Индэр    
2020 оны 10 сарын 6
Зураг
iKon.mn сэтгүүлч

Д.Сэрдарам: Ургах, ургахгүй нь хамаагүй ямар ч байсан энэ өдөр мод тарих ёстой гэсэн сэтгэлгээгээ хурдан өөрчлөх хэрэгтэй

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын нийт газар нутгийн 7.9%-ийг ой мод эзэлдэг бөгөөд 2020-2024 онд энэ тоог 8.6%-д хүргэх зорилтыг салбарын яам тавиад буй.

Түүнчлэн Монгол орны ой бүхий талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд жил бүр 300 мянган га талбайд мод тарих шаардлагатай гэж үзжээ. 

Гэвч жилд хэдэн зуугаар тарьдаг модны ургалтын үйл явцад анхаарал хандуулдаггүй байдал энэ хэвээр үргэлжилбэл дээрх зорилтуудад хүрэхэд хэцүү юм.

Иймээс мод тарьж, ургуулах ажилд ямар шинэ механизм хэрэгтэй байгаа талаар Монголд мод тарих сайн дурын ажлыг оюутан залуучуудын хамт 14 жил тасралтгүй үргэлжлүүлж буй ШУТИС-ийн багш, түүхийн ухааны доктор, “My club”-ыг үүсгэн байгуулагч Д.Сэрдарамтай ярилцлаа. 



 

- Сайн байна уу. Жил бүрийн өдийд хувь хүн, албан байгууллагууд мод тарих нь ихэсдэг. Гэхдээ нэг л өдөр тариад болчих мэтээр ойлгож, хайхрахгүй орхих явдал их гардаг. Иймд мод тарих процесс хэрхэн явагддаг, ямар шат дараалалтайгаар таривал үр дүнтэй ургадаг талаар ярилцлагаа эхлүүлмээр байна?

- Мод тарих ажил зүгээр нэг субботникийн чанартай ажил биш. Манай орны байгаль, цаг уурын онцлог, сүүлийн үед болж байгаа дулаарал, цөлжилт, түйрэн, усны хомсдол модны ургалтад маш сөргөөр нөлөөлж байгаа. Модыг зөв стандартын дагуу тарихаас гадна түүнийг хавар, зун, намрын турш арчлан тордож байх хэрэгтэй.

2-5 настай мод тухайн хөрсөндөө дасан зохицож ургахад 90 хоног шаардлагатай гэж судлаачид үздэг ч ямар нэг баримжаа байдаггүй. Байгалийн хатуу ширүүн үзэгдэл саяхан суулгасан модыг байтугай 4-5 жил ургасан модыг ч үхүүлсэн тохиолдол их бий. Тиймээс мод тарьж, суулгахад яг л нялх хүүхэд асарч, сувилж байгаа мэтээр арчилж, хөрс ус, бордоог нь тохируулж байх хэрэгтэй. 

- Мод тарих тухай ойлголтгүй хүмүүс нэг бодлын шууд мод үрслүүлпэг компанид хандмаар санагддаг. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

- Одоогийн нөхцөлд Монголд "мод тарих ойлголтгүй хүмүүс гэдэг" ухагдахуун арилах ёстой. Мод тарих, ургуулах гэдэг нь амьдрах үүрэг, хариуцлагын хэмжээний ойлголт. Манай улсын газар нутгийн 10 хүрэхтэй үгүйтэй хэмжээг ой эзэлдэг байхад Солонгос, Япон, Хятад зэрэг улсын газар нутгийн 40-өөс дээш хувь нь ой мод. Тэгсэн хэдий ч эдийн засгийн хувьд, сэтгэлгээний хувьд тэд мод тарьж ургуулахыг заавал хийх ёстой үүрэг хариуцлага гэж ойлгодог. Энэ талаас нь ч хууль эрх зүй, оюун санааны хувьд маш их дэмжлэг үзүүлдэг.

Дэлхийн тэргүүн баячууд нийгмийн хариуцлагын хөрөнгө оруулалтаа байгаль орчин, түүнийг сэргээхэд хандуулж байна

Өнөөдөр дэлхийн олон улс орон ойгоо устгахаас илүү хайрлаж, хамгаалж, нөхөн сэргээхэд анхаарч байна. Тиймээс "Мод тарих" тухай ойлголтгүй хүн хойшид байхгүй болж, хүн өглөө босоод нүүр, шүдээ угаадаг шиг энгийн ажил болох ёстой гэж боддог. Энэ бол бидний үүрэг.

2010 онд Мод тарих Үндэсний өдөртэй болсноос хойш хүмүүсийн хандлага, сэтгэлгээ өөрчлөгдөж байна. Цаашдаа ч улам илүү сайн тал руугаа хандах байх аа. 

- Монголд мод үрсэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэр олон компани байгаа бол. Мөн хэрхэн ажилладаг тухай та ямар мэдээлэлтэй байгаа вэ, тэр тухайгаа хуваалцвал?

- Арав гаруй жилийн өмнөхөөс илт өөр болсон. Мод үрсэлгээний компани, байгууллага, хувь хүмүүсийн тоо их нэмэгдэж байна. Байгаль орчны яаманд нарийн тодорхой тоо байгаа байх. Одоогоос таван жилийн өмнө НҮБ-ын Ази, Номхон далайн хэсэг буюу ESCAP, Дэлхийн Энхтайвны сантай хамтран Байгаль орчны сайн дурын ажилтны Олон улсын форумыг Монголд зохион байгуулж байхад тогтвортой мод үрсэлгээний ажил хийдэг, мод тарьдаг байгууллага, хувь хүмүүсийн дата бааз хийхэд 250 гаруй нэгж мэдээлэл цуглуулж байсан. Энэ нь өнөөдөр хэд дахин нэмэгдсэн байх. Хамгийн гол нь энэ хүмүүсийг мэдлэг, мэргэжлийн удирдлагаар хангаж, хамтын ажиллагааг нь тогтмолжуулах бодит дэмжлэг, урамшуулал хийж байх нь илүү чухал юм.

 
гэрэл зургийг MPA.mn

- Таны бодлоор модыг чанартай тарьж ургуулах ямар шинэ механизмуудыг санал болгох вэ?

- Жил бүр НҮБ-аас зохион байгуулдаг Цөлжилттэй тэмцэх, Дэлхийн дулаарлыг зогсоох уриан дор чуулган зохион байгуулагддаг. Энэ чуулган цөлжилт хамгийн идэвхтэй болж байгаа улс орон, эсвэл энэ асуудлын эсрэг хамгийн идэвхтэй ажиллаж байгаа, хөрөнгө оруулалт хийж буй улс орнуудад болох сонирхол байдаг. Дэлхийн олон орноос мод тарих, ус хамгаалах, хадгалах, цөлжилтийг зогсоох талаар хийж байгаа шинэ технологи, туршлага, механизмуудыг танилцуулдаг. Энэ жилийнх Англид болох байсан боловч хойшлогдлоо. Энэ чуулганыг Монголд зохион байгуулах амбицтай байх хэрэгтэй.

Манай улс байгаль орчны хувьд маш эмзэг, түйрэн шар шорооны өлгий нутаг болчихоод байна. Энэ асуудлыг бид дотоодын нөөц боломжоороо зогсоож чадахгүй. Олон улсын байгууллагын дэмжлэг хэрэгтэй. Мөн хүмүүсийн болон нийгмийн сэтгэлгээнд ч өөрчлөлт шаардлагатай.

Монгол хүнд бүх зүйлийг аргалах буюу Монголын нөхцөл гэж Монголчлох биш, дэлхийн стандартад болж өгвөл алхам алхмаар ойртох ёстой гэсэн сэтгэлгээ бидэнд их үгүйлэгдэж байна. Энэ бол сэтгэлгээгээ өөрчлөх цорын ганц зөв гарц юм. 

Бид олон жил “Нэг мод таривал нэг насны буян, хоёр мод таривал хойд насны буян” гэж ярьж ирсэн. Тэгвэл одоо “Нэг хүн 15 мод таривал амьсгалах агаараа буцааж өгнө” гэсэн буруу ойлголтоор байгаль дэлхийд, мод ургуулах талаар буруу хандаж байгаа нь бидний том алдаа.

Байгальтай өгөө, аваа буюу "Хариутай бол бариутай" гэсэн зарчмаар бус, ямар ч шан харамж, авлага байхгүйгээр, зүгээр л өөрийн хийж чадах бүх зүйлээ зориулах гэсэн сайн дурын ажилтны /Валюнтер/ сэтгэлгээгээр хандах нь чухал гэдгийг ойлгох ёстой.

- Тийм шүү. Та дээр дурдаад өнгөрлөө. Гаднын орнууд хэрхэн мод тарих механизмыг бий болгож, арчилгаа тордлогоо сайн хийж чадаж байгаа арга зүйн талаар нэмэлт тайлбар өгөхгүй юу?

- Манайхаас бусад оронд модыг амжилттай ургуулаад ойжуулсан, ногоон арал болгосон жишээ зөндөө байна. Өдөрт хэдэн сая мод тарьсан гэдгээрээ Косто Рика, Энэтхэг, Пакистан улсуудын дунд өрсөлдөөн болж байна. БНАСАУ, БНХАУ өөрийн газар нутгаа хэрхэн ойжуулж байгааг сансрын хиймэл дагуулаас авсан гэрэл зургаас хараад дэлхийн улс орнууд гайхан шагширч байна. Гэтэл манайх байдаггүй.

Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш 2010-2016 оны хооронд 10 сая 76 мянга 286 ширхэг мод тарьснаас хэдэн хувь нь ургасан тухай нарийн тоо баримт байхгүй. 2013 онд Улаанбаатар хотод нэг сая мод, бут, сөөг тарьсан гэсэн мэдээнүүдийг харж байсан. Бидэнд тодорхой үр дүн, бодит нөлөөлөл хэрэгтэй байна.

Өнгөрсөн хугацаанд, ирээдүйд ч бид “Ургах, ургахгүйг нь бүү мэд. Ямар ч байсан энэ өдөр мод тарих ёстой гэсэн” гэдэг сэтгэлгээгээ хурдан өөрчлөх хэрэгтэй. Сэтгэлгээнд дэвшилттэй өөрчлөлт гарч байгаа ч нийгмийн сэтгэл зүйтэй харьцуулах юм бол маш удаан байна. Маш удаан байна.

Мод тарих ажлыг эдийн засгийн хөшүүргээс илүү сэтгэлгээний хөшүүрэг, сайн дурын ажил, хүмүүст тохирсон, хэрэгцээтэй, зөв мултимедиа байдлаар хөгжүүлж, хүмүүсийн сайн дураараа аз жаргалтайгаар хийдэг ажил болгох ёстой. Тэгж байж амжилттай болно.

Мод тарих гэдэг ажлыг ямар нэг тусгай, буянтай хүн хийж байгаа харагдах биш, бүгдээрээ нийтээрээ хийдэг, энгийн мөртлөө сайхан ажил гэдэг сэтгэлгээг манай “одууд” хийж чадна гэж би найддаг.

Би дахин хэлье. Ямар нэг нарийн технологи, эд шидтэй бордоо, худаг ус, хувин сав, шланк зэрэг биш, ердөө сэтгэлгээ л чухал.

Бид жилд дунджаар давхардсан тоогоор 2,600 гаруй хүүхэд багачуудыг мод тарих, услах сайн дурын ажилд дагуулж явдаг. Тэднийг өлсгөхгүй, найдвартай унаагаар авч явж, сайн дураараа ажиллах орчныг нь бэлтгэж өгөөд ажиллуулдаг. "Надад хэлбэл мартана, надад харуулбал тогтооно, надаар хийлгэвэл ойлгоно” гэдэг. Үүн шиг тэр хүүхдүүдээс ядаж 20 нь арай өөр, зөв сэтгэлгээтэй болж төлөвшихөд энэ клуб маань нөлөөлөөсэй гэж боддог. Тийм хүүхдүүд хүрээгээ улам их тэлбэл Монголд мод аяндаа их ургана аа. 

- Ярилцсанд баярлалаа.