Зураг
Зураг
Индэр    
2020 оны 8 сарын 18
Зураг
Мэдээллийн технологи

Тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх нь

Зураг

“Нэвтэрдэг болгонд тоон гарын үсгээ ашиглацгаая!”

Монгол улсад 2011 онд “Цахим Гарын Үсгийн Тухай” хууль батлагдсан. Гэвч өнөөдрийн байдлаар 28,853 иргэн буюу нийт насанд хүрсэн иргэдийн 2% хүрэхгүй нь тоо гарын үсэгтэй байгаа нь уг хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг харуулж байна. Энэ нь тун хангалтгүй үзүүлэлт юм. 

Маш товчхондоо тоон гарын үсгийн хэрэглээ ийнхүү бага байгаа нь Монгол улсын дижитал хөгжилд чөдөр тушаа болж байна гэж хэлж болно. Энэ нь цахим хэрэглээ хэвшил болохгүй байх, цахим засаглалын хөгжлийг сулруулах, цахим луйврын тоог нэмэгдүүлэх, иргэдийн дижитал боловсролд тодорхой ахиц гарахгүй байх зэрэг маш олон сөрөг үр дагаврыг дагуулж байна. 

Тагнуулын Ерөнхий Газрын гаргасан статистикаас харвал иргэд интернет банкны нэвтрэх нэр нууц үгээ алдах улмаар цахим гэмт хэргийн золиос болсон хэргийн тоо жил бүр өссөөр байна. Тухайлбал 2016 онд 97, 2017 онд 195, 2018 онд 659, 2019 оны 5 сарын байдлаар 384 буюу нийт 1,335 цахим гэмт хэрэг бүртгэгджээ.

Эдгээрийн шийдэл бол Тоон Гарын үсэг юм

Дээрх асуудлын шийдэл нь ерөөсөө тоон гарын үсгийг нийтээрээ ашиглаж эхлэх юм. Цахим орчинд иргэдийг саадгүй, найдвартай таньж нэвтрүүлэх, тэднийг баталгаажуулахад тоон гарын үсгийг ашиглаж эхлэх хэрэгцээ үүсэж байна гэсэн үг. 

Иргэд тоон гарын үсэгтэй болсноор өөрийн тоон гарын үсгийн гэрчилгээг ашиглан төр, бизнесийн аливаа онлайн үйлчилгээ, төлбөр тооцоо, худалдааны системд аюулгүй хандах, цахим хэлцэл, гүйлгээ хийх боломжтой ба дамжуулж буй өгөгдөл, мэдээллийн нууцлалыг бүрэн хангаж чадна. Иргэд гэрчилгээг ашиглан мэдээллээ зөвхөн өөрийн хүссэн хүлээн авагч уншиж чадахаар шифрлэж болно. Иргэд мэдээлэлдээ тоон гарын үсэг зурснаар хүлээн авагч тал энэхүү мэдээлэл дамжуулагдах явцдаа өөрчлөгдөөгүй гэдгийг баталгаажуулж зөвхөн танаас ирсэн гэдгийг шалгаж нотолж чадах юм.

Иргэний хууль, Цахим гарын үсгийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид цахим орчинд тоон гарын үсгээр баталгаажуулсан бол гэрээ хэлцэл хийсэнд тооцно гээд маш тодорхой заасан байгаа нь хууль эрх зүйн орчин хангалттай бүрдсэн болохыг харуулж байна. 

Тоон гарын үсэг үнэхээр чухал уу?

Цаашид интернет банкны нэвтрэлт дээр тоон гарын үсэг ашиглах нь цахим луйврыг бууруулахад томоохон түлхэц болно. Мөн бүх төрлийн аппликэйшн, програм хангамж, вэб сайтын нэвтрэлтэд ашиглах боломж үүснэ. 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Цахим Монгол “E-Mongolia” төслийн амжилттай хэрэгжилтэд нөлөөлөх томоохон хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл иргэд төрийн үйлчилгээний нэгдсэн цахим портал сайтаас үйлчилгээ авахдаа тоо гарын үсгээ ашиглан хялбархан нэвтрэх боломжтой болно. 

Иргэд харилцаа холбооны компаниас шинээр дугаар авах, шинээр үйлчилгээ авах үед гэрээ хийдэг. Мөн арилжааны банкнаас бүх төрлийн зээл авах, шинээр карт захиалах, шинээр данс нээлгэх, интернет банкны эрх нээлгэх бүрд заавал биеэр очиж гэрээ байгуулах шаардлага үүсдэг.

Тэгвэл тоон гарын үсгээ ашиглан эдгээр гэрээг цахим орчинд зайнаас хийх боломж үүснэ. Өөрөөр хэлбэл иргэдийн хооронд, хувь хүн болон ААН хооронд, ААН хооронд, иргэн ба Төр, ААН ба Төр, Төр ба Төр хооронд бүх төрлийн гэрээ хэлцэл дээр ашиглана гэсэн үг юм. Энэ бол тоон гарын үсгийн маш том давуу тал. 

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас зээлийн хүүг үе шаттай бууруулан жижиг дунд бизнес эрхлэгчдийн бизнесийг бүх талаар дэмжихээ илэрхийлээд байгаа билээ. Үүний цаана банкны цахим үйлчилгээний найдвартай байдлыг нэмэгдүүлэх , цахимаар найдвартай нэвтрэх боломжийг хангах нь маш чухал суурь болох юм. Ингэснээр цахим банкны үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, аюулгүй байдал бүрэн хангагдсанаар банкны үйл ажиллагааны зардал буурах боломжтой юм.

Харин гол асуудал нь

Өнөөдрийн байдлаар манай улсад МонПассСА, Тридум, Ви Эс Эм, НьюКомпасс гэсэн 4 компани дараах хэлбэрүүдээр албан ёсны эрхтэйгээр тоон гарын үсгийг олгож байна. 

  • USB Token
  • Гар утасны СИМ карт дээр суулгасан хэлбэрээр
  • Bluetooth Token

Үнэ өртгийн хувьд:

  • Анхны худалдан авалт: 44,000 төгрөг (USB Token болон гэрчилгээний үнэ)
  • Цаашид 1 жилийн сунгалт нь: 22,000 төгрөг

Энэ үнэ нь иргэд худалдан авахад үнэтэй тусаж байна. Тоон гарын үсэг хэрэглээнд маш удаан нэвтэрч байгаа үндсэн шалтгаан нь энэ билээ. 

Үүнд ямар гарц байна вэ?

Тоон гарын үсгийн токен төхөөрөмжийн үнийг бууруулж эхний ээлжид өөрийн өртөг хүртэл нь бууруулах шаардлагатай байна. Ингэснээр иргэдэд хямд үнээр авах боломж үүснэ. Энэ нь цахим гарын үсгийн хэрэглээг дэмжсэн томоохон алхам болно гэж үзэж байна. 

Энэхүү ажлын үр дүнг тодорхой хэмжээгээр түрүүлж хүртэх боломжтой гэдэг утгаараа арилжааны банкнууд болон харилцаа холбооны компаниуд хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх нь энэхүү асуудлаас гарах зөв санал, санаачилга,гарц байж болох юм.