Зураг
Зураг
Индэр    
2020 оны 12 сарын 28
Зураг
Мэдээллийн технологи

КОВИД-19-тэй тэмцэх тактикаа өөрчилье

Зураг

Манай улс гал унтраах байдлаар тэмцсээр өнөөдрийг хүрлээ. Гал маань газар авчихаар энэ арга үнэндээ л явцгүй бөгөөд хоцрогдсон харагдаж байна. Дараагийн тактик юу байж болох вэ? КОВИД19-ийг амжилттай цурамд оруулсан улс орнуудын туршлагыг судалж тактикаа өөрчлөх цаг болжээ. 

Тархалтыг амжилттай барьж чадсан орнуудын авч хэрэгжүүлсэн арга замыг судалсан судалгаа олон арваараа байна. Тэндээс харвал Тайвань, Өмнөд Солонгос, Хонг Конг, Хятад зэрэг тархалтыг амжилттай хумьж чадсан улс орнууд иргэдээсээ олон төрлийн дата цуглуулах замаар иргэдийн хавьтал, явсан газрыг тодорхойлж, түүнийгээ тандалт судалгаандаа ашиглаж чаджээ. 

Эдгээр улс орнуудын хэрэгжүүлсэн аргуудаас бид зөвхөн нэгийг нь хэрэгжүүлж эхлээд байна. Тэр нь QR код байршуулж түүнийг иргэдийн хамгийн их ашигладаг eBarimt апп-аар уншуулах арга юм. Энэ бол зайлшгүй хэрэгжүүлэх ёстой аргуудын нэг мөн. Гэхдээ ашиглалт хангалтгүй байгаа учраас бусад аргуудыг ашиглаж улам их дата цуглуулах хэрэгтэй байна. Хүмүүс өдөр тутамдаа өөрийн явсан ул мөрийг хаа сайгүй үлдээж байдаг. Тэр мэдээллийг бусад байгууллагуудтай хамтран нэг дор төвлөрүүлэх хэрэгтэй байна. Тухайлбал: 

Тээврийн хэрэгслээр зорчсон мэдээлэл (Автобусны картаар зорчсон түүх, орон нутгийн галт тэрэг, автобус, онгоцоор зорчсон түүх гэх мэт)

Банкны картын гүйлгээний түүх

Хилээр орж гарсан мэдээлэл

Эмнэлэгт үзүүлсэн төрөл бүрийн түүх

COVID -н шинжилгээний түүх

Мобайл дата ашиглалт

Гар утасны байршил

Гар утасны сүлжээнд холбогдсон мэдээлэл (унтраах/асаах)

Сошиал медиа ашиглалт (check-in)

Хяналтын камерын мэдээлэл

IPTV/OTT үйлчилгээ ашиглалт

Автомашины GPS

Бугуйн цаг зэрэг GPS-тэй төхөөрөмжүүдээр иргэдийг хангаж байршлын мэдээлэл цуглуулах (https://www.youtube.com/watch?v=MtNMFo3ZD_Q&feature=youtu.be)

Цаасан дээр гараар хийгдэжбайгаабүртгэлүүд

Эдгээр мэдээлэл тус тусдаа өөр өөр байгууллагад хадгалагдаж байгаа. Дээрх улс орнууд тодорхой дүрмийн дагуу эдгээр мэдээллийг нэгтгэж Big Data үүсгэж түүнийг анализ хийх замаар иргэдийн хөдөлгөөнийг хянах, хавьтлыг тодорхойлох  боломж бүрдсэн байна. Ингэснээр иргэн Дорж, Дулмаа, Батын явсан газар, ойрын хавьтлуудыг тодорхойлох боломж бүрджээ. 

Жишээлбэл, тухайн иргэн өглөө сэрээд гар утсаа хотын аль хэсэгт асаагаад, гэрээсээ гараад ямар автобус унаагаар хаашаа явсан, хаана хаана картаараа гүйлгээ хийсэн, байрны орцныхоо болон өөр хаа нэгтээ хяналтын камерт өртсөн үү, ямар эмнэлэгт үйлчлүүлсэн, гэртээ хэдэн цагт буцаж ирээд IPTV-ээ ашиглан ямар суваг, контент үзсэн гэх зэрэг мэдээлэл дээр үндэслэн тухайн хүний байршлын түүхийг зөвхөн регистрийн дугаарыг нь оруулаад тодорхой эрх бүхий хүмүүс хянах боломж бүрдэх юм.

Хамгийн гол нь зөвхөн мэдээлэл цуглуулахаас гадна цугларсан Big Data дээр үндэслэн ирээдүйд учирч болох тархалт, үүсэж болох эрсдэлүүдийг ч гэсэн хиймэл оюун ашиглаж таамагладаг болжээ. 

Үүн дээр нэмээд Хятад улсад хэрэгжүүлсэн нэг оновчтой арга бол цугларсан дата дээр үндэслэн иргэдийг эрсдэлийн төвшнөөр нь ангилж улаан, ногоон, шар QR код олгосон байна, ингэснээр улаан болон шар QR кодтой иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлана. Хэрвээ ногоон бол хөдөлгөөнд оролцох эрхтэй. QR код нь улаан болсон тохиолдолд өөрийгөө тусгаарлан гэртээ байх, эсвэл шинжилгээ өгөх гэх мэт арга хэмжээ авна. Систем тухайн хүн аюулгүй болсныг тооцоолж QR код нь автоматаар ногоон өнгөтэй болно. (https://www.youtube.com/watch?v=f5UpkQPiRCQ&feature=youtu.be )

Гэх мэр аргуудыг ашиглан тактикаа өөрчилж тэмцэхэд манай улсын хувьд ямар байгууллага манлайлж хийх ёстой вэ? ЭМЯ уу? Технологийн салбарын бодлого тодорхойлогч байгууллага уу? Бодлого, чиглэлээ тодорхой болгож аль болох эртхэн хийж эхэлмээр байна. 

Мэдээж хэрэг хувь хүний нууцын тухай асуудал энд хөндөгдөнө. Гэхдээ хувь хүний нууцын тухай асуудлаа нэгд тавих уу, КОВИД19-ийн тархалтыг зогсоох асуудлаа нэгд тавих уу гэдэг маш чухал шийдвэрийг дээрх орнууд гаргаж чаджээ. Солонгос, Тайвань улсуудын хувьд 2003 оны SARS өвчний дэгдэлтийн үед хувь хүний эдгээр мэдээллийг ашиглах хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн байсан нь энэ удаад маш том давуу тал болжээ. 

Бид ч гэсэн энэ шийдвэрийг хурдан гаргаж улс орноо сэхээнээс гаргах, ард түмний амьдрал, улс орныхоо эдийн засгийг бодож хөдлөх цаг болсон гэж үзэж байна. 

Эх сурвалж: 

[1] Combat COVID-19 with artificial intelligence and bigdata, Leesa Lin, PhD1,*, and Zhiyuan Hou, PhD2Department of Infectious Disease Epidemiology, London School of Hygiene & Tropical Medicine, London, UK and Schoolof Public Health, Fudan University, Shanghai, China

[2] “COVID-19 tracking apps raise privacy concerns in Asia”  https://www.youtube.com/watch?v=MtNMFo3ZD_Q&feature=youtu.be

[3] Meisenzahl M. People Arriving in Hong Kong Must Wear TrackingBracelets for 2 Weeks or Face Jail Time. Here’s How They Work.Business Insider. 2020. https://www.businessinsider.com/hongkong-has-tracking-bracelets-to-enforce-coronavirus-quarantine-2020-4

[4] Chen S, Yang J, Yang W, Wang C, Bärnighausen T. COVID-19control in China during mass population movements at new year.Lancet 2020; 395:764–6.