Индэр    
2021 оны 3 сарын 15
Зураг
Эдийн засагч, шинжээч

6 ХУВЬ (ипотекийн зээл) 8 ХУВЬТАЙ ХУУЧИЛСАН НЬ

Зураг
Гэрэл зургийг mpa.mn
Засгийн газраас хэрэгжүүлж буй орон сууцны хөнгөлөлттэй хөтөлбөрүүд болох 8 хувь, 6 хувь хоорондоо хуучилж байна гэнэ. 
 
8 хувь: Чамайг тэд ийм хурдан гаргаад ирнэ гэж санасангүй шүү. Сонгууль дөхөж байгаагийн шинж юм уу даа. Чамаас өмнө би чинь нийгэмд нүдний гэм байлаа шүү дээ. 
 
6 хувь: Таныг 2013 онд гарч байх үеийг сонсов. Тэр жил чинь орон сууцны үнэ тэнгэрт хадаж, хүмүүс чинь бага хүүтэй, өндөр үнэтэй байр авчихсан хэрэг үү?
 
8 хувь: Тэр ч нэг тиймэрхүү юм болчихсон шүү. Сонгууль ч дөхөж байна. Улстөржиж байна гэж харах вий. Судалгаатай л ярья.
 
Орон сууцны үнийн загварын үр дүнгээс харахад 8 хувийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр үнэд өсөхөд нөлөөлсөн байна.(Хүснэгт1). Бидэн шиг орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг улс бүр л хэрэгжүүлдэг. Тэр нь ч зөв. Гэхдээ орон сууцны үнээ үндэслэлгүй өсгөөд байж боломгүй. Хөтөлбөрийн үр ашиг нь гарахгүй шүү дээ. Одоогийн байдлаар, энэ үзэгдэл чам дээр ч бас илрэх эрсдэл бий. 
 
Хүснэгт 1. Орон сууцны үнийн индекст нөлөөлөгч хүчин зүйлсийн загвар
 

Эх сурвалж: Нийтлэлчийн тооцоолол

6 хувь: Харин тийм. Тан дээр болдог шиг үнийн хөөсрөл үүсчих вий гэж эмээж байна. Яг үнэндээ зах зээл дээр чинь байр илүүдэлтэй байна гээд тоо мэдээлэл харагдаад байдаг. Цар тахалтай цаг үе ч гэлээ 2020 оны байдлаар, барилгын 68 мянган айлын 507 шинэ орон сууцны төсөл хэрэгжиж байна. 
 
Надаас гарах 2 их наяд төгрөгийг дунджаар 67 м2 бүхий, 2.2 сая төгрөгийн байр авна гэж үзвэл нийт 13,520 айл хамрагдах нь байна. Энэ хөтөлбөрийн санхүүжилт мэдээж бүгдээрээ энэ ондоо гарчихгүй. Тиймээс тал нь буюу 1 их наяд төгрөгөөр санхүүжүүлбэл нийтдээ 6,760 айл хөтөлбөрт хамрагдахаар байна(Хүснэгт 2). 
 
Хэдий нийлүүлэлт хангалттай байгаа ч хөнгөлөлттэй хөтөлбөр учраас эрэлт тал дээрээ өрсөлдөөн ширүүн байх болов уу. Тэрийг нь далим болгоод компаниуд нь үнээ өсгөхгүй байгаасай л гэж хүсэж байна. Тэгвэл таны алдааг давтахгүй үр дүнтэй хөтөлбөр болох нь байна.
 
Хүснэгт 2. 6 хувийн хөтөлбөрт хамрагдах боломжит өрхийн тооцоолол
 

Эх сурвалж: Нийтлэлчийн тооцоолол

8 хувь: Тийм шүү. Бодлогын хөтөлбөрүүд алдаанаасаа суралцаж, түүнийгээ давтахгүй байх нь чухал шүү дээ. Ингэхэд орон сууцны үнэ аль хэдийн өсөөд эхэлчихсэн үгүй юу? Чамд ямар мэдээлэл байна вэ?
 
6 хувь: Хөтөлбөрийн нөлөө нь одоогоор тоон дээр буугаагүй л байх шиг байна. Манайд чинь 2 газраас орон сууцны үнийн индекс тооцдог юм байна. 
Үндэсний Статистикийн Хороо нь илүүтэй хуучин болон шинэ орон сууцыг түүвэртээ авч тооцдог. Тиймээс зураг дээрх хар хөх өнгөтэй шулуун төдийлөн хөдлөөгүй байна. Өөрөөр хэлбэл, цар тахалтай холбоотой 2-догч зах зээл дээр орон сууцны эрэлт буурсан нь харагдаж байна. 
 
Харин Тэнхлэг зууч ХХК-нь илүүтэй шинэ орон сууцыг түүвэртээ авдаг байна. Тиймдээ ч улаанаар тэмдэглэсэн орон сууцны үнийн индекс 2020 оны турш огцом өссөн харагдана. Мэдээж энэ нь цар тахалтай холбоотой гадаадаас ирэгсэд шинэ байр худалдаж авсан нь ихээр нөлөөлсөн гэж харж байна. Бусдаар бол 6 хувь миний нөлөө үнэ дээр илрэх болоогүй вий.
 
 

Эх сурвалж: Монголбанк

8 хувь: Хамгийн гол нь бид хоёр шиг хөнгөлөлттэй хөтөлбөрийг үргэлжлүүлэх хэмжээний санхүүжилт нь манайд тогтвортой биш байгаад л асуудал байна. Сонгуульгүй үед жилдээ 8 хувийн зээлийн эргэн төлөлтөөс 200 орчим тэрбум төгрөг, Засгийн газраас 100 гаруй тэрбум төгрөг суулгадаг. Улмаар эх үүсвэр нь бага болохоор хүсэлт өгсөн зээлдэгчийн оочер, дараалал ч их. Буруу санаагүй бол 2017 оны оочер хүртэл байна. Тэгэхээр чамд ч гэсэн тийм асуудал л үүсэх вий. 
 
6 хувь: Удахгүй тан шиг нүдний гэм мэт болох вий гэж эмээх юм. Сонгуультай холбоотой энэ жил санхүүжилт гарч ирэх ч өрөндөө баригдсан засаг маань бидэнд илүүчлэх мөнгө гаргана гэдэгт итгэлгүй л байна. Энэ байдлаараа өгөх шинжгүй. Байдал муугаар эргэж, ОУВС-ийн хөтөлбөрт ороход хүрвэл та биднийг зогсоох тухай ч ярьж магад. Юутай ч айдас байна аа байна.