах дуртай ч санхүүч мэргэжлээрээ л явна гээд шийдчихсэн байсан болохоор хичээлдээ анхаараад, хөгжмөө илүү хобби гэж хардаг байсан.

2014 онд “Sing Like a Pro” төсөлд хамрагдаж, анх удаа студид “Rude” дууны ковер хийж, дараа нь Т.Бат-Оргил ахтай “Мөнхийн ус” дууг нь шинэчлэн дуулсан нь тухайн үед хандалт өндөртэй байсан. 2015 онд анхны уран бүтээл болох "Farewell" дуугаа гаргасан. Энэ дуунаасаа хойш хэсэг завсарлаад сүүлийн гурван жил уран бүтээл рүүгээ илүү эрчимтэй орсон.

"Гадаад хүн миний уран бүтээлийг сонсоод илэрхийлсэн зүйлийг минь бүрэн ойлгоосой гэж хүссэн учраас анхнаасаа англи хэл дээр дуунуудаа гаргаж эхэлсэн"

- Тэгэхээр Тайваний Рок Рекордстой таван жилийн гэрээ амжилттай байгуулсан түүхээс нь сонсмоор байна. Энэ хүртэлх зам мэдээж хэрэг адал явдалтай байсан байх? 

- Япон яваагүй байсан бол Тайвань явахгүй байсан байх гэж боддог. “Never” дуугаа Японд байхдаа гаргасан. Манай сургууль олон улсын сургууль болохоор ч тэр үү гадаад найзуудад маань их таалагдсан гэсэн. Тэр дунд хөгжмийн салбарт артист менежер хийх зорилготой Тайвань найзад дуунууд маань их таалагдлаа гээд өөр нэг найздаа сонсгож болох уу гэсэн. Ер нь хүмүүсийн сүлжээгээр танигдаж явсаар байгаад Тайваний лэйблд хүрсэн дээ. 

Хэсэг хугацааны дараа надад Тайваний лэйблээс студид ирээд, шалгуулах санал ирсэн. Би ч дипломоо бичээд дуусчихсан байсан болохоор саналыг нь зөвшөөрөөд, өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын сүүлээр Тайпэйд очиж студитэй нь танилцаад, шалгаруулалтад орж тэнцээд, гэрээ хийх санал авсан юм. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад тухайн үедээ шууд нүүж очиж чадаагүй. Ийнхүү явсаар гэрээний заалтууд дээр хэлэлцээр хийгдсээр эцсийн байдлаар сая зурж баталгаажуулсан. Цар тахлын нөхцөл байдлыг харж байгаад удахгүй явна. 

Хөгжмийн бизнест анх удаа зуун хувь хүч түрэн орж байгаа учраас суралцах зүйл ихтэй гэж үзэж байгаа. Одоо бол хөгжмийн менежменттэй холбоотой ажлуудыг өөрөө хийж байгаа. Ая ирэхээр нь аялгууг нь гаргаад, үгээ зохиодог. Урт хугацаандаа хөгжмийн продюсинг хийх хүсэлтэй байна. Тэгж байж илэрхийлэх гэсэн санаагаа илүү гаргаж, хүмүүст хүргэж чадна гэж үзэж байгаа. 

- Дуугаа англи хэл дээр гаргадаг нь гаднын зах зээл рүү орох үүдийг нээсэн байх тийм үү?  

- Тэгэлгүй яахав. Гадаад хүн миний уран бүтээлийг сонсоод илэрхийлж байгаа утгыг минь ойлгодог байгаасай гэж хүссэн болохоор анхнаасаа англи дээр үг зохиож эхэлсэн. Нөгөө талаас сонсогчдын зах зээлээ тэлэх зорилго мэдээж байсан. Гэхдээ ихэнх дуу нь монгол дахилттай ч юм уу, бадагтай байдаг. Гаднын зах зээл гэлтгүй дотоодын зах зээл ч их чухал. Тус лэйблийн хувьд Сингапур, Малайз, Японд томоохон салбаруудтай тул Зүүн өмнөд Азийн хөгжмийн зах зээлд гарахыг зорино. Энэ бол надад ирж байгаа маш том боломж. 

"Өөрийгөө хайрлаж, өөрийнхөөрөө байх санааг уран бүтээлээрээ дамжуулан бусадтай хуваалцахыг хүсдэг"
 
Гэрэл зургийг MPA.mn

- Гэрээ байгуулсан тухайгаа инстаграмаараа дамжуулан хэлсэн байсан. Хүмүүсийн хандлага сайнаар хүлээж авсан гэдэгт итгэлтэй байна? 

- Дууг минь сонсож, намайг дагадаг хүмүүст баярт үйл явдлаа хуваалцах хэрэгтэй юм шиг санагдаад анх удаа тиймэрхүү видео оруулсан. Үнэнийг хэлэхэд хүмүүс тэгж хүлээн авч, баяр хүргэнэ гэж төсөөлөөгүй. Олон хүн сторидоо хуваалцаж баяр хүргэн, зурвас илгээсэн эерэг хандлагад маш их баярласан. Хүн дуртай юм аа хийх, хийж буй зүйлдээ оюун санаагаа 100% зориулах нь ямар чухал болохыг мэдэрч, нөгөө талд асар их хариуцлагатай байх ёстойгоо ойлгосон. Өмнө нь санхүүгийн мэргэжлээрээ явах уу, уран бүтээлчээрээ явах уу гээд эргэлздэг байлаа. Харин одоо бол уран бүтээлчээр явахаар сэтгэл шулуудсан. 

- Дууны үгээ хэрхэн бичдэг нь сонирхолтой санагдаж байна. Бас дуунуудаараа дамжуулан ямар санааг хүмүүст хүргэхийг зорьдог вэ?

- Хүн бүрийн арга барил өөр байх. Миний хувьд аяндаа хөглөгдөж, мэдрэмжээ үг болгож буулгадаг. Дуу болгон өөрийн гэсэн санааг агуулдаг ч нийтээр нь харвал өөрийгөө хайрлах, өөрөөрөө байх санааг ихэвчлэн өгүүлдэг.

Өнөөдрийг хүртэл хүн ер нь өөрийнхөөрөө, оюун санааны хувьд чөлөөтэй, бусдаас хараат бус байх хэрэгтэйг ойлгосон. Дээрээс нь асуудалгүй амьдралтай хүн гэж байхгүй тул зөрчлүүдтэйгээ тухайн цаг үедээ нүүр тулаад, эргээд хүчтэйгээр босож чаддаг хүн байх юмсан гэж бодож явдаг. Уран бүтээлээрээ дамжуулаад энэхүү үзлээ бусадтай хуваалцахыг хамгаас их хүсдэг. 

Дотроос минь гарч байгаа зүйл хэлбэрт баригдаагүй, бодит мэдрэмжид тулгуурладаг болохоор хүмүүст хүрч чаддаг байх 

- Одоогоор хичнээн уран бүтээл гаргасан байгаа вэ. Саяхан цомгоо гаргасан байсан?

- Өнгөрсөн оны зургаадугаар сард анхны дэбют цомгоо “Never” нэртэйгээр дижитал хэлбэрээр гаргасан. Удахгүй биет байдлаар цомог маань гарах гээд тэсэн ядан хүлээж сууна. Нийт 17 уран бүтээл гаргажээ. Хэдхэн хоногийн өмнө HYP Stage-тай хамтран 'Fin' дуугаа гаргаад байна.

- Цар тахлын үе ихэнх хүмүүст хүнд туссан. Гэхдээ өөрийн чинь хувьд боломж болгон ашиглаж чаджээ гэж бодлоо?

- Магадгүй би цар тахлаас үүдэн завсарлага авч, дуртай зүйлдээ анх удаа бүрэн анхаарах боломж олдсон байх. Гаднын компаниудад мэргэжлээрээ ажиллахыг зорьж байсан болохоор яалт ч үгүй карьераа аль чиглэлд хөгжүүлэхээ ахин тунгаах боломж гарсан гэж хэлэхэд болно.

- Гэрийнхэн нь уран бүтээлийн ажлыг нь хэрхэн хүлээж авдаг бол. Олон жил санхүүгийн мэргэжлээр сурсан болохоор тус салбарт л төсөөлж байсан байх. Тийм үү? 

- Гэрийнхэн маань ер нь дэмждэг. Гэхдээ Японоос ирээд удаагүй мөртлөө таван жилээр Тайвань явна гэхэд эхэндээ цочирдож хүлээж авсан. Хэзээд ч сонголтыг өөрөө хийх боломжийг олгодог гэрийнхэндээ баярладаг. Миний хувьд маш том карьер шинэчлэлт байсан учраас эхэндээ яахаа мэдэхгүй олон сар эргэлзэж явсан. Гэхдээ энэ сонголтыг хийхгүй бол хожим хэзээ нэгэн цагт харамсах байх гэж бодсон учраас сэтгэл шулуудаад сонгосон. Одоо бол нэгэнт шийдсэн хүн бүх хүчээ дайчилна гэж л бодож байна. Энтертаймэнт зах зээл залуу нас шаарддаг учраас залуу насаа энэ салбарт зориулахыг хүссэн.

- Англи хэлийг сурсан арга барилаас нь хуваалцахгүй байж болохгүй байх? 

- Хичээмтгий, хийнэ гэсэн зүйлээ заавал хийж байж санаа амардаг хүүхэд байсан болохоор тэр дадлаараа бүх юманд ханддаг байсан. Хэлийг өөрөө сонирхож сурсан болохоор англи хэл дээр кино үзнэ, ном уншина, дуу дагаж дуулна, үг цээжилнэ гээд дуртай зүйлүүдээ өдөр бүр давтамжтай хийдэг байлаа. Дунд сургуульдаа АНУ-ын Элчин сайдын яамнаас зарласан “Access Microscholarship” хөтөлбөрт тэнцээд, хоёр жилийн тэтгэлэг авсан маань англи хэлэнд бүр их дурлахад хүргэсэн. Тэр тэтгэлэг миний амьдралд олдсон маш том боломж байсан.

Цаг үеэсээ хоцрох дургүй зантай болохоор англи хэлийг сурах ёстой. Тэгж байж хувийн сургуулийн хүүхдүүдээс ялгагдахгүй байж чадна гэх бодол байсан

- Энэ цаг үе тэгш бус боловсролын асуудал хурцаар яригдаж байгаа үе?

- Үнэнийг хэлэхэд хичээл хийх дадал сайтай хүүхэд байсан тулдаа өдий зэрэгтэй яваа байх. Улсын сургууль төгсөөд мундаг явж байгаа хүмүүсийг ч үгүйсгээгүй. Гэхдээ массаар нь харвал улсын сургуулийн хүүхдүүдийн англи хэлний түвшин хангалттай сайн биш санагддаг. Хүүхэд өөрөө хэчнээн хичээсэн ч боломж олдох, чиглүүлэх нь үнэхээр дутмаг санагддаг. Үүний талаар яривал тэгш бус боловсролын системийн асуудал гээд олон зүйлийг хоёулаа ярих хэрэгтэй болох байх.

- Өөрийн чинь тэтгэлэг авах арга барилын талаар medium дээр бичсэн бичвэрийг харсан юм байна? 

- Тэтгэлэгт хамрагдсан туршлагаараа Хэрхэн тэтгэлгийн мангас болох вэ? гэсэн нийтлэлийг medium дээрээ бичиж байсан. Дуулахаас гадна бас бичих дуртай /инээв/. Магистрт явахдаа олон газрыг судалж байсан ч Япон улс руу явсандаа их баярладаг. Тэнд очоод хүний амьдралын зорилго материал төдий зүйл биш гэдгийг илүү гүн гүнзгий мэдэж авсан. Япон улсын хүмүүсийн амьдралыг үзэх мөн чанар, жижиг зүйлсээс аз жаргалыг мэдэрч чадаж буй тууштай, хөдөлмөрч байдал нь надад үнэхээр их таалагдаж, би ч хувьдаа их юм бодсон. Хүн ер нь олон юмыг биш нэг юмаа сайн хийдэг байх нь хамгийн зөв юм байна гэдгийг илүү ойлгосондоо. 

"Сайхан, муухай бүх мэдрэмжээ хүлээж авдаг бодит хүн байх нь л хамгийн сайхан"
 
Гэрэл зургийг MPA.mn

- 2020 онд уран бүтээлдээ түлхүү орж ажилласан болохоор Монголын өнөөгийн хөгжмийн салбарын нөхцөл байдлыг сайн мэдэрсэн байх. Өөрийн чинь нүдээр ямар санагдсан бэ? 

- Монголын хөгжмийн зах зээл бусад салбар шиг хэдэн арван жилийн түүхтэй биш. Гэхдээ сүүлийн жилүүдэд манай улсын хөгжмийн зах зээл харьцангуй хөгжиж яваа гэж боддог. Уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ, өөрсдийгөө илүү үнэлүүлэх тал руу хандаж эхэлсэн. Монголд өөрсдийн дүр төрх бүрдүүлэлт зэргээрээ ялгардаг мундаг уран бүтээлчид ч их гарч ирж байна. Эргэн тойрныхоо залуу уран бүтээлчдээс маш их урам зориг авдаг.

Бусад салбарыг бодвол зохицуулалт бага, хуулийн хэрэгжилт тааруу болохоор оюуны өмчөөс эхлээд асуудал тулгардаг. Энэ нь хэрэглэгчийн боловсрол муу байгаатай ч холбоотой байх. Гэхдээ цаг үе өөрчлөгдөж байгаа болохоор уран бүтээлч хүнийг илүү мэргэжлийн талаас нь харах цаг болсон. Нөгөө талд уран бүтээлчид ч өөрсдөө мэргэжлийн ёс зүйтэй байх гэж хичээдэг байх хэрэгтэй. Цаашид улам л хөгжөөд явна гэдэгт итгэлтэй байгаа. Миний хувьд соло, эмэгтэй, монгол артист юунд хүрч чадахыг дэлхийд харуулмаар байна.  

- Дууг чинь сонсох дуртай, хүндэлж явдаг хүмүүс, тэр дунд охидууд их байгаа байх. Ярилцлагын төгсгөлд нь тэр хүмүүст хандаж юуг хэлмээр байна вэ? 

- Өдөр тутам хийж буй ажлууд, илэрхийлж буй санаанууд маань өнөөдрийн намайг, ирээдүйн дүр төрхийг минь бий болгодог гэдэгт итгэдэг. Хүн ер нь юу бодно, төсөөлнө, зорино түүнийхээ үр шимийг хүртдэг гэж боддог.

Зарим хүн надад чи гэнэт од болчихлоо, азтай юм аа гэж хэлдэг. Гэвч энэ бол аз биш, олон жил бодож төсөөлсөн, хийж бүтээсэн жижиг үйл хэргүүдийн л үр дүн юм. 

Би феминист хүн. Хүн ер нь сурч мэдэхийн төлөө өлсгөлөн байж, өөрийн гэсэн тусгаар үзэл бодолтой байх хамгийн чухал санагддаг. Түүний дараа олны танил байна уу, мундаг мэргэжилтэн болох уу хэн болох нь хамаагүй. Сошиал хөөсрөлтөөс илүүтэйгээр бодит мэдлэг, чадварыг өөртөө хуримтлуулах л хамгийн чухал. 

Мөн эмэгтэй хүний амьдралын гол үнэлэмж зөвхөн сайн ээж, сайн эхнэр байснаар битгий хязгаарлагдаасай гэж хүсдэг. Бидэнд юуг ч хэнээс ч дутахгүй хийх хүч чадал бий.

Өөрийгөө юу юунаас өмнө тултал нь хайрлаж, өөрийнхөө дуртай зүйлийг хийж, түүнээсээ аз жаргалыг мэдэрдэг байгаасай. Бас өөрийгөө хэнтэй ч харьцуулаад хэрэггүй гэж хэлэхийг их хүсдэг. Заавал чи нөлөө бүхий гэр бүлтэй эсвэл өөрийн чинь талд зогсдог хэн нэгэнтэй байх албагүй. Хэн нэгнээс хамааралгүйгээр оюун санаа, бие махбодь, санхүүгийн хувьд тусгаар хүн байхыг зорьдог байх хэрэгтэй.

Хүн л юм чинь гуниглах үе, юу ч хийхгүй хэвтмээр үе, бүтээлч биш үе гарна. Зүгээр л сайхан, муухай бүх мэдрэмжээ хүлээж авдаг нэгэн бүхэл хүн байх л хамгийн чухал. Бид бүгд зүгээр л хүн. /Инээв/

- Ярилцсанд баярлалаа, уран бүтээлд нь амжилт хүсье.

- Баярлалаа, та бүхэнд ч бас амжилт хүсье.