1
2
3
4

О.Орхон: Монгол Улс технологийн бирж болох боломжтой

Ч.Болортуяа
2019 оны 12 сарын 11
iKon.MN
О.Орхон: Монгол Улс технологийн бирж болох боломжтой
Зураг

"Өглөөний Хүн" булангийн 2019 оны отгон зочны ярилцлагаа уншигч та бүхэндээ хүргэж байгаад баяртай байна.

Бид энэ удаад 2020 онд 30 жилийн ойтоогоо золгох гэж буй Монгол Улсын ууган банк Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Ононгийн Орхоныг урьж ярилцлаа.

Монгол Улсын системийн нөлөө бүхий таван банкны нэг, гадаад төлбөр тооцооны 85 гаруй хувийг, худалдааны санхүүжилтийн 57 хувийг дангаараа гүйцэтгэж,  банк санхүүгийн салбарт эзлэх хувиа үргэлжлүүлэн өсгөсөөр ХХБ нь салбарын нийт хөрөнгийн 22 хувь, нийт харилцах болон хадгаламжийн 20 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна.

О.Орхоны ажил, мэргэжлээс гадна хувь хүний тухай, хэрхэн ХХБ-ны CEO болтол дэвшсэн талаар ярилцахыг хичээлээ.

Тэрбээр өсвөр насаа орост өнгөрүүлж тэндээ үргэлжлүүлэн сурах боломж байсаар байхад монгол руугаа зүтгэж МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгссөн, дараа нь Английн Засгийн газрын Чевнинг тэтгэлгээр англид мастер хамгаалсан. ХХБ-нд 19 жил ажиллаад гүйцэтгэх захирал болсон нэгэн билээ.

ХХБ-ны тасралтгүй өсөлт, хөгжлийн хүчийг удирдан манлайлж буй О.Орхоны дэлгэрэнгүй ярилцлагыг хүлээн авна уу.

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр…

Ярилцлагын зочин: О.ОРХОН
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА @Bolort
Гэрэл зургийг:  Б.УУГАНСҮХ http://mymongolia.mn/
Зураг

НЭГ. Цаг үе ба эдийн засаг

 

- Сүүлийн үед та их “чимээгүй” байлаа. Олон нийтийн арга хэмжээнүүдэд нэг их оролцохгүй байх шиг. Тийм бодлого барив уу?

- Бодлого юу байх вэ. 

Олон нийтийн арга хэмжээнд оролцох онцын шаардлагагүй байлаа. Банкны дотоод ажлуудад илүү анхаарал хандуулж байна. Их л завгүй жилүүд өнгөрч байна.

- Монголчууд бид эдийн засгийн хувьд их сонирхолтой үеийг давж байгаа гэж судлаачид үзэж байна. Төсөв ашигтай, түүхий эдийн үнэ өсч буй ч төгрөгийн ханш суларсаар. Яг одоогийн нөхцөл байдлыг та юу гэж дүгнэж байгаа вэ?

- Макро эдийн засгийн хувьд маш таатай үедээ явж байна. 

Уул уурхай, түүхий эдийн үнэ 2017 оны эцсээс өсөж эхлээд, монголчууд 2018 онд рекорд дээд хэмжээний экспортоо хийсэн. 2019 онд ч энэ өсөлтөө хадгалах байх.

Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хувьд ашигт малтмалын үнийн мөчлөгийн хамгийн таатай үе дээрээ явж байна. Энэ юугаараа нотлогдож байна вэ гэхээр гадаад худалдааны тэнцэл эерэг байна. Орох валютын урсгал нь гарах валютын урсгалаасаа их байна гэсэн үг. 

- Эдийн засаг хамгийн таатай үедээ яваа гэж байгаа ч бизнес эрхлэгчид бизнесээ зараад Монголоос гарах эсвэл бэлэн мөнгө болгох ч гэдэг юм уу хөдөлгөөнүүд нэлээд хийгдэх хүлээлт байна гэж ярьцгаах юм. Макро орчин таатай ч бизнес эрхлэгчдийн урам яагаад хугарах болов?

- Уул уурхайн бус бизнесийн хувьд нөхцөл байдал тийм ч таатай бус байна. Энэ нь олон хүчин зүйлээс хамаарна. 

Том зургаар нь харвал, эдийн засгийн багтаамж, уул уурхайгаас бусад салбарын хувьд бүхий л түвшиндөө ханаж байна гэсэн үг.

Жижиг эдийн засагтай улсын хувьд ДНБ-ий 5, 6 хувийн өсөлт тийм ч хангалттай биш гэдэг нь харагдаж байна.

Жишээ нь, барилгын салбар ашигтай байна гэхээр хүн болгон л газар авах гээд, бүгд л байшин барилга барих гэж зүтгэдэг. Зуурмагийн салбарын сонгодог жишээ ч байдаг шүү дээ. Жаахан өсөлт, боломж гарч байгаа салбар руу бүгд л тооцоо судалгаа багатай ордог, хошуурдаг. Энэ нь ч буруу биш. Бүгд л боломж хайж буй. Гэхдээ энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр бизнесийн өсөлт гарах боломжууд улам бүр багассаар байгааг харуулж байна.

Яг дээрх зарчмаар замнаж ирсэн томоохон бизнесүүдийн хувьд сүүлийн хэдэн жилийн дотор өөрсдийн олон төрлийн бизнесүүдээсээ гарч, зарж эхлээд байгаа нь үнэн.

Энэ бүгдээс харахаар бид тогоогоо л томруулахгүй бол хүмүүс багталцаж чадахаа больж байна гэсэн үг. Цаашдаа уул уурхайгаас олсон ашгаараа бусад бизнесүүдээ хэрхэн томруулах вэ, хэрхэн төрөлжүүлэх вэ гэдэг дээр нухацтай анхаарахгүй л бол өөр дотроо өрсөлдөөд ашиг орлогоо бууруулаад, бие биенийхээ бизнест сөргөөр нөлөөлсөөр байх болно.

- Өнгөрсөн аравдугаар сард Монгол Улс Саарал жагсаалтад орсон нь багагүй дуулиан дагууллаа. ФАТФ шийдвэрээ танилцуулсны дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар арилжааны банкууд нэмэгдүүлсэн хөрөнгийн эх үүсвэрээ нотолж чадаагүйгээс болсон гэж мэдэгдсэн. ОУВС-гаас хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай 7 банкны нэгд нь ХХБ бий. Сангийн сайдын мэдэгдлийг Монголын Банкны Холбоо үгүйсгэсэн мэдэгдэл гаргасан. Гэхдээ таны тайлбарыг сонсъё. 

- Олон улсын валютын сангийн хөтөлбөр бол эдийн засаг, тэр дундаа банкны салбар, мөнгөний бодлогыг тогтворжуулах зорилготой. Харин Саарал жагсаалт үүнээс тусдаа. Үүнийг бүгдийг нь хольж хутгаж ойлгож болохгүй.

Саарал жагсаалтад орсонтой холбоотой асуудалд аль нэг албан тушаалтныг онилж буруутгаад байх нь ч утгагүй. Яагаад гэхээр энэ нь бүхэл бүтэн улс төр, хууль хяналт, бэлэн мөнгө, терроризмтой тэмцэх тогтолцооны асуудал. ФАТФ нь энэхүү тогтолцоо улс орнуудад байна уу, байгаа бол тэр нь амьдрал дээр хэрэгжиж байна уу гэдгийг л хянадаг. Өөрөөр хэлбэл, тогтолцоо байхгүй эсвэл тогтолцоо ажиллахгүй байгаад аль нэг албан тушаалтанд хариуцлага тооцсоноор шийдэгдэхгүй.

Монгол Улсын хувьд Саарал жагсаалтаас гарах бүрэн боломж бий. Зөвхөн асуудлаа танин мэдээд, хэрэгжүүлэх явдал. Иргэн болгон мөнгө угаахтай холбоотой хэрэгт холбогдохгүй байхаа мөн мэддэг байх ёстой. 

Банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх асуудлын тухайд ОУВС-гийн хөтөлбөрийн дагуу Европын Төв банкны чанга шалгуураар Монголын арилжааны банкуудын тогтолцоо, зээлийн чанар, зээлийн дүрэм, журам, барьцаа хөрөнгийн үнэлгээ зэрэг нь ямар байна гээд шалгаж үзээд дүнгээ тавьсан. 

Харин энэ бүгдийг хольж хутгаад яриад байхаар олон нийт буруу дүгнэлт хийгээд, шаардлагагүй валютын эрэлт үүсгээд төгрөгийн ханш сулрахад иргэд өөрсдөө нөлөөлөөд байна. 

- Нийт 7 банк 590 тэрбум төгрөгөөр хөрөнгөө нэмэгдүүлсэн гэж байсан. ХХБ-ны хувьд яг хэчнээн хувийг нь эзэлж байгаа вэ. Мөн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ нээлттэй болгож болох уу?

- ХХБ-ны хувьд эх үүсвэр маш ойлгомжтой. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд гадны аудитын байгууллага ч банкуудын хөрөнгөө нэмэгдүүлсэн асуудалд тусгайлан аудит хийсэн.

Манай банкны хувьд ямар нэгэн асуудал гараагүй. Бусад банкны асуудлыг би мэдэхгүй. Учир нь энэ мэдээлэл нийтэд ил гараагүй. 

Бидний хувьд одоо төв банктай өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн нь хангалттай түвшинд хүрсэн үү, үгүй юу гэдэг дээрээ тогтох асуудал л үлдсэн.

- ХХБ өнгөрсөн хавар бонд босгох гэж яваад амжилтгүй болсон гэсэн мэдээлэл гарсан шүү дээ. Үүний шалтгааныг тайлбарлахгүй юу. Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал нөлөөлсөн гэж шууд хэлж болох уу?

-Эргээд харахад улс төрийн гэхээсээ бизнес хоорондын өрсөлдөөний гэх юм уу тамын тогооны үлгэр л болсон юм билээ. 

Бизнесмэнүүд маань өөрсдийнхөө эрх ашгийн төлөө улстөрчдийг ашигласан, зөвхөн улстөрчдийг гэлтгүй бусдыг ашигласан л асуудал болсон гэж ойлгосон. 

Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт орчихсон, валютын нөөцөө нэмэгдүүл гэдэг шаардлага тавьчихсан өнөө үед гаднаас нэг ч гэсэн доллар оруулж ирж байгаа компани чухал баймаар. 

Бид өнгөрсөн хугацаанд олон удаа бонд гаргаж, үндэсний валютын нөөцөд нэмэр болж ирсэн. Ер нь энэ хэцүү үед доллар орж ирэх боломжтой цорын ганц байгууллага нь банк. Ийм үед тийм үйлдэл хийж байгаа нь маш зохисгүй л хэрэг. 

- Гадны хүчин зүйлээс болсон зүйлгүй юм байна. Тийм үү?

- Гадны хөрөнгө оруулагчид биднийг эргэж ирсэнд маш их баяртай байсан. Бидний босгох гэж байсан 250 сая доллар бүрдчихсэн, хүү, нөхцөлөө тохирчихсон байв.

Хүмүүс энэ удаагийн бондыг маань амжилттай болно гэдэгт итгэхгүй байсан байх. Амжилттай болоод ирэх үед нь араас чулуу шиднэ гэх юм уу даа, хилс асуудал гаргаж, худал мэдээлэл санаатайгаар гаргаснаар амжилттай болж байсан ажлыг маань зогсоосон гэж хэлж болно.

"Ганц ХХБ олон улсаас бонд босгож чадаж байгаа нь туршлагатай л холбоотой"

 

- 2020 онд танай банк бондын эргэн төлөлтөө хийж эхэлнэ. Энэ үед хүндрэл үүсэж магадгүй гэсэн таамаглал байсан. Ямар төлөвлөгөө байгаа вэ?

- Бид өмнөх бондуудаа цаг хугацаанд нь, өөрийнхөө эх үүсвэрээрээ төлчихдөг байсан. Өмнө нь авсан бондуудаа зориулалтынх нь дагуу ашиглаад хугацаанд нь төлж байсан. 

Тиймээс ч дараагийн бонд гаргахад илүү итгэлтэй байдаг. Бондын эх үүсвэр гэдэг бусад хөрөнгө оруулалтаас том ялгаатай нь ямар нэгэн барьцаа хөрөнгө шаардахгүй, зах зээл дээр чөлөөтэй арилжаалагддаг. Үндсэндээ тухайн байгууллагын менежмент, санхүүгийн байдалд нь итгэж найддаг, цэвэр итгэл дээр суурилсан бүтээгдэхүүн.

Мэдээж үүнд голлох нөлөө үзүүлдэг зүйл бол тухайн улсын макро эдийн засгийн байдал. 

Бидний хувьд 2020 онд аль болох өөрийн эх үүсвэрээрээ бондоо төлөхөөр ажиллаж байгаа. 

Нэг зүйлийг сануулж хэлэхэд, 2015 онд гаргасан энэ 500 сая долларын бондыг амжилттай гаргаад төв банканд своп хэлэлцээ буюу доллароо өгөөд оронд нь төгрөг авсан. 

Энэ утгаараа Монголбанк бидэнд доллароо буцааж өгч байж бид төлбөрөө цааш өгнө. Гэхдээ бид Монгол Улсын валютын нөөцөд том хөдөлгөөн гаргахгүйн тулд аль болох өөрсдөө шинээр санхүүжилт буюу бонд босгоод төлчихвөл Монгол Улсын эдийн засагт хэрэгтэй юм болов уу л гэж бодож байна.

- Монголын бусад банк, байгууллага олон улсын зах зээлээс яагаад бонд босгож, хямд эх үүсвэртэй хөрөнгө бий болгож чадахгүй байна вэ. ХХБ зөвхөн гаднаас бонд босгосон байна. 2019 онд танайхаас өөр, манай хамгийн том банкны нэг бонд босгох гээд болсонгүй.

- ХХБ цорын ганц байгаа нь туршлагатай л холбоотой болов уу. 

Анх удаа олон улсаас бонд босгож байсан нь 2007 оны нэгдүгээр сар. Өөрөөр хэлбэл, анх бонд гаргаснаас хойш 12 жил өнгөрч, нийт 5 удаа бонд гаргасан байна. 

График 1, ХХБ-ны гаргасан бондууд,

Туршлага, зах зээлд танигдсан байдал, нэр хүнд, биднийг харж судалж байдаг хөрөнгө оруулагчид байна гэдэг давуу тал юм. Хоёрдугаарт, тэр хэмжээний валютыг оруулж ирээд яаж үр ашигтай зарцуулах вэ гэдэг маш чухал асуудал. 

Манай банкны онцлог нь Монголын бараг бүх аж ахуйн нэгжтэй харилцдаг, томоохон хөрөнгө оруулалтуудыг санхүүжүүлсэн, байгууллагын харилцагчид олонтой учир том дүнтэй валютын санхүүжилтийг хийх боломжтой байгаад байгаа юм. 

Харин сая бонд босгох гээд чадаагүй банкны хувьд гэхэд голдуу иргэдэд суурилсан хэрэглээний зээл олгодог. Ийм банк их хэмжээний доллар оруулж ирлээ ч гэсэн иргэдэд долларын зээл олгох нь эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, тэгж харилцагчдаа эрсдэлд оруулж болохгүй. 

Үндсэндээ бусад банкны хувьд бонд босгоод оруулж ирлээ ч түүнийгээ зарцуулах тал дээр туршлага дутна гэсэн үг. 

Зураг

ХОЁР. Тогтвортой харилцаа

 

- Бонд босгох асуудал дээр хувь хүний ур чадвар яагаад чухал нөлөөтэй вэ. Тухайн байгууллагын санхүүгийн үзүүлэлт, аудитын дүгнэлтийг үзэж хөрөнгө оруулагчид илүүтэй шийдвэр гаргах ёстой. Гэтэл бонд босгох мэргэжилтэн гэж таныг цоллоод байдгийн учир юу вэ?

- Дэлхийн томоохон компаниуд яагаад амжилттай байна вэ. Бүгд л удирдлага, манлайлал, хөрөнгө оруулагчдаасаа л хамаарч байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн удирдлага, баг байгаа учраас л ийм сайн үзүүлэлт гарч байна гэсэн үг. Эцсийн дүндээ банк, компанийн цаана хүн л байгаа. 

ХХБ-ны хувьд топ удирдлагын түвшинд ажиллаж байгаа хүмүүс гэхэд хамгийн багадаа 20 ба түүнээс дээш жил банкандаа тогтвортой ажилласан хүмүүс байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, энэ банк тогтвортой байна аа гэдгийг л илтгэж байна гэсэн үг.

- 2007 онд танайх олон улсын анхны бондоо гаргаж байсан. Монгол Улсаас ганц ч бонд, хувьцаа гараагүй байсан гэсэн. Энэ үеийг эргэж ярихгүй юу?

- 2007 онд Монгол Улсын эдийн засаг одоогийнхоос их өөр байлаа. Оюутолгой, Тавантолгойгүй, гадны хөрөнгө оруулалт бараг байхгүй, бид ч хэмжээний хувьд жижиг банк байв. 

Тухайн үед Монгол Улсын эрсдлийг авч, хөрөнгө оруулах боломжийг нээсэн гэдэг утгаараа хөрөнгө оруулагчид маш сайхан хүлээж авсан. 

50 сая долларын бонд гаргах зорилготой байсан ч 550 сая долларын хүсэлт ирж байлаа. 11 дахин их хүсэлт ирсэн гэсэн үг. Ингээд бид 75 сая доллар босгож байв. Үүнээс хойш 150, 300 гээд дандаа хоёр дахин өсгөөд явсан.

Гэхдээ энэ дунд бондоо гаргаж чадахгүй, хоосон буцаж ирсэн тохиолдлууд ч бий. 

Энэ бүхний эцэст олон улсын зах зээлийн байдал, Монгол Улсын макро эдийн засаг, бид өсөлтийн стратегиа яаж тодорхойлох вэ зэрэг олон хүчин зүйлээ харж, тооцож байж яг зөв цаг үед нь бонд гаргах хэрэгтэйг ойлгосон. 

 

- Бонд босгох тал дээр ХХБ байгууллагын хэрэглэгчидтэй нь давуу тал болж. ХХБ-ны анхны зорилго байгууллагын хэрэглэгчийн зах зээл байсан уу?

- Одоогийн томоохон бизнес эрхлэгчид маань бүгд л гадаад худалдаанаас гараагаа эхэлж байсан. Тухайн үед бүгд л манай банкны харилцагч болсон. Бүх л гадаад худалдааны төлбөр тооцоог ХХБ гүйцэтгэдэг байсан. Түүхэн замналаараа бид байгууллагын харилцагчидтай болсон байдаг. 

Өнөөдөр ч бас Монгол Улсын гадаад төлбөр тооцооны 80 хувийг дангаараа гүйцэтгэсэн хэвээр байна. Монголд анх удаа мөнгөн гуйвуулга гэдэг үйлчилгээг нэвтрүүлж байв. 

Нөгөө талд, анхнаасаа Худалдаа хөгжлийн гэж нэрлэж энэ банкийг байгуулсан нь учиртай. Тухайн үед одоогийн Хөгжлийн Банкны сураг ч байхгүй байлаа. Тиймээс ч Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулъя гэдгээ л гол зорилгоо болгосон. 

Мөн энэ бүх харилцаа, хамтын ажиллагааг бий болгохын тулд хамт олон маань маш их хөдөлмөрлөсөн гэдгийг хэлэх хэрэгтэй. Гадаад гуйвуулга, мөнгө угаахтай тэмцэх гэх мэт асуудлаарх хамгийн шилдэг боловсон хүчнүүд манай банканд бий. Үйлчилгээгээ ч хамгийн түргэн шуурхай, найдвартай хийж байгаа. Бид өнөөдөр дэлхийн 150 гаруй банктай мөнгөн гуйвуулга хийж байна. 

Үүний тулд бид маш их зүйл хийж байгааг дахин дахин хэлье.

Банкны салбарын давуу тал нь бүх секторыг судалж, бүх төрлийн компаниудын үйл ажиллагаа, жаргал, зовлонг нь мэдэж байдаг

График 2, ХХБ-ны зарим үзүүлэлт, 2019 оны III улирал,

- Таны хувьд сургууль төгссөн цагаасаа эхлээд ХХБ-нд тогтвортой ажиллаж байна. Нэг байгууллага, салбарт удаан ажиллахын эерэг тал ч бий, сөрөг тал ч бий. Жишээ нь, сөрөг тал нь вакумд орох буюу асуудлыг гадна талаас нь харах чадвар мууддаг гэдэг. Энэ талаар боддог уу?

- Дээр яриандаа дурдсан. Банкны хувьд тогтвортой ажиллана гэдэг их чухал үзүүлэлт. Бидний гол үнэт зүйл бол харилцагч, ажилтан, хамт олон маань. Банкийг зөвхөн мөнгө гэж хардаг хүн байдаг. 

Гэтэл банкны хамгийн үнэт зүйл бол итгэл.

Тиймээс ч итгэл бий болгохын тулд харилцаа өөрөө найдвартай, урт хугацаанд байх тусмаа сайн. Өөрөөр хэлбэл, манайхаар үйлчлүүлээд сурчихсан, итгэл бий болчихсон харилцагчдын харилцаа тогтвортой байх нь манай банк тогтвортой байна аа л гэсэн үг. 

Жишээ нь, өөрийн тань ямар ч талбарт харилцдаг хүн байн байн солигдоод байх ямар вэ. Бүх зүйлийг эхнээс яриад, ойлголцох, итгэлцэл бий болгох гээд л цаг алдаад байх ямар сайн байх вэ. Тогтвортой, сайн бизнесийн харилцаа бол бизнесийн гурван чухал тулгуурын нэг. 

Тиймээс ч банканд ажиллаж байгаа миний хувьд нэг газраа удаан байх нь муу зүйл гэж боддоггүй. 

Сул тал нь нэг л газрын төлөө ажиллаад байгаа юм шиг харагддаг байх. Гэтэл банкны салбарын давуу тал нь бүх секторыг судалж, бүх төрлийн компаниудын үйл ажиллагаа, жаргал, зовлонг нь мэдэж байдаг. Асуудлыг том зургаар нь ч харж, тухайлсан компаниар нь ч харж чаддаг болдог. 

Бид чинь шийдвэр гаргахдаа маш олон өнцгөөс асуудлыг харж, тооцохгүй бол болохгүй.

- Дан монгол эзэдтэй газрууд дахь компанийн засаглал тун тааруу, хувьцаа эзэмшигчдийн оролцоо нөлөөлөл ТУЗ болоод гүйцэтгэх удирдлагад их байдаг гэх мэтчилсэн асуудал их байдаг. Гүйцэтгэх удирдлагын хувьд та хэр бие даасан шийдвэр гаргах боломжтой байдаг вэ?

- Таны хэлдгээр компанийн засаглалын хувьд дийлэнх бизнес эрхлэгчид олон улсын стандартаас хол явна. Харин ХХБ-ны хувьд үүний эсрэг хөгжчихсөн юм уу гэж хардаг. 

Учир нь энэ банкны үүсгэн байгуулагчид ажилчид нь өөрсдөө. Төрийн өмчит байсан банк. Төрөөс томилсон ТУЗ-тэй байсан үед ч үйл ажиллагааны хувьд улс төрөөс хараат бус байдлыг маш сайн хангаж ирсэн байдаг. Тиймээс ч өнөөх олон банкны дампуурлын шуурганд өртөөгүй юм уу гэж боддог. 

Банк хувьчлагдсанаас хойш хэсэг хугацаанд гадаад хөрөнгө оруулагчтай байж үзсэн. Тухайн үед мөн л гадаад хөрөнгө оруулагчид зөвхөн ТУЗ-ийн хуралдаа оролцчихоод гол менежментийг үндэсний менежмент маань удирдаж авч явсан. 

Үүнээс хойш буюу үндэсний хөрөнгө оруулагч худалдаж авснаас хойш энэ зарчмаа бид алдаагүй. Юу гэхээр зөвхөн хувьцаа эзэмшигч ТУЗ-өөрөө дамжуулж бүгдийг өөрийнхөөрөө шийдээд, гүйцэтгэх удирдлага хий гэснийг л хийдэг зарчмаас манайх өөр явж ирсэн. 

Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх удирдлага харьцангуй бие даасан, эрх мэдэлтэй, хариуцлагаа ч хүлээдэг байсан учраас зах зээлийн олон шуургыг давж гарахад нөлөөлж байгаа гэж боддог.

- 2016 оноос хойш та ХХБ-ны гүйцэтгэх захирал болсон. Түүнээс өмнө 10 орчим жил гүйцэтгэх захирлын орлогч хийсэн. Яг хэдэн настайгаасаа ХХБ-ны гүйцэтгэх захирлын орлогч болсон гэсэн үг вэ?

- 2007 оны нэгдүгээр сард гүйцэтгэх захирлын орлогч болж байсан. 31 настай байж.

2006 оны эцэст Улаанбаатар хотын банкны хөрөнгө оруулагчид ХХБ-ийг худалдаж авах шийдвэр гаргаад буцаад ХХБ-ндаа ирсэн

 

- Түүнээс өмнө сургууль төгсөөд л эдийн засагчаас нь эхлээд ажилласан. Зөв үү?

- Тэгж хэлж болно. Яг л явах ёстой дарааллаар нь буюу эдийн засагчаас эхлээд ажилласан. Таван жил эдийн засагчаар ажиллаад гадагшаа сургуульд сурахаар явсан. Сургуулиа төгсөөд ирэхэд банк маань хувьчлагдчихсан байсан. Эргэж ирээд банкандаа ахлах эдийн засагчаар ажиллаж байсан.

Ингэж яваад банкнаасаа гараад хувиараа бизнес эрхлэх гэж хоёр жил үзээд бүтэлгүйтсэн дээ.

Улмаар 2006 оны нэгдүгээр сард Улаанбаатар хотын банканд орох шийдвэр гаргаад дэд захирал болсон.

Ингээд байж байтал 2006 оны эцэст Улаанбаатар хотын банкны хөрөнгө оруулагчид ХХБ-ийг худалдаж авах шийдвэр гаргаад буцаад ХХБ-ндаа ирсэн дээ. 

"Хязгааргүй мөрөөдөл" хүүхдийн эрхийг хамгаалах төсөлд бид тэрбум төгрөг зарцуулна

- Дэлхий дахинаа компанийн нийгмийн хариуцлага гэдэг өөр түвшинд гарч байна. Компаниуд дэлхий нийтийн боловсрол, шинжлэх ухаанд хөрөнгө оруулалт хийж буй. Гэтэл монголчуудын хувьд нийгмийн хариуцлага гэдгийг зөвхөн маркетингийн ажил гэж хардаг. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ? 

- ХХБ-ны хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, олон тооны ажил хийж ирсэн. 

Ирэх жил манай банкны 30 жилийн ой болно. 

Энэ хүрээнд 2019 оноос бид өмнө нь ч хийж байсан бидний ирээдүй, хойч үе болсон хүүхдүүдийн төлөө хийх ажилдаа илүүтэй анхаарч эхлээд байна. Манай банкны нийгмийн хариуцлагын шинэ хөтөлбөр болох “Хязгааргүй мөрөөдөл” маань хүүхдийн эрх, эрүүл мэнд, боловсролын асуудал, тэр дундаа боловсролын тэгш бус байдлыг бууруулах тал дээр төвлөрч ажиллахаар шийдсэн. 

Зөвхөн энэ төслийн хүрээнд 1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Цаашдаа энэ ажлууд үргэлжилнэ.

Зураг

ГУРАВ. ХХБ-тай холбогдсон түүх

 

- Таныг Орост дунд сургуулиа төгссөнийг намтраас тань уншсан. Гэтэл яагаад МУИС-ийг сонгож сурсан юм бол гэж гайхаж байлаа. Үргэлжлүүлээд Орост сурах боломжгүй байв уу?

- Аав, ээж хоёр маань үйлдвэр комбинатад ажилладаг байлаа. Аав маань Авто засварын заводод, ээж Арьс ширний үйлдвэрт ажилладаг байсан. Миний хувьд тэр хавийн орос 18-р сургуульд сурч байв. Ингэж байгаад 1987 онд аав, ээж хоёр маань хоёулаа Оросын Ярославль хот руу багшаар явахаар болоод, гэр бүл маань орос руу нүүсэн. Миний хувьд айлын ганц. 12 настай байхдаа Орос явсан. Тэнд байх үед Орос орны бүх өөрчлөлт шинэчлэлтийг нүдээрээ харж өссөн. Перестройка, зах зээлийн шилжилт, шилжилтийн дараах 3 жилийг биеэрээ үзэж харж байв.

Яг л хувь хүн болж төлөвшиж байсан үе маань. Сайн, муу бүх юмыг үзэж туулж, ирээдүйд хэн болох вэ гэдэг үндсэн суурь тэнд тавигдсан гэж боддог. 

Ярославль нь Оросын 12 цагариг гэдэг, хамгийн эртний түүхэн хотын нэг. Байлдааны техник хэрэгсэл хийдэг, хаалттай хотын нэг байж байгаад хэсэг хугацаанд нээгдэх үед нь манай гэр бүл очсон байдаг.

- Эдийн засагч, банкир болно гэдэг шийдвэрээ тэнд байхдаа гаргасан уу?

- Эдийн засагч болно, банкны хүн болно гэж бодоо ч үгүй явсан үе. 

Тоонд бол сонирхолтой бүсийн хэмжээний олимпиадуудад хэд хэд оролцоод мөнгөн медаль авч байв.

Ингээд бодсон, санасан юмгүй явж байтал Ярославлийн Үндэсний Их сургуулиас Эдийн засгийн их сургуульд сурах урилга авсан юм. Аав, ээж хоёр маань хоёулаа инженер хүмүүсийн хувьд эдийн засагч болно гэдгийг нэг их таатай хүлээж аваагүй. 

Миний хувьд дөнгөж 18-хан настай байхдаа амьдралынхаа их чухал шийдвэрийг өөрөө гаргасан гэж боддог. Тэр нь заавал Монголдоо буцаж очиж, Монголдоо сургууль төгсөнө гэдэг хүсэл эрмэлзэл. Орост байх эхний жилүүдэд бусдад адлуулж, өөрийн хувьд нэлээд хүнд шалгууруудыг туулж, сөрж өнгөрүүлсэн учраас ямар ч байсан Монголдоо очиж сурч амьдарна гэдэг шийдвэр гаргасан байсан юм. 

Аав, ээж хоёр маань намайг гадаадад үргэлжлүүлээд сургах бодолтойгоор нэлээн ятгасан. Тухайн үед монголчуудын хүсэл мөрөөдөл ч гадаад явж сурах байв. Харин би эсрэгээрээ, сургууль нь бэлэн байсаар байхад зөрсөөр байгаад л ирсэн хүн. Уг нь тухайн үед Оростоо бяцхан бизнестэй ч болчихсон байв. Галт тэргээр Москва, Ярославль хооронд явж наймаа хийж явсан үе.

- Дунд сургуулийн сурагч байхдаа юу?

- Тийм. Ангийнхантайгаа нийлээд наймаа хийгээд бужигнуулдаг байв. Анх тэндээс л мөнгөний үнэ цэнэ гэдэг зүйлийг мэдэрсэн дээ. 

Мэдээж ганц монгол залуу зах дээр наймаа хийгээд л бужигнуулаад байхад уугуул иргэдэд их сайхан санагдахгүй нь ойлгомжтой. Тухайн үед их л зүйлийг туулсан. 

Ингээд бүх боломж байсан ч Монголоо зорьж ирсэн. Тав хоног галт тэргэнд шалгалтандаа бэлдээд МУИС, тухайн үед Санхүү, эдийн засгийн коллеж буюу одоогийн СЭЗИС хоёуланд нь тэнцээд МУИС-ийг сонгож байв.

Монголдоо ирээд монгол найз нөхөд, хамт олонтой болъё гэсэн хүсэл мөрөөдөл маань дороо биелсэн. Хоёрдугаар курсээсээ МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Оюутны зөвлөлийн дарга болсон. Сургуулиа төгсөх жилээ МУИС-ийн Оюутны холбоог байгуулж, анхны ерөнхийлөгч нь болж байсан түүхтэй. Ерөнхийдөө нутагтаа ирсэн маань зөв болжээ гэж тухайн үед их итгэл төрж байсан санагдаж байна.

Их сургуулийн IV дамжаанд байхдаа дадлага хийж байсан банкнаасаа ажлын урилга хүлээн авч байлаа. 

Сургууль төгсөөд ажилтай болчихлоо гээд л баяртай явж байтал ХХБ-ны Б.Мэдрээ захирал банкны ангийн 10 шилдэг оюутныг ярилцлагад оруулна гээд дуудсан юм.

Ингээд 10 залуу яваад очсон. Хоёр хүн тэнцсэн. Нэг нь би нөгөөх нь манай Б.Баярмаа захирал. 

Ингэж бид хоёр нэг зэрэг ХХБ-нд ажилд орж байлаа. 

- Үүнээс хойш таван жилийн дараа Англи руу сургуульд явах шийдвэр гаргасан байсан. Яагаад Английг сонгов?

- Тийм. Эртхэн шиг сургуульд суръя гэж бодоод 2002 онд Английн Засгийн газрын Чевнинг хөтөлбөрт хамрагдаж тэнцээд тэтгэлгээр сургуульд явсан. Намайг Англид сурч байх зуур 2003 онд банк маань хувьчлагдаад гадаадын хөрөнгө оруулалттай болсон. 

Хувьчлагдсаны дараа Голландын ING банкаар ХХБ-ийг удирдуулахаар болсон байсан. Энэ өөрчлөлтийн дүнд тухайн үед байсан бүх захирлыг солиод яг надтай зэрэг шахуу ажилд орцгоосон залуучуудыг бүгдийг дэвшүүлж захирал болгосон юм. 

Миний хувьд маш харамсмаар зүйл байсан л даа. Банкандаа байж байсан бол баталгаатай нэг захирал болчих байж, гэтэл би энд ганцаараа сургууль гээд явж байдаг гээд нэлээн харамссан. Сургуулиа төгсөөд иртэл бүх орон тоо бөглөгдсөн учраас банкны ахлах эдийн засагч болж байв.

Ингээд нэг их удалгүй хуваариа бизнес хийе гэж бодоод ажлаасаа гарсан юм.

Долоо, найман сар бизнес хийх гэж үзээд бүтэл олоогүй. Үүний дараа Мянганы Сорилтын Санд санхүүгийн зөвлөх болсон. 2005 оны эцсээр Жорж Буш Монголд ирээд МСС-ийн гэрээ зурагдаж, миний ажил дууссан. 

Банкны ахлах ажилтан л дээд тал нь хийж үзсэн 31 настай залууд Улаанбаатар хотын банкны дэд захирлын ажлын санал ирж байв

 

- Ингээд буцаад банкны салбартаа очсон байна. Тийм үү?

- Тийм. Өмнө нь банкны ахлах ажилтан л дээд тал нь хийж үзсэн хүнд Улаанбаатар хотын банкны дэд захирлын ажлын санал ирсэн учраас би хувьдаа том боломж гэж бодоод зөвшөөрсөн. Зургаахан сарын дараа гүйцэтгэх захирал нь болсон. 

Тухайн жилдээ Улаанбаатар хотын банкны хөрөнгө оруулагчид маань ХХБ-ийг худалдаж авах шийдвэр гаргаад хоёр жилийн өмнө ахлах ажилтан байсан хүн гүйцэтгэх захирлын орлогчоор банкандаа эргэж ирж байлаа. 

Нөгөө их харамсаад байсан хүн чинь шууд алгасаад Монгол талаасаа хамгийн том захирал нь болоод банкандаа ирж байв. Дөнгөж 30, 31 настай залуугийн хувьд их том үйл явдал байсан л даа.

- Банкны ахлах ажилтан л хийж байсан хүнийг яагаад дэд захирлаар Улаанбаатар хотын банканд урьсан юм бол гэдэг их сонирхолтой юм.

- ХХБ-нд байхдаа банкны хамгийн чухал нэгж Хөрөнгө зохицуулалтын газар ажиллаж байв. Мөн өөрийн огт ажиллаж үзээгүй байсан Зээлийн газартаа сургуулиа төгсөж ирээд тодорхой хэмжээнд ажиллачихсан, өөрөөр хэлбэл, банкны үйл ажиллагааг нэлээн сайн түвшинд мэддэг болчихсон байсан. 

Дээрээс нь мэргэжлээрээ Англид мастер хамгаалаад ирсэн маань бас их нөлөөлсөн болов уу. Нөгөө харамсаад байсан сургуулийн маань хэрэг гарсан гэсэн үг.

- Ямар нэгэн сэжмээр л ХХБ-тай холбогдох л ёстой байж. Тийм үү?

- Тийм. Ажилд ороод 22 жил өнгөрлөө. 19 жилийн дараа гүйцэтгэх захирал болсон байна. 

- Таныг таван хэлээр чөлөөтэй ярьдаг гэж сонссон. Энэ үнэн үү?

- Таван хэлтэй нь ч юу юм. Ямар ч байсан унаган орос хэлтэй, мастерт сурахаар төлөвлөж байхдаа Герман явъя гэж бодож герман хэл судалж байсан. Улмаар Германд хоёр жил мастерын, гурван жил докторт сурах 5 жилийн тэтгэлгийн санал авч байв. Гэхдээ миний хувьд дахиад л удаан хугацаагаар Монголоос явах хүсэл байгаагүй. 

Яг эд өөрчлөлт шинэчлэлийн сайхан цаг үед таван жил Монголоос алга болох бодолгүй байсан. Английг сонгосон шалтгаан нь мастерын хөтөлбөр нь нэгхэн жил байдаг учраас сонгосон. 

Ингэж явж байгаад герман хэл сонирхож судалж байсан. Одоо нэлээн мартагдсан байна. Гэхдээ ойлгоно, ойр зуураа ярьчихна аа. 

Миний сонирхдог, хобби гэх юм уу хэл бол Итали. 

ХХБ-ны хувьд олон орны олон харилцагчтай, Япон, Хятад, Орос … гээд ихэнхтэй нь өөрсдийнх нь хэлээр ойр зуур ярьчихдгийг хүмүүс дэвэргэж ярьсан байх. 

Монгол хүн болж төрсөн юм чинь өөрийн хувь нэмрээ оруулах ёстой гэдэг бодол хар багаас маань л байсан

- Орост ч тэр, Германд ч тэр аль алинд нь урт удаан хугацаагаар сурах боломж байж. Аль аль нь Монгол тийм сайнгүй, тарчиг үе. Боломж байвал гадаад яваад өгөх хүн олон байсан байх. Тухайн үед нутгаас гарч яваад эргэж ирээгүй олон ч монгол бий. Харин энэ бүгдийг сөрөөд Монголд байна аа гээд зүтгээд байсан утга учир нь юу вэ?

- Мэдэхгүй юм даа. Багаас суусан бодол гэх юм уу. Монгол хүн болж төрсөн юм чинь өөрийн хувь нэмрээ оруулах ёстой гэдэг бодол хар багаас маань л байсан. Яагаад гэдгийг мэдэхгүй, ухаан орсон цагаасаа л ингэж боддог. Одоо ч энэ бодолдоо бат зогсож байгаа.

Аль ч гадны банк, гадаад оронд ажиллаж, амьдрах боломж байсан ч би явахгүй. Зөвхөн Монголдоо ажиллаж, амьдарна. Хувь нэмрээ оруулна. Тодорхой хувь нэмрээ оруулж ч байгаа гэж боддог. Илүү ч хийх, бүтээх зүйл маш их байна.

Би өнөөдөр дөнгөж 44 настай. Амьдралынхаа 50 хувь дээр ирж байна. Өнгөрсөн 44 жилийн тал хувьд нь сургууль соёлд сурч явсан, хүүхдээрээ нас байж. Тэрнээс хойш 22 жил ажил хийж сурлаа. Хүн болж төлөвшиж байна. Одоо л илүүг хийхэд бэлэн болж байх шиг.

Хийх зүйл толгойд багтахгүй их байна. 

- Та цаашдаа ХХБ-ндаа тууштай ажилласаар байх уу. Хэрхэн төлөвлөж байгаа вэ?

- Өнөөдөр ХХБ-нд ажилласнаараа би улсдаа тодорхой хэмжээнд хувь нэмэр оруулж байна гэж бодож байгаа ч үүнээс илүү ажиллах боломж надад гарна л гэж бодож байгаа. Тэтгэвэрт гартлаа ХХБ-ны гүйцэтгэх захирал хийхгүй л болов уу.

Цаг үе хурдан өөрчлөгдөж байна. Нэг хүн нэг албан тушаалд мөнх суугаад байх нь сонин биш. Дараа, дараагийн үеэ бэлдэж, залгамжилж байх нь маш чухал.

- Хаврын баривчилгааг та юу гэж дүгнэж байгаа вэ. Тухайн үед шоконд орсон л байх?

- Хилс хэрэгт гүтгээд нэр хүндэд минь санаатайгаар халдаж байгаад нь байгууллага удирдаж яваа захирал хүний хувьд тэр үедээ их эмзэглэж байсан.

Харин цаг хугацаа яваад, гадна дотны харилцагчид маань тогтвортой, банкны маань үйл ажиллагаа хэвийн байгаа энэ үед аливаа үйл явдлын сайн, муу хоёр талыг дэнсэлж харж байна. 

Бүх сэтгэл зүрхээ зориулж явсны хувьд хэрэг хийгээгүй байж нэр хүнддээ тийм том сэв суулгахыг хэн ч хүсэхгүй

 

- Шоронд ороод гарна, саатуулагдана гэдэг хэн хүнд хүсээд байх зүйл биш шүү дээ.

- Мэдээж. 

Олон жилийн турш энэ зах зээлд хоёргүй сэтгэлээр ажиллаж, хүмүүсийн итгэлийг олж, бүх сэтгэл зүрхээ зориулж явсны хувьд хэрэг хийгээгүй байж нэр хүнддээ тийм том сэв суулгахыг хэн ч хүсэхгүй. Гэхдээ цаг хугацаа аяндаа хүмүүсийн сайн, мууг ялгаад өгнө дөө. 

- 2020 оны сонгууль дөхөж байна. Улстөржилт нэмэгдэнэ. Ямар хүлээлттэй байна?

- Сонгууль болдгоороо болно. Гол санаа зовж байгаа зүйл бол ирэх жил улс эх орноо боддог, эдийн засгийг ойлгодог, нэмэр болдоггүй юм гэхэд нэрмээс болохооргүй хүмүүс илүү олон сонгогдоосой, ард түмэн маань зөв сонголт хийгээсэй л гэж бодож байна.

Хэтэрхий их популизм, нэр хүнд, албан тушаал, хувийн сонирхол ихтэй хүмүүс улс төрд гарч ирээд байгаа нь зөвхөн Монголд биш дэлхий даяар явж буй үзэгдэл.

Энэ нь тухайн улс оронд маш их хор уршигтай. Ялангуяа Монгол шиг эмзэг улсад бүр ч үнэтэй тусаж байна.

Улс төрд орно гэдэг нь заавал УИХ-д нэр дэвшээд яваад байх тухай ойлголт биш

- Таныг нээлттэй биш ч улс төрийн идэвх, оролцоо өндөр гэж ярьдаг юм билээ. Одоо АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүнээрээ ажиллаж байгаа.  2020 онд УИХ-д нэр дэвшиж магадгүй гэдэг жагсаалтад таны нэрийг оруулсан байсан. Яг ямар төлөвлөгөө байгаа вэ?

- Улс төрийн оролцооны хувьд залуугаасаа, 1997 оноос эхэлж өөрийнхөө үзэл бодол, хүсэлдээ хөтлөгдөөд АН-ын гишүүнээр элсэж байсан. 2000 оноос таван нам нэгдээд АН байгуулагдсанаас хойш арай илүү идэвхтэй болсон. Одоогийн ҮБХ, хуучин ҮЗХ-ны гишүүн болоод олон жил болж байна.

Энэ миний хувь хүний сонголт. Нөгөө талд ажлын онцлогоос болоод би огт улстөрждөггүй, ялгавартай ханддаггүй, бүгдтэй эрх тэгш харилцдаг. Улс төр биш бизнесмэн гэдэг утгаараа харилцагчидтайгаа тогтвортой, сайхан харилцаатай.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд намын гишүүн байснаараа ажилтай маань зөрчилдөөд байх зүйл гарч байсангүй. 

- Гэхдээ улс төрд орох төлөвлөгөө бол бий юм байна. Тийм үү?

- Чи улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно гэдэг юм нь болж л байх шиг байна.

Улс төрд орно гэдэг нь заавал УИХ-д нэр дэвшээд яваад байх тухай ойлголт биш. 

Ямар ч байдлаар оролцож болно.

Үндсэн хууль маань өөрчлөгдлөө. Дагуулаад сонгуулийн тогтолцоо, намуудын хууль өөрчлөгдөнө. Энэ бүгд хаашаа өөрчлөгдөх нь вэ гэдгийг ажиглаж байна.

Зураг

ДӨРӨВ. Хөгжлийн тухай

 

- Монгол хүн ам бага болоод ч тэрүү нэг хүн нэг биш нэлээд олон асуудалд анхаарал тавьж, оролцоогоо бий болгож байна. Иймгүй хүмүүс ч бий л дээ. Таны хувьд банкны захирлаас гадна анхаарч, сонирхож бас оролцож байдаг салбар, ажлууд бий юу?

- Банкны ажлаас гадна Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого ямар байх ёстой, өнөөдрийн бидний тулгараад байгаа олон бэрхшээлийн шийдэл нь юу вэ гэдэгт анхаарч төвлөрдөг. 

Бид өнөөдрийн алдаа, оноогоо бол олж хараад, хэлэлцүүлэг, шүүмжийг идэвхтэй өрнүүлдэг болж. Гэвч яг асуудлын шийдлийг олоод, бодлого дэвшүүлээд, түүнийгээ ярьж, хийж байгаа хүн маш цөөн.

Монгол шиг хүн ам бага улсуудын туршлагыг хараад байхад яг орчин үеийн чиг хандлага буюу мэдлэг, технологи, инновац дээрээ л анхаарсан улс хурдацтай хөгжиж чадаж байна. 

Монгол Улсын хувьд газрын доорх, дээрх баялаг ихтэй. Дээрх баялаг гэдэг нь маш тогтвортой, аюулгүй байх боломж бий. Тиймээс ч өөрийн дээр дурдсан нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогын хүрээнд тодорхой төслүүд дээр оролцоод явж байна.

- Оролцож буй төслүүдээсээ тодорхой дурдаж болох уу?

- Монгол Улсын хувьд газрын доорх баялаг бол шавхагдах нөөц. Өнөөдөр бид байнгын мөчлөг дагасан эдийн засгийн хэмнэлтэй явж ирсэн. 

Дороо хий эргэсэн байдалтай л явж байна. Ийм тогтвортой бус эдийн засгаас урт хугацааны хөгжлийн гарцаа олох ёстой. Энэ нь юу гэхээр сэргээгдэх эрчим хүч, био технологи, органик бүтээгдэхүүн гэх мэт өндөр технологи, өндөр хөрөнгө оруулалт шаарддаг хэрнээ урт хугацаандаа тогтвортой өсөлтийг авчрах эдийн засгийн бүтцийг бий болгох ёстой. Үүнд бат итгэлтэй болоод тодорхой төслүүдэд оролцож байгаа.

Монголчуудын хувьд оюуны чадамж өндөртэй, хүн ам залуу ард түмний хувьд мэдлэгээ мөнгө болгох боломж маш их байна гэж хардаг.

Зөвхөн газрын баялаг дээр суурилж явахаар ямар уршигтай вэ гэдгийг бид хангалттай ярьсан. 

Нөгөө талд дэлхийн маш олон судалгаа, шинжилгээний ажлууд Монголд ирж төвлөрч хийгддэг тийм боломжийг бий болгох. Ингэхдээ дандаа монгол залуучуудыг ажиллуулдаг байх. Ингээд Монголоос мэдлэгийн үйлдвэр, экспорт явагддаг байх урт хугацааны төлөвлөлт байх ёстой. 

"Монгол Улс технологийн бирж болох боломжтой"

- TedxUlaanbaatar -д тавьсан таны илтгэлийг сонсож байхад дээр ярьж байгаагаа хэрхэн хэрэгжүүлэх тухай ярьсан байсан. Үүнийг тодруулахгүй юу?

- Шийдэл маш чухал. Бид хэчнээн гоё ярьж, мөрөөдөж чадна. Харин хэрэгжүүлэхийн тухайд мэдлэгийн эдийн засгийг бий болгохдоо заавал тусгай бодлого, хөшүүрэг хэрэгтэй. Жишээ нь, Монгол технологийн бирж болох боломжтой. 

Татварын тусгайлсан бодлоготой болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зөвхөн уул уурхай, барилга, худалдаа биш дэлхий нийтэд трэнд болоод байгаа байгаль орчинд ээлтэй, органик, нано, био эдийн засгийг одооноос хөгжүүлж ярьж эхлэх хэрэгтэй.

Жишээ нь, миний анхаарч, дэмжиж ажиллаж байгаа салбарууд бол сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэндийн салбар.

Эрүүл мэнд дээр гэхэд заавал хөгжингүй оронд шинэ эм, эрүүл мэндийн бүтээгдэхүний нээлт болох биш Монголд ч ийм боломжийг яагаад бий болгож болгохгүй гэж хэмээн  зориод ажиллаж байгаа. Аз болоход ажил маань урагштай байна.

- Та тусдаа компани байгуулаад явж байна гэсэн үг үү?

- Үгүй дээ, мэргэжлийн хүмүүсийг нь чадах чинээгээрээ дэмжээд л явж байна гэсэн үг. Дэмжлэг ямар ч хэлбэрээр байж болно.

 

iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр…

Ярилцлагын зочин: О.ОРХОН
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА @Bolort
Гэрэл зургийг:  Б.УУГАНСҮХ Uugansukh Byamba "Photographer"
 
2019.12.11