Индэр    
2020 оны 12 сарын 25
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ц.Санчир: Хэрвээ та нар зөвшөөрвөл хоёрдугаар ботийг нь манайх хэвлүүлээд өгч болох уу? гэж хэлэхэд нь БИ УЙЛСАН

Зураг
Хувийн архиваас

-Улс төр ард түмнийг талцуулдаг бол түүх соёл ард түмнийг нэгтгэдэг-

Монгол Улсын Төрийн соёрхолт, урлаг соёл судлаач ТАСАМ -ын тэргүүн Ц.Санчир эрхэмтэй ярилцлаа.

Тэрбээр 2017 оны Төрийн шагналыг “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” туурвилаараа хүртэж байсан билээ.

-  Сайн байна уу. Ярилцлагын урилгыг хүлээн авсан танд баярлалаа.Таныг Монголын Эзэнт гүрний гурамсан ботийнхоо дэд ботийг өлгийдөн авах гэж байгаа гэж сонссон. Энэ тухай ярилцлагаа эхлүүлье?

- Сайн байна уу. За хэвлэлд ярилцлага өгөлгүй завсарлаад таван жил болжээ. Хамгийн сүүлд ikon.mn-д дэлгэрэнгүй ярилцлага өгч байсан. Дараагийн томоохон ярилцлага минь мөн ikon.mn-ээр эхэлж байгаад баяртай байна.

Ярилцлагаа завсарласан ч энэ хугацаанд аялан судалгаа, баримтат цуврал, дуу, дүрс бичлэгийн баримтат өвийг буулгах болон ном бүтээлийн ажил тасралтгүй үргэлжилсэн. Өнгөрсөн есдүгээр сард “Эзэнт гүрний соёрхолт өв” хэмээх гурамсан бүтээлийн тэргүүн ботийг олны хүртээл болгож, Үндэсний номын баяраар танилцуулсан. Харин одоо дэд боть болох “Монголын Эзэнт гүрний шинжлэх ухааны төв Одон орны оргилууд” бүтээл хэвлэгдэж дуусаад будаг нь ханхалсан бүтээлээ олон нийтэд хүргэхэд бэлэн болоод байна.

Монголын Эзэнт гүрний байлдан дагууллын мөрөөр бид өнгөрсөн хугацаанд ойролцоогоор 1,000 гаруй хот сууринд очсон. Зарим газар нь тав, заримд нь 35 удаа очих үе ч байсан. Энэ бүх газар нутаг, хот сууринд Чингис хаан болон түүний залгамжлагчдын туулсан, сэргээсэн, эрхшээн захирсан, бүтээн байгуулсан, шинээр барьж цогцлоосон дурсгалуудын талаар эхний ботидоо дэлгэрэнгүй оруулж,  англи, монгол, кирилл дээр гэрэл зургийн баримтат өвтэй хослуулан гаргасан.

Харин дэд боть маань Монголын Эзэнт гүрний үеийн шинжлэх ухааны бүтээн байгуулалтууд, тэр дундаа Одон орны оргилуудыг толилуулж байгаа. Эзэнт гүрний үеэс монголчууд газар дэлхий дээр судалж болох бүхий л зүйлийг судлаад одот тэнгэрийн орчил хөдөлгөөн, гараг эрхсийг судлах ажлыг өндөр хэмжээнд дэлгэрүүлсэн байдаг. Тэрхүү баримтат өв болох 800 жилийн туршид хүн төрөлхтний өв болон ирсэн одон орны оргилууд, шинжлэх ухааны төв, номын сан, урлаг соёлын бүтээлүүд бий. Үүнийг сүүлийн арван жилийн хугацаанд дэлхийн олон улсаар явж ажиллахдаа цуглуулж, баримтжуулсан юм.

Төрийн соёрхол хүртсэний дараа маш олон хүнээс “Одоо ямар бүтээл хийж байна. Ямар ном гаргах гэж байна. Хаашаа явах вэ” гэсэн асуултууд маш олон ирсэн. Тэр ч утгаараа Төрийнхөө соёрхолд талархан Монголын Эзэнт гүрний баруун хязгаар Ил хаант улс буюу өнөөгийн Исламын Бүгд Найрамдах Иран улсын Зүүн Азербайжан мужийн Мараге хотод Хүлэгү хааны байгуулсан одон орны оргил дээр 2009 оны арванхоёрдугаар сард эхлүүлсэн ном (ажлаа)-оо 10 жилийн дараа дуусган түмэн олондоо хүргэж байгаадаа баяртай байна.

- Энэ их улс орон руу зорьж очиход өөр өөр эрсдэл магадгүй таныг угтдаг байсан болов уу?

 Монголын Эзэнт гүрний түүх бол байлдан дагууллын түүх төдийгүй бүтээн байгуулалтын түүх. Үүнийг бид төдийлөн мэддэггүй, ярьдаггүй, бахархдаггүй, тулгуурлан хөгждөггүй.

- Эдгээр бүтээн байгуулалтын баримтат өв өнөөдөр буюу 21 дүгээр зуунд ихэнх нь дотоодын мөргөлдөөнтэй, исламын шүтлэгтэй, коммунист дэглэмтэй улсуудад хадгалагдаж байна. Тэр ч утгаараа ТАСАМ-ын судалгаа, зураг авалтын зорилтот бүс нутаг энэ л хязгаар нутаг буюу хэзээ мөдгүй устах эрсдэлд буй соёлын өв дурсгалыг амжиж судлах, баримтжуулан буулгах билээ.

Монголын Эзэнт гүрний түүх гэхээр л ихэвчлэн устгасан, сөнөөсөн, бахархмаар биш, ичмээр ч юм шиг үлгэр домог мэт зүйлийг манайхан орчуулгын материалаас, эсвэл сүүлийн үеийн ном бүтээлээс түлхүү хардаг санагддаг.

800 жилийн өмнө Хүлэгү хааны зарлигаар байгуулагдсан одон орны оргилын туурь дээр 30 гаруй удаа очсоныхоо дараа дэлхийн одон орон судлалын шинжлэх ухаанд оруулсан монголчуудын хувь нэмэр, дэлхийн уран барилга, хот байгуулалт, урлаг соёлд оруулсан хувь нэмрийн талаарх олон баримтат өвийг ном бүтээлд буулгаж болохоор олж авсан.

Туулсан түүхийнхээ баримтат үнэнийг мэдэхгүйгээр бид ирээдүйгээ бахархалтайгаар бүрэн дүүрэн бичих боломжгүй. Тэгэхээр судлаачийн зүгээс бид олон нийтэд харуулж, судалгааны эргэлтэд оруулах хэрэгтэй гэж үздэг.  

Манай бүтээл бол суурь судалгаанд оруулж буй бүтээл. Одон оронч бус, сансар огторгуй судлаач биш байсан ч эзэнт гүрний үеийн энэ шинжлэх ухааны бүтээн байгуулалтыг өнөөдөр ажил мэргэжлийн салбараас нь хамаарахгүй монгол хүн бүхэн мэдэх ёстой, түүхэн үүрэгтэй гэх үү дээ.

- Энэ жилийн хувьд их онцгой жил болж өнгөрч байна. Ялангуяа тань шиг байнга өөр улсаар явж судалгаа хийдэг хүний хувьд илүү онцгой байсан байх, тийм үү?

- Тийм ээ, цар тахал буюу дэлхийн түүхэнд тохиож буй гамшигт он жилүүдийг бид үзэж байна. Дэлхий улс, үндэстнүүдийн аж, амьдрал буцаад хэвэндээ орно гэдэг маш хэцүү л дээ. Олон залуус аяллын тухай их сонирхдог. Хорио цээрийн жилүүдээс өмнө хаалттай бүс нутгуудад очиж, Монголын Эзэнт гүрний өв соёлыг, бүрэлдэхүүнд байсан бүхий л газар нутгийг, тархан суурьшсан монголчуудынхаа түүхийг баримтжуулсандаа л их олзуурхаж байна даа.

 

- Үнэхээр сайхан хэрэг байна. Цаашдаа яг юу болохыг мэдэхгүй шүү дээ. Магадгүй танд бүтээлээ туурвих, цаанаас нь өгсөн боломж байх?

- За, сүүлийн 18 жилийн хугацаанд анх удаа бүтэн нэг жил суурин байна. Энэ ажлыг эхэлснээсээ хойш би ийм удаан хугацаанд суурин байж үзээгүй. Хүн болгон “За одоо юу хийх гэж байна, хаачих гэж байна” гэж асуудаг. Дэлхий нийтийн төлөв байдал маш эрсдэлтэй байгаа учраас түүнийг дагаад бидний ажлын төлөвлөгөө ч өөрчлөгддөг.

Бид 18 жилийн хугацаанд соёлын энэ олон дурсгалыг, угсаатнуудыг устаж сүйтгэхээс өмнө баримтжуулж буулгасан архивын материалуудаа өдгөө судалгааны эргэлтэд оруулж, ном хэлбэрээр баринтаглаж, цуврал хэвлэл, контент хэлбэрээр буулгах цаг хугацаа гарч байна гэж болно оо. 

- Түүхийн тухай ингэж их ярих хэрэг байна уу. Зүгээр ирээдүйгээ харъя гэх хүмүүс өнөөдөр олон таардаг. Гэхдээ ингэж баримтжуулаагүй бол жишээ нь бид 800 жилийн тэртээх Одон орны шинжлэх ухааны талаар мэдэхгүй өнгөрөх байсан биз?

- Бид өнө эртний өв соёлтой ард түмэн учраас түүндээ дөрөөлөн буюу туулсан түүхийнхээ туршлагад тулгуурлан хөгжих хэрэгтэй. Таны хэлдэгчлэн ингэж их судлах хэрэг байна уу гэж хүмүүс асуудаг. Тийм учраас залуу хойч үеийнхэнд түүхийн бахархалт баримтыг харуулахдаа ямар хэлбэрээр толилуулах вэ гэдэг нь маш чухал.

Энэ л мэдээллийн технологи, соёлын эрин үед найман зууны тэртээх түүхийг баримтат өв хэлбэрээр харуулна гэдэг нь өөрөө өндөр судалгаа төдийгүй, ур чадвар, нөр хөдөлмөр шаардах ажил.

Найман зууны тэртээ монголчууд түүхчид, судлаачид, эрдэмтдийг хэрхэн тэтгэж байсан талаар ч манай шинэ бүтээлийн Өмнөтгөл бүлэгт сурвалж бичгүүдээс иш татсан байгаа. Монголчууд тухайн цаг үеийнхээ сор болсон эрдэмтдийг цуглуулж, салбар бүрд шинэчлэл хийж ирсэн. Тухайлбал Чингис хаан эрдэмтдийг ихэд хүндэтгэн сайшааж хэрэглэдэг байсан тухай, Мөнх хаан алхимийн шинжлэх ухааныг маш өндөрт судалдаг байсан төдийгүй салбар шинжлэх ухаануудыг ч өндөр хэмжээнд тэтгэж дэмжиж байсныг сурвалжаас татлаа.

Хубилай хаан болон Монголын Эзэнт гүрний Ил хаант улсыг захирч байсан хаад шинжлэх ухаанд шимтэн дурлагч, эрдэмтдийг ивээлдээ соёрхогчид байсан тухай ч  бид бүтээлдээ оруулсан. Хубилай хаан өөрийн харьяат газар, хаант улс даяар элч, зарлага илгээж одот тэнгэрийг шинжүүлэн цаг агаарын байдал болон ган зуд зэрэг байгалийн гамшгаас ургац алдаж, адуу мал хорогдож буйг тандан мэддэг байж. Түүгээр зогсохгүй ган гачигт нэрвэгдсэн ард иргэдийн тухайн оны алба татварыг хэлтрүүлдэг байжээ. Хүлэгү хаан эрдэм мэдлэгт шимтэн дурлагч төдийгүй эрдэмтдийн шинжлэх ухааны үйл хэргийг сайшаан дэмжиж цалин тэтгэмж олгож, орд өргөөгөө ч эрдэмтдийн оролцоотойгоор тохинуулдаг байжээ. Үүнд сэцэн мэргэд ихэд урамшин олон зүйлийн судалгаа, туршилтаар хариу барьдаг байсан. Ил хаан Аргуны үед газар газрын алхимичид хуран цугларч, хаантныг энэ урлагт улам бүр шимтүүлдэг байж. Аргун хаан ч энэ үйл хэрэгт асар их хөрөнгө зарцуулдаг, аливаа шинэ туршилтын зардал мөнгийг тасралтгүй санхүүжүүлдэг байсан талаар тухайн үеийн сурвалж бичигт гардаг. Бид энэ л түүхийг бүтээлдээ толилуулж байгаа.

Зөвхөн Монголын Эзэнт гүрний түүхийг ярихад л ийм байна. Харин Монголын бүх цаг үеийн түүх бол хэдэн мянган жилийн, өнө эртний түүх. Өөрөөр хэлбэл, монголчуудын хүчирхэг байсан үе нь эрдэм судлал, шинжлэх ухааныг өндөрт тавьсан учраас тэр юм. Гэтэл энэ л шинжлэх ухааны, бүтээн байгуулалтын түүх өнөөдөр монголчуудад, ялангуяа залуучуудад баримтат байдлаар харагддаггүй. Их, дээд сургуулиудын боловсролын системд ч хангалттай тусаагүй байдаг.

Бидний толилуулж буй гурван ботид орсон 2,000 орчим гэрэл зураг бүхий англи, кирилл, монгол буюу хоёр хэл гурван бичгээр тайлбартай 1,000 гаруй нүүр материал нь манай бүтээлийн зөвлөх урлаг судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д.Батчулуун багшийн тодорхойлсончлон суурь судалгаанд орж байгаа Монголын түүхийн ботиудад байдаггүй, шинэ мэдээллүүд юм. Урьд өмнө нь олон улсад хэвлэгдэж, танилцуулагдаж байгаагүй, бас их материал орж ирж байгаа учраас өргөн хүрээнд ярих учиртай.

- Энэ баримтуудаа цуглуулахаар явахад багийн ажиллагаа илүүтэй чухал байсан байх. Өөрсдөө бүх материалаа цуглуулаад, баримтжуулаад явахад бэрхшээл их байв уу. Хамгийн хүндрэлтэй зүйл нь юу байдаг вэ?

- Манайх бол төрийн бус байгууллага. Амь хувийн зардал мөнгө, ном бүтээл арьсан урлалын бага сага ашиг, түүх соёлоо гэсэн нэгэн сэтгэлт хүмүүсийн дэмээр энэ л урт холын замыг туулдаг. Бид эзэнт гүрний байлдан дагууллын он дарааллаар, Их хаадын зам мөрөөр өөрсдөө явж, судалж, баримтуудаа цуглуулдаг. 

Ингэж явахад олон бэрхшээл тулгардаг бөгөөд хамгийн том бэрхшээл асуудал нь зардал мөнгө. Мэдээж боломжтой бол дөрвөн хүнтэй багаар явж, тал бүрээс нь илүү судалж, баримтаа буулгаж, тэмдэглэж, орчуулаад явбал сайхан. Гэхдээ төрийн бус байгууллага болохоор замын зардлаас авахуулаад ном хэвлэх, баримтат кино болгох гээд бүх зардлыг өөрсдөө гаргадаг тул ганц хоёулаа явах л боломжтой байдаг. 18 жил энэ ажлыг хийж байна. Хэдийгээр аялан судалгааны асар их туршлагатай, “Дуу, дүрс бичлэгийн баримтат өв” -ийн арвин баялаг үүцтэй болсон ч энэ бүхнийг олон нийтэд хүргэхэд өнөө л зардал мөнгө гэдэг амаргүй даваатай тулдаг.

"Бидний судалгаа зураг авалтын зорилтот бүс нутаг нь дотоодын мөргөлдөөнтэй, Исламын шүтлэгтэй, хаалттай хоригтой улсууд байдаг"
 
Аламутын цайз

- Дэд ботийн онцлог давуу талын талаар хуваалцахгүй юу?

- Манай хоёрдугаар боть монголчууд шинжлэх ухааны төв, одон орны оргилуудыг хэрхэн байгуулж, одон орны тоног төхөөрөмжүүдийг хэрхэн бүтээж, ашиглаж байсныг харуулахыг илүү зорьсон. Монголын Эзэнт гүрний дөрвөн их улсын нийслэлүүд, томоохон хотуудад монголчууд шинжлэх ухааны төв, одон орны оргилууд байгуулж байсан.

Хүлэгү хаан Мөнх хааны зарлигаар Эзэнт гүрний баруун хязгаарыг тохинуулахаар очоод одон орны хүрээлэнгээ байгуулж, тэндээс Монголын Эзэнт гүрний Юань улсад Хүлэгү хааны одон орончдыг урьж авч ирээд одон орны цогцолбороо өргөтгөн тэлсэн гэх мэт бүтээн байгуулалтын мэдээллүүд дэд ботид бий. 

Миний хувьд дэлхийн 100 гаруй улсад очсон. Монголчууд эзэнт гүрний түүхэнд 40 улсыг нэгтгэн захирсан. Бидний судалгаа зураг авалтын зорилтот бүс нутаг нь дотоодын мөргөлдөөнтэй, Исламын шүтлэгтэй, хаалттай хоригтой улсууд байдаг. Энэ л бүс нутгийг ингэж зорьж явсан нь адал явдал хайсандаа, эсвэл эрсдэлд сонирхолтойдоо биш. Жишээ нь Ирак, Иран, Афганистан дахь Ил хаадын үеийн түүх соёлын дурсгалуудыг бид бүсээ чангалж эрсдэл туулж байж “Дуу, дүрс бичлэгийн баримтат өв”-д буулгаж аваагүй байсан бол хожим дэлбэрчихсэн, устчихсан байх магадлалтай тийм бүс нутаг. Үүний тул ямар ч хамгаалалтгүй, бас их эрсдэл дунд түүх, соёлоо баримтжуулъя, түгээн дэлгэрүүлье гэсэн залуу насныхаа хүсэл сонирхлоор л энэ л урт холын замыг туулжээ.

 

- Энэ  олон баримт мэдээллээ цуглуулж, олон газраар явахад ямар сэтгэл танд илүү тод үлдсэн бэ?

- Дотоодын мөргөлдөөнтэй, хаалттай хоригтой бүс нутагт очиход зорилтот судалгааны ажлаас гадна нийгэм соёлын ялгаа буюу бас их хүнд дарамт дунд ажилладаг. Тухайлбал, исламын улсууд, стан орнууд ялангуяа Иран, Ирак, Афганистан, Туркменистан зэрэг улс.

Өөр ном сурвалжид байдаггүй ялангуяа, Монголын түүхийн ботиудад нэг ч зураг тайлбар байдаггүй материалыг олон улсын судалгааны эргэлтэд оруулж байгаагаараа бидний бүтээлийн, аялан судалгааны давуу тал, үнэ цэн оршдог.

Соёлын дурсгал, уран барилга, одон орны тэр дурсгал хаана байна, хэзээ байгуулагдсан, өнөөдрийн ул мөр нь ямар байгаа, анхны байдлаар сэргээсэн нь ямар байна, тухайн улсын түүхийн сурвалж бичгүүдэд хэрхэн бичигдсэн зэргийг эрж хайж явсаар очиход судлаач, эрдэмтэн, шинжлэх ухаан ч хүн ч гэлээ монгол хүн болсон хойно түүхийн өв маань ийм л бахархалтайг харах үнэхээр бахдам сайхан байдаг.  

Тухайлбал, Хүлэгү хааны байгуулсан одон орны туурийн төв дээр 10 гаруй жилийн өмнө анх удаа очсон. Түүнээс хойш дахин 30 гаруй удаа очсон. Очих болгонд тэндээс номын сангийн туурь, тухайн үед одон орон судлалын дуран авиа хийдэг байсан багаж, дэлхийн өнцөг булан бүрээс одон орончид, шинжлэх ухаанч, эрдэмтдийг урин залж, түүхийн шинэчлэлийг хийгээд зогсохгүй одон орон судалдаг дуран авиаг хийдэг урлан хүртэл илэрсэн байх жишээтэй. Мөн 32,000 гадаад эрдэмтдийн орон сууц, 1,500 үйлчилгээний газар, таван ухааны их сургууль, шинжлэх ухааны академи, 400 мянган номтой номын сан хүртэл монгол хаадын сангаас, монгол хаадын ивээл дор, найман зууны тэртээд бүтээгдэж, өдгөө хүн төрөлхтөнд өвлөгдөн ирсэн гэдэг нь үнэхээр бахархам түүхээрээ бардамнах сайхан өв шүү дээ.

Эрдэмтдийг ямар хэмжээнд үнэлж, урлаг соёл, дүрслэх урлаг, уран барилга, хот байгуулалтыг ямар түвшинд авч үзэж байна гэдгээ бодох цаг болсон

“Монголчуудын манлайллын хамгийн агуу үе нь аливааг шийдвэрлэх мэргэн бодлого, бүхнийг судлах шинжлэх ухааныг тэргүүнд тавьсан нь юмаа” гэж арвангуравдугаар зууны сурвалж бичигт тухайлсан байдаг. Ийм үедээ монголчууд Эзэнт гүрнийг эрхшээн захирсан. Шинжлэх ухааныг, урлаг соёл, эрдэм боловсролыг тэтгэсэн үедээ Дэлхийн эзэнт гүрнийг байгуулсан түүхтэй.

Харин өнөөдөр манай улс хөгжлийнхөө аль шатанд явааг бодох л асуудал.

- Хоёрдугаар боть тун удахгүй хэвлэлтээс гарах гэж байгаа гэсэн. Ботио хэвлэхэд тулгарсан бэрхшээл болон жаргалтай байсан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

- Монголын Эзэнт гүрний түүхийн алдагдсан мэдээ мэдээллийг суурь судалгааны материал болгож гаргах ажлыг Төрийн Бус Байгууллага хийж байна. Үүнийг олон дахин хэлмээргүй байгаа ч хэлэхээс өөр арга алга. Нөгөө талаар, амьдралынхаа 18 жилийг, өдөр бүрийнхээ 20 цагийг зөвхөн энэ ажилд зарцуулж байгаа учраас ингэж хэлэх ёстой хэмээн бодож байна.

Бидэнд хэдэн зуу, хэдэн мянган ботиор хэвлүүлэх мэдээ, мэдээлэл, материал, хэдэн мянган цувралаар гаргаж болох дуу, дүрс бичлэгийн баримтат өв өнгөрсөн он жилүүдэд цугларсан. Бид буулгаж чадсан. Тэгснээ яагаад 10 жил хүлээгдэж байж арай гэж гурван боть гаргаж байгаа вэ гэж асуух байх. Энэ нь ердөө л эцсийн бүтээл болгон олон нийтэд хүргэх санхүү мөнгөний асуудалтай холбоотой байдаг.

Улс төр ард түмнийг талцуулдаг бол түүх соёл ард түмнийг нэгтгэдэг.

Бидний хувьд судалгааны ажлаа олон нийтэд хүргэх нь л чухал. Түүнээс биш бид ядраад байна, өлсөөд байна, зардалгүй байна, номоо хэвлүүлж чадахгүй байна гэдгээ аль болох ярихгүй байхыг хичээдэг. Тийм ч учраас гурван боть олон нийтэд хүрнэ гэдэг маш том ажил хэмээн онцлоод байгаа хэрэг.

Бид “Монголын Эзэнт гүрний шинжлэх ухааны төв Одон орны оргилууд” ботио 2009 оны арванхоёрдугаар сард Иранд эхлүүлж, Монголын Эзэнт гүрнээ хэдэнтээ судлан туулж 2019 оны долдугаар сард гурван бичиг хоёр хэл дээр бичиж дуусгасан. Харамсалтай нь хэвлэх зардал бидэнд байгаагүй. XXI зуунд түүхийн агуулгыг олон нийтэд, олон улсад, үндэстэндээ хүргэхийн тулд хамгийн сүүлийн үеийн технологиор, хамгийн шинэлэг загвар дизайнаар маш өндөр шалгууртай хэвлэн гаргах ёстой гэж бид үздэг. Зовж туулсан зам, зовж олсон мэдээ мэдээллээ хамгийн сүүлийн үеийн шилдэг байдлаар хэвлэхийг боддог.

Өнгөрсөн есдүгээр сард төв талбайд болсон Үндэсний номын баяраар “Эзэнт гүрний соёрхолт өв” гурамсан бүтээлийнхээ тэргүүн ботийг толилуулж байх үед манай номын асарт нэгэн эрхэм ирсэн юм.

Тэгээд манай эхний боть болох “Монголын Эзэнт гүрний уран барилга, хот байгуулалт” номын талаар ярилцаж, бид ч дараа дараагийн боть маань бэлэн болсон удахгүй гарна гэдгийг хэлсэн юм. Гэтэл мөнөөх эрхэм биднээс хоёрдугаар боть нь ямар бүтээл болохыг асуугаад “Би, Монголчууд түүх соёлоо судлан сурвалжилж түгээн дэлгэрүүлэхэд монгол хүн бүр, байгууллага бүхэн тодорхой хэмжээний оролцоотой байх ёстой гэж боддог. Танай баримтат цувралуудыг үзэж байсан. Түүх соёлоо таниулсан маш сайхан судалгаа, сайн бүтээлүүд. Хэрвээ та нар зөвшөөрвөл хоёрдугаар ботийг нь манайх хэвлүүлээд өгч болох уу?” гэж хэлсэн. Энэ хүн бол “Мастер” группийн Ерөнхий Захирал Ц.Дашцэрэн гэх эрхэм.

Жирийн нэг судлаач хүнд ийм асуулт төдийлөн ирдэггүй байх.

 

Тэр олон хэцүү бэрх бүс нутаг, улс орнуудаар монгол соёлын дурсгал, монгол үндэстэн угсаатнуудаа судлахаар явах замдаа, зардал мөнгөгүйгээс болж гацах үедээ “Ер нь албатай биш дээ, монголчуудаас алслагдсан, мартагдсан хэдэн зуун түүхийн баримтыг ингэж цуглуулах гэж байгааг хэн мэдэх юм, хэн ойлгодог юм. Ингэж залуу насаа зориулан байж хийсэн ажлыг маань хэн үнэлэх юм” гэсэн бодол зурсхийх үе мэдээж байсан.   

Гэхдээ л больдоггүй, цуцдаггүй, шантардаггүй...

Би уйлсан... /Би төдийлөн уйлж, дуулаад сэтгэлийн хөдөлгөөнөө харуулаад байдаг хүн бас биш л дээ/

Энэ түүхийн баримтуудыг олон нийтэд хүргээсэй гэсэн чин хүсэл сэтгэлтэй газрууд л үнэндээ ханддаг. Ийнхүү “Монголын Эзэнт гүрний шинжлэх ухааны төв Одон орны оргилууд” дэд ботийг түүхийн хуудаснаа баринтаглах боломжийг “Мастер” групп бидэнд ингэж олгосон. Тэгээд хэвлэгдэх төсөл зардлыг маань сонсоод шууд л дэмжихээр болсон юм.

Манай хэвлэлийн бүтээлүүд ер нь их өндөр өртөгтэй хэвлэгддэг. Номыг хавтсаар нь дүгнэдэггүй гэж олон хүн хэлдэг. Гэхдээ тэр агуу түүхийн баримтат өвийг энэ л эрин зуунд дэлхий нийтэд харуулахын тулд мэдээж үндсэн агуулгаас эхлээд цаас, цавуу, өнгө будаг, хавтас, оёдол, хайрцаг, бүрэлтээс авахуулаад өндөр стандартаар хэвлэхэд ач холбогдол өгөх хэрэгтэй байдаг. Бид тийм л эрхэм, агуу, үнэ цэнтэй түүхийн эзэд учраас. Түүхийн ноён оргилд ч монгол дээдэс тухайн цаг үеийнхээ хамгийн дэвшилтэт технологиор ном судар баринтаглах үйл хэргийг тэтгэдэг байсан учраас өнөөдөр ч бид энэ тал дээр илүү хичээх үүрэгтэй гэж үздэг.

- Ийм санал аваад үнэхээр их баярласан тань мэдрэгдэж байна.

- Тэгэлгүй яах вэ. Би тийм санал сонсоод маш их тулгамдсан. “Хүний амьдрал баян” гэдэг үгэнд би дуртай хөрөнгө чинээний тухай бус миний амьдрал бас их баян. Монголын хаадын гишгэсэн газар, монгол хаадын байгуулсан хот суурин бүхэнд, монгол хаадын бүтээн байгуулсан газар болгонд очсон судлаач хүний амьдрал мэдээж баялаг байж таарна.

Ийм асуулт ирэх өдөр ирнэ гэдэг маш их хувь тавилан. Төрийн соёрхол хүртсэнийхээ дараа туулсан амьдрал, үзсэн дурсгал, уулзсан монголчууд, зорьсон улсуудад зориулсан нийт зардлаа тооцож үзэж байлаа, бусдад хэлэхээс бас сүрддэг юм. Энэ бүгдийг өөрийнхөө амьдралд зориулсан бол, өөр нэг бүтээн байгуулалтад зориулсан бол өөр байх байсан даа гэж бодох үе ч мэдээж бий.

Эхний ботио танилцуулж байх үедээ дараагийн ботийн маань дэмжлэг гарч ирсэн нь үнэхээр түүхэн хувь байлаа.

“Мастер” групп бол үл хөдлөх хөрөнгийн компани. Pro One, Хоймор, UB TOWER, UB TOWER PLUS зэрэг сүүлийн хэд хэдэн бүтээн байгуулалт нь шинэ технологиор, шилдэг менежментийн дагуу салбараа түүчээлэн яваа компани өрлөг түүхээ түүчээлж Өв соёлоо өртөөлөн дэлгэрүүлж байгаад маш их баяртай байна.

 

- Би ч бас таны өмнөөс их баярлаж байна.

- Баярлалаа. ТАСАМ-ынхан аль нэг компанийн хаалгыг тогшоод, хүсэлт өргөдлөө өгөөд, манай ажлыг, манай номыг дэмжээч гэж төдийлөн харилцдаггүй.

Монгол хүнд огт хэрэггүй бардам, нэрэлхүү зангаасаа болоод ч тэр юм уу, бид өөрсдөө загварыг нь гаргаж, үхрийн арьс ширэн эдлэл гараар урлаж гадагшаа борлуулж, хэвлэсэн номынхоо ашиг тусаар арван хэдэн жилийн зардлаа олж, энэ л урт бөгөөд бартаатай бас их арвин судалгааны үүцтэй аян замыг туулсан.

“Танай ажлыг дэмжье ээ” гэдэг байгууллага, хүмүүс ялангуяа улстөрчид бас хаа нэг гарч ирдэг л дээ. Тэр бүхнийг мөн судлах хэрэгтэй байдаг учир нь эзэнт гүрний агуу түүхийг хоёргүй сэтгэлээр олон нийтэд хүргэх ёстой. Амьдралаа зориулж туулсан замын бүтээл маань ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээний эрх ашиг руу хазайчих вий, түүх, бичлэгийн үнэ цэнийг алдуулчих вий гэж бас эмээдэг. Харин “Мастер” группийн зүгээс шинэ бүтээлийг минь нэгэн сэтгэлээр бүрэн дүүрэн ивээн тэтгэж асар их итгэл хүлээлгэсэн. Энэ хамт олноос би энэ цагийн компаниудын нийгмийн хариуцлагын загварыг, шинэлэг төсөл хөтөлбөрүүдийг, бүтээлч хамтын ажиллагааг, цаг хугацаатай уралддаг шуурхай найрсаг харилцааг бас их бахархан харж байгаа.

"Туулсан түүхийнхээ баримтат үнэнийг мэдэхгүйгээр ирээдүйгээ бахархалтайгаар бүтээх боломжгүй"

- Манай улсын энэ төрлийн хамтын ажиллагаа, судалгаа бүтээлийг дэмжих ажилд та хэр шүүмжлэлтэй ханддаг вэ?

- Монголын Эзэнт гүрний мандал бадралын үед “Зохиол бүтээлийн цэцэглэн гялалзах, эрдэмтдийн алдар түгэн дэлгэрэх нь энэ ажил мэргэжил, үйлс бүтээлийг ивээн тэтгэгчдийн ач гавьяа болохыг эдүгээ сэцэн мэргэд болоод эрдэм номтой эрхэм хүмүүс нэгэнт мэддэг болжээ” гэж эзэнт гүрний баруун хязгаар Ил хаант Улсын Сангийн Сайд, Түүхч Ата Малик Жувейни сурвалждаа үлдээсэн байдаг. XXI зуунд харамсалтай нь эзэнт гүрний голомт улсад энэ бодлого ихээхэн дутагдалтай байна. Зөв цагтаа, зөв газраа, зөв зүйлд оруулсан хөрөнгө оруулалт гэдэг асар үнэ цэнээр илэрхийлэгдэнэ.

Аялан судлаач аян замынхаа зардал сүйтгэл олно гэдэг исламын, дайнтай улсуудад ажиллахаас ч илүү хэцүү асуудал байдаг. Найман зууны тэртээх соёлын дурсгалуудыг өнөө үед байгаа байдлаар нь харуулахын тулд замын зардал, төсөв мөнгөнөөс бас их зүйл хамаардаг. Харин энэ удаа бид сайн хүмүүсийн дэмээр түүхэн хувь ерөөлөөр Монголын Эзэнт гүрний шинжлэх ухааны төв, одон орны оргилууд гэдэг энэ бүтээлээ зардал мөнгөнд баригдалгүй, дарамтгүй хэвлүүллээ.

Шинэхэн бүтээлээ хэвлэлтээс авна гэдэг зүйрлэвээс шинэ хүүхэд өлгийдөн авч байгаа мэт гайхамшигтай, эрхэмсэг, бас түгшүүртэй хүлээлт байдаг.

- Хоёрдугаар ботио хэзээ олон нийтийн хүртээл болгох вэ?

- Энэ оны “Монгол бахархлын өдөр” буюу Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд олон нийтэд толилуулах төлөвлөгөөтэй хэвлүүлсэн. Бүх нийтийн хөл хориотой зэрэгцээд хүлээлтийн горимтой байлаа.

 

- Энэ жилийн хувьд бид түүх, соёлоо хадгалж үлдэх талаар музейн асуудлаас эхлээд их ярьж байгаа. Нэгэнт түүхийн талаар ярилцаж байгаа болохоор таниас энэ талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Түүхээ хадгалж үлдэхэд монгол хүнээс ямар зүйл шаардлагатай гэж боддог вэ?

- Бид өнө эртний түүхт өндөр соёлтой үндэстэн. Өнөөдөр ямар нэгэн ажил мэргэжлээс хамааралгүйгээр зөвхөн түүхчид биш, зөвхөн соёл судлаачид биш, угсаатан зүйч, газарзүйчид гэлтгүй бүх салбарынхан түүхээ мэддэг байх ёстой.

Туулсан түүхийнхээ баримтат үнэнийг мэдэхгүйгээр ирээдүйгээ бахархалтайгаар бүтээх боломжгүй гэж түрүүн хэлсэн. Ийм л эрхэмсэг, өндөр соёлтой түүхтэй бид. Өнгөрсөн түүхээ харж байж, өнөөдрийн болон ирээдүйн түүхийг илүү дэвшилттэйгээр бичих учиртай.

Иракт нэг газар нь бөмбөг дэлбэрч байхад нөгөө газар нь музей байгуулж байдаг.

Хот байгуулалт, шинжлэх ухаан, одон орон, номын сан, музей гээд бүх салбарт XXI зууны дэвшилтэт технологиор бүтээн байгуулалтыг барьж байгуулж болно. Хамгийн гол нь түүх соёлдоо суурилах ёстойг мартаж болохгүй. Таны асуултад нэг хариултаар хариулахад багадах байх. Энэ бол маш өргөн сэдэв. 

Хэтэрхий их уялдаа холбоогүй, залгамж чанаргүй, ул суурьгүй хоосон төлөвлөгөө яриад байгаа юм шиг санагддаг. Үнэхээр л алс хэтийн төлөвтэй бүтээн байгуулалт өрнүүлэхийн тулд эрдэмтэн судлаачдаа илүү сонсож, судалгааны байгууллагуудаа түшиглэх зохистой болов уу. Би энд өөрийнхөө тухайн яриагүй шүү. Тухайлбал, Иракийг харахад дайнтай, дотоодын мөргөлдөөнтэй, хамгийн хэцүү нөхцөл байдалтай улс. Гэхдээ Иракт нэг газар нь бөмбөг дэлбэрч байхад нөгөө газар нь музей байгуулж байдаг. Бид нар тэр улсуудыг бодвол ардчилсан эрх чөлөөт, амар амгалан, тусгаар тогтносон, зүйрлэшгүй улс үндэстэн. Түүх соёлоо өнөөдөр түүчээлээд дэлгэрүүлээд, толилуулаад, түүн дээрээ дөрөөлөөд хөгжих маш их боломж бидэнд бий. 

- Таны дараагийн хийхээр зорьж буй ажил юу байна вэ? 

- Сайхан асуулт байна. Төрийн соёрхол хүртсэний дараа “Та одоо юу хийж байна, ямар бүтээл дээр ажиллаж байна, хаашаа явж байна вэ” гэж олон түмэн асуудаг. Чухам энэ асуултад хариулж, өндөр төрийнхөө соёрхолд талархан өргөн түмнийхээ хүндлэлд хариулж “Эзэнт гүрний соёрхолт өв” бүтээлээ баринтаглаж буй.

Энэ бүтээлийн гуравдугаар боть “Монголын Эзэнт гүрний урлаг, соёл” хэмээх бүтээл. Бас л хэвлэлтэд өгөхөд бэлэн болсон. Мөн л зардал мөнгөн дээр хүлээгдэж байна. Мөн 2015 онд орчуулж хөрвүүлсэн эзэнт гүрний үеийн сурвалж бичгийн нэгэн бүтээл бас л хэвлэлд бэлэн хүлээгдэж байна. Эх навтарга хэвлэлд шилжиж өнгө шүүлтэд ортол манай судалгааны бүтээлүүд хором мөчтэй уралдан шинэ мэдээ сэлтээр шинэчлэгдэж байдаг онцлогтой. Хөл хориотой жил болж байгаа учраас аян замын үүцээ олон нийтэд хүргэх ажлыг түлхүү хийхээр төлөвлөөд ажиллаж байна.

- Ярилцсанд баярлалаа.