Индэр    
2020 оны 10 сарын 17
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 85: "Үл үзэгдэгч хүү"

 

Анлок подкастын энэ удаагийн дугаараар "Ghost boy" буюу "Үл Үзэгдэгч хүү" хэмээх, олон улсад бестселлер болж байсан сэтгэл хөдөлгөм номыг хүргэж байна.

Уг номын зохиолч болох Martin Pistorius нь 12 настайдаа гэнэтийн үл мэдэгдэх ѳвчинд нэрвэгдэж, бүтэн 13 жилийн турш бүтэн бие нь хѳдлѳх боломжгүй, хэнтэй ч ярьж чадахгүй, бие дотроо түгжигдсэн байсан тухайн үеийн мэдрэмжээ бүтээлээрээ дамжуулан хуваалцдаг билээ.  

Кино мэт энэхүү түүхээс хѳгжлийн бэрхшээлтэй нэгэн болж, туулсан түүний амьдрал, бодол санаа болон бусад хүний гаргадаг алдаа, ташаа ойлголтуудыг ойлгох боломжтой юм.

Монгол Улсад жил бүрийн аравдугаар сарын 15-нд цагаан таягтнуудын өдөр тохиодог. Арванхоёрдугааар сарын 3-нд дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүний өдөр тохиодог билээ. 

Номыг сонсох: 

Номын тухай хураангуйг хүргэж байна.

 

1988 оны нэгдүгээр сарын нэгэн өдөр Мартины толгой, хоолой нь хүчтэй өвдөж, эмнэлэгт үзүүлснээс хойш тэр дахиж хэзээ ч хичээлдээ яваагүй юм. Тэр үед Мартин 12 настай байжээ.

Хэдхэн сарын дотор бие нь асар хурдтайгаар муудаж, юм идэхээ больж, алхаж чадахгүй болоод хэвтэрт оржээ. Бие нь улам муудаж, сүүлдээ ой санамжаа хүртэл алдан, ярьж чадахгүй болж, комд орсон байна. Аав, ээж нь Өмнөд Африкийн бүх эмнэлгийг дуусгаж, гадаадын олон эмчид хандан хүүгээ ямар өвчнөөр өвдсөнийг нь олж мэдэхийг хичээсэн боловч оношлогдож чадаагүй аж.

"Хүүхдэд тань хэдхэн сар л үлдсэн тул сэтгэлээ бэлдээрэй" гэх үгийг л эмч нар аав, ээжид нь хэлдэг байжээ. Гэсэн хэдий ч аав, ээж нь амьд, үхсэн нь мэдэгдэхгүй болж, комд орсон хүүгээ амьд үлдээхийн төлөө бүх хүчээ дайчилж, жинхэнэ хайрын үнэ цэнийг харуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээтэй хүмүүст өөрт нь хэцүү байхаас илүү эргэн тойрны хүмүүст нь, гэр бүлд нь хүнд байдаг. Гагцхүү хайр л бүх хэцүү зүйлийг даван туулахад хүч болдгийг Мартин өгүүлжээ.

13 жилийн дараа нэгэн шөнө Мартинд гайхалтай үйл явдал тохиолдож гэнэ. Мартин орондоо байгаагаа төдийгүй гэнэт биенээсээ гарч байгаагаа мэдэрчээ. Тэгээд нэг далайн захад очиход хүмүүс "дагаад яваарай" гээд даллах нь харагдавч гэнэт аав, ээж маань харж байгаа гээд үлдэх үед Мартины тархи сэргэж, ухаан орсон байна.

Нэг ёсондоо Мартин клиник үхэлд ороод дахин сэргэсэн нь энэ. Хэдий тархи нь сэргэж, аав, ээждээ юм мэдэрч эхэлснээ хэлмээр байвч үг хэлж чадахгүй, гар хөл, биеэ хөдөлгөж чадаагүй нь төсөөлөхөд ч хүнд.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хамгийн их айдаг зүйл нь бусад хүн өөрийг нь хүн гэдэг үзлээс хасчих вий гэсэн айдас тул хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээтэй хүнтэй энгийнээр харьцахыг Мартин номоороо дамжуулан хэлэхийг хүсжээ.

Айдас, урам хугаралт, ганцаардал гурав нь Мартины хамгийн их авдаг байсан мэдрэмж байв...

Мартиныг хэвтэрт байх үед Марта гэх найз нь түүний нүд рүү харж байгаад чин сэтгэлээсээ ярьдаг байсан нь түүнд хамгийн сайхан байсныг энэхүү номд өгүүлдэг. Мартины хувьд үеийнхэн нь тоохгүй байх вий гэдэг хамгийн том айдас байсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй энгийн харилцах нь хамгийн том бэлэг. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Өнөөдөр эв эрүүл, сав саруул явсан хэн нэгэн маргааш суумгай болохыг үгүйсгэхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээтэй бүхэн оюун ухааны хомсдолтой байдаг гэвэл Та эндүүрч байна. Тэд яг л жирийн хүн шиг аливааг хийж, бүтээх чадвартай. Мөн хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээтэй хүүхдийн амьдралд сургуулийн орчин, багш нар ямар чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг зохиолч онцолжээ.

Амьдрал үргэлж сайн сайхан байна гэж үгүй. Мартины амьдралд бусдын хүчирхийлэлд өртсөн, үхмээр санагдсан хар дурсамжууд ч бий...

 
Мартин аав, ээж, эхнэрийн хамт

Бүгдийг мэдэрч байгаа атлаа хажууд байгаа хүндээ мэдрэмжээ илэрхийлж чадахгүй, хөдөлж, ярьж чадахгүй байна гэдэг үнэхээр хэцүү. Гэвч Мартин хэнтэй ч холбогдож чадахгүй байсан хүнд үеэ заримдаа дотроо төсөөлөн мэдэрдэг байсан нь их тус болсон гэдэг. 

Цаг хугацаа өнгөрч, Мартин компьютероор дамжуулан бодлоо илэрхийлж, хүмүүстэй бага багаар ойлголцож, сүүлдээ программ бичиж сурах зэргээр өөрийгөө хөгжүүлэн завгүй амьдралд орж, хайрлаж дурлаж үзсэн. 

Ямар ч хүнд бүх сэтгэлийн хөдлөл мэдрэгддэг. Хөгжлийн бэрхшээлтэй, юм ойлгохгүй, ярьж чадахгүй гээд сэтгэл дэх мэдрэмж нь дутуу гэсэн үг огтоос биш. 

Мартин өдгөө эхнэр, хүүгийн хамт аз жаргалтай амьдарч байна.