Зураг
Зураг
Индэр    
2020 оны 12 сарын 24
Зураг
Мэдээллийн технологи

Монгол Улсын дижитал шилжилтийн тогтолцоо бэлэн биш байна

Цахим засгийн хөгжил, төрийн үйлчилгээний дижитал шилжилтийг хийхэд мэдээллийн технологийн шийдлээс гадна маш чухал хоёр зүйл бол хууль эрх зүйн орчныг таатай болгох, төрийн байгууллагуудын манлайллыг бий болгох юм.
 
Үүний тулд нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэйгөөр манлайлах хэрэгтэй. Үгүй бол нэгдсэн удирдлага алдагдаж тал  талд салангид, хоорондоо уялдаа холбоогүй шийдэл, системүүд үүсэж эхэлдэг. Цаашилбал хоорондоо өрсөлдөх, эмх цэгцгүй байдалд орж үр дүнд нь иргэд төөрөлдөж байна. Саяхан нэг улс төрч “яам бүр барилгын яам болсон” гэдэгтэй нэгэн адил ЗГ-н яам, агентлаг бүр мэдээллийн технологийн бодлого гаргадаг, хэрэгжүүлдэг болжээ. Үүнээс болоод үр ашиггүй хөрөнгө оруулалт ихсэх, салбарын нэр хүнд унах, хоорондын уялдаа холбоо муутай, чанарын шаардлага хангахгүй, насжилт богинотой системүүд тал талд бий болсон.  
 
Цөөн хэдэн жишээ авч үзье. Сүүлийн үед цар тахалтай холбоотой иргэдийн шинжилгээний хариу авах, байршлыг бүртгэх, хот хоорондын хөдөлгөөнийг хянах, бүртгэх зэрэг олон системүүд бий болж байна. Эдгээр системүүд хоорондоо уялдаагүй, иргэдэд улам л ойлгомжгүй болж, зарим нь бүр ганцхан хоногийн дотор холбогдох төрийн  байгууллагын зөвшөөрөлгүйгээр нэрээ сольж байх жишээтэй. Үүний цаана улсын төсвийн хөрөнгө оруулалт үнэгүйдэх, хувь хүний мэдээлэл эрсдэлд орох, мэдээллийн аюулгүй байдал алдагдах, гэнэт бий болсон систем хэрэглээний огцом ачааллыг даахгүй унах, дотоод гадаадын халдлагад өртөх зэрэг олон арван асуудлыг дагуулж байгааг та бид харж байна. 
 
Гэхдээ энэ асуудал зөвхөн манай улсад тулгарч байгаа асуудал биш юм. Бусад улс орнууд ч гэсэн энэ асуудалтай нүүр тулгарч байсан тухай олон судалгаа бий. Хэдхэн жилийн өмнө манай улсаас цахим засгийн хөгжлөөр хоцорч явсан, ижилхэн босоо маягийн социалист тогтолцоотой байсан Украйн улс 2019 онд энэ асуудлыг цогцоор нь шийдэх зорилгоор Дижитал шилжилтийн яамыг (Ministry of Digital Transformation) байгуулснаар сая дижитал шилжилт нь эрчимжиж зөв голдиролдоо ороод байна. Мөн цахим засгийн хөгжлөөр тэргүүлэгч Австрали улс энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2016 онд өмнө нь жижиг алба байсныг өргөтгөж Дижитал шилжилтийн агентлагийг (Digital Transformation Agency) байгуулсан. Эдгээр улсад хийгдсэн энэхүү системийн өөрчлөлтийн цаана цахим засгийн хөгжлийг хурдасгах, нэгдсэн бодлого чиглэлд зангидах гол зорилго бий.
 
Гол хэрэгжүүлсэн бодлого нь шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлснээр Дижитал шилжилтийн яам, агентлагтаа нэгдсэн бодлогоор удирдан зохион байгуулж, төлөвлөж, манлайлах, хяналт тавих эрх мэдлийг төвлөрүүлсэн.  
Олон улсууд яг энэ загвараар дижитал шилжилтийг хурдасгаж зөв замдаа орсоор байна. Тэгвэл эдгээр байгууллагуудын нийтлэг чиг үүргийг дүгнэж үзвэл:  
  • Цахим засгийн хөгжлийн урт хугацааны нэгдсэн стратегийг боловсруулах, хэрэгжилтийг хангуулах
  • Төрийн дижитал үйлчилгээг сайжруулж энгийн хялбар ойлгомжтой, хурдан шуурхай болгох процессыг судлах, түүнд тохирсон бодлого гаргах 
  • Тус тусдаа хэрэгжиж байсан цахим төслүүдийг нэг стандарт, нэгдсэн зорилго, бодлогоор хангах
  • Цахим засаглал, дижитал үйлчилгээний платформыг тогтвортой хөгжүүлэхэд шаардлагатай стандарт, дүрэм журмуудыг боловсруулах, мөрдүүлэх
  • ЗГ-н яам, агентлагуудын дижитал үйлчилгээнд чиглэсэн хөрөнгө оруулалтуудад үнэлэлт өгөх, хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцох, дүгнэлт өгөх, зөвлөх
  • Цахим системд тавигдах технологийн стандарт, шаардлагыг хангуулах, мэдээллийн технологийн аудит хийх
  • Цар тахлын дэгдэлтийг хянах, иргэдийн хөдөлгөөнийг хянах зэрэг онцгой нөхцөл байдалд тохирсон технологийн шийдэл гаргах, түүнд нэгдсэн бодлого барих

Манай улсын хувьд энэхүү чиг үүргүүд нь тухайлсан нэг төрийн байгууллагад олгогдоогүй байгаа нь энэ шилжилтийг удаашруулах, улмаар тогтолцооны гажуудал руу түлхэж байна. Түүний үр дүнд харилцан уялдаагүй, стандартын шаардлага хангаагүй, чанаргүй, салангид төрийн үйлчилгээний системүүд бий болсоор л, төсвийн хөрөнгө үргүй зарцуулагдсаар л.  Бодлогын хувьд нэгдсэн стратегигүй, төслийн гүйцэтгэлд хяналт тавих боломжгүй байгаа зэрэг нь энэ салбарт томоохон бодлогын өөрчлөлт үгүйлэгдэж байгаа нь харагдаж байна.