Индэр    
2020 оны 11 сарын 10
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Нүүрсний эсрэг барих Жо Байдены бодлого Монгол Улсад хохирол учруулах уу?

Зураг
Эх сурвалж: NYM

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр Жо Байден тус улсын 46 дахь удирдагчаар сонгогдоод байна. Сонгуулийн өмнө түүний илэрхийлсэн түүхий нүүрсний хэрэглээтэй холбоотой буюу байгаль орчны талаар баримтлах бодлогын тухай байр суурь нь монголчуудын анхаарлыг татаад буй. 

Ардчилсан намаас нэр дэвшсэн Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгч болсноор Монгол Улсад хэрхэн нөлөөлөх, ялангуяа эдийн засагт ямар үр дагавар авчирч болох талаар эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.



 
Гэрэл зургийг MPA.mn

-Дэлхийн эдийн засгийн 24%-ийг бүрдүүлдэг АНУ-ыг ирэх дөрвөн жилд залах удирдагчийг сонгож байгаа тул энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг бид анхаарахаас аргагүй юм. Уг сонгуулийн урьдчилсан дүнгээр Жо Байден сонгогдсонтой холбоотойгоор дэлхийн эдийн засагт нөлөөлж болох ямар үйл явдлууд хүлээгдэж байна вэ? 

-Сонгуулийн дүн урьдчилан гарч байгаа ч төрийн байгууллагууд нь албан ёсоор мэдээлэл хийгээгүй байгаа. Нягтална, шалгана. Ялагдсан тал нь шүүхэд гомдол мэдүүлбэл тэр үйл явц үргэлжилнэ. Маргаан байгаа эсэхийг Дээд шүүх бүхэлд нь ажиглаж байгаа.

Нэгдүгээр сарын 6-ны өдөр АНУ-ын Конгрессын хуралдаан болох товтой. Тэр хуралдаанаар санал хураалт будлиантай болсон уу, өрсөлдөгч талаас тавьсан гомдол үндэслэлтэй байсан уу гэгчлэн гарсан бүх асуудлаа ярилцаж, сонгуулийн үр дүнг хэлэлцэнэ. Дээд шүүх гомдол байсан эсэхийг Конгресстоо мэдээлнэ. Ингээд сонгуулийн дүнг буюу ялагчийг албан ёсоор зарлана. 

  • Нэгдүгээр сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол товлогдсон. Улмаар Жо Байден Цагаан ордонд төвхнөж, эхний зарлигуудаа зурж эхэлнэ. Анхны зарлиг нь өнөөдөр өөрийнх нь зарласанчлан COVID-19-ийн эсрэг тэмцэх, 12 хүний бүрэлдэхүүнтэй багаа томилох нь. Ингээд бусад томилгоогоо хийнэ. 
  • Хоёрдугаар сарын 10-д орчимд шинэ Ерөнхийлөгч Конгресст илтгэлээ тавьдаг. Хурлын тов удахгүй тодорхой болно. Энэ илтгэл Цагаан ордноос ирэх дөрвөн жилд баримтлах албан ёсны бодлого байна. 

-Жо Байден сонгуулийн санал хураалтын өмнө нүүрсний хэрэглээг танах асуудалд онцгой анхаарах тухайгаа хэлсэнд манай иргэд нэлээд ач холбогдол өгч, Д.Трамп ялах нь Монгол Улсад ашигтай гэсэн байр суурийг нийгмийн сүлжээгээр илэрхийлээд байгаа. Энэ тухайд та ямар бодолтой байна вэ?

-Тэр бол ач холбогдолтой биш бөгөөд албан ёсны мэдээлэлд огт тооцогдохгүй. Тухайлбал, Австралийн нүүрсний талаар мэдээлэл байна. Төрийн байгууллагаас албан ёсоор мэдээлээгүй байхад бид өлгөж авах шаардлагагүй. Цаашид ч бид анхаарах хэрэгтэй. АНУ-аас аливаа өндөр түвшний айлчлал хийхэд манай хэвлэлийнхэн энэ талаар сөхөж ярих шаардлагагүй буюу бид сөхөж тавих асуудал биш. 

Энэ байр сууриа илэрхийлсэн гол агуулга нь уур амьсгалын өөрчлөлтийн талаар баримталж байгаа одоогийн бодлого буруу бөгөөд өөрөө сонгогдвол дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэл бодлогод АНУ нэгдэнэ гэдгээ нэр дэвшигч хэлсэн.

Ирэх 10 жилийн хугацаанд АНУ сэргээгдэх эрчим хүчийг дэмжих 1.7 их наяд ам.долларын арга хэмжээ хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Уур амьсгалдаа ч ээлтэй, маш олон ажлын байр бий болгох энэ бодлогоо тайлбарлах явцдаа л хэлсэн үг. Үүнд эмзэглээд байх зүйл байхгүй. Тэрнээс болоод шууд манайд таагүй нөлөө гарахгүй.

-Бусад зах зээлд эерэг нөлөө үзүүлнэ гэх таамаглал их байгаа. Монгол Улсын хувьд ер нь ямар үзүүлнэ гэж Та харж байна вэ? 

-Өнөөдөр хөрөнгийн зах зээл эхнээсээ нээгдэж байна. Азийн зах зээлд дандаа нааштай өөрчлөлт харагдаж, зарим нь 6-7 хувийн өсөлттэй, Японы Никкэй индекс 8%, Солонгосын биржүүд мөн 8%-ийн өсөлттэй байгааг харж болно. Хөрөнгө оруулагчид сонгуулийн үр дүнг эергээр хүлээж авч байна. АНУ-ын хөрөнгийн зах зээлийн шинжээчид ялалтын дараа эерэг өөрчлөлт гарна гэсэн хүлээлттэй байсан нь ийнхүү  батлагдаж байна. Учир нь Байден Дэлхийн худалдааны байгууллагын олон улсын худалдаанд баримталж байсан бодлогууд эргээд засагдана, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд нэгдэнэ гэгчээр мэдэгдэж байсан. 

Энэ өөрчлөлт манайх шиг жижиг улсад эхлээд шууд мэдэгдэхгүй нь мэдээж. Европ, Хятад зэрэг том зах зээлүүдийн дунд хамгийн түрүүнд хэлэлцээр эхэлж, худалдаа тэнд  өрнөнө. Тэр гэрээ хэлэлцээрүүд ирэх жил идэвхжих үү гэдэг л бидэнд чухал. Тэрийг дагасан хэрэглээ манайд бий болох юм.

Европ, Хятадаас Америкийн худалдаа нэмэгдэж байж нөлөө нь гарна. Нөгөө талдаа 1.7 их наядын хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг бол дэд бүтцийн асар их хөрөнгө оруулалт. Тэр хэрэглээ өсөх нь Монголд ашигтай. Учир нь төмрийн хүдрээс эхлээд манайх тэр орцонд нөлөөлдөг улс. Тэр өсөлтийн хандлага одооноос нааштай харагдаж байна.

Энэ бүхэн дээр дурдсан хурлын товуудын дараа баталгаажаад явна. 

Уламжлал ёсоор бол АНУ-ын Ерөнхийлөгч хамгийн эхний айлчлалаа Европоос эхлүүлж, худалдааны гэрээ хэлэлцээрүүд яригддаг. Тэр хэлэлцээр л чухал. Америк, Хятадын худалдааны маргаан хэр хурдан шийдэгдэх вэ гэдэг агуулга Конгресс дээр хэлэх анхны үгнээс нь харагдах учиртай. 

Тайвань, Хонг Конг, Өмнөд Хятадын тэнгисийн асуудал гэгчлэн улс төрийн маргаантай асуудлууд аль ч нам эрх барихаас үл хамаараад АНУ-ын Засгийн газрын гадаад бодлогын зөрчил хэвээрээ л байна. Тиймээс зөвхөн худалдааны бодлого дээр гарах өөрчлөлт нь Монголд нааштай байна гэсэн хүлээлттэй байгаа. 

"Дунд хугацаанд зэсийн нийлүүлэлтийг хангах хамгийн сайн төсөл нь яг одоогоор Монголд байгаа"

-Австралийн нүүрсний талаар та цухас дурдсан. Тус улсаас импортлох нүүрсний хэмжээнд БНХАУ хязгаар тогтоож байгаа нь Монгол Улсын нүүрсний экспортод эергээр нөлөөлнө хэмээн хэвлэл мэдээллүүд нь мэдээлсэн шүү дээ. 

-Тэр талаар хэвлэл мэдээллээр л гарснаас биш албан ёсны эх сурвалжууд мэдээлэл хийгээгүй. Тус улсын зэсийн баяжмал, нүүрс гэх мэт 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хориглож байгаа тухай Өмнөд Хятадын сонинд мөн мэдээлсэн.

Энэ тухай Австралийн худалдааны сайд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр дотоодынхоо хэвлэлд ярилцлага өгсөн байсан. Яриандаа уг мэдээллийг батлагдаагүй, хэвлэлээр гарсан шуугиан бөгөөд албан ёсны эх сурвалжаас тодруулахаар хүсэлт тавьж байгаагаа хэлсэн. Хэрэв үнэн бол Австрали улс Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргана. Яагаад гэвэл Австрали, Хятад хоёр улс чөлөөт худалдааны хэлэлцээртэй.

Хэрэв аль нэг тал нөгөө талдаа ямар нэгэн худалдааны хориг тавих гэж байгаа бол тодорхой хугацааны өмнө албан бичгээр урьдчилан мэдэгдэх ба үндэслэлээ заах ёстой. Тэгэлгүйгээр хориг арга хэмжээ авч байгаа бол Австралийн талаас годол гаргах эрх нь нээлттэй. Ингэвэл маргаан өрнөнө гэсэн үг. 

Ирэх оны гуравдугаар сарын эхээр Хятадын хоёр том хурал болно. Үүний нэг нь тус улс 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөгөө батална. Үүгээр ирэх оны нүүрсний квот, импортын тоо хэмжээ зэрэг нээлттэй болно.

Тэр хүртэл Австралийн хооронд тодорхойгүй байдал үргэлжилж мэдэх ч ирэх оны гуравдугаар сараас хэвийн байдалд орох болов уу. 

-Хөрөнгийн зах зээлд эерэг үзүүлэлт хэдийн гараад эхэллээ. Тэгэхээр энэ нь манай улс “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-ийг хийх боломж олгох уу. Хөрөнгө босгох ажилд ахиц гарах боломжтой юу?

-Манай эдийн засгийн өөрийн нөхцөлүүд тийм ч таатай бус байна л даа. Гаднын хөрөнгийн зах зээлд дагалдах танилцуулга хийдэг. Гэтэл Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал, ирээдүй, гадаадын маш их хэмжээний тулгамдсан өр гээд бүх нөхцөл тааламжтай бус байна. Үүнээс гадна нүүрсний цаашдын эрэлт хэрэгцээ, үнэ ханш зэрэг бүх зүйлээс хамаарна.

Тэгэхээр цар тахал, худалдааны тодорхойгүй байдлууд тодорхой болсны дараа нөхцөл бүрдвэл магадгүй ирэх зунаас ЭТТ-н IPO хийх асуудлаа дахиж ярих хэрэгтэй болов уу. Одоо бол тааламжтай цаг нь биш. 

-"Оюу толгой” төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” хоёрын дунд маргаан үүссэн талаар мэдээлэл гарсан. Энэхүү маргаан хөрөнгө оруулалт саатах, далд уурхайн үйлдвэрлэл дахин хойшлох эрсдэл үүсгэж мэдэх юм. Энэ талаар хэрхэн дүгнэж байна вэ?

-"Оюу толгой” бол дагуулж байгаа шинэ технологи, одоо эдийн засагт оруулж байгаа хувь нэмрийг бодсон ч тэр, манай улсын хувьд маш ач холбогдолтой, гуравдагч хөршийн төсөл. Энэ төсөл удаашрах нь хэн хэндээ ашиггүй. Маргаанаас аль аль тал нь сайн зүйл огт хүртэхгүй. Гадна талд ч төслийн нэр хүнд улам муудна. 

Гадаад зах зээлээ харвал дэлхийн эдийн засаг ирэх намраас ч юм уу сэргэнэ. АНУ дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжүүлэх нь. Хятадын 14 дүгээр таван жилийн төлөвлөгөө батлагдана. Энэ болгоныг дагаад 2021 оны сүүлчээр металлын хэрэгцээ өснө. Тэр үед одоогийн зэсийн хөрөнгө оруулалтуудын төслүүдээс хамгийн ойрхон хэрэгжих хүлээлттэй нь ОТ л байгаа. Чилийн төслүүд 2025-2026 оноос хэрэгжинэ. Тэгэхээр дунд хугацаанд зэсийн нийлүүлэлтийг хангах хамгийн сайн төсөл нь яг одоогоор Монголд байгаа. ОТ төсөл хойшлогдвол зэсийн зах зээлийн үнэ ханшид ч нөлөөлөх магадлалтай, дунд хугацааны нийлүүлэлт алга болчих учраас. 

Ийм боломжоо жижигхэн маргаанаас болоод Чили, Австрид алдаж болохгүй. Тийм өрсөлдөөн байгааг бодолцож өөрт байгаа боломжоо ашиглах ёстой. Одоо дунд хугацааны төслөө сайн боловсруулж, далд уурхайн төслөө яаж хурдан ашиглалтад оруулах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Хэрэв 2023 онд далд уурхайн үйлдвэрлэл эхэлбэл хүлээгдэж буй гадаад өр төлбөрийг барагдуулахад маш их хувь нэмэр болно гэдгийг мартаж болохгүй.

-Эцэст нь асуухад, Жо Байденаас илүүтэй Трамп Монголд ээлтэй байсан гэж үнэлэх хүн цөөнгүй байна. Байденомикс манайд ахиц авчрах болов уу? 

-АНУ бол 1990-ээд оны үеэр манай улстай дипломат харилцаа тогтоосон гол түншүүдийн нэг. Манайд 1990 оноос хойш Дэлхийн банк, ОУВС-ийн тусламжийг гол шийдвэрлэж ирсэн түлхүүр Вашингтонд, Цагаан ордонд байгаа шүү дээ. Хэрэв тэнд дэмжлэггүй бол манай энэ хөтөлбөрүүд батлагдахгүй шүү дээ. Хамгийн гол нь дуу хоолой болж, өндөр санал гарган, батлахад гол шийдвэрлэж байгаа хэсэг нь Төрийн сан буюу Сангийн яам. 

Үүний гол агуулга нь, Байдены нүүрстэй холбоотой байр суурь манайтай хамаатай асуудал биш гэх гээд байгаа юм. Гол агуулга нь Өмнөд хөршийн маргааны асуудлыг л хэлсэн. Тиймээс Жо Байдены бодлогоос манайд учрах хохирол ерөөсөө байхгүй.