Индэр    
2020 оны 10 сарын 23
Зураг
iKon.mn сэтгүүлч

Б.Эрдэмсайхан: Бидний хийсэн "Фэйсбүүк аналитик” систем 3,000 лайктай постын бүх датаг гурван минутад цуглуулж авдаг

Зураг

Техник технологи хурдтай хөгжихийн хэрээр хүн төрөлхтний сэтгэлгээний хандлага ч хувьсан өөрчлөгдөж байна.

Тэрхүү сэтгэлгээрээ өнөөдөр цахим орчин дахь мэдээлэлд хандах хандлага ажиглагдаж буй тул албан байгууллагууд дижитал маркетингийн арга барилыг маркетингтаа нэвтрүүлж эхэлсэн билээ.

Тэгвэл цахим орчинд дүн шинжилгээ хийж, хэрэглэгчид, нөлөөлөгчдийг сэтгэл зүйн хувьд нь илүү таньж мэдэх боломжийг олгох  "Facebook analytic" системийг хийсэн байна.

Иймд тус системийг хийсэн “Emoz” агентлагийн үүсгэн байгуулагч Б.Эрдэмсайхантай (Твиттер хаяг: @erdemsaikhan_b) тухайн систем болон дижитал маркетингийн талаар ярилцлаа. 

“Emoz” агентлаг дижитал PR болон дижитал маркетингийн кампанит ажлуудыг зохион байгуулдаг төдийгүй апп, веб, мэдээллийн систем хийдэг IT суурьтай маркетингийн компани юм.

- Сайн байна уу. Цахим орчинд дүн шинжилгээ хийдэг систем хийсэн гэдгийг сонсоод ихэд сонирхож байлаа. Ямар шинэ системийг гаргаж ирсэн талаар ярилцлагаа эхлүүлье гэж бодож байна.

- Сайн байна уу. Сошиал медиад, ялангуяа фэйсбүүкт байдаг датануудад анализ хийх шаардлага өнөө цагт тулгараад байна. Өөрөөр хэлбэл, компаниудын нэг доллар зарцуулаад цацсан мэдээлэл нь яг хэнд хүрээд, хэн лайк дарж, хэнд таалагдахгүй байгаа болон хэн шэйр хийж, бусадтай хуваалцан, хэн нь сөрөг коммент бичсэн байгааг мэдэх, тухайн бичсэн комментын ард нэг хүн байна уу, эсвэл хэн нэгний захиалгаар сөрөг коммент бичээд байгааг мэдэх шаардлагатай болсон.

Учир нь энэ зүйл өөрөө брэнд, бараа бүтээгдэхүүнд эерэг, сөрөг ямар нэгэн байдлаар нөлөөлдөг юм. Сүүлийн үед дэлхийн маркетингийн зах зээл, тэр дундаа худалдан авагчийн зан төлөв ихээхэн өөрчлөгдөж байгаа. Өмнө нь ойрын хэн нэгэн хүнээс, эсвэл худалдагчаас нь тухайн бүтээгдэхүүний талаар асуугаад, хэрэглэдэг байсан бол одоо сэтгэгдэлд суурилж шийдвэр гаргах жишээтэй. Мөн инфлүэнсэрүүд ихээхэн нөлөөлөх болсон. Жишээлбэл, дуучин Болд хэрэглэж байгаа юм чинь сайн л байх гэх мэт.

Нэг ёсондоо маркетинг илүү хэрэглэгчдийн сэтгэгдэл дээр суурилдаг болсон учраас хэрэглэгчээ зөв таньж мэдэх хэрэгтэй. Монголчууд бид Instagram, twitter, facebook ихээр ашиглаж байгаа учраас энэ датад суурилсан нь зөв гэж үзсэн юм.

- Аналитик хийнэ гэж байна. Та нар өөрсдөө датагаа цуглуулах уу. Эсвэл бэлэн өгөгдөл дээр тулгуурлах уу?

- Нэг бүтээгдэхүүн дээр аналитик хийхдээ тухайн бүтээгдэхүүний оруулсан контентууд, ПР мэдээ зэргийн датаг цуглуулна. Систем маань эхний ээлжид фэйсбүүк дээр аналитик хийнэ. Сүүлийн үед компаниуд фэйсбүүк бүүст хийж, кампанит ажлаа явуулж, маркетинг хийх нь ихэссэн. Бас фэйсбүүк, инстаграмм дахь нөлөөлөгчдийг ашигладаг.

Гэхдээ ингэж хөрөнгө мөнгөө гаргаад цацсан тухайн мэдээлэл дээр нь лайк дараад, шэйр хийгээд байгаа хүмүүс нь нэг хүн байна уу, эсвэл өөр хүн үү гэдгийг төдийлөн ялгаж чаддаггүй. Жишээ нь, комедиан Б.Идэр-Од гэхэд хэдээс хэдэн насныханд хүрч, ямар пост нь хүмүүст хамгийн их хүрдэг, хэнд илүү нөлөөлдөг гэх нөлөөллийг нь тогтоож чадахгүй байгаа. Гэх мэт агуулгын нарийн мэдээллүүд манай системийн тусламжтайгаар гарах боломжтой юм. Бид ажлаа хийж байх үедээ Монголд яг ийм зүйл дутаад байгааг олж харсан юм.

- Системийн давуу тал нь юу вэ?

- Тухайн компани мэдээллээ постлоход эерэг, сөрөг сэтгэгдэл бичээд, эможи дараад хариу үйлдэл үзүүлдэг хүмүүс байдаг. Гэхдээ нөгөө талд бүтээгдэхүүний талаар сошиалд өөрийн хуудсаараа сэтгэгдлээ илэрхийлдэг хүмүүс ч бий.

Мэдээллээ яг хэнд хүрсэн, хүрээгүйг ялгах нь дижитал маркетингт их чухал. Тухайн бүтээгдэхүүний хэрэглэгч болсон хүнд тэр мэдээлэл очлоо гээд тусгүй. Харин хэрэглэгч болоогүй хүмүүст мэдээлэл очоод, харагдвал илүү дээр. Гэх мэтчилэн дижитал буюу цахим орчинд зөв кампанит ажил хийх шаардлагатай. Тэгвэл тэр хүмүүсийг илүү олж нөлөөлөөд, анхаарал хандуулж, кампанит ажлаа илүү оновчтой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжийг олгох давуу талтай.

Гадаадад жишээ нь нөлөөлөгчдийг А, B, C гэж ангилдаг. Монголд харин нөлөөлөгчдийг нөлөөллийнх нь хэмжээгээр ингэж ангилсан зүйл байдаггүй. Ангилснаар тухайн компанид энэ удаад ийм нөлөөлөгч хэрэгтэй гэдгийг илүү хурдан, оновчтой мэдээд цаг алдахгүй, бас эдийн засгийн хувьд ч илүү зарлага гаргахгүй байх боломжтой.

Сошиал орчин бол их шударга орчин. Тиймд илүү цэвэр байлгаад, шударгаар нь авч үлдэх зорилготойгоор энэхүү ажлаа эхлүүлсэн.

Түүнчлэн фэйсбүүк нь өөрөө динамик веб сайт. Өөрөөр хэлбэл, хэн их мөнгө төлсөн нь биш, хэн их суваг эзэмшсэн, хэн олны анхааралд илүү өртөж чадаж байгаа нь ашигтай ажиллах боломжтой. Хэрвээ би маш сонирхолтой контент хийдэг, сонирхолтой хүн байж чадвал миний бүүстэлсэн мэдээлэл хамгийн бага зардлаар хамгийн их хүнд хүрнэ гэсэн үг.

Бидний хувьд өөрийн тань цахимд гаргаж байгаа зан авирыг хуулж авч, тодорхойлоод энэ хүн тус байгууллагын талаар юу гэж боддог вэ гэдгийг тааж мэдэх гээд байгаа юм.

- Дата гээд яриад байхаар уншигчид мэдээллийн нууцад халдана гэж ойлгож байж магадгүй. Аналитик хийхдээ та нар бэлэн дата дээр суурилах уу? Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?

- Нэгдүгээрт, манай системд гаднаас нөлөөлж, халдах боломжгүй байлгах зорилгоор хийж байгаа. Тийм учраас датануудыг үүлэн технологид суурилуулж хадгалж байгаа.

Хоёрдугаарт, бид аналитик хийж мэдээлэл гаргаж өгөхдөө хувь хүний мэдээллийг зорьж цуглуулдаггүй.

Өөрөөр хэлбэл, тухайн пэйж, тухайн группт хийгдсэн үйлдлүүд буюу фэйсбүүкийн өөрийнх нь гаргаж өгч буй өгөгдөл дээр аналитик хийж өгч байгаа юм. Түүнээс биш хууль бус, бид тухайн хүний мэдээллийг хадгалаад байгаа зүйл байхгүй. Яг үүнийг хийх боломжтой газар нь датаг эзэмшиж буй фэйсбүүк өөрөө юм. 

Бид зүгээр хажуунаас нь хараад фэйсбүүкийн гаргаж өгсөн датаг өрж, дэс дараалалд оруулж харуулаад, танай кампанит ажил ийм байвал болно гэсэн мэдээллийг өгөх юм.

 Дижитал маркетинг бол датагаа зөв ашиглах явдал.

- Троллууд гээд ярьдаг. Үүнд ямар хяналтыг бий болгож болох вэ?

- Дэлхий нийтэд тулгамдаж байгаа сошиал орчин дахь хамгийн том асуудал нь тролл юм. Зохион байгуулалттайгаар хаяг үүсгээд, сөрөг коммент бичих, дайрах зэргээр троллууд ажлаа явуулдаг. Гэхдээ үүнийг хуурамч хаяг гээд шууд хэлж болохгүй.

Сошиал медиа, дижитал орчин нь өөрөө нүүрээ нуух боломжийг гаргаж өгдөг. Энэ нь нэг бодлын зөв.

Монголчууд сөрөг мэдээлэлд харьцангуй шүүлтүүртэй ханддаг болсон. Гэхдээ худал мэдээлэлд итгэдэг хүмүүс байсаар байна. 2.4 сая аккаунтын 1.2 сая нь итгэдэг гэж болно. Тэрийг нь хөөргөдөг ойролцоогоор 10 орчим мянган аккаунт бий. Өөрөөр хэлбэл, сошиал медиа баг буюу хүмүүсийн хэлдгээр троллууд их байдаг. Тиймдээ ч уг аналитик систем нь хаанаас гарсан троллууд болохыг мэдээлж, илрүүлэх зорилготой. Хэрэглэгчийн судалгаагаар дамжуулан систем өөрөө энэ асуудлыг цэгцлэх боломжтой.

 

- Эхний ээлжид facebook аналитик хийх систем бэлэн болсон гэж ойлголоо. Өөр бусад платформ дээр анализ хийх үү?

- Тийм ээ бэлэн болсон. Одоогоор бид facebook дэх тухайн постын бүх love, like зэрэг rection-уудыг тоолж, шэйр, комментуудыг авч мэдээлэл гаргаж байгаа. Дараагийн ээлжид бид инстаграм дээрх лайк тоолж, ямар хүмүүс лайк дарсан мэдээллийг нь гаргаж өгнө.

Ингэснээр олны танил ямар хүний пост илүү хүмүүст хүрдэг гэх мэт мэдээллийг гаргах боломжтой. Твиттер дээр ч мөн адил. Датад аналитик хийнэ, цуглуулна гэдэг өөрөө тусдаа шинжлэх ухаан болоод байна.

- Бизнесийн байгууллагууд сурталчилгаагаа явуулахад хамгийн хэрэгтэй систем болж өгөх юм шиг санагдаж байна?

- Манай сервис олон нийтийнх биш хаалттай. Бидний төсөөлж байгаагаар эхний ээлжид 20 орчим компанитай хамтарч ажиллах байх. Хязгаартай байхгүй бол болохгүй. Жишээ нь, тухайн компанид байгаа хэрэглэгчийн зан төлөвийнх нь судалгаатай сошиал дахь датаг холбож харах зэрэг механик ажлууд их л дээ.

- Зарим компани тусдаа баг гаргаад энэ ажлыг хийлгэж байгаа байх?

- Тийм ээ. Хэдэн ажилтан суулгаад, алба байгуулаад хийж болно. Гэхдээ маш их цаг зав үрнэ. Технологи хөгжсөн энэ үед хүн суулгаад ажиллуулаад байх нь тийм ч сайн сонголт биш.

Манай систем ойролцоогоор 3,000 лайктай постын мэдээллийг гурван минутад авдаг. Бүх датаг нь цуглуулаад авчихдаг гэсэн үг.

Фейсбүүк 2016, 2017 онд апдэйт хийхээс өмнө 100 мянган лайктай хуудас тэр хэмжээний хүмүүст хүрдэг байсан бол одоо лайкын тоо хамаарахаа больчихсон. Харин тухайн контентын чанар нөлөөлдөг болсон. Алгоритм нь нэлээд сегментчилж өгсөн л дөө. Өөрөөр хэлбэл, гудамжны самбар шиг байхаа больсон.

-Олон улсын дижитал маркетингийн чиг хандлага ямар байна вэ?

- Дэлхий нийтээр хэрэглэгчийнхээ датаг цуглуулах, олборлох шаардлага хаана хаана аа үүссэн. Датаг зарим нь хууль бусаар, зарим нь хууль ёсоор нь авч ашиглаж байгаа. Жишээ нь, манайд байгаа и-баримт систем нь хэрэглэгчийн худалдан авалтыг судалж байгаа том систем. Маш том дата цугларч байгаа. Тухайн дата дээр аналитик хийгээд, зөв логик дарааллын дагуу ашиглаж чадвал монгол хүн юунд дуртай, ямар бизнес хийх дуртай, монгол хүн ямар хүн бэ гэдгийг мэдэж болно.

Дэлхий нийтээрээ яаж дата цуглуулах вэ, датагаа хэрхэн зөвөөр ашиглах вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна. Тэгэхээр дижитал маркетинг нь датагаа зөв ашиглах явдал. Одоогийн байдлаар монголчууд судалгааны уламжлалт аргыг хагас дижиталтай хослуулж байна.

- Ярилцсанд баярлалаа.