Алсын алсад, сэтгэлийн минь чанадад, ай миний зүүд мөрөөдлийн газар бий
Амьдралдаа нэг удаа уулзаагүй ч, халуун дотноор намайг угтах, хүндэт ах эгч нар минь тэнд буй
Ах нар минь найрсаг, эгч нар минь өгөөмөр, аньсага минь чийгтэн бодол минь эзгүйрэхэд
Аялгуу дуугаараа намайг аргадахыг нь мэднэ, аяа би Улаанбаатарын тухай дуулнам...
Энэ бол 1985 оноос хойш монголчуудын сонорыг мялааж буй Г.Пүрэвдоржийн ая, П.Сандуйжавын шүлэг “Улаанбаатарын үдэш” дууны Хятад улсад тархсан 16 хувилбарын нэгийнх нь үг билээ.
Улаанбаатарын үдэш дуу сүүлийн 36 жилийн туршид зөвхөн Монгол Улсын монголчуудын дуулах дуртай дуу байгаад зогссонгүй аялгуу хөг нь Өмнөд хөрш дэх монголчуудын сэтгэлийн утсыг хөндөн, үг болоод утга агуулга нь улам баяжин, олон хувилбараар шинэчэгдэн зохиогдсоор, улмаар Хятад даяар нэн алдартай дуу болон түгэн тархсан байдаг. Ингэхдээ дууны үндсэн ая, дахилт нь ихэнхдээ эх дуутайгаа ижил байх ба үг нь монгол, хятад хоёр хэлээр хосолсон гурван янз байх боловч Улаанбаатар бол умард зүгт орших үзэсгэлэн төгөлдөр, найрсаг сайхан хот гэсэн утга бүх хувилбарын цөм санаа болдог.
Ямартай ч Өмнөд хөрш дэх монголчууд, Монгол Улсын монголчуудаа ах эгч нар минь гэж сэтгэлдээ найрсан бодож, хүндлэхийн зэрэгцээ манай эх орныг монгол үндэстний гал голомт, нийслэл Улаанбаатар хотыг бүх дэлхийн монголчуудын төв хэмээн санадгийг миний бие Өмнөд болон Шинжааны Ховог сайр, Бор тал, Баянгол, Хөх нуурын Дээд монголчуудтай уулзан танилцаж, нөхөрлөх замдаа таньж мэдсэн юм.
Гэтэл бид тэднийгээ сэтгэл, оюундаа ямархан байр сууринд багтаадагсан билээ...?
Ханжөүгийн тэмдэглэл цувралынхаа гуравдугаарт би Өмнөд Монголоос, Бээжингээс өмнө зүгт оршин суух эгэл жирийн монгол хүмүүсийг танилцуулахаар шийдлээ.
Гэтэл Монгол Улсын монголчууд бидний дундаас, дэлхий даяар тархан суусан бусад монголчуудын дотроос эрдэм мэдлэг, оюун ухаан, хичээл зүтгэлээрээ шалгаран шинжлэх ухаан, технологи, бизнесийн салбарт дэлхийн энд ажиллаж, хөдөлмөрлөж буй олон арван шилдэг охид, хөвгүүд төрөн гарсаар буйг бид өөрсдөө мэддэг, таньдаг, тэднээрээ бахархан, үлгэр дууриал авдаг байж гэмээнэ хөгжил өөд тэмүүлэх эрч хүч, мэргэн ухааныг олно гэж бодно. Монгол Улсын монголчууд бид ч бас Өмнөд монголчуудынхаа дотроос урлаг соёлын алдартнуудыг түлхүү таньж мэддэг болохоос шинжлэх ухаан, бизнес, улстөрийн салбарт амжилттай яваа эрхмүүдийн талаар тэр бүр уншсан, мэдсэн нь ховор билээ.
Өмнөд Монголын нэр үйлс нь Хятад даяар түгсэн эрдэм чадалтнууд, Ази тив, дэлхий даяар тархсан алдар цуутнуудын тухай бичнэ гэвэл миний нэг нийтлэл бүү хэл бүтэн ном багадах тул зөвхөн өөрийн сурч байсан Жөжянь мужийн Ханжөү хотод уулзан танилцсан цөөн хүмүүсээр төлөөлүүлэн ажлын байр, бизнесийн орчны өрсөлдөөн хамгийн ихтэй Хятадын зүүн өмнөд мужуудад Монгол хүн хэрхэн байр сууриа олж, амжилттай ажилладаг талаар өгүүлье.
Ханжөүгийн тавдугаар сар цаг агаарын хувьд хамгийн сайхан. Монголын долдугаар сарыг санагдуулна. Хэлний бэлтгэлийн эхний жилийн хавар, сүүлийн улирлын хичээлээ үзэж дуусаад, шалгалтанд бэлдэх хугацаа эхэлсэн тавдугаар сарын 10-даар миний багын найз, Жөжянь их сургуулийн мастер Н.Мөнх-Идэрээс вийчаатаар дуут шуудан ирсэн нь Жөжянь мужийн монголчуудын 12 дахь удаагийн “Отрын зоог” наадмын мэдээ байв. Монгол Улсаас 2,500 километрийн алсад байх Ханжөү хотод цөөн тооны Өмнөд монголчууд амьдардаг гэж дуулснаас хоёр зуу, гурван зуугаараа цуглаад хавар наадмаа, намар Зулын баяраа хамтдаа тэмдэглэдэг юм гэж яахин санах билээ. Жөжянь мужийн монголчуудын соёлын нийгэмлэгээс зохион байгуулдаг “Отрын зоог” наадмыг үзэж сонирхохоор 30 километрийг метрогоор, 20 километрийг таксигаар туулан уулын орой дээр байрлах морин тойруулгын газар очтол бусад монгол оюутнуудаасаа түрүүлэн хүрсэн байв.
Сүүлийн жил орчим хугацаанд 10-аас илүү монгол хүн нэг дор хараагүйн дээр нутгаасаа хол сурч буй оюутныг монгол гэр, морьд, дээл хувцас, нутгийн дуу хуур бүхий орчин, танихгүй ч гэсэн монгол хүмүүс “Монгол Улсаас ирсэн хүн” хэмээн хүндлэн, баяртайгаар угтахад өөрийн эрхгүй огшдог юм билээ. Намайг очиход морьт жагсаал бүхий наадмын нээлт эхлэх гээд, Өмнөд Монголын Улаанхад хотоос аварга Гэгээрэх тэргүүтэй бөхчүүд ирчихсэн, бөхийн бүртгэл дуусах гэж байв. Монголд байхдаа бөх барилдахыг зурагтаар л харж байсан намайг улсаа төлөөлж барилдуулахаар хүчээр бүртгэсэн тул нэгийн давааны сүүлээр Хасар бөхийн өмсгөл өмсөн гарав. Нэгийн давааны учраа 190 орчим см-ийн өндөртэй, биерхүү хөрслөг бор хүн аж. Барилдахаар гарахад Монгол Улсын бөх гэж зарласны дээр араас гарсан монгол оюутнууд ирсэн тул бас ч гэж хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалахгүйн тулд ядаж ганц давах юмсан гэж бодно. Гэтэл өнөөх давах ёстой хүн нь насаар ахмад боловч надаас өндөр том биетэй, хангайн буга шиг хүдэр эр. Ядаж байхад Өмнөд монгол бөх гар нь гартайгаа, хөл хөлтэйгээ барилддаг гэнэ. Ер тийм дүрэм байхгүй байсан ч надад хийж мэдэх бөхийн мэх байх биш. Хий л өнөөх буга шиг ахын түрэхийг зогсоон, тэвэрч аваад яахаа мэдэхгүй бариад зогсчихов. Арваад минут ийн зогссоны дараа өрсөлдөгч ах хэлж байна. Дүү ахыгаа тавьчих, ах нь зочин тосоод архи уусан тул бие муу ядарчихжээ. Удаан тэсэхгүй нь өвдөглөе гэв. Ингэж нэг юм ганц давав. Ганц даваад зогссонгүй барьж зогсдог мэхээрээ ахин хоёр давав. Дөрвийн даваа болоход нэлээн бөх байрын дүрдээ орчихсон байтал алдарт Гэгээрэх аваргатай оноолт тааран уртаашаа нэг хором барилдаж ойчсоноор миний бөхийн карьер эхэлсэн өдрөө дууссан түүхтэй.
Арван хоёр дахь удаагийн “Отрын зоог” наадмын оройн баярын зоог дээр надтай нэгийн даваанд барилдсан ах, Жөжянь дахь Монголчуудын соёлын нийгэмлэгийн удирдагч Буянт гэж хүн болохыг мэдэж билээ. Буянт ах Өмнөд Монголын Ордос нутгийн хүн. Шинжааны их сургуулийн 2002 оны архитектор, зураг төслийн салбарын шилдэг төгсөгч түүнийг авах гэж Хятадын олон муж хотын удирдлагууд араас нь хөөцөлдсөний эцэст Ханжөү хотод ажиллахаар болсон гэдэг. Буянт ах одоогоор Жөжяний Газар доорх архитектор, зураг төслийн судалгааны хүрээлэнгийн дэд захирлын албыг хашин, Ханжөү хотын метро, нүхэн гарцын ажлын төлөвлөлтийн инженерингийн шийдлийг гаргаж буй. Ханжөүгийн метроны сүлжээ Хятад улсын хамгийн орчин үеийн шийдэлтэй, технологи инновацын ололт амжилтыг шингээсэн гэдгээрээ алдартай. Хэзээ нэгэн өдөр Монгол Улсын нийслэлд метро барихаар шийдэн, хол ойрын инженер, эрдэмтэн судлаачдын санал, зөвлөмжийг сонсохоор эрдэм шинжилгээний хурал зохион байгуулбал Буянт ахын нэр дээр урилга хүргүүлээсэй гэж хүснэ.
Улаанбаатарын үдэш дууны үг П.Сандуйжав найрагчийн өврийн дэвтэрт бичигдсэн, 1982 оноос Г.Пүрэвдорж хөгжмийн зохиолч ая хийн амилуулсан 1985 оны хооронд Ханжөү хотод Өмнөд Монголын эмч, багш, тамирчин зэрэг ажил мэргэжлийн хүмүүс ирж ажиллах болсноор Хятадын орчин үеийн өндөр хөгжилтэй Зүүн Өмнөд бүс, Жөжянь мужид монгол үндэстнүүд суурьшиж эхэлжээ.1992 онд Хятадын өөрчлөлт шинэчлэлтийн эцэг Дэн Сяо Пин Гуандун мужийн Шэньжэн хотод очин Өмнөд, Хойд Хятадын аж үйлдвэр, худалдаа, эдийн засгийн хөгжлийг нэгтгэн эрчимжүүлэх үзэл баримтлалаа зарласны дараагаас умард нутгийн ажиллах хүчин өмнөд рүү нүүсэн урсгалын хүрээнд 1996 – 1998 онуудад Жөжяньд суурьших Өмнөд монголчуудын шилжилтийн нэгдүгээр оргил үе тохиосон байдаг. Энэ үед Өмнөд Монголын дээд боловсролтой хэл бичгийн судлаач, соёлын салбарын сэхээтнүүд, мал аж ахуйн нарийн мэргэжилтнүүд, намын ажилтнууд, эмч нар, мэргэжилтэй ажилчид, худалдаачид голдуу хүмүүс Жөжянь мужийн Ханжөү, Нинбо, Жинхуа, Шиаошинь хотуудад очин ажиллажээ. Анхны үеийн Жөжяний монголчуудын төлөөлөл болох хүмүүс гэвэл Хятадын урлагийн академийн төгсөгч Сэцэн, Жөжянь мужийн орлогч дарга асан Батчулуун гэх хүмүүс бий.
Сэцэн эгч 1980-аад оны дундуур Өмнөд Монголоос Жөжяньд ирж урлаг судлалын чиглэлээр их сургууль дүүргэсний дараа Ханжөүгийн алдарт хүр хорхойн торго болон бусад соёлын өгүүлэмжийг ашиглан олон улсад хувцас загварын шинэ брэндинг танилцуулдаг Hangzhou Saihan Advertising Design Co., Ltd компанийг үүсгэн байгуулан ажиллажээ. Түүний загварын компанийн эргэлтийн хөрөнгө нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хүдрийн овоолгыг түшиглэн байгуулсан, цэвэр зэс боловсруулах “Ачит Ихт” компанийн анхны хөрөнгө оруулалттай дүйнэ. Сэцэн эгчийн санаачилгаар тус мужид монгол соёлыг танилцуулах олон арван арга хэмжээ зохион байгуулагддаг бөгөөд Чингис хаан мэт агуу уужим сэтгэлтэй, тэвчээр хатуужилтай байвал амжилтад хүрч болох тухай ном судраас эшлэн ярихыг нь хэдэнтээ уулзан сонсож билээ.
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жин Пин 2002 – 2007 оны хооронд Жөжянь мужийг удирдаж байхад Ордосын Отог хошууны Батчулуун гуай мужийн орлогч дарга, мужийн ХКН-ын нарийн бичгийн дарга, Нинбо хотын даргын албыг хавсран гүйцэтгэсэн байдаг. Мөн 2010 – 2014 онд Жилинь мужийн орлогч дарга, намын нарийн бичгийн даргын албыг хашсан нь Хятадын цөөн тоот үндэстний дотроос Хань үндэстний уугуул мужийн орлогч дарга, хотын дарга хүртэл дэвшсэн цор ганц хүн болжээ. Өөрөөр хэлбэл Өвөр Монголоос өөр Хятадын муж, хотыг удирдсан анхны монгол хүн. Эх хэлээрээ цэвэр тод ярин, Өмнөд Монголоос төрөн гарч буй олон залуусын ажил амьдралын түшиг тулгуур нь болдог Батчулуун гуай өдгөө Бээжинд суудаг.
2002 онд Хятадын шилдэг их сургууль болох Жөжяний их сургууль нь цөөн тоот үндэстний сурагчдыг дэмжих таван жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарласнаар Өмнөд Монголоос тус мужид суралцах, суурьших хоёрдугаар давалгаа 2009 он хүртэл өрнөжээ. Таван жилийн хөтөлбөр нь нэг жил хятад хэл, дөрвөн жил мэргэжлийн хичээл үзэх бакалаврын болон мастер, докторын шатны сургалтаас бүрдэж байв. Энэхүү оюутнуудын хоёрдугаар давалгаанаас хойш Өмнөд Монголын шилдэг төгсөгчид Бээжингээс урагш Хятадын өмнөд мужуудад очин боловсрол эзэмшиж, их хотын өрсөлдөөнт орчинд өөрсдийн авьяас, хүчийг сорих болов. Тэдгээр хоёрдугаар үеийн Жөжяньд суурьшсан тархи толгой сайтай залуучуудын тод төлөөлөл нь инженер Аянгаа, химич Үйлс, аж үйлдвэрийн парк төлөвлөгч Эрдэнэ-Очир, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Батсүрэн, анагаах ухааны доктор Наранмандал, Уулаа, эгч дүү Дорно, Өрнө, санхүүч Чунлан нарын 100 гаруй залуус юм.
Баруун Баарины Цагаан нуур сумаас гаралтай Аянгаа нь Жөжянь их сургуульд 2002 онд элсэн Механик инженерийн мэргэжлээр 2007 онд бакалавр, 2009 онд мастераа төгссөний дараа АНУ-д очин Нью-Йоркт докторын зэргээ хамгаалжээ. Одоо АНУ-ын Охайо мужийн их сургуульд Механик, сансрын аяллын салбарын профессор, докторын удирдагчаар ажилладаг. Түүний судалгаа, хөгжүүлэлтийн ажлын үндсэн сэдэв нь хоёр хөлтэй робот хөгжүүлэлт юм. Сүүлийн үед Францын компанитай хамтран хөгжлийн бэрхшээлтэй суумгай хүмүүст зориулсан робот доод бие хөгжүүлж байгаа нь ихээхэн амжилтад хүрч, 2019 онд Хятадын номер нэг Циньхуа их сургууль түүнд багшлах урилга, нэг сая долларын шагнал амласан боловч Америк дахь робот хөгжүүлэлтийн ажлаасаа хөндийрөх боломжгүй байгаагаа хэлэн татгалзсан нь Хятадын шинжлэх ухааны орчинд ихээхэн шуугиан тарьсан юм.
Өмнөд Монголын Жирэм аймгийн Үйлс хэмээх бүсгүй 2009 онд Жөжянь их сургуулийг төгсөөд Procter & Gamble компанийн Гуаньжөү салбарт орж ажиллан, дараа нь Сингапурын Азийн салбарт 6 жил болоод өнөөдөр Гуаньжөүд эргэн ирээд тус компанийн Хятадын салбарын ахлах менежерээр ажиллахын зэрэгцээ Гуаньдун муж дахь монголчуудын соёлын нийгэмлэлгийг зохион байгуулан ажилладаг. Аянгаа, Үйлсээ нарыг яагаад онцлов гэхээр тэд бол бага, дунд сургуульдаа Монголоор хичээл үзэж байгаад, их сургуульд суралцах 5 жилийн дотор мэргэжлээсээ гадна Хятад, Англи хэлийг гарамгай эзэмшин, Хятад оюутнуудтай өрсөлдөн нэгдүгээр байр эзэлж чадсаныхаа хүчинд докторын тэтгэлэг, гадаад компанид ажиллах урилга авсан хүмүүс. Их сургууль төгссөн жилдээ хорь гаруй сая хүнтэй өрсөлдөн гадаадын тэтгэлэг, олон улсад нэртэй компанид ажлын байр олох нь тийм ч хялбар биш гэдгийг хэлэх нь зүйтэй:
Ханжөүд очоод нөхөрлөсөн Өмнөд Монголын Баарины Эрдэнэ-Очир, Шинжааны Ховогсайрын Батсүрэн, Дээд Монголын Гомбожаа гэсэн анд нөхдөөс эрдэм номд шамдах, ажил үйлсээ тууштай эрхлэхийн үлгэр дууриаллыг одоо ч авдаг. Гомбожаа найман жилийн өмнө Хөхнуураас Ханжөүд очин үл хөдлөх зуучлалын компанид ажиллаж эхэлсэн бол одоо 20 гаруй ажилтантай компанийн захирал болтлоо өсч өндийсөн. Шинжааны Торгууд Батсүрэн 2009 онд Жөжянь их сургуулийг төгсөөд Ханжөүд хувийн хөрөнгө оруулалт, өрийн санхүүжилт, үнэт цаасны арилжааны чиглэлээр бизнес эрхэлж эхэлжээ. Давхар Шанхайн хөрөнгийн биржийн тоглогч Ханжөү Ифан Капитал Менежмент компанид хувьцааны чиглэлээр ажилладаг. Түүний аав 1990-ээд оны үед Ховдын Булганы боомтоор дамжуулан Монгол Улс руу гурил оруулж ирж байсны зэрэгцээ, хамтрагч Монголын торгуудуудын хамтаар цас зуд, ган гачигт нэрвэгдсэн Ховд аймгийн сумдад туслах аянд нэгдэж байсан юм билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод айлчлан хоёр орны Эдийн засгийн хамтын ажиллагааны олон чухал баримт бичигт гарын үсэг зурсны дотор “Замын-Үүд – Эрээний чөлөөт бүс” байгуулах төсөл багтсан юм. Тэгвэл тэрхүү “Замын-Үүд – Эрээний чөлөөт бүс”-ийн зураг төлөвлөгөөг Жөжянь их сургуулийн дэргэдэх Аж үйлдвэр, хот төлөвлөлтийн зураг төслийн хүрээлэн, Баруун хойд Хятадын хөгжлийн судалгааны хүрээлэн хамтран боловсруулсан ба уг төслийн төлөвлөгч, зохицуулагчаар Эрдэнэ-Очир хэмээх Өмнөд Монгол судлаач ажилласан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын дараагаар Эрдэнэ-Очир судлаачийн санаачлагаар Монголын Улсын ЗГХЭГ, хил гаалийн байгууллага, Замын-Үүд сумын удирдлагын төлөөлөл, Эрээн хотын Засгийн ордны нэр бүхий хүмүүсийн хамтаар Жөжянь их сургууль дээр зочлон очиж, дээрх хоёр нэр бүхий төлөвлөлтийн хүрээлэнгийн ажилтай танилцаж байсныг санаж байна.
Ханжөүгийн монголчуудынхаа дунд нэр хүндтэй хүн болох Эрдэнэ-Очир нь дөч хүрээгүй залуу хүн боловч Баруун Хятадын хөгжлийн судалгааны хүрээлэнд ажиллаж, Жөжянь их сургуулийн хот, хөдөөгийн төлөвлөлт, зураг төслийн хүрээлэнгийн захирлын албыг хашиж байв. Тэрээр 2008 онд Ханжөү ЖЖТД ХХК-ийг, 2013 онд Ханжөү Сианы Эдийн засгийн мэдээллийн зөвлөх компанийг үндсэн ажлынхаа хажуугаар байгуулан, 2019 оноос флуросиликон материал үйлдвэрлэл, аж үйлдвэрийн паркуудын хөрөнгө оруулалтын төлөвлөлт, барилга угсралтын ажилд зөвлөх, хөрөнгө оруулалтын үйлчилгээ эрхэлдэг Ханжөү Хичэн Технологийн Үйлдвэр компанийнхаа ерөнхий захирлаарр ажиллаж буй. Хятадын Төрийн Зөвлөлөөс баталсан Өмнөд Монгол, Гансу, Шэньси, Нинся, Циньхай зэрэг мужуудад баригдаж буй 115 орчим аж үйлдвэр, эдийн засгийн тусгай бүсүүд түүний оролцсон, ахалсан зураг төслийн хүрээнд бүтээн байгуулалт нь өрнөж байна. Миний бие Эрдэнэ-Очир судлаач, захиралтай хийсэн ярилцлага дээрээ тулгуурлан “Жөжяний их сургууль: Мэдлэг, Инноваци, Хөгжил” нийтлэлийг бичиж байгаа тул түүний тухай энэ хүртэл танилцуулъя.
Өдгөө Хятадын анагаахын шинжлэх ухаан, тэр дундаа хорт хавдрын эсрэг судалгааны чиглэлийн тэргүүлэх эрдэмтдийг нэрлэхэд Жөжянь их сургуулийн Анагаах ухааны сургуулийн профессор, докторын удирдагч Наранмандал багшийн нэр заавал дурьдагддаг. Тэрээр их сургуулийнхаа дэргэдэх Нэгдүгээр эмнэлгийн цусны эмгэг судлалын, Японы Чиба болон Японы Шоа фармакологийн их сургуулийн зочин профессороор давхар ажилладаг ба Их Британи, Франц, Герман, Япон, АНУ, Хятадын анагаах ухааны нэр хүндтэй сэтгүүлүүдийн редакцийн зөвлөлийн гишүүн, олон улсын нэр хүндтэй 100 гаруй шагналын эзэн болсон хүн. Мөн Өмнөд Монголын Жирэмийн Цахар гаралтай Дү.Эрдэнэ-Уул профессор Жөжянь Чанжин Дээд Сургуулийн дэд захирлын нэр хүндтэй албыг хашиж байгаа. Гуравхан сая гаруй Өмнөд монголчуудын дотроос Хятадын шинжлэх ухааны салбарт товойн гарч ирсэн олон хүмүүсийн төлөөлөл болгон энэ хоёр профессорын тухай цөөхөн үгээр дурьдахад ийм байна.
Монголчууд бид сонгож болохгүй хувь заяаны эрхээр эдүгээ гурван улсад хуваагдан сууж буй үндэстэн. Гэвч манай үндэстэн туурга тусгаар улстай, тулгандаа галтай үндэстэн. Дэлхий дээр Монгол гэж улс байгаа нь хилийн гадна аж төрдөг олон Монгол угсаатны сэтгэлийг дэвтээж, итгэлийг хөгжөөдөг. Гэтэл зол заяагаар Монгол Улсаа онон төрсөн монголчууд бид ахан дүүс, төрөл саднаа хажиглан гадуурхаж, муучлан доромжлох нь ч бий.
Эдгээр хүмүүсийн тухай бичихээр манай зарим ухвар мөчид хүмүүс, жалганаасаа гарч үзээгүй тэмцэгч нэртэй залхуучууд, Монголд Хятадыг сурталчиллаа, эрлийзүүдийг Монголд авчрах гэлээ хэмээн уурлаж хийрхэх нь гарцаагүй. Орос, Хятадыг судлах нь, дотоод нийгмийн амьдралыг нь танин мэдэж, түүнтэй уялдах гадаад бодлогыг нь тааварлах нь Монгол сэхээтний үүрэг мөн.
Манайхан бие биенээсээ нуугдаж очоод л Хятадаас хөрөнгө оруулагч, бизнесийн хамтрагч хайдаг. Гэвч Хань үндэстэн хулгай худлаар олоогүй л бол цүнхтэй мөнгөө барьж ирээд хэн хүссэн хүнтэй нийлээд манайд үйлдвэр уурхай барихгүйг, ураг төрлөөсөө өөр хүнд бүрэн итгэж бизнест хамтрахгүйг ойлгодоггүй.
Хэнтэй ч харилцсан цаг хугацаа, итгэл гээч зүйл мөнгөнөөс илүү үнэ цэнэ болдгийг бид ухаардаггүй. Хэрвээ бид ухаантайсан бол Хятад, Орос, Япон, Канад, Солонгосчуудаас илүү дэлхий даяар өөрсдийнхөө капиталыг бий болгочихоод буй Америк, Герман, Франц руу эрт гарсан Халимаг, Буриадууд, Зүүн Өмнөд Ази, Япон, Австрали, Хятадад бизнесээ босгочихсон Өмнөд монголчууд найдвартай хөрөнгө оруулагч болж чадна гэдгийг нийтээрээ ойлгохсон. Монгол үндэстнийг хагаралдуулах, хагацаах бодлого, үйл ажиллагаа явуулж, өөр хооронд нь яс хаясаар буй хүмүүс сүүлийн дөрвөн зуун жилд харь гүрнүүдийн хамгийн үнэнч анд болж Монголоо хорлосоор ирснийг түүх гэрчилнэ. Гэнэн хөөрүү, мэдлэг мэдээлэлгүйгээсээ болж ах дүүсээ, төрөл саднаа гомдооно гэдэг байж болшгүй зүйл.
Цаг хугацааны эрхээр бүх зүйл сайжрах тал руугаа хөгждөгт би итгэдэг. Монгол үндэстний дотоод ойлголцол сайжирч, он цаг улирахын эрхээр зөв гольдролдоо орж байгааг ч харж байна.
Монголчууд эв нэгдэлтэй, ах дүүсэг, хамтран хөгжихийн чухлыг сургасан Алунгоо эхийн таван сумны сургаал одоо ч хуучраагүй. Өмнийн өмнө зүгт орой бүрт найрын ширээний ард, найз нөхдийн уулзалтын үдэшлэг Улаанбаатарын үдэш дуу эгшиглэсээр л, алсын алсад орших зүүд мөрөөдлийнх нь хотод найрсаг ах нар, өгөөмөр эгч нар нь зориод очих дүүгээ халуун дотноор угтана хэмээн Өмнөд монголчууд минь дуулсаар л. Сониноос Ханжөү хотод нэхмэл эдлэлийн үйлдвэрлэл, торго бөс барааны экспорт, импортын бизнес эрхэлдэг Өмнөд Монголын Шилийн голын унаган хүү Улаанбаатар хэмээх бийлэгжүү эр, хөрөнгө мөнгөө Монгол соёлыг түгээн сурталчлах, нутгийн дүү нараа сурган тэтгэх ажилд харамгүй зориулсаар аж төрөн суудаг билээ. Улаанбаатарын үдэш намуухаан намуухан.