Индэр    
2020 оны 9 сарын 28
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 82: Шинэ зүйл амнаас ам дамжин яригдаж, бусдад хурдан тарахад нөлөөлдөг ЗУРГААН зарчим

Зураг

Ямар бүтээгдэхүүн хүмүүсийн анхаарлыг илүү татаж амнаас ам дамжин яригддаг вэ, ямар мэдээ, нийтлэл хамгийн их шэйр хийгдэж, ямар youtube бичлэг хамгийн олон хүнд хүрч хурдан хит болдог юм бол гэж та бодож байсан уу? 

Тэгвэл эдгээр асуултад энгийн, ойлгомжтой хариулт өгөх "Contagious" номыг анлок подкастын бичмэл хөрвүүлгийн энэ удаагийн дугаартаа онцлон хүргэж байна.  

Маркетингийн талаар уншигч таны мэдлэгийг нэмэх энэхүү бүтээлийг Пеннсильванийн их сургуулийн Вартон сургуулийн профессороор арав гаруй жил ажиллаж буй туршлагатай Жона Бергер бичсэн юм. 

Уг ном нь Америкийн Маркетингийн холбооноос 2014 оны шилдэг маркетингийн номоор шалгарч Нью Йоркийн бэстселлэр бүтээл болсон бөгөөд зөвхөн тус салбарт сонирхолтой залуус төдийгүй, бусдад өөрийн санаа, дуу хоолойгоо сошиал медиагаар түгээхийг хүссэн хүн бүрт хэрэг болох бүтээл юм.

Номыг сонсох: . 

"Contagious" номд өгүүлснээр шинэ зүйл амнаас ам дамжин яригдаж, бусдад хурдан тарахад нөлөөлдөг ЗУРГААН зарчим /STEPPS/ байдаг хэмээн үзжээ.  

 
  1. SOCIAL CURRENCEY: Хүмүүсийг ухаалаг, дажгүй, бусдаас илүү харагдуулдаг зүйлсийн талаар ярь. Шинэ зүйлийн талаар хүмүүс ам дамжин ярихад нөлөөлдөг нэг зарчим бол тухайн зүйл нь онцгой содон харагдах явдал юм. Тухайн бараа бүтээгдэхүүн хүмүүсийн урьд өмнө нь сонсож, хэрэглэж байгаагүй шинэлэг зүйл байвал би л үүнийг мэднэ гэсэн сэтгэгдэл авч, өөр хэн нэгэнд хэлэхийг хүсдэг. Учир нь хүн нууц зүйл шүү гээд аливааг ярих хүсэлтэй байдаг билээ.Тиймд тухайн хүнд л зориулсан мэт мэдрэмж төрүүлэх нь чухал. Мөн тусгай хүмүүс л энэ бараа бүтээгдэхүүнийг авч хэрэглэгдэг эсвэл энэ газраар үйлчлүүлдэг гэх мэдрэмжийг анхнаас нь төрүүлж өгөх хэрэгтэй.
     
  2. TRIGGERS: Аливаа бараа бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгчид хүрэхэд өдөөгч хүчин зүйл зайлшгүй чухал. Тэр нь тухайн хүний зан авир, барааг авахад нөлөөлөхүйц зүйл байх хэрэгтэй юм. Оюун санаанд бодогдож буй бодлуудыг хооронд нь холбох байдлаар бүтээгдэхүүндээ маркетинг хийгээрэй. Жишээ нь "кит кат"-ыг кофетой холбож өгснөөр хүмүүс кофе уух болгондоо кит катыг шууд боддог байсан гэдэг. 
     
  3. EMOTION: Хүмүүс хамгийн их сэтгэл нь хөдөлсөн зүйлээ бусадтай хуваалцдаг. Тэгэхээр өндөр сэтгэгдэл төрүүлэхээр мэдрэмжийг гаргаж бүтээгдэхүүнээ рекламдах гэж хичээх хэрэгтэй. Гайхсан, их баярласан зүйлээ хүмүүс бусадтай хуваалцах дуртай байдаг тул хүний сэтгэл хөдлөл дээр тоглолт хийгээрэй. 
     
  4. PUBLIC: Аливаа зүйл олон нийтэд ил тод байх тусам хүмүүс дуурайхыг илүү ихээр хүсдэг. Энэ зарчим нь нэгнийгээ дуурайдаг сэтгэл зүйн онцлог дээр тулгуурлах ёстой. Жишээ нь, нэг алдартай хүний өмссөн цамцыг өмсмөөр санагддагтай адил. 
     
  5. PRACTICAL VALUE: Амьдралд хэрэгтэй байх. Хүмүүсийн дотор бие биетэйгээ сайн зүйлээ хуваалцах сэтгэл нуугдаж байдаг. Жишээ нь хямдрал зарласан мэдээллийг хүмүүс бусадтайгаа их хуваалцдаг. Харин байнга хямдардаг зүйл үнэ цэнээ алддаг тул хугацаа заах байдлаар мэдээллээ цацахад анхаараарай.
     
  6. STORIES: Хүмүүсийн ярихыг хүсч буй хүүрнэл эсвэл түүхийг өгүүлсэн зүйл санаа бодлоос нь барагтаа гардаггүй. Иймд санаагаа хүний амьдралд тохиолдсон түүхэн үйл явдлаар харуулбал хүний сэтгэлд гүн үлддэг. Олонд хүрч чадсан алдартай бүтээгдэхүүнүүд өөрсдийн гэсэн түүхтэй байдгийг сана. Энэ нь тухайн зүйлд итгэх итгэл үнэмшил нэмэгдэхэд тустай.