Зураг
Зураг
Индэр    
2021 оны 3 сарын 5
Зураг
"Дорнын түншлэл" бизнесийн зөвлөлийн зөвлөх, судлаач Б.Дашравдан

Жөжяний ӨНӨӨДӨР, Хятадын МАРГААШ

Зураг

Ханжөүгийн тэмдэглэл 6 цувралын нэгдүгээр хэсэг “Ухаалаг хот төлөвлөлт” нийтлэлийг минь цаг гарган уншиж, үнэт зөвлөмж саналаа хэлэн, үгийн сайнаар харамгүй мялаасан уншигчдадаа баярлалаа. Өнөөдөр та бүхэндээ цувралынхаа хоёрдугаар хэсэг болох “Жөжяний өнөөдөр, Хятадын маргааш” нийтлэлийг хүргэж байна.

Дөчхөн жилийн өмнө Жөжянь нь улсдаа ядуу муж гэж тооцогдож, Өмнөд Сүн улсын нийслэл байсан гэх түүхэн бахархлаараа амьдардаг Шэ, Вүчүүд хэмээн шоологдож, Ханжөүгийн Баруун нуурыг үзэх аялал жуулчлалын орлогоос өөр ашиг олчихмоор эдийн засгийн үр өгөөжгүй нутаг гэж Хятад даяар хэлэгдэж байсан бол өнөөдөр Хятад мөрөөдлийг биелүүсэн сонгодог жишээ болон дэлхий дахинаа яригдаж байна.

Жөжяний хөгжлийн нууц нь ердөө л энэ нутгийнхны ажилч хичээнгүй, хөдөлмөрч тууштай зан чанар, эв нэгдэл, эрдэм мэдлэгийг дээдэлж, залуу үедээ итгэл найдвараа өгөн ажиллуулдагт л оршино.

Дэлхийд алдартай HIKVISION компани дээр манай ангийнхан ухаалаг хотын удирдлага хичээлийн хүрээнд танилцах дадлага хийсэн юм. Гурван сарын турш долоо хоног бүрийн Баасан гарагийг электрон бараа, цахилгаан тоног төхөөрөмж үйлдвэрлэгч тус компаний төв байрны камержуулалтын систем хөгжүүлэлтийн хэсэг дээр өнгөрөөдөг байв. HIKVISION компаний үүдээр ороход, улаан туузан дээр “Жижигхэн зүйлийг ч агуу үйл хэрэг шиг үйлд” гэсэн үг угтана. Хятадууд гадаад хүнд ханзны утга тайлбарлах туйлын дуртай. 

 

Жөжянь мужийн төв Ханжөү хотын баруун урд залгаа шахуу байх Шаошинь хотоос ирсэн ангийн дарга Рүн Чао бол мэргэжлийн хичээл үзэж эхэлсэн эхний жил миний албан ёсны халамжлан хүмүүжүүлэгч байв. Ангидаа ганцаараа гадаад оюутан байсны дээр нэгхэн жил Хятад хэлний бэлтгэл хийсэн надад танихгүй ханз, сонсоогүй үг, уншаагүй ном, утгыг нь мэдэхгүй үзэл онол бишгүйдээ их. Монголд элэгтэй багш нар таарсан тул тэнхимээс ангийн даргыг миний чиглүүлэгчээр томилсныг хожим мэдэж билээ. Нэгэн өдөр  метрон дотор дадлагаас буцаж явтал Рүн Чао дэргэд суучихсан Хятадын Гүүгл болох Байдүгаас ямар нэг зүйл хайж байснаа надад хандан, өнөөх “Жижигхэн зүйлийг ч агуу хэрэг шиг үйлд” гэсэн бичгийн утгыг тайлбарлав. Ханзны утгыг би өмнө нь толь бичгээс харсан тул түвэггүйхэн ойлгов. Харин Рүн Чаогийн тайлбараа дагалдуулсан яриа нь тун сонирхолтой байж билээ.

Тэр хэлэхдээ: Даши танай Монгол үндэстэн байлдах, эзлэх дуртай хүмүүс. Гэхдээ орчин үед дэлхийн улсууд цэргийн хүчээр дайн байлдаан хийхээ бараг больсон. Харин соёл, эдийн засгийн аргаар тулалдах, эзлэх болсон. Чи өдөр болгон тавин ханз цээжлээд байвал манай үг хэл, соёлыг амархан сурна. Би мөн өдөрт арван Англи үг цээжилж байгаа. Гадаад хэл сурна гэдэг чинь гадаад улс орныг соёлоор нь дамжуулж, зах зээлээр нь эзлэх цэрэг дайны бэлтгэл гэсэн үг. Тиймээс чи өдөрт цээжилж буй ханз бүрээ Хятад соёлыг эзлэхийн төлөө хийж буй бэлтгэл хэмээн ойлгоорой гэж билээ. Чухам энэ үг аливааг сууриар нь боддог, энгийн зүйлээс агуу их эхэлдэг гэж үзэх учраас ямар ч ажлыг бага, өчүүхэн, муу гэж гололгүй хийх Өмнөдийн Хятад хүний, тэр тусмаа Жөжянь хүний амьдралын үндсэн философийг илэрхийлнэ.

“Эзлэх” гэдэг ч сонирхолтой үг. Монголчууд бид аливааг эзлэх дуртай хүмүүс. Гэхдээ орчин цагт юуг, яаж, хэрхэн эзлэхээ л мэдэхээ байчихсан юм. Уг нь юуг эзлэхээ мэдэж байсан бол яаж, хэрхэн эзлэх шийдлээ амархан олчихоор ухаалаг үндэстэн. Өнөөгийн Жөжянь мужийг Хубилайн үед Монголчууд эзэлсэн, дагуулсан болон Мин гүрний үед хөгжил дэвшлийг нь гацаасан гэх сонирхолтой түүх хийгээд таамаглал өнөөг хүртэл яригддаг.

Одоогийн Жөжянь Өмнөд Сүн улсын төв, Ханжөү хот Линьань хэмээх нийслэл нь байсан 1260-аад оны үед Юань улсын Ажу жанжины хүсэлтээр Хубилай хаан Перс дэх Хүлэгүгийн хант улсаас Өмнөд Хятадын хот сууриныг эзлэх дарьт сумаар харвагч оньсон техникийн тусгай хороог авчирсан байдаг. Ингээд 1273 онд Линьанийг дарьт харвагч бүхий Монголын цэрэг эзэлж, эцсээ хүртэл тэмцсэн Хятадын баатар Лү Шиү Фү 1279 онд найман настай Жао хаанаа тэврэн далайд үсэрснээр 300 жил үргэлжилсэн Сүн улсын үлгэр дуусчээ. Харин Хүлэгүгийн улсаас Исмайл, Аль ауд Дин нараар толгойлуулан ирж Баян жанжины удирдлага дор тулалдсан Персүүдийн ихэнх нь Мухаммед нэртэй байснаа Хятад маягаар овгоо морь хэмээх утгатай Ма болгон өөрчилж Юнаньд суурьшив. Тэрхүү Ма нарын дундаас хожим Мин улсын усан флотыг үндэслэгч болж, Энэтхэг, Шри-Ланка, Зүүн Африк, Арабын хойг хүртэл аялж байсан Ма Хэ буюу Жэн Хэ төрөн гарсан түүхтэй.

Мин улсын усан цэргийн захирагч Жэн Хэ нь Кристофер Колумб, Америго Висппуччи, Магеллан нараас урьтаж шинэ тивүүдийг нээгээд, Хятадууд Нидерланд, Португал, Испани, Англи, Француудаас түрүүлээд дэлхийг колоничлох боломжтой байсан гэдэгт өнөөдөр олон Хятад хүн итгэдэг. Даанч Юань улс мөхсөн ч монголчууд Мин улс руу умардаас дайрах дайралтаа зогсоогоогүй бөгөөд аргагүйн эрхэнд 1435 онд Жэн Хэг нас барсны дараа хааны зарлиг гарч Хятадууд өөсрдийн гараар бүх усан онгоцоо шатаасан гэдэг. Хамаг л чадлаараа Монголчуудтай тэмцэхгүй бол Мин улс, Сүн улс шигээ мөхчих гээд байснаас ийм алхам хийжээ. Дээрх алхам тухайн үедээ зөв байсан нь хожим 1449 онд Эсэн тайш Түмүгийн тулалдаанд Мин улсыг ялж Жэн Тун хааныг олзолсноор нотлогддог. Хэрвээ Монголчууд Мин улс руу дайрч, Жэн Хэгийн үйл хэргийг ордны түшмэдүүд шүүмжлэн зогсоож, тэрээр шаналснаасаа болж эрт үхээгүй,  Хятадууд усан флотоо шатаагаагүй бол Жөжяний нутаг Жоушань хошуу, Нинбо, Тайжөү, Вэньжөү хотууд дэлхийн усан тээврийн төв байх байлаа гэж харамсангуй ярих хүнтэй ч таарч байв. Түүхэнд хэрвээ гэж байдаггүйгээс хойш одоо яахя гэхэв.

Жөжянь муж нь БНХАУ-ын зүүн өмнөд хэсэгт Шанхай хот, Жиансу, Аньхуй, Жианси, Фужиан мужуудтай хиллэн оршдог далайн эргийн нутаг юм. Сүүлийн үед баян чинээлэг амьдран мөрөөдөн, ажил хайн өөр муж, хотоос шилжин ирэгсэд нэмэгдэх болсноор хүн ам нь 2020 оны 12-р сарын байдлаар 59 саяд хүрчээ. Мужийн төв Ханжөү хот дэлхийн +В зэрэглэлийн хот бөгөөд дээр дурьдсан Нинбо, Вэньжөү, Тайжөү, Шаошиниас гадна Хүжөү, Жиньхуа зэрэг томоохон хотуудтай. Жиньхуа хотын хувьд эртний ордон шилтгээн ихтэй тул Хятадын олонхи түүхэн киноны зургийг авдаг бөгөөд жирийн үзэгчид тэдгээр дүрсийг Бээжингийн хориотой хотынх гэж андуурдаг. Мөн Жиньхуа хотын дагуул хот болох Ийвүү худалдааны хот нь олон улсын жижиглэн худалдааны хамгийн том зах гэдгээрээ алдартай. Нинбо хотын өмнө орших Жоушань арал дэлхийн хэмжээний боомт ба эргэн тойронд нь 3000 гаруй арал бий. Нинбо болон Шанхайг холбосон усан дээгүүрх 36 километр гүүрэн зам ч бас Хятадад алдартай бүтээн байгуулалт юм. Жөжянь муж нь Гоминдан намын удирдагч, Тайвань луу дүрвэгч, үндэсний үзэлтэн Чан Кайшигийн нутаг, Японы эзлэн түрэмгийллийн үед Японы байгуулсан тоглоомын Хятадын Бүгд Найрамдах Засгийн Газрын түшиц байсан гэдгээрээ Чаншагийн Мао Зэ Дуны үед тэр бүр төрийн бодлогын төвд байгаагүй гэдэг. Тиймээс 1980-аад он гартал Жөжяньд гайхуулаад байх хөгжил дэвшил гээч зүйл байсангүй.

Судлаач оюутан болсон анхны өдрийн, анхны хичээл Засгийн газрын зардлын судалгаа гэсэн өвгөн профессор Хө Дүн багшийн хичээл байв. Профессор Хө Дүн ангид суугаа оюутнуудыг тойруулж харснаа  үгээ эхлэв. Хүүхдүүдээ хамтдаа, хамгийн чангаар алга ташицгаая. Хүн бүр өөртөө баяр хүргээд алга таш. Та бүхэн Хятад улсын өнцөг булан бүрээс, мөн Умардын их гүрэн Монгол Улсаас “Хятад мөрөөдлийн өлгий Ханжөү”-д ирсэн байна. Жөжяньд сурна гэдэг бол нэр төрийн хэрэг. Аль хотод, ямар сургуульд сурахаар ирсэн чинь чухал биш, зүгээр яг өнөөдөр Жөжяньд байгаагийнхаа төлөө биеэ тоо. Бас энд ирэхийн төлөө хичээн зүтгэсэн хөдөлмөр зүтгэлээрээ ганцхан өдөр онгир. Манай мужид сурах гэж сая сая Хятад хүүхдүүд мөрөөддөг. Мөрөөдөгсдөөс цойлсон оюутан та нартаа баяр хүргэе. Жөжянь бол Хятадын хөгжлийн төв. Оюутнуудаа Жэк Маг судал. Түүний байгуулсан Алибаба шиг хэдэн арван бизнесүүдийн хүчээр Хятадын мөнгө, дэлхийн мөнгө, алипэй, таобао, чүүнаар гэх мэт гар утасны апплекейшнээр дамжаад Ханжөүд цугладаг юм. Буцаад улс орны эдийн засгийг тэтгэхээр, судсаар гүйх цус лугаа тархдаг юм. Тиймээс өдгөө бол Ханжөү Хятадын зүрх.

1980-аад онд намайг идэр залуу байхад Жөжянь мужид үер бууж, 3 жил ургацаа алдаад, манай хотынхон өлсөж байхыг би нүдээр үзэж, зовж зүдэрч явсан хүн. Тэр цагт хойд мужуудын иргэд тарган гахайн мах идэж, өдөртөө архи уудаг байлаа. Бид өлсгөлөн, тэд цатгалан. Миний үеийнхэн амь зуухын тулд, хөгжиж дэвжиж, баян чинээлэг болохын төлөө хоногт 23 цаг ажилласны хүчинд 1990-ээд он гарахад дэлхийн бүх цамцны цахилгааныг, өмдний резинийг, үсний хавчаар, пүүзний улавчийг Жөжянь мужийнхан үйлдвэрлэдэг болсон байв. Бидэнд Солонгос шиг гар утас үйлдвэрлэх технологи байгаагүй, Энэтхэгчүүд шиг программ бичих компьютерүүд байгаагүй, Хонг Конг шиг банкны систем, алт, очир алмас байсангүй. Ядаж л савхи оёх нэхий, сайн хадаас үйлдвэрлэх төмөр, гутал хийх тах байсангүй.

Бидэнд цамцны товч цахилгаан, өмдний резин хийж дэлхийд нийлүүлэх гарц байгааг харсан ухаалаг залуус, жирийн ардаасаа ялгаралгүй цалингүйгээр ажилладаг дарга нар, ямар ч ажлыг гололгүй хийдэг хөдөлмөрч ард иргэд л байсан. Бусад мужийнхан бизнес биш, үйлдвэрлэл биш гэж үздэг байсан жижиг хэрэглэл, бэлэг дурсгалын зүйлсийг хамгийн хямдаар үйлдвэрлэж, дэлхийд нийлүүлж байж л манайхан анхны хуримтлалаа үүсгэсэн. 1978 онд эхэлсэн Дэн Сяо Пины "Өөрчлөлт шинэчлэлт – Нээлттэй хаалга"-ны бодлогын дараа Жианси, Фүжиан, Аньхуйн хүмүүс гангийн үйлдвэр барих гэж байхад Жөжянийхан товч, тэлээ, үсний боолтхон хийхийг хараад, олонхи нь биднийг олиггүй, чадваргүй гэж дооглоцгоосон. Манайхан хийж байсан ажлаасаа ичээгүй. Будаа идэж гэдсээ цатгах нь чухал байснаас ичиж нэрэлхэх боломж ч байгаагүй. Харин өнөөдөр зэргэлдээх мужуудын гангийн үйлдвэрийн эзэд, тарган мах идэж, архи уух дуртай Хэбэй, Хэнань, Шаньсигийнхан манай автомашины завод, метроны үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц угсралтын компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлэх гэж, манай худалдааны пүүсүүдээр агуулах дүүрэн өмд гутлаа заруулах гэж Баруун нуурын ойролцоох үнэтэй буудал, ресторануудад мөнгөө үрэн, манай хотын дунд түвшний менежерүүдийг царайчлан өдрийг бардаг. 

Жөжяньчууд арван жилийн дотор муу, жижиг гэж бусдын голсон бүтээгдэхүүн бүрээр дэлхийг хангасны хүчинд амжилтанд хүрцгээсэн. Жилд 2 тэрбум өмдний тэлээ зарсан Ли тэрбумтан болохыг үзлээ. Сард арван тэрбум ширхэг үсний хавчаар  тосгоноороо нийлж үйлдвэрлэдэг байсан ардууд, тосгоноо хот болгоод том асрууд руу нүүхийг харлаа. Бид хөлсөө дуслуулан олсон мөнгөөрөө дараа үеэ сургасан. Хүүхдүүдээ техникийн мэдлэгтэй, шинэ технологи эзэмшсэн сайн мэргэжилтнүүд, инженерүүд болгож бэлтгэсэн. Бидний хүүхдүүд болох 1970, 80-аад оны залуус барилга барьж, зам тавьж, машин угсарч сурсан. Хүүхдүүд минь хүүхдүүдээ Америк, Япон, Герман луу явуулж дэлхийн боловсрол эзэмшүүлж байна. Миний ач нар программ зохиож, инновацийг бий болгож , хиймэл оюун ухаан, сансрын технологиуд дээр ажилладаг. Ханжөү хүн, Жөжянь хүн өлсөхөөс, нэр төргүй гэж хэлэгдэхээс, хүнд ад шоо үзэгдэхээс, бусдад чичлүүлэхээс айдаггүй. Юу ч бүтээхгүй байхаас, цаг нөхцөөхөөс айдаг юм. Бидний хийж бүтээсэн бүхэн бидний өмнөөс ярьж, бидний бахархал, бидний нэр төр болдог юм. Жөжяний өнөөдөр Хятадын маргааш, Хятадын маргааш дэлхийн нөгөөдөр гэж билээ. 

 

Богинохон атлаа, амбицтай, хүсэл тэмүүлэлтэй, өнгөрсөн одоо ирээдүй 3 цагийг зангидсан, цагаан атаархал төрүүлсэн эдгээр үгс тэр танхимд суух оюутнуудыг эрдэм мэдлэгийн төлөө хичээн суралцахад хурцалж билээ. Хожим шалгахад Хө багшийн үгэнд нэг ч худал байгаагүй юм. Ицай Глобал сонид бичсэнээр уулархаг газар нутагтай Жөжянь өмнө нь тариа тарих газрын нөөц хомс тул эдийн засгийн харьцангуй сул суурьтай байв. 1978 онд Жөжянь мужийн дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1.8 тэрбум ам.доллар байсан бол 2020 онд 965 тэрбум ам.доллар болж 536 дахин өссөн байна. 2018 онд энэхүү үзүүлэлт 739.5 тэрбум ам.доллар болох үест мужийн ДНБ нь Нидерланд улстай тэнцлээ хэмээн баярын хурал зохион байгуулж байхтай миний суралцаж байсан үе давхацсан юм. Жөжяний Хятадуудын баярын хурал, манай эх оронд болдог үр дүнгүй лоозогносон, сонгууль угтсан, даргад зориулсан баярын хурлуудаас хөгжлийн бодит үзүүлэлтийг тэмдэглэж, ирээдүйгээ шинжлэх ухаанчаар төлөвлөж буйгаараа утга, агуулгын ихээхэн ялгаатай байв.

Үнэмлэхүй утгаар авч үзвэл Жөжянь мужийн ДНБ нь сүүлийн дөрвөн арван жилд 536 дахин өсч, жилийн дундаж өсөлт нь 12.1% -тай байсан нь Хятад улсын  жилийн дундаж өсөлт болох  10.9% байгаа дунджаас 2.4 пунктээр өндөр ажээ. Жөжяь мужийн нэг хүнд ногдох ДНБ 1978 онд 47.3 ам.доллар байсан бол  2020 онд 15 215 ам.доллар болжээ.

Наньжин төвтэй Жиансу, Ханьжөү төвтэй Жөжянь мужууд нь адилхан газарзүйн бүсэд багтах боловч хүн ардын соёл, ажилд хандах хандлага, хувийн хэвшлийг мужийн Засгийн ордноос дэмжих байдлаараа ихээхэн ялгаатай. Жишээлбэл 1978 онд Жөжянь муж нь  ДНБ-ний хэмжээгээрээ Хятад улсын хэмжээнд 12-т, нэг хүнд ногдох ДНБ-ээр 16-р байранд байжээ. Тухайн үед улсдаа эдийн засгийн чадавхиараа тавд жагсаж байсан Жиансугийн талтай Жөжяний нийт эдийн засгийн бүтээмж дүйж байв. Өнөөдөр энэхүү үзүүлэлт эсрэгээрээ эргэжээ. Тэгэхээр Хятад хүн бүхэн адилгүй, муж бүхэн үсрэнгүй хөгжсөн түүхгүй юм. 

Жөжянь мужийн Засгийн Ордон 1978 – 1992 онд муж даяараа тосгон бүр гар урлал, бэлэг дурсгалын нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх уриалгыг дэвшүүлэн ажилласан байдаг. Жишээлбэл Тянь тосгоныхон үсний сам, Ланьжан тосгоныхон товч, Аньган тосгон хөргөгчний хулсан наалт гэх мэтээр үйлдвэрлэх ба барааг нэгдсэн байдлаар Ийвүүд төвлөрүүлэн худалддаг, Вэньжөү хотынхон мужийнхаа бүх бараа бүтээгдэхүүнийг дэлхий даяар зарах наймаачны үүргийг гүйцэтгэсэн байдаг. Цаашлаад 1992 – 2007 онуудад муж даяараа аж үйлдвэр, электроник, машин үйлдвэрлэлийн салбарыг голчлон хөгжүүлжээ. Тэгвэл 2007 – 2018 он нь Жөжяний онлайн худалдааны Хятадын төв болсон  2019 оноос инноваци, технологи, цахим мөнгө, блокчэйн хөгжүүлэлтийн шинэ эрин эхэлснийг тунхаглаад байна. Ингэхдээ өмнөх босгосон бүтээгдэхүүн үйлчилгээ, технологийн амжилтаа улам бататгадаг онцлогтой. Тэрнээс манайхан шиг шинэ зүйл сэдэхдээ хуучин амь зууж байсан ажил төрлөө хаяад давхичихдагүй юм билээ. Шаосин дахь нэхмэл эдлэл, Хайнинг дахь арьс шир, Жанжөү дахь зангиа, Ивүгийн жижиг бараа, Ёнкангийн тоног төхөөрөмж, Юэчингийн бага хүчдэлийн цахилгаан хэрэгсэл, Жужигийн оймс одоо ч Жөжянь бахархал, орлогын эх үүсвэр хэвээрээ л байна.

Хувийн хэвшил бол Жөжяны гол баялаг.

Албан ёсны мэдээллээс харахад хувийн хэвшлийнхэн өнгөрсөн онд татварын орлогын 55.6 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 65.4 хувь, гадаад худалдаа, экспортын 76.9 хувь, ажлын байрны 80.4 хувийг бүрдүүлсэн байна. Хятадын шилдэг 500 хувийн аж ахуйн нэгжийн бараг дөрөвний нэг нь Жэжян хотод байрладаг бөгөөд 19 жил дараалан тус улсад нэгдүгээрт бичигдэж байна. Эдгээрт Alibaba Group, H3C Technologies, Hikvision Digital Technology, Focused Photonics зэрэг дэлхийн нэр хүндтэй томоохон үйлдвэрүүд багтдаг. 

Жөжяний хөгжлөөс Ханжөүд  суралцсан Монгол хүний хувьд үлгэр авч болох юу байж болох вэ? гэж би байнга боддог. Юуны түрүүнд Монголчууд бид эд баялаг бол ажил хөдөлмөрийн үр шим, зөвхөн оюун ухаан, хөлс хүчээ шавхан зүтгэж байж л улс орон минь хөгжилд хүрэх боломжтой гэдгийг ойлгох учиртай. Бид хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө хадгалуулснаар, байраа барьцаанд тавиад койны арилжаанд орсноор баяжих нь юу л бол. Харин эцэг дээдсээс өвлүүлсэн мал аж ахуй, газар тариалангаа хөгжүүлж, нүүрсний болон усан цахилгаан станцууд нэн яаралтай гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар босгож, эрчим хүчнээс хараат бус, хямд тог цахилгаантай болж, Их сургуулиуд маань олон улсад ажиллах чадвартай  инженерүүд, худалдааны менежерүүд, шударга хуульчдыг бэлтгэн гаргаж, төр засаг баялаг бүтээгч үйлдвэр, үйлчилгээ, аялал жуулчлалын төвүүдэд хөрөнгө оруулж, дэмжсэнээр хөгжинө гэдэгт итгэдэг. 

Шударга хөдөлмөрөөр олсон, хөлс үнэртсэн мөнгө л ард түмний ёс зүйг тэтгэж, ажил хөдөлмөрт дурлуулж, ирээдүйн их үйл хэргийг тэтгэдэг юм. Луйвар, залилангаар баяжваас үр хүүхдийн чинь ой ухааныг тэр бузар мөнгө хордуулж, үндэс угсаа чинь доройтох үүдийг нээдэг юм шүү гэж Хө багш нэгэнтээ хэлснийг ч бас санаж байна. Тэр бүр Хятад хүний амнаас гарахгүй Умардын их гүрэн Монгол Улсаас ирсэн сурагч хэмээх үг нь намайг насан туршид минь Хө багшид талархах, түүний заасан хичээлийг хичээн судлах, хэлсэн үг бүрийг нь тэмдэглэн авах дадал, хичээл зүтгэлийг, Жөжяньд сурсан шиг сураад буцъя гэх итгэл сэтгэлийг өгч билээ...