Зураг
Зураг
Индэр    
О.Орхон: Анхдагч, манлайлагчийн байр сууриа дараагийн 30 жилийн турш хадгална
Зураг
2020 оны 11 сарын 3
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

О.Орхон: Анхдагч, манлайлагчийн байр сууриа дараагийн 30 жилийн турш хадгална

1990 онд Худалдаа, Хөгжлийн Банк (ХХБ) байгуулагдсанаар Монгол Улсад хоёр шатлалт банкны тогтолцоо бий болсон билээ.

Өдгөө ХХБ нь банкны салбарт олон шинэ туршлагыг нутагшуулсан анхдагчийн байр сууриа амжилттай хадгалж байна. 

30 жилийн ойн босгон дээрээ тус банкны нийт актив найман их наяд төгрөгт хүрсэн бол тус банк Монгол Улсын гадаад төлбөр, тооцооны 80 орчим хувийг, байгууллагын зах зээлийн 50 гаруй хувьд үйлчилгээ үзүүлж байна.  Мөн гадаад худалдааны санхүүжилтийн 65 хувийг санхүүжүүлж буй. 

ХХБ 30 жилийн ойн хүрээнд стратегийн шинэчлэл хийж, үүний хүрээнд Улаанбаатар хотын банктай нэгдээд байна. Мөн энэ оны тавдугаар сард Засгийн газрын баталгаатай 500 сая долларын бондын эргэн төлөлтөө өөрийн хөрөнгөнөөс амжилттай төлсөн билээ.

30 жилийн ойн хүрээнд хийгдэж буй ажлууд, бондын эргэн төлөлт, банкны салбарын реформ зэрэг сэдвээр ХХБ-ны Гүйцэтгэх захирал Ононгийн Орхонтой ярилцлаа. 



НЭГ. Хонг-Конг, Сингапур, Лондон, Нью-Йоркт салбараа нээх зорилго бий

 
Гэрэл зургийг MPA.mn

- ХХБ 30 жилийнхээ ойн үеэр Улаанбаатар хотын банктай нэгдлээ. Энэ нь иргэд, үйлчлүүлэгчдийн хувьд их сонирхолтой мэдээ байв. Чухам ямар шалтгаанаар ийм шийдвэр гаргав гэдгээс яриагаа эхэлье.

- ХХБ-ны 30 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор бид шинэ стратегийн хүрээнд ажиллаж эхлээд байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд энэхүү өөрчлөлтийг хийв. Үүний нэг нь ХХБ, Улаанбаатар хотын банкны нэгдэл юм.

Хоёр банкны хувьд нэгдэж нийлэх нь цаг хугацааны асуудал байсан гэж хэлж болно. Байгууллагууд нэгдэж нийлэх, эсвэл салах асуудал нь бизнест байдаг л үзэгдэл. Ингэхдээ ХХБ стратегийн өөрчлөлтийн хүрээнд Улаанбаатар хотын банктай нэгдсэн. Тодруулбал, ХХБ өнгөрсөн хугацаанд байгууллагын хэрэглэгчдийн зах зээл, тэр дундаа томоохон бизнесүүд дээр төвлөрөн ажиллаж байсан бол шинэ стратегийн хүрээнд энэ бодлогоо илүү тэлж, ялангуяа жижиг, дунд бизнесийн салбар дахь одоогийн үйл ажиллагаагаа тэлэх бодлого барина. Учир нь Монгол дахь ажлын байрны 80 орчим хувийг жижиг, дунд бизнес эрхлэгчид бүрдүүлж байна. Тиймээс ч энэ чиглэл дэх үйл ажиллагаагаа илүү өргөжүүлнэ.

ХХБ-ны стратегийн өөрчлөлтийн хүрээнд бид цаашдаа харилцагч төвтэй, хоёрдугаарт, олон улсын зах зээлд өрсөлдөх, гуравдугаарт, платформд суурилсан банк болон өөрчлөгдөхөөр зорилтоо тодорхойлоод байна.

Харилцагч төвтэй гэдэг нь, харилцагч биднийг зорин ирж үйлчилгээ авдаг байсан бол энэ зарчмыг өөрчилж, харилцагчдадаа өөрсдөө очиж үйлчилгээ үзүүлдэг банк болохоор төлөвлөж буй юм.

Хоёрдугаарт, ХХБ олон улсын зах зээлд гарах хамгийн боломжтой банк. Бид албан ёсоор гадаадад төлөөлөгчийн газраа нээсэн Монголын анхны банк. Токио хотод төлөөлөгчийн газраа байгуулаад зургаан жил болчихлоо. Цаашдаа энэ бодлогоо өргөжүүлнэ.

Монголын бизнесийн орчны хувьд салбар бүрдээ мэргэшчихсэн компаниуд цаашдаа өсөж томроход хэцүү болж байгааг бидний өмнөх ярилцлагад дурдагдаж байсныг санаж буй байх. Бизнес эрхлэгчид нийлээд ч хамаагүй олон улсын зах зээл рүү гарах асуудлаар санаа нэгдэж байх шиг байна.

- Токио хотын төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг илүү тодруулахгүй юу?

- Японы төлөөлөгчийн газар хоёр урсгалтай ажиллаж байна. Японы хөрөнгө оруулагчдад Монголын бизнесийн төслүүдийг танилцуулж, Монголд оруулж ирэх. Тодруулбал, хөрөнгө оруулалт хайж байгаа Монголын бизнес эрхлэгчдэд зуучлалын үйлчилгээ үзүүлдэг гэж хэлж болно.

Нөгөө талд, бид Японы банкны хүүгүй шахам хадгаламжийн орчинд хүүгийн таатай нөхцөлөөр эх үүсвэр татах зорилготой ажиллаж байна. Хөрөнгө оруулалт татахын хажуугаар мөн Японы технологийг нэвтрүүлэх талаар хамтран ажиллаж байгаа. Япон улсыг яагаад сонгож, хамгийн түрүүнд орсон бэ гэхээр хоёр улсын Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн гэрээтэй холбоотой. Энэхүү гэрээний хүрээнд зах зээл өргөн хүрээнд нээгдэх боломжтой гэж харж, төлөөлөгчийн газраа байгуулсан. Цаашдаа олон улсын санхүүгийн төвүүд болох Хонг-Конг, Сингапур, Лондон, Нью-Йоркт салбараа нээх зорилготой.

- Япон дахь төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны үр дүнг танилцуулахгүй юу?

- Япончуудад зориулсан хадгаламжийн үйлчилгээгээр багагүй хөрөнгө татан төвлөрүүлсэн. Мөн үйлчилгээний хувьд данс нээх, мөнгөн гуйвуулга хийх зэргийг бүгдийг онлайн болгосон. Тодруулбал, Япон дахь бүх харилцагчид маань онлайнаар дансаа нээж байна. Мөнгийг нь доллар, иен, төгрөгөөр хадгалж буй.

Мөн энэ ажлын хүрээнд Японы 20 гаруй компани Монголд охин компаниа сүүлийн гурван жилийн хугацаанд нээгээд байна. Үйл ажиллагааны хувьд голдуу технологи, сэргээгдэх эрчим хүч, үйлчилгээний чиглэлийн компаниуд байх жишээтэй.

Япон дахь төлөөлөгчийн газрын захирлыг Монголыг сайн мэддэг япон хүн тавьснаар үйл ажиллагаа маань сүүлийн гурван жилд улам бүр эрчимжиж байгааг хэлэх хэрэгтэй.

- Ярианы эхэнд дурдсан хоёр банкны нэгдэлтэй холбоотойгоор ХХБ-ны дотоод бүтцийн өөрчлөлт багагүй хийгдэж байгаа мэдээлэл байсан. Нэгдэлтэй холбоотой өөрчлөн, зохион байгууллалт хийгдэж дууссан уу?

- Дээр ярьсанчлан банк стратегиа өөрчилсөн. Байгууллагын стратегийн өөрчлөлтийг нэг өдөр, нэг жилийн дотор хийчихдэггүй.

Бид стратеги дээрээ сүүлийн хоёр жил ажилласан. Өнгөрсөн жилийн эцсээр буюу 2019 оны сүүлчээр шинэ стратеги маань батлагдсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд шинэ бизнес модель буюу бизнес загвар хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, шинэ бүтэц, шинэ хүнээр хийнэ. Энэ процессын дагуу өнгөрсөн есдүгээр сард хэрэгжүүлсэн бүтцийн өөрчлөлт маань 2019 онд батлагдсан стратегийн өөрчлөлттэй холбоотойгоор хийгдсэн ажил юм.

Мөн оны дундуур болсон хоёр банкны нэгдэлтэй холбоотой бүтцийн өөрчлөлтийг нэг мөр 2020 оны гуравдугаар улиралд хийе гэсэн төлөвлөгөөтэй байсан. Мэдээж өмнө нь хийгдэж байгаагүй цоо шинэ загвараар бид ажиллана. Үүний хүрээнд ажилтнуудынхаа сургалт, мэдлэгээс гадна сэтгэл зүйг нь хүртэл өөрчилж, шинэчлэх ёстой. Банкны 2,260 ажилтан байна. Энэ бүх ажилтан маань алсын хараа, зорилго, стратегийн талаар бүгд нэгдсэн ойлголттой, ойлгосон байх ёстой.

Өмнө нь байгаагүй албан тушаалууд ч нэмэгдэж байна. Хүний нөөцийн шинэчлэлээ хоёр банкны нэгдлийн дараа хийсэн нь оновчтой боллоо гэж үзэж байгаа.

 
Гэрэл зургийг MPA.mn

- Хоёр банкны нэгдлийг зарлах үйл явдал УИХ-ын сонгуулийн дараа байсан нь улс төрийн ямар нэгэн нөлөөгөөр нэгдэв үү, эсвэл Олон Улсын Валютын Сангийн хэрэгжүүлж байсан хөтөлбөрийн хүрээн дэх банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагын хүрээнд хийгдэв үү гэсэн таамаглалууд байсныг үгүйсгэлээ гэж ойлголоо, зөв үү?

- Тийм. Нэгдэл нь бизнесийн шийдэл байсан. Цаг хугацааны хувьд сонгуультай давхцсан байж магадгүй. Гэхдээ бид энэ ажлыг сүүлийн хоёр жил төлөвлөж, хийж хэрэгжүүлсэн гэдгийг дээр хэллээ.

- Хоёр банкны нэгдэлтэй холбоотой асуудлыг ингээд хаая. Та дээр дурдсан яриандаа ХХБ жижиг, дунд бизнесийн салбар дахь санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмнэ гэсэн. Үүнийг тодруулахгүй юу?

- Жижиг, дунд бизнесийн хувьд манай банкан дээр огт байгаагүй зүйл гэж ойлгож болохгүй. Өнгөрсөн хугацаанд бид хижиг, дунд бизнес эрхлэгчдийг томоохон корпорациудтай хамтын ажиллагааг нь сайжруулах үүднээс “Байгууллагын хэрэглэгч” гэж нэг сигмэнтэд авч үздэг байв. Энэ хүрээнд жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх чиглэлд бид олон улсын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор Монголд анх орж ирсэн ЖАЙКА зэрэг бүхий л хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирсэн.

Одоогийн байдлаар манай харилцагч жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, хувь хүн бүгд л ямар нэгэн байдлаар хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадсан байна. Энэ туршлага дээрээ үндэслэж жижиг, дунд бизнесийн зах зээл дэх үйлчилгээгээ илүү тэлэх бодлоготой байна.

- Стратегийн зорилтын гурав дахь хэсгийг тодруулж асууя. Хэдийгээр банк бус санхүүгийн байгууллагууд санхүүгийн салбарын 5 орчим хувийг эзэлж байгаа ч иргэд, харилцагчдын зээлийн идэвхийг нэмэгдүүлж байна. ББСБ-ын зээл огцом өсөж буй. Тэгэхээр банкууд энэ чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ?

- Зах зээл байгаа учраас финтекүүд бий болж байгаа. Харилцагчдын хэрэгцээ, шаардлага байна. Банкууд мэдээж зүгээр суугаагүй. Бүгд л өөр өөрсдийн дижитал платформтой. Үүнийгээ маш эрчимтэй хөгжүүлж байгаа. Бүх л банк гар утсанд зориулсан өөрийн гэсэн аппликейшнтэй. Голомт банкны Socila Pay, ХААН банкны Mobile Bank гээд бүгд л технологийн давуу талыг ашиглаж, үйлчилгээгээ хялбаршуулахаар ажиллаж байна.

Одоогийн дижитал ертөнцөд хамгийн чухал зүйл бол дата бааз. Банкуудын хувьд бүгдэд нь харилцагчдын дата мэдээлэл гэх зүйл бий. Дата мэдээлэл боловсруулах чиглэлээ бид улам хөгжүүлж байна.

Манай платформын хувьд зөвхөн иргэдийн хадгаламж, зээлийн гэхээсээ илүү байгууллагууд, бизнес эрхлэгчдийг холбосон, тэдгээрт санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх дижитал платформыг хөгжүүлэхээр зорьж байгаа.

Энэ платформыг бий болгоход аль нэг компанид хөрөнгө оруулах, эсвэл охин компани гэхээсээ илүү бид финтекүүдтэй бүгдтэй нь нээлттэй түншлэлийн дагуу хамтран ажиллана.

Бид маш олон финтек компанитай хамтран ажиллаж, өнөөдрийн технологийн үйлчилгээгээ хүргэж байна. Үүнийгээ илүү өргөжүүлнэ гэсэн үг.

ХОЁР. ХХБ Засгийн газрын баталгаатай бондоо эргэн төлснөөр хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн алхам болсон

 
Гэрэл зургийг MPA.mn

- ХХБ 500 сая долларын бондын эргэн төлөлтөө өнгөрсөн тавдугаар сард өөрийн хөрөнгөөс төлж барагдуулсан. Бондын эргэн төлөлтийг хийхийн тулд ХХБ-нд хүндээр тусах вий гэсэн таамаглал байв. Өрийн удирдлагыг хэрхэн удирдсан бэ?

- Өнгөрсөн хугацаанд гаргасан таван бондыг бүгдийг нь банкны өөрийн эх үүсвэрээр төлж барагдуулсан байна. Энэ нь бас их сонирхолтой. Нэгэнт олон улсын санхүүгийн зах зээлд танигдсан бол аль болох бондоо дахин санхүүжүүлэх, дахиж бонд гаргаад төлөөд явах хандлага бий.

Бид бондыг дэлхийн эдийн засаг, Монголын эдийн засгийн мөчлөгтэй уялдуулаад гаргадаг. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн аль болох таатай нөхцөл бүрдсэн үед бонд гаргаад эргээд төлөх үед эдийн засгийн хямрал, түүхий эдийн үнэ буурсан мөчлөг  таараад байдаг нэг онцлогтой. Тиймээс ч ХХБ өнгөрсөн хугацаанд бондын эргэн төлөлтөө дандаа шууд өөрийн хөрөнгөөс төлж барагдуулж ирсэн байдаг.

График 1, ХХБ-ны өнгөрсөн хугацаанд гаргасан бондууд:

Яагаад заавал өөрийн эх үүсвэрээр гэдгийг онцлоод байна вэ гэвэл сүүлийн бонд нь Засгийн газрын баталгаатай анхны бонд байсан. Тиймээс ч энэ бондыг төлөх нь зайлшгүй. Гэхдээ дэлхийн эдийн засгийн хямралтай, Монгол Улсын эдийн засаг хасахтай үед Монголбанктай байгуулсан своп гэрээний хүрээнд төв банк доллароо гаргаж өгч, бид өөрийн хөрөнгөөр бондоо эргэн төлсөн нь олон улс дахь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн явдал болсон гэж үзэж байгаа.

Биднийг бондын эргэн төлөлт хийсэн тавдугаар сар бол манай Засгийн газрын бондууд 10-аас дээш хувьтай, бусад аж ахуйн нэгжийн бондын хүү 20, зарим нь 20 хувиас дээш гарчихсан байсан үе. Харин биднийг бондоо эргэн төлсний дараачаас энэ хүүнүүд буурсан. Засгийн газрын гаргасан шинэ бондын хүү бага тогтоход ч  нөлөөлсөн болов уу гэж бодож байна.

Учир нь Засгийн газрын баталгаатай бондыг төлснөөр Монгол Улсын нэр хүнд, банкны ч нэр хүндийг өсгөж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн арга хэмжээ болсон.

- ХХБ, Улаанбаатар хотын банктай нэгдээд нийт актив нь нэмэгдэнэ гэсэн хүлээлт байсан ч ХХБ-ны нэгдүгээр улирлын нийт активын дүн хоёрдугаар улирлынхаас буурсан байна. Тодруулбал, 7.6 их наяд төгрөгөөс 7.3 болсон байсан. Энэ нь бондын эргэн төлөлттэй холбоотой юу?

- Тэгж хэлж болно. Хэдийгээр бид Монголбанкнаас таван жилийн хугацаатай байгуулсан своп хэлцлийн дүнгээрээ доллар авсан ч манай эдийн засгаас 500 сая доллар гараад явчихсан гэсэн үг. Тухайн үед буюу таван жилийн өмнө эдийн засгийн нөхцөл байдал ямар байсныг та бүхэн сайн мэдэж байгаа байх. Түүхий эдийн үнэ уначихсан, улмаар гадаадын хөрөнгө оруулалт буурч, экспортын орлого татарсан он жилүүд байсан. Монгол Улсын валютын нөөц тэрбум доллар болж буурсан үед бидний гаргасан бонд цаг үеэ олсон зөв шийдвэр байсан гэж боддог. Өөрөөр хэлбэл, үүргээ гүйцэтгэсэн.

Бондын эргэн төлөлттэй холбоотойгоор ХХБ-ны хоёрдугаар улирлын нийт актив буурсан харагдаж байгаа ч 30 жилийн ойн босго дээрээ нийт актив маань найман их наяд төгрөгт хүрч чадлаа.

 
Гэрэл зургийг MPA.mn

- Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд нар ирэх жилүүдэд банкны салбарт реформ хийнэ гэдгээ мэдэгдсэн. Банкны реформ гэдгийг Та хэрхэн ойлгон хүлээн авч байгаа вэ?

- 30 жилийн өмнө Худалдаа Хөгжлийн Банк байгуулагдсанаар Монгол Улсад анх хоёр шатлалт банкны тогтолцоо бий болсон. Энэ цагаас хойш банкны салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, реформ хийх ажлууд тасралтгүй үргэлжилж ирсэн. 1997 онд Банкны тухай хууль шинэчлэгдсэн, 2010, 2018 онд дахиад шинэчлэгдсэн. Энэ удаад хуулийг дахиад шинэчлэх тухай яригдаж байна. Банкны салбарын шинэчлэл гэдэг байнга хийгдэж байдаг зүйл.

Учир нь банкны систем нь тусгай лицензтэй, тусгай хуулиар зохицуулагддаг салбар. Өнөөдрийн байдлаар бид 30 гаруй хуулийн хүрээнд банкны үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ бүх хууль, эрх зүйн орчныг цаг үеийн нөхцөл байдал, ирээдүйн зорилт төлөвлөгөөндөө нийцүүлж, өөрчилж байх нь тухайн төр засгийн хийх зүй ёсны ажил. Банкны салбарын реформын хүрээнд Зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийг УИХ баталлаа. Банкны реформын хүрээнд УИХ-аас ажлын хэсэг байгуулагдан Монголбанк, Монголын Банкны холбоо оролцоод явж байна. Банкны реформын шинэчлэлийн зорилго эцсийн дүндээ банкны харилцагч, иргэдийн эрх ашгийн хамгаалах, хууль эрх зүйн орчныг улам баталгаажуулах, цаашдаа Монгол Улсын эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг хангах реформ гэж ойлгож байгаа.

- Зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийг УИХ баталсан тухай Та ярьж байна. Зээлийн хүүг бууруулахын төлөөх энэ стратеги батлагдтал иргэд, олон нийтийн түвшинд нэг ойлгосон зүйл нь арилжааны банкууд зээлийн хүүг тогтоодоггүй гэдгийг ойлгосон болов уу. Гэхдээ энэхүү стратегийн зорилтод банкуудад зардлаа бууруулах үүрэг хариуцлага ногдож байна гэж ойлгож байгаа. Тухайлбал, ХХБ үүнд ямар манлайлал үзүүлэх вэ?

- Тийм. Өөрийн тань хэлдгээр зээлийн хүүг бууруулахын тулд макро эдийн засгийг тогтвортой байлгах зорилт орсон байна лээ. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүг зөвхөн банкууд санаачлаад буулгачихдаг зүйл биш. Тиймээс ч төр, банкны сектор хамтраад бодлогоороо УИХ-аас стратеги гаргаж байна гэдэг том амжилт.

Үүний хүрээнд эх үүсвэрийн буюу хадгаламжийн хүү буурч байна. Сүүлийн хэдэн жилд гэхэд зээлийн хүү 4 орчим хувиар бодитойгоор буурлаа. Цаашдаа ч гэсэн буурах боломж бий.

Банкны зардал бууруулах чиглэлд чанаргүй зээл маш өндөр хэвээр байна. Аль болох чанаргүй зээл бий болгохгүй байх, эргэн төлөлтийг сайжруулах хууль эрх зүйн буюу Шүүхийн шинэчлэл хийгдэнэ гэж бодож байгаа.

График 2, Арилжааны банкуудын тухайн сард олгосон зээлийн дундаж хүү,

График 3, Арилжааны банкуудын чанаргүй зээлийн хувь, 2020.08.31-ний байдлаар

Энэ хууль эрх зүйн орчныг хүлээхгүйгээр бидний хийх зүйл бол мэдээж зардлаа бууруулах. Тухайлбал, ХХБ-ны хувьд л гэхэд хоёр банкны нэгдэл бол зардлаа хэмнэж байгаа маш том ажил. Хүний нөөцийн болоод технологийн зардлыг бууруулж байна. Үүнээс гадна дижитал шилжилтийг тасралтгүй хийж байгаа.

Ялангуяа коронавирусийн цар тахлаас шалтгаалж дижитал үйлчилгээ, гүйлгээ үнэхээр идэвхжиж байна. Манай банкны гадаад төлбөр тооцоо, дотоод банк хоорондын төлбөр тооцоог харахад 90 хувь нь дижитал орчинд хийгдсэн байна.

Өөрөөр хэлбэл, маш их цаг хугацааны болон хүний нөөцийн, бичиг цаасны зардлыг хэмнэж байгаа юм. Энд зөвхөн ХХБ биш банкны салбар бүхэлдээ дижитал шилжилтийг амжилттай хийж байгааг хэлэх хэрэгтэй.

- Банкны реформын хүрээнд улстөрчдийн ярьж буй бас нэг гол ажил нь банкны эзэмшлийн төвлөрлийн асуудал. ХХБ-ны хувьд эзэмшлийн төвлөрлийг бууруулахын тулд ямар ажлууд яригдаж байгааг сонирхуулахгүй юу. Нөгөө талд, банкуудыг нээлттэй компанийн зарчимд оруулна ч гэх яриа бий.

- Компани нээлттэй ажиллах уу, хязгаарлагдмал хүрээнд ажиллах уу гэдэг тухайн компанийн стратегийн асуудал.

Өнөөдөр дэлхий даяар 100 гаруй жилийн түүхтэй, нэг гэр бүлийн эзэмшил бүхий банкууд зөндөө бий. Томроод ирэхээрээ олон улсын зах зээлд нээлттэй компанийн зарчмаар ажиллаад явж байгаа нь ч зөндөө.

Манай банкны хувьд олон улсын зах зээлд гарах маш өндөр сонирхол байна.

- Олон улсад IPO хийх тухай ярьж байна, тийм үү?

- Тийм. Ингэхдээ бид одоогийн түвшнөө нэлээд ахиулж байж IPO хийх зорилготой. Учир нь Монголын банкны салбар, банкуудын нийт актив хурдацтай өсөж байгаа ч энэ нь төгрөгийн ханшийн уналттай холбоотойгоор ам.доллароор илэрхийлэгдэх үзүүлэлт маань төдийлөн санасан хэмжээнд хүрч чадахгүй байна.

Дотооддоо хөрөнгийн бирж дээр гарна гэвэл миний хувьд өөдрөг зүйл хүлээхгүй байна. Дотоодын бирж дээр гараад амжилт олоогүй хоёр ч банкны муу жишээг бид мэднэ. Өөрөөр хэлбэл, энэ хоёр банк хоёулаа нээлттэй болж, олон нийтийн хяналт тогтлоо гэж байсан боловч удаагүй дампуурцгаасан. Өнөөдрийн амжилттай ажиллаж байгаа бусад банкны хувьд бүгд хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байна.

Нөгөө талаас, эзэмшлийн төвлөрлийг сааруулна гэдэг нь тэр хэмжээний шинэ хөрөнгө оруулагч шаардана гэсэн үг. ХХБ-ны жишээн дээр аваад үзвэл нэг их наяд төгрөгийн өөрийн хөрөнгөтэй. Үүнийг хэрэв 20 хувиар хязгаарлавал дахиад дөрвөн шинэ хөрөнгө оруулагч шаардлагатай болно. Зөвхөн нэг банкны жишээ ийм байна.

Тэгвэл топ таван банк дотоодын зах зээлээс ийм хэмжээний хөрөнгө оруулалт татах боломж байхгүй. Гурван жилийн дараа ч, таван жилийн дараа ч хэцүү байх.

Хөрөнгийн бирж дээр гарахгүйгээр гадаадын зах зээлээс шинэ хөрөнгө оруулагч татах бас тийм ч амар зүйл биш. Бид шинэ хөрөнгө оруулагч татах оролдлогыг байнга хийж ирсэн. 2012 онд л гэхэд дэлхийн нэр хүндтэй Goldman Sachs банканд 5 хувиа зарж, хөрөнгө оруулагчаар татаж чадсан. Өөрөөр хэлбэл, бид эзэмшлийн төвлөрлийг сааруулах зорилгоор гаднын хөрөнгө оруулалт татахаар байнгын,  тасралтгүй оролдлого хийж ирсэн. ХХБ-ны бондод хөрөнгө оруулдаг 100 гаруй хөрөнгө оруулагчдадаа банканд хөрөнгө оруулах, хувьцаа эзэмших саналыг байнга тавьж ирсэн. Ингэж санал тавихад ХХБ-ны гэхээсээ Монгол Улсын макро эдийн засгийн орчин, үзүүлэлт, зээлжих зэрэглэл, зах зээлийн эмзэг байдлууд чухал нөлөөтэй байдаг. Бусад банкны хувьд ч ийм оролдлогуудыг хийж ирснийг мэдэх юм. Харамсалтай нь, биднээс хамаарахгүй олон хүчин зүйлийг ирэх гурав, дөрвөн жил хийж чадна гэдэгт итгэхгүй байна.

- ХХБ Монгол Улсын гадаад төлбөр тооцооны 80 орчим хувийг гүйцэтгэдэг. Монгол Улс ФАТФ-ын Саарал жагсаалтаас гарлаа. Саарал жагсаалтад байх үед төлбөр тооцоонд ямар хүндрэлүүд учирч байсан бэ?

- Саарал жагсаалттай холбоотой нэг л жишээ хэлье. Монголд 10 гаруй жилийн өмнө хамгийн анхны гадаадын банкны төлөөлөгчийн газар байгуулагдсан нь ING банк байсан. ING бол ХХБ-ны гадаад төлбөр тооцооны голлох харилцагч банк байв. Өнгөрсөн жил Монгол Улсаас гарах шийдвэр гаргаж, Монголын бүх банктай харилцаагаа таслаад, дансуудаа хаасан. Мөн бид шинээр гадаад банкуудтай харилцаа тогтооход хүндрэлтэй болсон. АНУ-ын бүх банк Монголын банкуудын бүх дансыг хаасан. Тиймээс ч бид ам.долларын гүйлгээг хоёр, гурван банкаар дамжуулж хийхээс аргагүй болж, цаг хугацаа, зардлын хувьд өссөн. Одоо энэ харилцаануудаа эргээд сэргээхэд анхаарч ажиллаж байна.

ФАТФ-ын Саарал жагсаалтаас Монгол Улс гарахын тулд төрийн байгууллагууд арилжааны банкууд маш их ажил хийснийг хэлэх хэрэгтэй.

 
Гэрэл зургийг MPA.mn

- ХХБ-ны 30 жилийн ой болж байна. Таны хувьд 30 жилийн 23 жилд нь ХХБ-нд ажилласан байна. Өнгөрсөн хугацаанд бий болгосон зүйл, бүтээн байгуулалт, ажлаасаа хамгийн түрүүнд алийг нь онцлон нэрлэх вэ?

- 30 жилийн хүрээнд бид өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, байгууллагын ирээдүйн стратегийг тодорхойлж чадсан. Энэ нь гүйцэтгэх захирлын хувьд маш чухал үйл явдал.

Учир нь шинэ өөрчлөлт, стратегийг хийхдээ одоо байгаа хүний нөөц буюу топ удирдлагаасаа эхлээд бүх түвшиндээ ойлгон хүлээн зөвшөөрч, сэтгэл зүйгээ бэлтгэнэ гэдэг тийм амар ажил биш. Богино хугацаанд ч хийгдэх боломжгүй юм. Үүнийг хийж чадсандаа баяртай байгаа.

Таны хэлснээр энэ банкны 30 жилийн түүхийн 23-т нь ажилласнаас сүүлийн 13 жилд нь удирдах албан тушаал буюу гүйцэтгэх захирлын орлогч, тэргүүн орлогч, 2016 оноос гүйцэтгэх захирлаар ажиллаад явж байна. Энэ хугацаанд ХХБ манлайлагч, анхдагч гэдэг байр сууриа хэзээ ч алдаж байгаагүй.

30 жилээс эхний 10 жилд Монголын банкны сектор маш хүнд үеийг туулсан. Олон ч банк дампуурсан. Энэ үеийг ХХБ амжилттай даван туулж, Монголын анхны арилжааны банк болж, олон улсын олон стандартыг нэвтрүүлж ирсэн. Хоёр дахь 10 жилдээ бид байр сууриа бататгах ажлуудыг хийсэн бол сүүлийн 10 жилд илүү шинэчлэгдэж, бас олон улсын харилцаагаа өргөжүүлсэн. Үүний хүрээнд зөвхөн худалдааны бус хөгжлийн банк гэх зорилтоо өндөрт өргөж явах зорилт тавьж ажилласан. Энэ хүчин чармайлтын дүнд Монгол Улсын эдийн засаг, банк санхүүгийн салбарт хувь нэмрээ оруулсан болов уу.

Дараагийн 30 жилд бид хэрхэн ажиллах вэ гэдэг стратегиа тодорхойлсон учир манлайлагчийн байр сууриа алдахгүй явна гэдэгт итгэлтэй байгаа.

- Манлайлагчийн байр сууриа хадгална гэлээ. Өнөөдрийн бодит үр дүнг уншигчдадаа танилцуулахгүй юу?

- ХХБ Монгол Улсын гадаад төлбөр тооцооны 80 орчим хувийг гүйцэтгэж байна. Монголын аж ахуйн нэгж буюу байгууллагын зах зээлийн 50 гаруй хувьд үйлчилгээ үзүүлж байна. Гадаад худалдааны санхүүжилтийн 65 хувийг санхүүжүүлж буй. Гадаад валютын арилжааны гуравны нэгийг дангаараа хийж байна. Нийт актив маань тасралтгүй өсөж байна.

Мөн бидний зайлшгүй онцлох зүйл нь гадаад зах зээлээс амжилттай татсан эх үүсвэрүүд. ХХБ-наас бусад банкны хувьд дийлэнх нь дотоодын эх үүсвэр дээрээ өрсөлдөж байгаа нь үнэн. Тэгвэл ХХБ Монголд анх удаа, одоо ч гаднын зах зээлээс бонд босгож чадаж байгаа банк.

- Коронавирусийн үед ажил төлөвлөхөд бас хүндрэлтэй байгаа болов уу. Гэхдээ эдийн засаг сэргээд ирэхээр дахиад бонд гаргах тал дээр ажиллана гэж ойлголоо, тийм үү?

- Коронавирусийн хоёр дахь давалгаа одоо эхэлж байна. Тэгэхээр энэ цаг үед төр засгийн зүгээс ч, банкны хувьд ч иргэд, харилцагчдын зээл, санхүүжилтийн эргэн төлөлтийн хугацааг уртасгах, хямралыг аль болох эрсдэл, хохирол багатай давах арга хэмжээнүүдийг тал талдаа авч байна. Иргэд, бизнес эрхлэгчдийн зээлийн эрэлт буурсан байгааг бид харж байна. Энэ бол хямралын үед ажиглагддаг зүйлүүд. Хэн ч эрсдэлтэй үед шинэ хөрөнгө оруулалтууд хийхийг хүсдэггүй.

Харин цар тахлын дараа буюу вакцин гараад, эдийн засаг эргээд идэвхжих үед бид ямар бодлого барих вэ гэдэг бэлтгэлээ хийсэн. Дэлхий дахинд таатай үе ирэхэд бид өмнөх шигээ дахин бонд гаргахаар ажиллана.

Монгол Улсын хувьд давуу тал нь эдийн засаг эргэж сэргэхдээ, идэвхжихдээ маш хурдан. Тэгэхээр бид бүхий л хувилбараар ажлын төлөвлөгөөгөө гаргаад байна.

Юутай ч дараагийн 3-5 жилд бид шинээр баталсан стратегиа хэрэгжүүлэхээр ажиллана. Энэ дундаас олон улсад гарах нь илүү хүчин чармайлт шаардсан ажил байх болов уу.