Индэр    
2021 оны 3 сарын 8
Зураг
iKon.mn сэтгүүлч

Б.Болор-Эрдэнэ: Манай улс 5G сүлжээний эхний туршилтыг долдугаар сард хийнэ

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Е-Mongolia системийг 2020 оны аравдугаар сарын 1-нд олон нийтэд танилцуулснаас хойш 800,000 хэрэглэгчтэй болжээ. Өөрөөр хэлбэл, энэ тооны иргэн төрийн 180 гаруй үйлчилгээг суурин компьютер болон гар утсаараа авч байгаа юм.

Цаашид ч далайц нь нэмэгдэх цахим шилжилт болон мэдээллийн технологийн салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг чанаржуулахад хэрхэн анхаарч буй талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

-Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан цахим шилжилтийн хоёр дахь давлагааг хийнэ хэмээн Ерөнхий сайд мэдэгдсэн. Энэ ажлын бэлтгэл ямар шатандаа байна вэ?

-Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн тэргүүлэх зургаан чиглэлийн нэгээр мэдээллийн технологийн салбарыг түүхэндээ анх удаа нэрлэлээ. Өмнө нь цахимжуулах бодлого гэдгийг төрийн үйлчилгээг цахимжуулах хүрээнд л төсөөлж байсан бол одоо технологийг ашиглан улс үндэстнээрээ яаж хөгжиж болох вэ гэдгээр хардаг болов. 

Иймээс цахим үндэстэн санаачилгыг Засгийн газраас дэмжин хэрэгжүүлж буй бөгөөд төрийн үйлчилгээг цахимжуулахаас гадна тоон бичиг үсэгтэн болж, иргэдийнхээ технологи хэрэглэх чадварыг сайжруулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хиймэл дагуул хөөргөх гэх зорилтыг биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Үүнээс гадна чухалд тооцогдох зүйл нь “Cross sector” буюу салбар хоорондын мэдээллийн технологийн уялдаа холбоог хангах юм. КОВИД-19 цар тахал нь манай улсад салбар хоорондын уялдаа ямар түвшинд байгааг шалгасан гэж хэлж болно. Салбар хоорондоо нягт уялдаатай ажиллах шаардлага байгааг цар тахал харууллаа. 

Монгол Улсын Засгийн газар эхний 100 хоногтоо багтаан 592 үйлчилгээг E-Mongolia-д холбохоор төлөвлөсөн. Эдгээр нь иргэд таван жилд дор хаяж нэг удаа авдаг үйлчилгээ. Мөн нэмэлтээр хүргэлтийн үйлчилгээ ороод байна. 

-E-Mongolia-г илүү их хүнд хүргэх, хэрхэн ашиглах тухай заавар зөвлөгөөг хүртээмжтэй түгээхэд хэрхэн анхаарч байна вэ?

-Энэ хүрээнд хоёр ажил хийгдэж байна. Нэгдүгээрт, Төв шуудангийн том заалыг “E-Mongolia-1111” төв болгон тохижуулж байгаа. Энд ямар нэг үйлчилгээ үзүүлэхгүй бөгөөд иргэдэд E-Mongolia-г хэрхэн ашиглах тухай зааж, мэдээлэл өгдөг байх юм. Тоон бичиг үсгийн тэгш бус байдал Монголд байна. Тиймээс гар утсан дээрээ E-Mongolia аппликейшн суулгаж бүртгүүлэхээс эхлээд паспортоо хэрхэн захиалах, лавлагааг яаж авах гэх мэтчилэн олон төрлийн үйлчилгээг заана. Түүнчлэн мэдээллийн технологитой холбоотой ерөнхий мэдлэгийг заах сургагч багш нар ажиллана. 

Хоёрдугаарт, E-Mongolia академи байгуулна. Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудыг мэдээллийн технологийн чадвартай болгоно. Үйлчилгээ авах төдий биш, салбарынхаа онцлогт тулгуурлан мэдээллийг боловсруулах, өөрсдийнхөө ажлыг цахимаар хялбаршуулах, илүү үр дүнтэй байлгах чадваруудыг суулгахаар ажиллаж байна. Үүн дээр Эстонийн цахим засаглалын академи хамтран ажиллаж байна.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллийн технологийн салбарынхантай хийсэн уулзалтын үеэр та төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байгааг онцолж байсан. Уулзалтаас хойш хамтарч ажиллахаар хүсэлт ирүүлсэн хэдэн байгууллага байгаа вэ?

-Уулзалтын дараа гурван Ажлын хэсэг байгуулагдсан.

Эхнийх нь shared vision fund буюу гарааны бизнесүүдийг дэмжих сан. Энэ санг олон улсад гарах гэж байгаа, тодорхой шалгуур хангасан гарааны бизнесүүдийг дэмжих зорилготойгоор байгуулъя гэж зорьж байна. Одоогоор Монгол Улсаас мэдээллийн технологийн 10 орчим компани олон улсад бүтээгдэхүүнээ гаргасан. Эдгээр компаниа дэмжиж, олон улсад стартапын “unicorn” компанийг байгуулах хэрэгтэй гэж үзэж байгаа.

Хоёрдугаарт, тоон бичиг үсгээр чадварыг сайжруулахаар TomYo, Faro зэрэг боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөллийг нэг Ажлын хэсэг болгон, бүтээсэн платформуудыг нь ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн хичээлд ашиглахаар төлөвлөж байна. Боловсролын тэгш бус байдлыг бууруулахын тулд гар утсан дээр нь сонирхолтой хичээл үзүүлж, дэмжье гэж байгаа юм. 

Гуравдугаарт, стартап, мэдээллийн технологийн салбарыг компаниудыг дэмжих экосистемийг бүрдүүлэх ажлын хэсэг. 

Дээрх ажлын хүрээнд 81 байгууллага хамтран ажиллахаар хүсэлтээ ирүүлсэн. Эдгээр компанийг гурван Ажлын хэсэгт хуваарилсан байгаа. Мөн дээрх ажлын хэсгүүдэд Инновац, цахим бодлогын Байнгын хорооны гишүүд орж ажиллаж байна. Энэ ажлыг үр дүнтэй байлгах үүднээс гүйцэтгэх засаглал, хувийн хэвшил, УИХ-ын төлөөллүүдийг оролцуулан нэг баг болж ажиллаж байгаа. 

-Уулзалтын үеэр хувийн хэвшлийнхэн тендерт шүүмжлэлтэй хандаж байсан. Тендер авдаг хэдхэн компани байдаг, шинэ компаниуд тендер авах орон зайгүй, шалгаруулалт ил тод биш гэх мэтээр олон зүйл хэлсэн. Үүнийг ил тод байлгахад ямар арга хэмжээ авч байна вэ?

-Худалдан авах ажиллагааны хууль(Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль) гэж бий. Хуулиндаа стандартуудаа тогтоосон байдаг. Ажилласан жил, санхүүгийн шалгуурыг ч өндөр тогтоосон байдаг учраас гарааны бизнесүүд, технологийн компаниуд шалгуурыг давах хэцүү. Бүрдүүлэх материал нь ч их. Үүнээс гадна хамгийн том асуудал нь салбар хоорондын давхардсан хөрөнгө оруулалт их байна. Адил төстэй системийг дахин өөр салбарт хэдэн тэрбум төгрөгөөр авдаг. Энэ асуудлыг манай агентлаг хүчтэй хөндөж байгаа. Бид Засгийн газарт IT чиглэлийн тендерийн шалгуурыг компани, санхүүгийн асуудал дээр нь биш, систем болон тогтвортой байдал дээр нь тавьдаг болох санал хүргүүлж байгаа.

Мөн салбар хоорондын уялдаа олон жилийн турш хангагдаагүй явсан. Жишээлбэл, Эрүүл мэндийн яамны мэдээллийн технологийн асуудалд манай агентлагаас оролцож байж  зөв систем явж байгаа эсэхийг хянах боломжтой. Гэтэл тухайн яамны мэдээллийн технологийн дотоод асуудалд агентлагийн статустай манай газар оролцох боломжгүй байдаг. Үүнээс болж www.119.mn дээр асуудал үүссэнийг та бүхэн мэдэж байгаа. Одоо бол бид хамтарч ажиллаж байгаа. Ийм асуудал бүх салбарт байгаа тул яамдтай хамтарсан Ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Ажлын хэсэгт мөн хувийн хэвшлийнхэн орно. Хамтраад юу хийх, яаж ажиллах талаараа ярилцдаг байх юм.

Хэрэглэгчийн эрх нэмж үүсгээд, хуваалцаж хэрэглэх боломжтой зүйлийг дахин худалдан авсан тохиолдлууд байдаг
 
Гэрэл зургийг mpa.mn

-Хувийн хэвшлээ дэмжинэ, хамтын ажиллагааг сайжруулна гэдгийг тодорхой тайлбарлаж хэлэхгүй юу?

-Дэмжинэ гэхээр байнга татаас авах, санхүүгийн туслалцаа хүсэх байгууллагууд гарахгүй байгаасай гэж боддог. Төр бодлогоор дэмжиж, экосистемийг бүрдүүлснээр олон улсад дотоодын технологийн салбарынхан гараасай гэж боддог. Миний хийхийг зорьж байгаа зүйл бол Монголын технологийн салбарыг дэлхийд таниулах бөгөөд энэ асуудлаар The Washington post, Financial times-тай холбогдож байгаа.

Ерөнхий сайд Никкейд өгсөн ярилцлагадаа Монголын мэдээллийн технологийн салбарынхны талаар онцлон дурдсан нь дээрх зорилготой холбоотой. 200 гаруй стартап компанитай уулзахад хамгийн том дэмжлэг бол гадаад зах зээлд дотоодын компани, бүтээгдэхүүнийг сурталчлах асуудлыг их ярьж байна.

-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын цаашид баримтлах бодлого юу байх вэ?

-2021-2024 он дуустал цахим үндэстэн санаачилгыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Өмнөх бодлогын баримт бичгүүдийг судлаад үзэхэд голдуу төрийн үйлчилгээг цахимжуулах зэргээр хэт өөрийн салбар руу орсон зорилго тавьсан байсан. Одоо бол мэдээллийн технологийг бусад салбар ашиглахад нь бид яаж дэмжих вэ, яаж чиглүүлэх вэ гэдэгт анхаарна. Дараагийн чухал асуудал нь мэдээллийн аюулгүй байдал.

Кибер аюулгүй байдлын хууль, Хувь хүний өгөгдөл хамгаалах тухай хууль, Нийтийн мэдээллийн тухай хууль хэмээх гурван хуулийн төсөл өргөн барих гэж байна. Энэ гурван хууль нь цахим шилжилтийн суурь хуулиуд юм. Жишээлбэл, иргэд төрд өөрийнх нь ямар мэдээлэл байна вэ гэдгийг мэддэггүй тул лавлагаа авахын тулд мөнгө төлдөг. Харин одоо бол E-Mongolia руу ороод зээлжилтийн зэрэглэл, үндсэн хаяг гэх мэт мэдээллээ хянах боломжтой болно. Мөн мэдээллээ хамгаалах эрхийг зохицуулж өгч байна. Таны татварыг тооцоолохын тулд татварын ажилтан улсын бүртгэлийн мэдээллийг тань харахад тэр тухай мэдээлэл танд ирдэг байх юм. Хэрэв та тэр хүнийг мэдээлэл харах эрхгүй гэж үзвэл гомдол гаргаж болно.

Иргэн өөрийнхөө мэдээллийг мэдэх, хамгаалах, хянах боломжийг дээрх хуулиудаар зохицуулна. Мөн хүний нөөцөө бэлтгэх шаардлага бий. Одоогоор 10 хүнийг мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр сургаж бэлдэхээр БШУЯ-тай хамтарч ажиллаж байна.

Бидний гол амбиц бол цахим үндэстэн санаачилгаар мэдээллийн технологийг ашиглаж, Монгол Улсын хөгжлийг хурдасгах юм. 

-Аль ч улсад мэдээллийн технологийн салбарын хамгийн том худалдан авагч нь төр байдаг гэдэг. Манай улсад худалдан авсан, худалдсан талууд харилцан үр ашигтай байж чадаж байна уу?

-Аль ч улсад төр бол мэдээллийн технологийн салбарын хамгийн том худалдан авагч байдаг. Манай улсад ч тийм. Гэхдээ асуудлууд бий.

Нэг талаас монгол компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бүрэн үзүүлдэггүй. Нөгөө талаас төр өөрөө шалгуураа тодорхой тавьж, техникийн үзүүлэлт, ажлын даалгаврууд зэргээ дэлгэрэнгүй тавьдаггүй зэрэг асуудал байна.

Учир нь аль нэг яамны мэдээллийн технологи хариуцсан хүн нь их сургууль төгссөн ч салбартаа ажиллаагүй байх, эсвэл салбарын хүн биш байх тохиолдол бий. Дээрээс нь салбар хоорондын уялдаа хангалтгүй. Иймээс л салбар бүрийн мэдээллийн технологитой холбоотой асуудалд бид оролцож дэмжье гэж байгаа. Ингэхдээ тендерийн асуудалд нь орохгүй, харин ажлын даалгавар, шалгуур, систем тогтвортой ажиллах тал дээр нь анхаарал тавина.

Өнгөрсөн хугацааны хөрөнгө оруулалтуудыг харахад программ хангамж дээр давхардсан зүйл их байдаг. Яамнаас яамны хооронд хэрэглэгчийн эрх нэмж үүсгээд, хуваалцаж хэрэглэх боломжтой зүйлийг дахин худалдан авсан тохиолдлууд байдаг. 

-Энэ онд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 100 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбоотойгоор ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-100 жилийн ойг тохиолдуулан бид 5G сүлжээний эхний туршилтыг долдугаар сард хийнэ. 2023 оноос өмнө нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Хөрөнгө оруулалт маш өндөр. Оператор компаниуд өмнө нь 3G, 4G сүлжээг нэвтрүүлэхэд оруулсан хөрөнгөө нөхөж амжаагүй байхад дараагийнх нь сүлжээ орж ирэхээр байгаа. Иймд ухаалаг зохицуулах бодлого баримтална.

-Та Эрсдэлийн мэдээллийн хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон. Хорооны үйл ажиллагаа, зорилгыг хэвлэл мэдээлэлд цензур тавих нь гэж нэлээд хүчтэй шүүмжилсэн шүү дээ. Энэ талаар та ямар тайлбар өгөх вэ?

-Эрүүл мэндийн яам, Онцгой комиссоос иргэдэд өгч буй мэдээлэл зөрүүтэй байгаа тул нэг бүтэц дээр шалгаж, эцсийн тоог нь мэдээлж байх шаардлагатай гэж ДЭМБ-аас зөвлөсөн. Энэ дагуу Эрсдэлийн мэдээллийн хороог байгуулсан. Чиг үүрэг нь Онцгой комисс, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс мэдээлэл авч, нэгтгээд олон нийтэд нэг мэдээлэл өгөхөд оршиж байгаа. E-Mongolia-ийн КОВИД-19 цонхонд УОК, НОК, ЭМЯ-ны албан ёсны шийдвэр, мэдээлэл тогтмол нийтлэгддэг тул би гишүүнээр орсон. Түүнээс биш мэдээлэл хаах, цензур тогтоох эрх бидэнд байхгүй.

Харамсалтай нь, сэтгүүлчдийн дунд буруу ойлголт үүссэн тул Эрсдэлийн мэдээллийн хороог Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас хариуцах нь зүйтэй гэж үзсэн.

-Манай улсад домэйн нэр эзэмшдэг, мэдээллийн сайт эрхлэн явуулдаг олон газар бий. Хэдийгээр мэргэжлийн редакцтай ч сайтууд хуулийн дагуу хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж тооцогддоггүй учир дутагдалтай. Үүнд танай агентлаг болон Харилцаа холбооны зохицуулах хороо ямар байр суурьтай байгаа вэ?

-Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай уулзаж, цаашдын чиг баримжаагаа тодорхойлох чиглэлийг Харилцаа холбооны зохицуулах хороо хариуцдаг. Бид хэвлэлийн эрх чөлөөнд халдахгүй. Энэ бол мэдээллийн сайтуудын төлөөлөлтэй ярилцаж байж шийдэх асуудал.

-Монголын сайтуудыг эрэмбэлэх боломж байдаг уу. Жишээлбэл, телевизүүдийн үзэлтийг цагаар эрэмбэлдэг, түүнд тулгуурлан бизнесийн байгууллагууд сурталчилгааг өгдөг шүү дээ?

-Сайтуудын судалгааг хийдэг ч дэлгэж тавьдаггүй. Учир нь аль нэг сайтыг дэмжиж байгаа мэт харагдах магадлалтай. Хэрэв сайтууд өөрсдөө хүлээн зөвшөөрвөл ил гаргах боломжтой.