Индэр    
2020 оны 12 сарын 30
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Л.Наранбаатар: Оюутолгой, Эрдэнэттэй өрсөлдөхүйц маш том зэсийн орд ОХУ-д гараад ирлээ. Манай экспортын зах зээлийг булаацалдах нь гарцаагүй

 

Монгол Улс төмөр замаа барих гэж будилж, Оюутолгой төсөл дээр хөрөнгө оруулагчидтайгаа ойлголцох учраа олохгүй хугацаа алдах зуур ОХУ томоохон ордуудаа идэвхжүүлж, дэлхийн хамгийн том хэрэглэгч улс болох Хятадын нүүрс, зэсийн зах зээлд алгуурхнаар хүч түрж байна.

Хамгийн сүүлд л гэхэд ирэх оноос 15-18 сая тонн коксжих нүүрсийг Хятадад нийлүүлэх Элга ордын төсөлд БНХАУ-тай хамтрахаар болсон бол манай Оюутолгойгоос их хэмжээний нөөцтэй, ирэх гурван жилд "Эрдэнэт үйлдвэр"-ийн хэмжээний үйлдвэрлэл явуулах боломжтой Удоканы ордын тухай мэдээлэл цацагдаж эхлэв. Өөрөөр хэлбэл, БНХАУ Австралийн нүүрсэнд тавьсан хоригийн орон зайд бид биш Оросууд тоглох нь.

Уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатартай уул уурхайн салбарт үүсээд буй шинэ нөхцөл байдлын талаар ярилцлаа. Тэрбээр 2021-2022 оныг түүхий эдийн супер циклийн үе бөгөөд зах зээлийн өрсөлдөөнийг зөв үнэлж, дунд, урт хугацааны маш нарийн стратеги боловсруулах хэрэгтэй гэдгийг онцолсон юм.



-Сүүлийн үед ОХУ-ын Удоканы зэсийн ордын талаарх мэдээлэл анхаарал татаж байна. Мөн манай Оюутолгойгоос их нөөцтэй гэж байна. Энэ тухай та хэр зэрэг мэдээлэлтэй байна вэ?

-Удоканы зэсийн ордыг 1949 онд анх нээсэн юм билээ. Оросын Ашигт малтмалын газрынх нь бүртгэлд байж байгаад 2008 оноос хувийн хэвшилд шилжсэн. Тэр цагаас хойш энэ ордод эрчимтэй хөрөнгө оруулалт хийгдэж, өнөөдөр бараг үйлдвэрлэлийн түвшинд ирчихээд байна. 

Тэгэхээр Удокан ордыг Baikal Mining компани эзэмшдэг, ОХУ-ын зэсийн хамгийн том орд бөгөөд уул уурхайн хамгийн амбицтай төсөлд тооцогдож байгаа. Байршлын хувьд Байгаль нуурын зүүн талд Каларский район буюу бүсэд оршдог. Нийт хүдрийн нөөц нь JORC стандартаар 26.7 сая тонн бөгөөд 1%-ийн агуулгатай. 

 
Эх сурвалж: geomix.ru

Технологийн хувьд флотац буюу гидрометаллургийн аргаар олборлоно. Манай ОТ бол зэсээ флотацын аргаар баяжуулдаг. Удокан ордоос жилд 12 сая тонн зэсийн хүдэр баяжуулна. Үүнээс 130,000 тонн цэвэр зэс гарна гэж байгаа. Харьцуулаад хэлэхэд "Эрдэнэт үйлдвэр" маань 30-32 сая тонн зэсийн хүдэр олборлож, 130 гаруй мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэдэг. ОТ-н хувьд 40 гаруй сая тонн хүдэр олборлож баяжуулж буй. Далд уурхай ашиглалтад орохоор хүчин чадал нь нэмэгдэнэ. Одоо илрүүлсэн нөөцөө 2051 он хүртэл жилд 40 гаруй сая тонн хүдэр олборлохоор төлөвлөсөн байсан. Ингэхэд 150-170 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх юм. 

Тэгэхээр гаргаж байгаа баяжмал дахь эцсийн цэвэр бүтээгдэхүүнийх нь хэмжээг харьцуулбал "Эрдэнэт үйлдвэр"-тэй адил, ОТ-нход дөхөж очно гэсэн үг. Ийм төсөл байгаа. 

Орд нь хоёр бүтэцтэй бөгөөд ОТ-оос ялгаатай нь ил уурхай тул хөрс хуулалт багатай. ОТ бол ил болон далд уурхайтай бөгөөд нийт нөөцийнх нь 80% нь далд уурхайд нь хамаардаг.

Нийт 2 км орчим урт, нэг км орчим өргөн, 300 метрийн гүн хоёр ил уурхай байх нь. Технологи нь "Эрдэнэт үйлдвэр", ОТ-н ил уурхайнхтай адилхан. Өрөмдлөг тэсэлгээ явж байгаа. Цахилгаан станц татагдсан. Төмөр замынх нь станц Чара гэдэг нэртэй юм билээ. Орд нь ерөнхийдөө онгоцны буудлаас 35, төмөр замын станцаас 24 км-ийн зайтай орд байгаа. Байгаль, Аморын төмөр замаар дамжаад Европын орнууд руу гарах боломжтой. Хойд талаараа Япон, Солонгос руу далайгаар гарчихаж байгаа. Урд талаараа Транс Сибирийн төмөр замаар яваад Монголын төмөр замаар холбогдох боломжтой. 

Товчхондоо хүчин чадлын хувьд "Эрдэнэт үйлдвэр"-тэй ижил хэмжээний үйлдвэрлэл явуулах нь.   

-Далд уурхайн үйлдвэрлэл эхэлбэл Оюутолгой дэлхийн зэсийн гурав дахь том төсөл болно гэдэг. Тэгвэл ОТ-той дүйх хэмжээний том орд үйлдвэрлэл явуулахад бэлэн болчихсон байна гэж байна. Удоканы ордыг ОТ-той нарийн харьцуулбал өрсөлдөхүйц орд мөн үү?

доканы нөөцийг 2014 онд JORC стандартаар баталсан. ОТ-н хувьд 2020 оны наймдугаар сард шинэчилсэн ТЭЗҮ-гээ танилцуулсан. Канадын 43101 стандартаар батлагдсан. Энэ хоёр стандартын нөөцийн ангилал адил тул шууд харьцуулах боломжтой гэж үзэж байгаа юм. 

Энд нэг тайлбар хэлэхэд, нөөц болон баялаг гэсэн ойлголт байгаа. Resource буюу баялаг нь геологийн хайгуул хийгээд, өрөм тавиад, газрын гүнд байгаа материалыг орон зайн хувьд тогтоож байгаа юм. Reserve буюу нөөц нь тэндээс ухаж гаргаад эдийн засгийн хувьд үр ашигтай олборлож байгаа хэсгийг хэлнэ. Нөөц, баялаг хоорондоо шилжиж байдаг. Зах зээлийн үнэ өсвөл нөөц нь баялаг руугаа дөхөж очно гэсэн үг. Их өндөр үнэтэй байвал газрын хэвлийд байгаа бүх материалыг ашигтай олборлоно гэсэн үг. Харин өндөр татвар тавихад нөөц нь баялаг руугаа шилжиж буурна. 

Нийт зэс, мөнгө агуулсан хүдрийн баялаг нь Удоканы орд дээр 2.8 тэрбум тонн  байгаа бол Оюу Толгойнх 4.4 тэрбум байна. Удоканых хүдрийн баялгаар 1.6 дахин их гэсэн үг.

Гэхдээ үүнийг задлаад харвал яг хэмжиж тогтоосон баталгаатай (measured) болон бодитой (indicated) хүдрийн баялаг нь нийлээд Удоканых 1.8 тэрбум тонн, Оюу Толгойнх 720 сая тонн байна. Удокан нь илүү нарийн судлагдсан, үйлдвэрлэл явуулахад нөөц зөрөх эрсдэл нь харьцангуй бага гэдгийг эндээс дүгнэж болно.

Удокан ба Оюутолгойн баялаг, сая.тн (Resources)

 
Эх сурвалж: Baikal Mining - 2014 JORC тайлан, Оюу Толгой - 2020 Technical report, NI43-101

Удокан ба Оюутолгойн нөөц, сая.тн (Reserves)

 
Эх сурвалж: Baikal Mining - 2014 JORC тайлан, Оюу Толгой - 2020 Technical report, NI43-101

Нийт хэмжиж тогтоосон баталгаатай болон бодитой хүдрийн баялагт байгаа зэсийн хэмжээг авч үзвэл Удоканых 18.4 сая тонн зэс, ОТ 8.5 сая тонн буюу 2 дахин их  байна. Өөрөөр хэлбэл, Оюутолгойгоос их баялагтай орд байна. "Эрдэнэт үйлдвэр"-ийнх 4 орчим сая тонн гэж санаж байна.

Удокан ба Оюутолгойн Зэсийн нөөц (Reserves)

 
Эх сурвалж: Baikal Mining - 2014 JORC тайлан, Оюу Толгой - 2020 Technical report, NI43-101

Тогтоосон баялаг нь ийм юм бол тэгвэл нөөц буюу эдийн засгийн үр ашигтай олборлож болох зэс нь хэр хэмжээтэй вэ гэдгийг харьцуулж харъя!

Өнөөдрийн зэсийн үнэ, технологийн түвшин, ОХУ-ын дэд бүтэц, татварын орчин, төрийн дэмжлэг, төмөр замтай холбогдсон зэргийг харгалзан үзвэл Удокан нь орд ашиглалтын нийт хугацаандаа 15.1 сая тонн зэсийг эдийн засгийн үр ашигтай олборлож чадахаар байна. Оюу Толгойн хувьд энэ үзүүлэлт хувьд 10.2 сая тонн буюу бараг 5 сая тонноор бага.

Өөрөөр хэлбэл нэг Эрдэнэт, нэг Цагаан суваргын ордын нөөцөөр Удоканоос дутуу байна гэж ойлгож болно.

Мөнгөний нөөц (Reserves)

 
Эх сурвалж: Baikal Mining - 2014 JORC тайлан, Оюу Толгой - 2020 Technical report, NI43-101

Тус уурхайн баяжуулах үйлдвэр болон дэд бүтцийн хөрөнгө оруулалт 2019 оны арванхоёрдугаар сараас хийгдэж эхэлсэн байгаа юм. Өнөөдрийн байдлаар 2022 он гэхэд Удокан эхний цэвэр зэсээ үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Төслийн эхний үе шат буюу жилд 12 сая.т хүдэр баяжуулж, 130 мянган тонн зэс гаргах үйлдвэрт 3 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн судалгааг компани нь хийсэн байсан. Энэ бол гаргаж байгаа зэсийн хэмжээгээрээ "Эрдэнэт үйлдвэр"-ийнхтэй адил, Оюутолгойнх 150 мянган тонн байдаг. 

Удокан 2033 оноос хүчин чадлаа өргөтгөж жилд 48 сая тонн хүдэр боловсруулах төлөвлөгөөтэй. Энэ нь Оюутолгойн ордын одоогийн хүчин чадлаас жилд 8 сая.тн хүдэр илүү, Эрдэнэтээс 18 сая тонноор илүү хүчин чадал гэхээр ямар аварга төсөл төрийнхөө дэмжлэгтэйгээр өрсөлдөөнд манай зах зээлд шинээр орж ирж байгааг харж болно

Үүнд ОХУ-ын VEB.RF, Gazprombank, Sberbank гэх төрийн өмчит банкууд 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан. Мөн Хятадын Худалдаа, аж үйлдвэрийн банк(ICBC) болон өөр гурван ч банк төсөлд зээл олгох гэрээ байгуулж, 200 орчим сая долларын зээл олгосон байсан. 

-Удоканы орд ашиглалтад орсноор ОТ, Эрдэнэт үйлдвэрийн зах зээлд хэрхэн нөлөө үзүүлэх бол?

-Оюутолгойн ордыг хөгжүүлэхийн тулд ямар хугацаа, хөрөнгө зарцуулсныг нэг саная. Би 1998 онд уул уурхайн инженерийн сургуульд орж байхад Оюутолгойн хайгуулын ажил дөнгөж явагдаж байсан. Өнөөдрийг хүртэл 22 жил буюу миний амьдралын талтай тэнцэх хэмжээний хугацаанд тус ордыг хөгжүүлж байж өнөөдрийн түвшинд хүрчээ. 

Удоканы хувьд хэдий эрт судалсан ч геологийн нөхцөл хүнд, дэд бүтэцгүй зэрэг асуудал байсан бол одоо ОТ, эсвэл Эрдэнэттэй эн тэнцэх өрсөлдөгч гараад ирлээ. Манай экспортын зах зээлийг булаацалдаж л таарна. 

Нөгөө талд, эрэлтээ харвал цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбоотой зэсийн хэрэгцээ нэмэгдэж буй эерэг хандлага бий. Гэсэн хэдий ч ОХУ-ын төрийн өмчит банкуудын хөрөнгө оруулалттай энэ төсөл зах зээлд яах аргагүй нөлөөлнө. 

Гурван тэрбум долларын хөрөнгө оруулаад л Удокан Эрдэнэтийн хэмжээний үйлдвэрлэл явуулах гэж байна шүү дээ. Өрсөлдөх чадвар маш өндөртэй. Төмөр замаар ердөө 23 км зайнаас холбогдсон, баяжуулах үйлдвэрээ бариад л 2022 оноос манай гол зах зээлд өрсөлдөөд эхлэхээр байна.

-Оюутолгойн ордын хувьд маш их хүлээлттэй байна. Нэг талаар хөрөнгө оруулагч талууд маргаантай, манай Засгийн газар шаардлагатай бол Дубайн гэрээг цуцлах саналтай байгаагаа хэлсэн. Нөгөө талаар гүний уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалтыг алтаа урьдчилж зарах нөхцөлөөр босгохоор яригдаж байна. Эдгээр нөхцөлийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Оюутолгойгоос 900 орчим сая долларын экспорт хийж байгаа нь манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болж байна. Монгол Улсын эдийн засаг ОТ-оос ихээхэн хамааралтай болсон. Одоо Монголын эдийн засгийг Оюутолгойгүйгээр үнэндээ төсөөлөхөд хэцүү. Нэгэнт энэ том төсөлд хөрөнгө оруулаад явж байгаа талууд төслийг зогсооно гэж бодохгүй байна. 

Засгийн газрыг төлөөлөх, ТУЗ-ийн шинэ гишүүд мэргэжлийн, туршлагатай хүмүүс тул төслийг гацаахаас илүүтэй алдаагаа засаж, хамтрах байр суурьтай байгаа гэж харж байгаа. 

Санхүүжилтийн тухайд алтаа урьдчилан худалдах нь байдаг схем. Монголд ч байна. Дорнодын Алтанцагаан овоог Канадууд Гацууртаас худалдаж аваад яг энэ схемээр санхүүжилт босгосон. Одоо Бороо гоулд байхгүй болсны дараах хамгийн том алтны үндсэн ордын олборлолтын үйл ажиллагаа тэнд амжилттай жигдрээд явж байна. 

Алт бол нүүрснээс өөр бүтээгдэхүүн. Нүүрс бол овор хэмжээ ихтэй, тээвэр шаарддаг, хэрэглэхгүй хадгалах тусам зардалтай, үнэ цэнэ нь унадаг алтнаас илүү эрсдэлтэй бүтээгдэхүүн. Алт бол хямралын үед үнэ нь өсдөг, хадгалалт, тээвэрлэлтийн зардалгүй. Алтны ханш унасан үед биш, өндөр байгаа дээр "Оюу толгой" санхүүжилтийн энэ хувилбарыг ярьж байгаа нь боломжит хувилбаруудын нэг гэж харж байгаа. Үнийн уналтаас хамгаалах арга хэрэгслүүд ашиглаад хийчихэд болно. Нүүрс бол эрсдэлтэй. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд урьдчилж авсан мөнгөө иргэддээ тараачихсан. “Чалко”-гийн хавхнаас гарах гэж хэдэн жил болсон. Нэгж бүтээгдэхүүний үнийг заасан тул зах зээлд үнэ унахад нүүрсээ асар ихээр нийлүүлэх шаардлагатай болсон. Нүүрсний үнэ өсөж байж хавхнаас 7 жилийн дараа арай гэж гарсан шүү дээ. Нүүрсний хувьд нүүрсээ урьдчилж зараад мөнгөөр нь туйлдаг “оффтэйк” гэрээнээс татгалзах хэрэгтэй. 

Тиймээс сэтгүүлчид ОТ дээр болгоомжилж байх шиг байна. Аргагүй, сэтгүүлчдэдээ хэлэхэд Оюу Толгойгоос илүүтэй Эрдэнэс Тавантолгой дахиад Чалко шиг ийм гэрээний хавханд орсон эсэх дээр илүү анхаарах ёстой юм шүү. 

Хэрэв манай улс хөрөнгө оруулагч талуудтайгаа ойлголцож, төслөө урагшлуулж чадахгүй бол Удоканы орд гэсэн сонголт зэс худалдан авагч нарт байгааг Засгийн газар ч, хөрөнгө оруулагч Рио Тинто ч ойлгож байгаа байх. Хамтдаа ялагдах юм уу, хамтдаа зах зээлдээ байр сууриа бэхжүүлэх үү гэдэг л сонголтын асуудал.

-Зөвхөн зэс ч биш нүүрсний томоохон уурхайнуудын мэдээлэл чих дэлсэж байна. Хамгийн сүүлд Элгасын коксжих нүүрсний ордын төсөлд Хятадын талтай хамтрахаар болсон тухай мэдээлэл гарсан. Гэтэл бид төмөр замаа ч барьж амжаагүй сууж байдаг.

-Эдийн засагч хүний хувьд бид нүүрсний салбар дахь дотоодын толхилцоон гэхээсээ илүү ОХУ-ын геополитикийн тоглолтод орсон гэж дүгнэдэг. Дөнгөж хил даваад Кизилийн уурхай, Байгаль нуурын баруун зүүн талд Элга, Якутын орд бий. Элга, Якут нийлээд л 4 орчим тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй. Чанараараа Тавантолгойнхтой адил. 

Таван жилийн өмнөхийг эргээд санавал ОХУ Хятад руу нүүрс нийлүүлж чаддаггүй, экспорт нь 300 мянган тонноос хэтэрдэггүй байсан бол сүүлийн таван жилийн хугацаанд жилд 5 сая орчим тонныг гаргадаг болсон. Өөрөөр хэлбэл, 5 жилд 25 сая тонн коксжих нүүрс нийлүүлж, бид 4 орчим тэрбум долларын зах зээлээ алдсан гэсэн үг. 

Биднийг өргөн нарийн цариг гэж маргах хооронд Оросууд эрчимтэй хөрөнгө оруулж, зүүн Сибирээр Якутаас нарийн цариг бүхий төмөр замаа тавьж, баяжуулах үйлдвэр бариад 2 тэрбум тоннын нөөцтэй Якутын ордоос өдөр шөнөгүй нүүрсээ зөөж эхэлсэн. 

Эдийн засагч хүний хувьд бид нүүрсний салбар дахь дотоодын толхилцоон гэхээсээ илүү ОХУ-ын геополитикийн тоглолтод орсон гэж дүгнэдэг

Ердөө 3-4 хоногийн өмнө Якутын ордын шинэ эзэмшигч нь төслийнхөө амбицыг хэвлэлээр зарласан. 2023 он гэхэд Якутаас 5 биш 30 сая тонн нүүрс экспортолдог болно гэдгийг мэдэгдсэн. 

Кузбассын бүс нутагт мөн Колмарын коксжих нүүрсний орд бий. Тэнд одоогоор 6 сая тоннын хүчин чадалтай баяжуулах үйлдвэр байгуулсан. 2023 он гэхэд 12 сая тонн болгон хүчин чадлыг нь хоёр дахин нэмэгдүүлнэ. Энэ хоёр ордын ойрын хүчин чадлын өргөтгөлийн төслийг харахад л манай улсын экспортыг даваад явчихаж байна. Бид хамгийн ихдээ 36 сая тонн нүүрс 2018 онд Хятадад зарж чадаж байсан, түүнээс хойш дан уруудаж байгаа.

Нүүрсний зах зээлийн судалгаа явуулдаг, манай Coal Mongolia-г хамт зохион байгуулж, ЭТТ-н нүүрсний үнийг тогтоодог 5 индексийн 3-ыг нь тодорхойлдог, Хятадын SXcoal компанийн вэбсайтад гурав хоногийн өмнө гарсан мэдээллээр Хятадын нүүрсний зах зээлд гарсан мэдээнд Австралийн орон зайг ОХУ нөхнө гэж бичсэн байна. ОХУ энэ орон зайд хожиж байна. Манай экспорт харин ч буурчихлаа, хоногт гашуун сухайтаар гарч байгаа машины тоо 200 хүрэхгүй болчихлоо.

-Ер нь төмөр замаа барьж чадсан байсан бол өнөөдөр нөхцөл байдал ямар байх байсан талаар судалгаа танд бий юу?

-Тавантолгойн хөрөнгө оруулалтыг 2015 онд М.Энхсайхан сайдын хувилбараар явуулсан бол өнөөдөр 15 тэрбум долларын экспортын орлого, хөрөнгө оруулалтын валютын урсгалыг бий болгосон байх байв. Өнөөдөр ам.долларын эсрэг 3,000 дөхөж байгаа төгрөгийн ханш 2,000-аас хэтрэхгүй байх боломжтой байв. ОТ-н борлуулалт ам.доллароор Монголбанкны балансад бүртгэгдээд явдаг ч бодитоор гаднын банкуудад байршдаг тул Монголын зах дээрх долларын нийлүүлэлтэд төдийлөн нөлөө үзүүлэхгүй байгаа. Тавантолгойн хөрөнгө оруулалтыг гацааснаас алдагдсан 15 тэрбум ам.доллар Монголын банкуудад ядаж үлдэх байв. Ханшийн зөрүүний энэ алдагдлыг бид нийтээрээ, халааснаасаа төлж байна.

Тавантолгойн орд нь сайн нүүрстэй ч гадаад зах зээлд өрсөлдөх чадваргүй, үнэ хямдтай байгаа нь баяжуулах үйлдвэр, төмөр зам, цахилгаан станцгүй байгаагийнх гэдгийг одоо иргэд ойлгож байгаа байх аа.

-15 тэрбум ам.долларын алдагдсан боломжийг та илүү тодруулахгүй юу?

-Юуны өмнө 15 тэрбум доллар гэдэг ямар хэмжээний мөнгө вэ гэдгийг ойлгох ёстой байх. 

Өнөөдөр Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал бол агаар, хөрсний бохирдол болон элэгний өвчлөл. Үүнд орлого багатай эмзэг бүлгийн хүмүүс хамгийн ихээр өртөж байна. 

  • Гэр хороололд амьдарч буй 290 гаруй мянган айл өрхийг бүгдийг нь хоёр өрөө орон сууцтай болгоход 9 тэрбум ам.доллар хэрэгтэй. 
  • “Элэг бүтэн Монгол” төслөөр дамжуулан монголчуудыг элэгний өвчлөлөөс нь ангижруулахад 250 сая доллар төлөвлөдөг юм билээ. 
  • Их, дээд сургуулиудын 50 гаруй мянган оюутныг гадаадад нэг жил англи хэлний сургалтад хамруулахад 100 гаруй сая доллар хэрэгтэй гэсэн тооцоо байдаг. 

Ингээд бодохоор хүнээ боловсролтой болгож, утаагүй орчинд эрүүл амьдруулах боломжийг бид алджээ. Ийм боломж алдахад хүргэх шийдвэр гаргасан хүмүүс хариуцлага хүлээх хэрэгтэй гэж боддог. 

-Та 15 тэрбум ам.долларыг хэрхэн тооцож гаргаж байна вэ?

-2015 онд М.Энхсайхан сайд Тавантолгойн ордыг Япон, Монгол, Хятад гурван улсын хамтарсан консорциумаар ашиглуулах хувилбар танилцуулсан. Уг төслөөр 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх байсан. Үүнд ил уурхайн тоног төхөөрөмж, жилийн 30 сая тоннын хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барих, овоолсон шороо гээд байгаа Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг барьж дуусгах ажлууд багтсан. 

Хэрэв энэ төсөл хэрэгжсэн бол 2015-2020 оны нэгдүгээр сар хүртэл 13.6 тэрбум ам.долларын баяжуулсан нүүрс экспортолсон байх байв. Гэтэл энэ хугацаанд ЭТТ 2.6 тэрбум долларын нүүрс л гаргасан. Бид ийм боломжийг алдсан байна.

Харин энэ хугацаанд ОХУ хөрөнгө оруулж, төслүүдээ эрчимжүүлээд хэдийн үйлдвэрлэлээ эхлүүлэх гэж байна. Ийм өрсөлдөөнийг зөв үнэлж, дунд, богино хугацааны маш нарийн стратеги боловсруулах хэрэгтэй.

Уул уурхайн салбар бол манай стратегийн салбар. Энэ салбарт ажиллаж буй монголчууд ОТ төслийн үр дүнд барууны инженерүүдтэй өрсөлдөхүйц болсон. Шинэ засгийн томилгоогоор салбарт дан мэргэжлийн доктор, эрдэмтэд томилогдсон. Тиймээс хурдтай, мэдрэмжтэй шийдвэр гаргаж ажиллана гэж мэргэжлийн хүний хувьд найдаж байгаа.

Уул уурхайн салбарт өрсөлдөөн маш их, тэр тусмаа ОХУ-ын нөлөө их гэдгийг анхаарах цаг болжээ. Ялангуяа, ирэх 2021-2022 онд түүхий эдийн супер цикл ирж байгааг шинжээчид онцолж байгаа энэ үеийг бид зөв ашиглах хэрэгтэй.