Индэр    
2021 оны 3 сарын 1
Зураг
"Дорнын түншлэл" бизнесийн зөвлөлийн зөвлөх, судлаач Б.Дашравдан

Ханжөүгийн тэмдэглэл: УХААЛАГ ХОТ ТӨЛӨВЛӨЛТ

Миний бие БНХАУ-ын Жөжянь мужийн төв Ханжөү хотод суралцах үедээ уншиж тэмдэглэж, үзэж харсан зүйлсээ “Ханжөүгийн тэмдэглэл” ерөнхий нэрийн дор 6 цувралаар уншигчиддаа хүргэх болсондоо таатай байна. Цуврал нийтлэлүүдээ Ухаалаг хот төлөвлөлт, Жөжяний өнөөдөр Хятадын маргааш, Үүрээ мартаагүй хараацай буюу Жэк Ма, Жөжяний Их Сургууль ба Мэдлэг, Инновац, Хөгжил, Доод элс хэмээх дүүрэг Оюутны амьдрал, Бээжингээс өмнөш суурьсан Монголчууд хэмээн тус тусад нь нэрлэсэн байгаа болно. Ийнхүү Монгол ахан дүүстээ тэмдэглэлийнхээ эхний дугаар болох “Ухаалаг хот төлөвлөлт” нэртэй нэгдүгээр бүлгийг хүргэж буйг минь хүлээн авна уу.



 

Ухаалаг хот төлөвлөлт болон мэдээллийн технологийн хөгжил дээр суурилсан "Ухаалаг хот" бий болгох хоёр нь аливаа хотыг хүн оршин суухад таатай, өндөр хөгжсөн, орчин үеийн болгон хөгжүүлэх гэдэг үндсэн нэг зорилготой боловч онол, практикийн өөр өөр ойлголт юм.

Ханжөү бол ухаалгаар хотоо төлөвлөж ирсэн 100 илүү жилийн түүхтэй, "Ухаалаг хот" болон хөгжсөн 10 гаруй жилийн туршлагатай хот юм.

Энэ удаад Жөжяний Хань үндэстнүүд хотоо хэрхэн ухаалгаар төлөвлөн хөгжүүлдэг тухай өгүүлэх болно. Харин “Ухаалаг хот”-ын тухай асуудлыг Алибаба группийг үндэслэгч Хятадын тэрбумтан Жэк Магийн бизнесийн намтар болон амжилт ололт, ашиг орлогоо төрсөн хот, төгссөн сургууль, хамт олон, залуу үетэйгээ харамгүй хуваалцдагийг өгүүлэх дараагийн тэмдэглэлдээ бичихээр шийдлээ.

Ханжөү бол Хятадын эртний долоон нийслэлийн нэг, тодруулбал Өмнөд Сүн улсын нийслэл байсан хуучны Линьань хот юм. Хэдийгээр Сүн улсын нийслэл байсан ч гэсэн Ханжөү хотын жинхэнэ сэргэн мандалт монголчуудтай холбоотой гэж би хувьдаа боддог.

Эртний Хятадын Хавар, намрын улсуудын үе буюу МЭӨ 770-аад оны орчим Вү ханлигийн ван Фүчай Шар, Хөх мөрнийг дамнуулан далан барьж, хиймэл усан суваг үүсгэх оролдлогыг хийсэн байдаг. Тэр цагаас хойш Цинь, Хан, Сүй, Тан, Сүн гээд Хятадын төрт улсуудын эдийн засгийн өсөлт бууралт, цэрэг зэвсгийн хүчин чадал нь торго, цай, үр тарианы тээвэрлэлт, давсны худалдааны дамжлага болсон засмал мөрөн буюу олон улсад “Их суваг” гэж алдаршсан бүтээн байгуулалтын арчлалт, хамгаалалт, сэргэлт, эвдрэл сүйрлээс хамаарч иржээ.

 

Өмнөдийн Хятадууд Умардын Зүрчиний Алтан улсын цэргийг нэвтрүүлэхгүйн тулд сүйтгээд 120 гаруй жил үндсэн үүргээр нь ашиглаагүй байсан “Их суваг”-ийг Хубилай хаан 1279 онд Өмнөд Сүн улсыг мөхөөмөгцөө сэргээн засварлах зарлиг гаргаж 1285 онд ашиглалтанд оруулсан юм. Ингэснээр “Их суваг” анх удаа 1776 км хүртэл үргэлжлэх болж Бээжингээс Тяньжин хүрээд Хэбэй, Жяньсу, Шаньдон, Жөжянь мужийн нутгаар урсан Ханжөү хот хүрэх болсон түүхтэй. Ингэснээр Ханжөүгийн алдартай Лунжин цай, хүр хорхойн торго дэлхийд алдарших эхлэл тавигдаж, Венецийн Марко Поло, Ил хант улсын түүхч Рашид ад Дин, Солонгосын түшмэл Чое Бу, хожмын Итали аялагч Маттео Риччи нарын ном, тэмдэглэлээр дамжин “тэнгэрт диваажин, газарт Сүжөү, Ханжөү” гэх анхны аялал жуулчлалын брэнд хэлц нь Хятад даяар, цаашлаад Ази, Европоор тархах хэлбэр агуулгаа олсон. Их суваг, Цагаан хэрэм хоёр, ус болоод газраар байгуулсан Хятадын ихэр хоёр агуу бүтээн байгуулалт, инженерийн байгууламжийн гайхамшиг гэгддэг билээ. Дээрх хоёр байгууламжийг Монголчууд бид бариулсан хийгээд сэргээн байгуулсныг олон улсад мэдсэн, мэдээлсэн зүйл огт алга. Хэрвээ бидний өвөг дээдэс дан ганц эвдлэн сүйтгэгч зэрлэгүүд байсан бол ямартаа ч өнөө цагт лав Хятадын хоёр том бахархал биетээрээ гайхагдах бус домгийн манан дунд яригдах байсан нь маргаангүй. Их сувгийн өмнөд хэсэг өнөө ч Хятадын өмнөд мужуудад эдийн засгийн үр өгөөжөө өгсөөр л байна.

Ши Жин Пин ерөнхийлөгчид Засгийн эрх шилжсэн БНХАУ-ын Коммунист намын 18-р Их хурлаас “Таван нэгж нэг бүхэл” хэмээх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан. Үүнээс хойш Хятадын муж, хотууд дээрх ерөнхий төлөвлөлтийн дагуу тус тусын хөгжлийн зураглалыг гарган ажиллах болсон. “Таван нэгж нэг бүхэл” гэдэг нь улс төр, эдийн засаг, соёл, нийгэм, экологийн гэсэн улсынхаа 5 байгууламжийг ижил түвшинд авч үзэн төгөлдөршүүлэн хөгжүүлнэ гэсэн үзэл санаа юм. Шинэ цагийн Жөжянь муж ч бас өөрийн онцлогийг харгалзан “Тавыг нэг дор” хөгжүүлэх төлөвлөлтийг баталсан юм. Сонирхолтой нь мужийн Ардын хурал, Засгийн ордноос баталсан Ханжөү хотыг уламжлал, шинэчлэлийг хослуулан хөгжүүлэх шинэ төлөвлөгөөг батлахдаа 5 дэд хэсэгтэй байхаар тусгажээ. 

Орчин үеийн Ханжөү хотын хөгжлийн амбиц нь дээрх “Тавыг нэг дор” хөгжүүлэх үзэл санааны хүрээнд, уламжлалт “газар дахь диваажин” гэх нэр хүнд, шинэ цагт “Хятад мөрөөдлийн биелэл”-ийг технологийн хүчээр амилуулж буй гэх бахархал дээр суурилдаг. Хотын хүн ам 10.6 сая гэдэг боловч түр оршин суух үнэмлэхтэй ажилчид, өөр улс, мужаас ирсэн оюутнууд, гадаад хөрөнгө оруулагчдаа тооцвол 21 сая хүн байнга оршин суудаг ба БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн хамгийн өндөртэй хотуудын 7-рт жагсдаг юм.

Ханжөү хот Шанхайгаас 178 км зайд, хурдны галт тэргээр 20 минут явах газарт байдаг ч хоорондоо эрс ялгаатай соёл ахуйтай. Нэг л зүйлээрээ адил нь уугуул Шанхай, Ханжөүгийнхэн давын өмнө бусадтай танилцахдаа би Шанхайн хүн, би Ханжөү хүн гэж хэлэхээс тэр бүр би Хятад хүн гэж гадаадад аялсан ч хэлдэггүйгээрээ онцлогтой. Энэ нь элдэв хэт даврах, салан тусгаарлах санааг агуулсан хэллэг огтоос биш бөгөөд өөрийн хотоо дэлхийн хот, Шанхай, Ханжөүгаас бусад нь тосгон төдий гэсэн хэт бахархал, омогшлоос нь үүсэлтэй. Гэхдээ тэрхүү бахархал, омогшил нь хоосон үг төдий биш Ханжөү хүний хотоо хайрлах, нэр төрөө эрхэмлэх, үнэнч шударгаар хөдөлмөрлөх үзэл санааны эх булаг нь болдог юм.

Ханжөү хотыг хөгжүүлэх “Тавыг нэг дор” цогцлоох төлөвлөлтийн дагуу

  • Нэгдүгээрт түүх домгоос улбаатай, аялал жуулчлалын “Баруун нуур”-ын цогцолбор
  • Хоёрдугаарт Дэлхийн шилдэг сургуулиудын нэг Жөжяний Их Сургуулийн инновац, технологийн судалгааны ололт дээр тулгуурласан “Ханжөүгийн үндэсний инновацын цогцолбор”, Алибаба группийн бие даан хөгжүүлж буй олон улсын онлайн худалдаа, технологийн “Мөрөөдлийн хотхон”-ыг нэгтгэсэн төв хот
  • Гуравдугаарт Ханжөүд 2016 онд болсон дэлхийн хүчирхэг 20 гүрний удирдагчдын чуулга уулзалтанд зориулан бүтээн босгосон “G20 – Мөнгөн мөрний гайхамшиг” экологи, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлагч шинэ дүүргүүд
  • Дөрөвдүгээрт мужийн Их Сургуулиудын хотхонууд байрлах Шиаша дүүрэг
  • Тавдугаарт дагуул үйлдвэрлэлийн хотуудаас бүрддэг юм. Харин 2017 оны Ханжөүгийн шинэ ерөнхий төлөвлөгөөний дагуу нэмээд 2022 онд болох “Азийн 19-р наадам”-ыг зохион байгуулахтай холбоотойгоор хотын 6 дахь шинэ өнгө төрх бүхий дүүргийг байгуулахаар шийдвэрлэн, барилгын ажил нь дуусах шатандаа явж буйг харж болно.

Ханжөү хотын улс төр, нийгэм, уламжлалт соёлын төвүүд нь хотынхоо баруун хэсэгт Шихү буюу Монголоор Баруун нуур гэх үзэсгэлэнт нуурын эргэн тойронд байрладаг. Баруун нуур нь Ханжөүгийн аялал жуулчлалын нэрийн хуудас юм. ЮНЕСКО-гийн дэлхийн өвөөр бүртгэгдсэн тус нуур нь Хятадын аялал жуулчлалын 10 шилдэг бүтээгдэхүүний нэг. Цагаан могой шулмыг дарсан гэх Лэйфэнь сүм, 1 юаний дэвсгэрт дээрх нуур доторх суварга, цайны уул, торгоны гудам, Их Юань улсын үеийн дөрвөлжин бичгийн дурсгалт уулын хийд гээд олон тосгон, дүүрэг нийлж Ханжөүгийн хуучин хот, Баруун нуурын аялал жуулчлалын цогцолборыг бий болгодог. Баруун нуурын ойр орчимд аялж зугаалж, амарч байрлахад үйлчилгээний газрууд нь Даваа, Мягмар гарагт хамгийн хямд, амралтын өдрүүдээр Бямба, Ням гарагт хамгийн үнэтэй байхаар ялгавартайгаар үнэ тогтоосон нь жуулчдын хэт ачааллыг сааруулах гэсэн арга юм.

Мужийн Засгийн газраас 1992 онд нуурын эргэн тойронд байсан цементийн үйлдвэрүүдийг хааснаас хойш аялал жуулчлалын дүүрэгт аж үйлдвэр, тэр дундаа химийн үйлдвэрлэл явуулахыг хатуу хориглосон. Баруун нуурын хэсэгт пүүс компани, хувь хүн өөрийн эзэмшлийн газар дээрээ зөвхөн уламжлалт Хятад маягийн хэв загвартай байшин сууц барихыг л зөвшөөрдөг.

Гурван жилийн өмнө 2018 онд Ханжөү хотод гадаад, дотоодын 184 сая жуулчин ирж, 53 тэрбум долларын орлого оруулсан бол 2019 онд энэ тоо 6.7 хувиар өссөн байх жишээтэй. Зөвхөн 2019 оны аравдугаар сарын 1-7-ны хооронд Шинэ Хятад Улс байгуулагдсан баярын амралтын “Алтан 7 хоног”-ийн үеэр Баруун нууран дээр 18,953,700 жуулчин ирж 16 тэрбум юанийн бүтээгдэхүүн үйлчилгээ авсан.

Хэдийгээр коронавирусийн халдвар тархаж, Хятадад гадаадаас ирэх жуулчид багассан ч 2020 онд Баруун нуурын цогцолбор өмнөх жилээсээ 3.6 хувиар илүү жуулчин хүлээн авсан тооцоо гарсныг олж уншлаа.

Хятадад хотуудыг хөгжүүлэхдээ шинэ, хуучин дүүргүүдийг өөр өөрсдийнх нь онцлогийг эвдэлгүй, харин ч дөвийлгөх хот төлөвлөлтийн ухаалаг бодлого баримталдаг.

Иймээс Ханжөүгийн Үндэсний Инновацын цогцолбор, Алибабагийн Мөрөөдлийн хотхон байрлах дүүргүүдэд Хөжянь мужийн нэрийн хуудас болсон HIKVISION групп, Жөжянь Машин Индустриал компани, АNT групп зэрэг өндөр технологийн компаниуд байрлан архитектурын гайхамшиг болсон тэнгэр баганадсан шилэн барилгуудыг сүндэрлүүлж буй. Гэхдээ хэзээ ч хуучны сүм, музей, тэр бүү хэл Тайпины бослогын дараа XIX зууны сүүл, XX зууны эхэн үед баригдсан Европ хийцийн барилгуудыг ч нураалгүй үлдээж, өнгөрсөн түүхэндээ хүндэтгэл үзүүлдэг. Хэрвээ шинэ хороолол барих газар дээр хуучин барилга байвал хотын захиргаанаас үнэ цэнийг нь тогтоох архитекторч, түүхч, бизнесийн гурвалсан төлөөлөл багтсан мэргэжлийн комисс томилон ажиллуулж үлдээх, эсэхээ шийддэг. 

Хятадад сурч байхдаа найз Яссентайгаа эх орных нь тухай хуучилж суутал тэр нэгэн сонин жишээ ярьсан юм. Мароккогийн вант улсад нийслэл Рабатаас илүү эртний түүхтэй Касабланка, Маракеш хотууд нь  Арабын ертөнц, Хойд Африктаа үзэсгэлэн төгөлдөр, уран чамин төлөвлөлттэйгээрээ алдартай гэнэ. Яагаад алдартай байдаг нь маш энгийн. Хэрвээ та Касабланкагийн сонгодог дүүрэгт байшин барих бол эртний Магриб хэлбэрийн цагаан гантиган байшин л барина. Маракешийн далайн эргийн баян дүүрэгт сууц, оффис барихаар бол хотын захиргаанаас баталсан зургийн дагуу усан цэнхэр өнгөтэйг л барина. Өөр сонголт үгүй. Хэрвээ дурын Абдул, Касабланка эсвэл Маракешт санаан зоргоороо шавар овоолоод байвал хотын захиргаа, ард иргэд нь зөвшөөрөхгүй. Мароккочууд дур дураараа байшин барьдаг байсан бол Газар дундын тэнгисийн цагаан сувд Касабланка, номин цэнхэр Маракеш хот, цөл дэх Берберийн майхнаас ялгарахаа больчихно шүү дээ гэж найз минь хуучилж билээ. Дараа нь мөн л Стамбулаас ирсэн Шүкүр гэх залуу эртний түүхтэй Константинополийн их сүмүүдийг нураалгүй, орой дээр нь Исламын хавирган сар хатгаад л өөрийн соёл, түүхийн дурсгал болгосон Осман өвөг дээдсээрээ бахархан ярьж байхыг сонсож байв. 

 

Түүхэнд хэзээ ч хэрвээ гэж байдаггүй юм гэсэн.

Хэрвээ 1990 оны үеэс Улаанбаатар хотын удирдлагаар ажилласан хүмүүс Ханжөүгийн, Мароккогийн, Истанбулын ухаалаг хот төлөвлөлтийн суурь зарчим болсон уламжлал, шинэчлэлийг хослуулах, шинэ суурьшлын бүсийг тодорхой нэг түүхэн үйл явдал, аж үйлдвэрийн төсөлтэй холбон байгуулах ёстойг, тэгэхдээ соёлын өвийг заавал үлдээдэг жишгийг дагасан бол өдийд манай хот ийм цоохор хот болохгүй байсан болов уу гэж төсөөлдөг.

Улаанбаатар бол маргаангүй 382 жилийн түүхтэй хот. Нүүдлийн гэр хот, Буддын шашны сүм хот, Социалист бүтээн байгуулалтыг өрнүүлсэн XX зууны сонгодог шинэ хот, XXI  зууны Монголын Уул уурхайн ордуудын хамаг л ашгийг өөртөө шингээсэн шилэн хот мөн. Гэтэл манай хотод дээрх дөрвөн хэв шинжийг агуулсан өөр өөр дүүрэг, цогцолборууд байдаг билүү?

Бүгд эмх замбараагүй холилдсон учраас л гэр, сүм, хуучин барилга, шилэн цамхгуудын нийлбэр маань замбараагүй саарал хотыг бүтээчихээд байгаа юм. Тус тусдаа өөр өөрийн орон зайд хоорондоо цэцэрлэгт хүрээлэнгүүдээр холбогдон оршдог байсан бол Азийн цагаан дагина хэвээрээ л байхсан болов уу.

Дараагийн нийтлэлүүддээ Ханжөүгийн иргэд хотоороо хэрхэн бахархдаг, шинээр хөдөө тосгодоос ирсэн хүмүүс тэр хотын хүн болох гэж яаж мэрийдэг, мөн Хятадын хотууд бие даан хөгжихдөө санхүүгийн нөөцөө хэрхэн бүрдүүлдгийг дэлгэрүүлэн бичих болно. Хотыг хөгжүүлэх үндсэн хөшүүрэг нь хотуудад бие даасан санхүүгийн эрх чөлөөг олгодог олон улсын жишгийг ч тоочин бичих юм.

Хэдхэн хоногийн өмнө Тунисээс найз Амер ковид намжсаны дараа Монголд ирж аялах хүсэлтэйгээ бичжээ. Монголын хээр талаар морь унан давхих, Чингис хааны хөшөөнд залбирах, хэдийгээр муслим хүн ч Ардчилсан Монгол Улсын жинхэнэ ламтай Буддын сүмд зураг авахуулах, Хятадад байдаг шиг социализмын үеийн Ленин, Сталины хөшөөтэй жуулчдад зориулсан Монгол онцлогтой “Коммунист” тосгон үзчихээд, шөнийн клубт орох, тохилог ресторанд суунгаа халал адууны махан стейк идмээр буйгаа төлөвлөсөн захиа ирүүлэв. Гэтэл би Монголд ирэх хүсэлтийнх нь коммунист тосгонтой хэсгийг яагаад ч биелүүлэх боломж байдаггүй.

Хүүхэд байхдаа пионер явсан шинэ цагийн дарга ах нар социалист соёлын дурсгалаа авч үлдэхээ мартчихсан, бүүр заримыг нь зориудаар устгасан юмаа гэлтэй нь биш.

Бид өнгөрсөн түүх, туулсан зам мөрөөсөө ичмээргүй л байгаа юм. Монгол хүний дандаа сайнаа ярих гэдэг, сайхнаа үзүүлэх гэдэг нэрэлхүү зан ч бас ухаалгаар хотоо төлөвлөх сэтгэлгээний гол дайсан болчихсон ч юм шиг. Өвгийн бүтээснийг эцэг устгадаг, эцгийн үлдээснийг би тараачихдаг, миний босгосныг хүү минь нураачихдаг байж болохгүй.

Ингэхэд Ханжөүгийн бахархал Баруун нуур чинь манай Увс, Хөвсгөл, Хяргас нуурын дэргэд цөөрөм юмаа...

 

x