Зураг
Зураг
Индэр    
2020 оны 12 сарын 1
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 91: Өсвөр насны хүүхдээ хүмүүжүүлэх эерэг арга барилаас...

Зураг

Анлок подкастын бичмэл хөрвүүлгийн энэ удаагийн дугаараар "Positve discipline for teenagers" хэмээх өсвөр насны хүүхдээ хүмүүжүүлэх эерэг арга барилыг хуваалцсан номыг танилцуулж байна.

Хөл хорионы үеийг ашиглан доорх арга барилаас санаа авч, хүүхдүүдтэйгээ харилцаагаа сайжруулаарай. 

Номыг сонсох: 

Хүүхдээ өсвөр насанд хүрснийг хэрхэн мэдэх вэ?

Хүүхэд шилжилтийн насанд очсон үед түүний сонирхол, найзууд, хувцаслалт нь ихэнхдээ өөрчлөгддөг ба аав ээж, гэрийнхэнтэйгээ ярилцах нь багасдаг байна. 

Энэ бүх өөрчлөлт нь бие физиологийн өөрчлөлттэй холбоотой. Учир нь хүүхэд өөрийгөө ямар том хүн болох вэ гэдгийг олон талаас нь төсөөлөн бодож, бүх зүйлийг туршиж, өөрийн үнэт зүйлээ хайхыг хичээдэг нас юм. Тэдний өсвөр насанд гаргаж буй зан авир нь түр зуурынх гэдгийг эцэг эхчүүд мартаж болохгүй. Тиймээс аль болох ойлгож, тухайн нөхцөл байдлаа сайнаар даван туулахад нь туслах гэж хичээх нь нэн чухал. Мөн өсвөр насандаа эцэг, эхдээ таалагдах гээд бүхнийг сайн хийхээр хичээдэг хүүхдүүд хожим нь өөрийн үнэт зүйлээ олж аваагүй, бусдын хүсэлд нийцүүлж амьдрах гэсэн нэгэн болчихдог сөрөг талтай тул хүүхэд өөрийнхөө жинхэнэ хүсэж байгаа зүйлийг олж авах нь чухал. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд өсвөр насны хүүхдээ өөрийгөө олоход нь тусалж, юу ч болсон хажууд чинь байдаг туслагч нь гэдгийг ойлгуулах хэрэгтэй.  

Та хэний талд вэ?

Өсвөр насны хүүхэд өөрийн амьдралаа \онгоцоор төсөөлье\ өөрөө л жолоодохыг хүсдэг. Гэтэл эцэг эхчүүдийн хувьд эрсдэлийг нь тооцоолоод хүүхдийнхээ өмнөөс нь удирдаж, жолоодох гэхээр илүү их үл ойлголцол үүсдэг.

Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ амьдралын буюу тухайн онгоцны туслах нисгэгч байх үүргийг гүйцэтгэх л хангалттай. Эцэг эх байлаа гээд заавал зааварчлагч байх шаардлагагүй. Харин хүүхдэдээ өөрийнх нь талд шүү гэдгийг ойлгуулах нь чухал. Ямар нэгэн шийдвэр гаргахдаа хүүхдэд чинь аль нь үр дүнтэйг бодохыг хүсье. Бусад хүний юу гэж бодох чухал биш. Мөн хүүхэд тань алдаа гаргасан бол ярилцаад, өөрөө тухайн асуудлаас гарах ямар шийдвэртэй байгааг нь сонсож, алдаагаа засах боломжоор ханган, үзэл бодлыг нь хүндэтгэх явдал мөн л чухал.

Хүүхдэдээ хайртай, чи миний хувьд их чухал хүн гэдгийг байнга хэлж илэрхийлдэг байвал сайн. Хүүхэд тань “намайг ганцааранг минь тайван орхи” гэж хэлж байвал шууд ганцааранг нь орхих бус, хэрэгтэй бол би чамд туслахад бэлэн гэдгээ илэрхийлээрэй.

Хүүхдийнхээ бүх юмыг нь хянахаас татгалз

Эцэг эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ харилцахдаа гаргадаг бас нэг том алдаа нь “чи ингэвэл тэгнэ, үүнийг хийвэл ингэж өгнө” гэх хариу үйлдэл нэхсэн бооцооны шинжтэй харилцаа байдаг. Энэ бол та хүүхдээ бүрэн хяналтад байлгахыг хүссэн, аминчхан сэтгэл. Нөгөө талаар, энэ арга барилыг буруу ашиглавал хүүхэд тань хуурамч дүр эсгэдэг, алдаагаа нуудаг нэгэн болох сул талтай.

Алдаанаасаа суралцах хэрэгтэйг тайлбарлах

Сонголтын эрх чөлөөг нь хүүхдэд хэлж ойлгуулан, хүндэлж ярилцах нь хүмүүжлийн эерэг арга барилд ордог. Ийм арга барилаар харьцсан хүүхэд эцэг эхээ ч сайн хүндэлдэг. Мөн алдаа чухал биш шийдэл нь чухал гэдгийг хүүхдэдээ хэлж ойлгуулаарай. Алдаа гаргасан хүн л муу хүн болчихдог мэт хэвшмэл ойлголтыг эцэг эхчүүд бодлоосоо авч хаях цаг болсон. Хүүхдээ гаргасан алдаа дээр нь тулгуурлаад загнах нь ч тийм сайн биш тул өмнөх алдааг нь сөхөхгүй байхыг хүсье.  

Өсвөр насны хүүхдийг сэдэлжүүлэх боломжтой

Хүүхдээ мотивацжуулахдаа талархлаа илэрхийлэх, хошигнох, зөвөөр тохиролцох, хүүхдийнхээ хийж буй зүйлийг хамт хийх, асуудлыг хамт шийдэх, хоорондоо тохирсон зүйлээ дуустал нь мөрдөх зэрэг шалгарсан аргуудыг ашиглахыг зөвлөж байна.

Өсвөр насны хүүхэд эцэг эхээ сонсдоггүй биш сонсдог

Эцэг эхчүүд харилцаа гэдгийг шууд л ярих гэж ойлгодог. Харилцаа нь сонсохоос эхлэлтэй гэдгийг тэр бүр мэддэггүй. Та зурагт үзэж байхдаа эсвэл өөрийнхөө ажлыг хийж байхдаа “зай ярьж бай би сонсож байна” гэвэл хүүхэд чинь хэзээ ч амаа нээхгүй. Харин хүүхэд рүүгээ харж байгаад, түүнд анхаарал хандуулж буйгаа бүрэн илэрхийлж сонсох нь маш чухал. Мөн сонсохдоо их сониуч байхыг эрхэмлээрэй. Энэ  нь таны хүүхдэд мэдрэмжээ илэрхийлдэг нэгэн болж чадахад туслах юм шүү.

Гэр бүлийн хурал хийх

Гэр бүлийн хурлыг долоо хоногтоо нэг удаа хийж байх нь чухал. Хурлын үеэр бие биендээ талархлаа илэрхийлэх, өөрт тулгарсан асуудлаа шийдэлтэй нь хэлэх, хурал даргалдаг хүнтэй байх \хүүхэд нь байвал илүү тохиромжтой\, гэр бүлийн гишүүн бүр үг хэлэх тэгш боломжоор хангах, хурлын хугацаа ихдээ 30 минут байх, хурлаас гарсан шийдвэрээ болж өгвөл бичих, төгсгөлд нь тоглоом тоглох зэргээр хөгжилтэй байдлаар дуусгах. Ийнхүү гэр бүлийн хурлын цагийг хүүхдүүд хүлээдэг байвал сайн.

Өсвөр насны хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрөөх

Танд яаралтай ажил, хурал гэж байдаг шиг хүүхдэдээ тогтсон нэг цагийг зарцуулж, хамтдаа дурсамж бүтээдэг байхыг зөвлөе. Энэ цаг хугацаа нь ах дүү, эгч дүү, найзууд хоорондоо өнгөрөөдөг шиг цаг хугацаа байх хэрэгтэй. Ингэвэл та хүүхдээ илүү ойлгох болно.

Хүүхдээ бие даасан нэгэн байхад тусал

Хүүхдийнхээ урдуур орж юмыг нь байнга хийж өгөөд байвал ирээдүйд хариуцлага хүлээх чадваргүй нэгэн болгож байгаагаас ялгаагүй. Гэхдээ "чи өөрөө хийх ёстой" гээд хатуу хандах биш, илүү мэдрэмжтэй хандаж, хүүхдэдээ тохирсон зүйлийг нь өөрөө хийхэд анхаарал тавиарай.