Зураг
Зураг
Индэр    
2021 оны 2 сарын 9
Зураг
Нийгмийн Эрүүл Мэнд судлаач

Монголд тархаад байгаа вирусийн геномик судалгааг хийж байж вакцинжуулалтаа эхлэх хэрэгтэй болж байна

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өмнөд Африкийн мутацид орсон вирус дэлхийн улс орнуудын вакцины стратегийг мухардалд оруулахаар байгаа тул Монголд тархаад байгаа вирусийн геномик судалгааг хийж байж вакцинжуулалтаа хийж эхлэх хэрэгтэй болж байна.  

Өмнөд Африкийн БНУлсын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Oxford/Astra-Zeneca вакцин тус улсад тархаад байгаа мутацид орсон вирусийн эсрэг “minimal” буюу "маш сул" үйлчилгээ үзүүлж байна гэсэн өөрсдийн эрдэмтдийн судалгааны дараа вакцинжуулалтаа зогсоогоод байгаа билээ.

Энэхүү судалгааг маш жижиг хүрээнд хийсэн ба зөвхөн хөнгөн буюу хөнгөвтөр өвдсөн хүмүүсийн дунд хийсэн ба хүнд буюу хүндэвтэр өвдсөн хүмүүсийг хамруулаагүй байна.

- Ямар мутац асуудал үүсгээд байгаа бэ?

- Британид B.1.1.7 буюу “Kentvariant” гэж хочилсон мутацид орсон вирус тархаад байгаа билээ. Харин 501.V2 хэлбэрээр мутацид орсон вирус Өмнөд Африкийн БНУлсад тархаад байгаа бөгөөд 20 орчим генетик өөрчлөлтөд ороод байгаа юм. Үүнээс E484K гэсэн генетик өөрчлөлт нь хамгийн аюултай бөгөөд хүний эсэд вирус нэвтрэн орохдоо ашигладаг “spike” уургийн хэлбэрийг өөрчилсөн бөгөөд хүний дархлааны систем энэ уургийг таньж вирусийг устгахаар дийлэнх вакцинууд бүтээгдсэн билээ. Бразилд мөн ийм мутацид орсон вирус бүртгэгдсэн ба Британид мөн тархсан B.1.1.7 мутацтай вирус E484K генетик өөрчлөлттэй хэлбэрээр бүртгэгдэж эхэлсэн байна. E484K гэсэн генетик өөрчлөлттэй вирусийг дархлааны эсүүд устгаж чадахгүй тул илүү халдвар тараах чадвартай гэж хэлж болох ба харин илүү хүндээр өвдүүлдэг эсэх нь нотлогдоогүй байна.

 

- Бид илүү хэцүү вирустэй тулгарч байна уу?

- Британы London School of Hygiene and Tropical Medicine профессор Жон Эдмундс дараах яриаг уржигдар өгсөн байна.

Дэлхий даяар вакцинжуулалт эхэлсэн тул КОВИД-19 тойрсон дархлааны орчин өөрчлөгдөж байна гэж хэлж болно, учир нь эхэн үедээ КОВИД-19 вирус огт дархлаагүй хүмүүсийн дунд тархаж байсан. Энэ утгаараа вирус Дарвины хуулиар мутацид орох шаардлага хэрэгцээ байгаагүй. Мөн дархлаа сул хүмүүс өвдсөнөөр тэдний биед вирус удаан байж мутацид ордог.

Эпидемологчид юу гэж үзэж байна гэхээр жинхэнэ аюул дараагийн зургаан сард ирэхээр байна. Өөрөөр хэлбэл олон сая хүн халдвар авсан мөн олон сая хүн вакцинжуулалтад хамрагдсаны дараагаар мөн олон сая хүн вакцинжуулалтад хамрагдаж чадахгүй үлдсэнээр байдал хүндрэхээр байна. Улмаар КОВИД-19 тойрсон дархлааны орчин ингэж өөрчлөгдсөнөөр шинэ мутацид орсон вирус гарч ирнэ мөн түүнтэй тэмцэх шинэ дархлаа гарч ирнэ.

- Шинэ мутацид орсон вирусийн эсрэг вакцин үйлдвэрлэгчид шинэ вакцин хийж амжих уу?

Мутацид орсон вирусийн эсрэг вакцин үйлдвэрлэгчид судалгаа хийж ажиллаж эхэлсэн ба тэдний хийж буй судалгаа, үйлдвэрлэлд шилжүүлэх мөн зөвшөөрөл авах гэх мэт шалтгаанаар хугацаа орно. Moderna 501.V2 буюу Өмнөд Африкийн вирусийн эсрэг вакцины судалгаагаа эхэлсэн ба BioN Tech/Pfizer вакцины адил mRNA технологи дээр суурилсан тул давуу талтай байжээ. Харин Astra Zeneca ба Оросын вакцинууд сулруулсан аденовирус дээр суурилсан тул шинэ вакцин хийхэд ихээхэн хугацаа орохоор байгаа ажээ.

- Монголд тархаад байгаа вирусийн геномик судалгааг хийх ёстой?

- Британи улсын Засгийн газар 150,000 халдвар авсан хүний сорьц дээр судалгаа хийсэн бөгөөд Британид халдвар гарсан эхний өдрөөс энэхүү ажлаа эхэлсэн байна. Тэр утгаараа энэ улсад вирус мутацид орсныг анх удаа дэлхийд түрүүлж мэдэж зарласан байна. Манай улсад тархаад байгаа КОВИД-19 вирусийн сорьц дээр генетик судалгааг хийж мутацид орсон эсэхийг мөн л үзэх хэрэгтэй ба манай улс вакцинжуулалт хийж эхлэх ийн өмнө зайлшгүй энэ судалгаа хэрэгтэй болохоор байна. Өөрөөр хэлбэл нөхцөл байдал цагаар өөрчлөгдөж байна.

Вакцины сонголт хүртэл mRNA технологи дээр суурилсаныг авах уу, сулруулсан аденовирус дээр суурилсаныг авах уу гэдэг дээр шийдвэр гаргахад судалгаа хэрэгтэй. Манай улсад хэрэглэж буй оношлуурын чанар ба лабораторийн чадавх мөн сайжрах ёстой. Гаднын улсуудын туршлагаар энэхүү судалгаанд их дээд сургуулиуд болон хувийн лабораторуудаа татан оролцуулах ёстой боллоо.