Индэр    
2020 оны 9 сарын 21
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

"Тусгай үүргийн нислэг үйлдэх зөвшөөрөл "Туркиш Эйрлайнс"-т олговол нислэг болгондоо 20 монгол хүнийг үнэгүй авчрах саналаа тавьсан. Хариу өгөөгүй байна"

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш дотооддоо халдвар алдаагүй цөөн орноор Монгол Улс нэрлэгдэж буй. Батлагдсан бүх тохиолдол гаднын улс орнуудаас зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авсаар байгаа ч нутаг буцах хүний тоо 10 мянгаас буухгүй байгаа. 

Яг энэ цаг үед Монгол Улс дахь Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайд Ахмет Язалтай ярилцлаа. Тэрбээр "Туркиш Эйрлайнс"-ын хуваарьт нислэгийг УОК-ын тавьж буй бүх шаардлагыг ханган эхлүүлснээр Европын орнуудаас монголчуудыг илүү таатай нөхцөлөөр хямд өртгөөр эх оронд нь авчрах бүрэн боломж байгаа талаар онцолсон юм. 

БНТУ-ын Элчин сайд Ахмет Язалтай хийсэн ярилцлагыг хүргэж байна. 



-Монгол Улс Турк улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод хагас зуун жил болжээ. Өнгөрсөн онд тохиосон 50 жилийн ойг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Тэгш тоотой ой учраас хүн болгонд онцгой санагддаг хэдий ч бидний зүгээс Турк болон Монгол Улсын харилцааг хөгжүүлэхэд жил болгон өөрсдийн хүчин чармайлтаар хувь нэмрээ оруулсаар ирсэн. Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн жил ЭСЯ-ны зүгээс гурван үндсэн томоохон арга хэмжээ зохион байгуулсан. Үүнд

  1. Ойн баярыг тэмдэглэх хүлээн авалт зохион байгуулсан. 
  2. Туркийн уран бүтээлч 50 уран зургаа Туркээс авчирч монголчуудад үзэсгэлэнгээ  толилуулсан. 
  3. Монголын гар урлал, үндэсний үйлдвэрлэлийг турк хүмүүст таниулах зорилгоор Истанбул, Анкара хотод Монголын гар урлалын үзэсгэлэн зохион байгуулсан. 

-Жил бүр хүчин чармайлт гаргадаг гэж та хэллээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа талаасаа ямар өөрчлөлт гарсан бэ?

-Худалдаа, эдийн засгийн талаасаа асууж байх шиг байна. Энэ чиглэлийн харилцаа бусад салбарыг бодоход бага зэрэг хоцрогдсол байгаа талаар би ерөнхийдөө хэвлэл мэдээллээр өгч байгаа ярилцлага, уулзалт болгондоо дурддаг. Энэ нь олон учир шалтгаантай боловч хамгийн чухал нь Турк болон Монгол Улс хоорондын зам тээврийн хялбар бус байдал. 

Хоёрдугаарт, Туркийн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид Монгол Улсын талаар тэр бүр сайн мэддэггүй. Монголын зах зээлийн талаар хангалттай мэдээлэлгүй. Мэдэхгүй байна гэдэг нь эргээд түрүүн хэлсэнчлэн Монгол Улсад амар хялбар байдлаар ирж, буцаж чаддаггүйтэй холбоотой. 

Тийм ч учраас бид удаан хугацааны турш хоёр орны тээврийн салбарын асуудлыг хялбарчлах, шууд нислэгтэй болох, цаашлаад долоо хоногт хийж байгаа шууд нислэгийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр маш олон хэлэлцээрийг хийсээр ирсэн. Намайг ирснээс хойш гурван жил үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд бид шийдэлд хүрч чадсан. 

Тухайн үед энэхүү гэрээ, хэлэлцээрийн эсрэг байр суурьтай байсан хүмүүс “Яагаад заавал Истанбул руу шууд нисэх ёстой гэж. Дэлхийн өөр олон хотоор дамжин бид нисэх боломжтой. Тиймээс энэ бол бидний хувьд сайн хэлэлцээр биш” гэж байв. Харин өнөөдөр МИАТ Истанбул руу нисэж, дэлхийн олон орноос иргэдээ тээвэрлэн авчирч байгаа. Энэ нь Истанбул бол яах аргагүй сайн цэг болохыг нотолж байна. 

Цар тахал гараагүй байсан бол өнгөрсөн онд 40 сая доллар байсан хоёр орны худалдааны эргэлт энэ жил 100 сая ам.долларт хүрнэ гэсэн хүлээлттэй байсан

Шууд нислэгээс гарах үр дүнг энэ зун хамгийн тод харна гэсэн хүлээлттэй байсан ч харамсалтай нь цар тахлын улмаас нислэг үйлдэж чадсангүй. Цар тахлын аюул арилж, эргээд хэвийн болох үед бид нислэгээ үргэлжлүүлж, шууд нислэгээс гарах үр дүнг харна гэдэгт итгэж байна. 

Бас нэг чухал үйл явдал бол Монгол-Туркийн худалдааны танхим байгуулагдсан. Монгол Туркийн бизнес эрхлэгчдийн ХАҮТ-ын Монголын талын даргаар “Наран” группийн захирал С.Болдхэт ажиллаж байгаа бол Туркийн талын даргаар гурван үеэрээ арьс ширний үйлдвэрлэл, бизнес эрхэлсэн бизнесмэн ажилладаг. Энэ хүрээнд хоёр талын бизнес эрхлэгчид харилцан үзэсгэлэн худалдаанд уригддаг, оролцдог. Хамгийн сүүлд л гэхэд бизнес эрхлэгчдийн уулзалтыг цахим орчинд хийсэн. Энэ бол бидний сүүлийн үед хийж байгаа чухал ажлуудын нэг. 

Цар тахал яаж үргэлжлэхийг бид бүгд мэдэхгүй ч энэ нөхцөлд бүхий л салбарт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх тэр арга замыг олох болно. 

Хэрэв цар тахал гараагүй байсан бол өнгөрсөн онд 40 сая доллар байсан хоёр орны худалдааны эргэлт энэ жил 100 сая ам.долларт хүрнэ гэсэн хүлээлттэй байсан. Гэхдээ бид үргэлжлүүлэн энэ чиглэлээр ажилласаар байх болно. Тээврийн асуудал шийдэгдсэн нь энэ талын харилцааг цаашид илүү хөгжүүлэх бат бөх суурь нь тавигдсан гэж харж байгаа. 

“Туркиш Эйрлайнс”-т тусгай үүргийн нислэг үйлдэх зөвшөөрөл өгөх тухай хүсэлтээ долдугаар сард тавьсан ч татгалзсан хариу авсан

 

-Нислэгийн тоо давтамжийг нэмэгдүүлэх тухай хэлэлцээр цар тахалтай холбоотойгоор зогссон байх тийм үү?

-Тийм ээ. Цар тахлын энэ үед бүх улс орон өөрсдийн арга хэмжээг авсан. Монгол Улсын хувьд гуравдугаар сараас эхлээд бүх хилээ хаасан. Манай улс ч мөн тодорхой хугацаанд Туркт ирж байгаа бүх онгоц болон "Туркиш Эйрлайнс"-ын бүх нислэгийг зогсоосон. Гэхдээ нэг улсыг яг тусгаарлалт буюу хилээ хаасан байдалтай байлгах нь маш хэцүү зүйл. 

Зарим улс хилээ хаагаад хэдхэн хоног байх чадвартай бол зарим нь удаан хугацаанд хаах боломжтой. Монголын эрх бүхий байгууллагууд Монголын хилийг маш удаан хугацаанд амжилттай хааж чадаж байна. Гэхдээ хүн болон бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх зайлшгүй шаардлага байгаа учраас үүнийг МИАТ-аар дамжуулан тусгай үүргийн нислэг үйлдүүлж, шаардлагыг хангаж байна. 

Гэвч яг энэ үйлдэж байгаа тусгай үүргийн нислэгүүд нүүлгэн шилжүүлэх гэдэг тэр ойлголтоосоо салаад явчихсан юм шиг харагдаж байгаа. Жишээ нь, "Туркиш Эйрлайнс" болон бусад агаарын тээврийн компаниудаараа дамжуулаад Турк улс 90,000 иргэнээ нүүлгэн шилжүүлж авсан. Тухайн улсад нь нисэж очоод зөвхөн өөрсдийнхөө улсын иргэдийг тээвэрлэж авчирсан. МИАТ бол тусгай үүргийн нислэгээрээ дамжуулаад өөр зорчигчид буюу транзит зорчигчдыг ч тээвэрлэж буай. Үүнийг "Туркиш Эйрлайнс" болон бусад агаарын тээврийн компаниудын зүгээс авч үзвэл шударга бус өрсөлдөөнийг бий болгож байгаа гэх сэтгэгдэл төрүүлж байгаа. 

-Шударга бус өрсөлдөөн гэдгийг тодотгохгүй юу. Тэгш хүртээмжийг хэлж байна уу, эсвэл агаарын тээврийн компаниудын өрсөлдөөн талаас нь хэлж байна уу?

-Ингэж тайлбарлая л даа. Яг одоо бүх улсад байгаа монгол иргэдийг МИАТ тусгай үүргийн нислэгээрээ тээвэрлэн авчирч байгаа бол энэ нь арилжааны шинжтэй биш юм. Турк улсад л гэхэд Монгол руу ирэх хүсэлтэй 700 иргэн байгаа. Энэ хүмүүсийн нэлээд хэсэг хэтэрхий үнэтэй учраас тийз худалдан аваад ирж чадахгүй байна. Гэтэл МИАТ дэлхийн өнцөг булан бүрд байгаа олон хүнийг Истанбулд цуглуулаад Монгол руу тээвэрлэн авчирч байгаа. Ингэж авчирч байгаа хүмүүсийн нэлээд хэсэг нь өмнө нь “Туркиш Эйрлайнс”-аар тийзээ авчихсан байснаа буцаагаад МИАТ-аар ирж буй хүмүүс юм. 

Тусгай үүргийн нислэгүүд дүүрэн, тийз нь үнэтэй байгаа. Гэтэл МИАТ алдагдал хүлээж байна гэж ярьсан. Нөгөө талаар, ГХЯ-наас Туркт байгаа монгол иргэдийн нөхцөл байдал хүнд байгааг ярьж байсан. Гэтэл энэ хүмүүс нисэлэгээр ирэх боломжгүй байгаа. Туркээс нэг хүн Монголд энэ онгоцоор ирээд тусгаарлалтад байхад зардал нь дунджаар 1,100 ам.доллар болж байна. Гэтэл Турк улсад байгаа, онгоцоор ирэхээ хүлээж байгаа монголчуудын дийлэнх нь визийн хүчинтэй хугацаа нь өнгөрчихсөн, маш хүнд нөхцөлд байгаа учраас онгоцны төлбөрийг төлөх боломжгүй хүмүүс байгаа. Гэтэл Истанбулаас ирж буй 260 хүнээс 60 нь Турк, үлдсэн 200 нь бусад улсаар дамжин ирж байгаа хүмүүс ба ихэнх нь “Туркиш Эйрлайнс”-ын нислэгээр дэлхийн бусад улсаас Истанбулд ирсэн байгаа.  Мэдээж Монгол Улс иргэдээ шилжүүлэхийн тулд МИАТ тусгай нислэгийг гүйцэтгэж байгааг хэн ч эсэргүүцэхгүй. Гэхдээ үүнийг гүйцэтгэхдээ арилжааны байдлаар буюу ашиг харсан байдлаар зорчигч тээврэлэж авчирч байгааг шударга бус гэж харж байгаа

Нөхцөл байдал ийм байгаа тул Монгол Улсын холбогдох албаны хүмүүст бид хоёр санал хүргүүлсэн. 

Нэгдүгээрт, энгийн хуваарьт нислэгийг эхлүүль. Хоёрдугаарт, энгийн хуваарьт нислэгийг эхлүүлэх боломжгүй бол “Туркиш Эйрлайнс” компанид тусгай үүргийн нислэг үйлдэх зөвшөөрөл өгөхийг хүссэн.

-Хүсэлтийнхээ талаа та илүү тодорхой тайлбарлахгүй юу. Хэзээ ийм хүсэлт өгсөн бэ? 

-Дээр хэлсэнчлэн нэгдүгээрт, тогтмол хуваарьтай нийслэлийг үйлдэж эхлэх санал байгаа. 

Учир нь тодорхой хуваарьтай нислэггүй байгаа нь Монголд байгаа бизнес эрхлэгчид, дипломат ажилтнуудад тулгарч байгаа хамгийн том асуудал. Хүмүүс эндээс онгоцонд суугаад ажлаар явлаа гэхэд дараа нь хэзээ ирэх нь тодорхойгүй байдал. Тиймээс тодорхой хуваарьтай нислэгүүд үйлдээд эхэлбэл хүмүүсийн хувьд ажлаа төлөвлөж, нисэхэд хялбар болно. Нэг дор олон хүн ирэхгүй байснаар тусгаарлах байруудын дарамт багасах болно. 

Ийнхүү хоёр талын хуваарьт шууд нислэгийг эхлүүлэх саналыг зургаадугаар сард тавьсан. Долдугаар сараас эхлээд нисэх төлөвлөгөөтэй байсан боловч одоо хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй байна.

Харин “Туркиш Эйрлайнс”-т тусгай үүргийн нислэг үйлдэх зөвшөөрөл өгөх тухай хүсэлтээ долдугаар сард тавьсан ч татгалзсан хариу авсан. Хэрэв тусгай үүргийн нислэг үйлдэх зөвшөөрөл олговол Туркээс ирэх санхүүгийн боломжгүй байгаа 700 монгол иргэнээс нислэг болгондоо 20 хүнийг үнэгүй авчрах тухай саналаа наймдугаар сарын сүүлчээр тавьсан. Хариу өгөөгүй байна.    

-Монгол Улс 10 мянга гаруй иргэнээ авчрах хэрэгцээ шаардлага байгаа.  Бид ч мөн гаднын улс орнуудад байгаа иргэдээ илүү олноор авчрах боломжтой ч нөөцөө зөв зохицуулахгүй байна гэсэн шүүмжлэлтэйгээр хандаж байгаа. Зарим нэг өөр орноос ч мөн нислэг сэргээх тухай яригдаж байсан. Гэхдээ цар тахлын энэ үед өөр орны нислэгийг сэргээх нь эрсдэлтэй хэмээн үзэж байгаа болов уу.

-Мэдээж нислэг хийхдээ Монголын холбогдох байгууллагуудаас ямар шаардлагыг тавьж байна тэр бүх шаардлагыг хангаж, биелүүлж ажиллах хүсэлт тавьсан.

Монгол Улс 10 онгоцоор 5,000 иргэнээ татаж авчирч байгаа гэж бодоход энэ 5,000 иргэнийг бид 20 онгоцоор авчиръя гэж байгаа. Тэгвэл хүмүүс илүү тав тухтай орчинд зорчих боломжтой. Хоёрдугаарт, онгоцны нислэгийн давтамж нь илүү ойртоно. 

Өнөөдрийг хүртэл манай улсын зүгээс Монгол Улсын үйлдэж байгаа тусгай үүргийн нислэгийг бүхий л талаар дэмжиж ирсэн. Тэр байтугай, тусгай дипломат онгоц гэдэг статусаар энэ онгоцыг хүлээж аваад, буух зөвшөөрлийн төлбөр зэргийг огт аваагүй. 

Бидний хувьд тусгай үүргийн нислэгийг долоо хоногт нэг удаа хийх хүсэлтэй байгаа. Биднийг санал тавих үед хүсэлтийг хүлээн авсан бол санхүүгийн бэрхшээлд орсон 80 хүн эх орондоо ирж болох байв.

Одоо иргэдээ авчрах хэрэгцээ шаардлагаас гадна анзаарагдахгүй байгаа нэг асуудал бол ачаа тээвэр. Тусгай үүргийн нислэгээр явж байгаа ачаа тээврийн үнэ 2-3 дахин нэмэгдсэн. Энэ бүх төлбөр монголчуудын халааснаас л гарч байгаа. Тусгай үүргийн нислэгээр ирж байгаа хүмүүс илүү ачаа авчрах боломжгүй болсон.

“Туркиш Эйрлайнс” нислэгээ эхлүүлснээр энэ мэт хүндрэл шийдэгдэхээс гадна тийзийн үнэ буурна. Жишээлбэл, МИАТ компанийн хийж байгаа тусгай үүргийн нислэгээр Истанбулаас Улаанбаатарт ирэхэд 700 ам.доллар төлж байгаа. Харин “Туркиш Эйрлайнс” энгийн хуваарьт нислэг үйлдэж эхэлбэл Америкаас Монголд ирэх тийзийн үнэ 760 ам.доллар байгаа.

Хамгийн чухал зүйл нь нислэгүүд тодорхой хуваарьтай болно.  

Манай улсын арга хэмжээнүүдийг Европын маш олон орон хүлээн зөвшөөрч, жуулчид аялаад эхэлсэн

-“Туркиш Эйрлайнс” бусад улс орон руу энгийн хуваариар нисээд эхэлчихсэн үү?

-Турк улс руу нислэг, агаарын тээврийн ямар нэгэн хязгаарлалт одоо байхгүй. Ирэхийг хүссэн хэн бүхэнд нээлттэй. “Туркиш Эйрлайнс”-ын хувьд өөрсдөд нь нисэх зөвшөөрөл өгсөн бүх улс орон руу нислэгээ үйлдээд эхэлсэн. Бид эргээд энгийн амьдралдаа орохыг хичээж байгаа. Тэр ч бүүхэл жуулчин хүртэл хүлээж аваад эхэлсэн. 

Аялал жуулчлалын бүс нутагт авч хэрэгжүүлсэн манай улсын арга хэмжээнүүдийг  Европын маш олон орон хүлээн зөвшөөрч, жуулчид аялаад эхэлсэн. 

-Сонирхолтой сонсогдож байна. Коронавируст цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар хамгийн их хохирол амсаад байгаа шүү дээ. Ялангуяа халдварын оргил үед жуулчлал зогсонги байдалд орсон байх. Одоо эргээд энэ салбар сэргэж байгаа тухай та цухас дурдлаа. Турк улс энэ салбартаа ямар арга хэмжээнүүд явч хэрэгжүүлж байгаа талаар сонирхуулахгүй юу?

-Ерөнхийдөө халдварын оргил үед Туркийн аялал жуулчлалын зогсолтын үе буюу өвлийн улиралтай давхцаж таарсан. Одоо аялал жуулчлалын салбарт байгаа удаашрал нь Турк улсад жуулчин хүлээж авахгүй байх хязгаарлалт тавьсных бус, ерөнхийдөө дэлхий даяар хүмүүс жуулчлахаас эмээж буй сэтгэл зүйгээс үүдэлтэй. Мэдээж аялал жуулчлалын салбарын орлого маш их хэмжээгээр буурсан. Өнгөрсөн жил Турк улс 46 сая жуулчин хүлээн авч байсан бол энэ жил энэ тоо 15 орчим сая болж буурах тооцоотой байна. 

Ийм хэмжээний жуулчин хүлээн авахын тулд Турк улс аялал жуулчлалын с албартаа сертификатжуулах хөтөлбөр хэрэгжүүлж буй. Коронавирусийн үед аялал жуулалын салбарт авах бүр арга хэмжээг 100% хэрэгжүүлж чадна гэсэн компаниудад сертификат олгож байгаа. Турк бол эрүүл мэндийн аялал жуулчлалын орон. Монголчууд Солонгосыг зорьдог шиг олон улс орноос өвчтөнүүд ирж Туркт эмчлүүлдэг. 

Иймд Туркт жуулчлахаар ирж байгаа гадаадын иргэдийн халууныг эхлээд хэмжиж, шинж тэмдгийг харна. Хэрэв өвчний шинж тэмдэг байвал шинжилгээ хийж, харуи эерэг гарвал эмчилгээ хийнэ. Хэрэв нэг жуулчин Туркт жуулчлах хугацаандаа эсвэл Турк рүү ирж байх явцдаа коронавирусийн халдвар авсан нь шинжилгээгээр нотлогдвол тэр хүнийг эмчилнэ. Аялал жуулчлалын сарлбарт ажиллаж байгаа бүх албан хаагч эрүүлд мэндийн шижилгээ үзлэгээр байнга орж, байнга хянагдаж байгаа. Тухайн жуулчин шаардлагатай гэж үзвэл Турк явахаасаа өмнө, эсвэл ирээд онгоцны буудал дээр эрүүл мэндийн даатгалд хамрагдаж болно. 

Туркийн эрүүл мэндийн системд цар тахлын халдварт байдлыг бууруулахын тулд хэрэгжүүлж байгаа нэг зүйл нь хэн нэгэн хүний шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд сүүлийн 48 цагийн хугацаанд тэр хүний ойрын хавьтал болсон бүх хүн шинжилгээнд хамрагддаг. Энэ ажлыг хянаж байхын тулд ЭМ-ийн салбарын ажилтнуудаас бүрдсэн 12,000 гаруй багийг байгуулсан. Тэгэхээр нэг өвчтөний сүүлийн 48 цагийн дотор ойрын хавьтал болсон бүх хүнийг 48 цагийн дотор 98 хувьтайгаар олж шинжилгээнд хамргуулж чадаж байна. Хэрэв тэр хүмүүс дундаас шинжилгээний хариу эерэг гарвал дахиад тэр хүний ойрын хавьтлыг 48 цагийн дотор илрүүлэх гэх мэт энэ ажлыг долоо хоногийн турш хийж байна. 

-Цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа Турк улсын арга хэмжээнүүд үр дүнтэй байгаа гэж та үзэж байна уу?

-Авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд ялангуяа аялал жуулчлалын салбарт маш үр нөлөөтэй байсан. Ерөнхийдөө хэрэгжүүлж байгаа бүх арга хэмжээ, хязгаарлалтууд сайн байгаа. Түүнээс гадна манай эрүүл мэндийн систем өндөр хүчин чадалтай тул халдвар аваад ирсэн хүмүүсийг эмнэлэгтээ багтаахгүй байх буюу эмнэлгийн хүчин чадлаас давсан асуудал одоогоор гараагүй. 

Харамсалтай нь төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд, тухайлбал, амны хаалт зүүх, гадуур гарахгүй байх зэрэг арга хэмжээнүүдийг урт хугацааны турш хэрэгжүүлэхэд хүмүүст бэрхшээлтэй байгаа. 

Гэхдээ бидний нэг давуу тал бол Турк улсад эрчимт эмчилгээний ор 40,000-аас дээш байдаг. Эмнэлгүүдийг шинээр барьж байгаа. Мөн манай эмнэлгүүдэд зөөвөрлөдөг болон зөөвөрлөдөггүй, амьсгалын 50,000 гаруй аппарат байгаа. Үүнийг бид нэмэгдүүлж, Турк улсдаа амьсгалын аппарат үйлдвэрлэж байгаа. 

Мөн эмчилгээний шинэлэг арга барилыг ашиглаж байгаагийн ачаар халдвар авсан хүмүүсийн шинжилгээний хариу 5-7 хоногт сөрөг болж, эмнэлгээс гарах боломжтой болсон. Гэхдээ мэдээж бидний гол зорилго бол хэн ч энэ халдвараар бүү өвдөөсэй, хэн ч эмнэлэгт битгий хэвтээсэй. Тиймээс зорилгынхоо төлөө ажиллаж байгаа. 

“Хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн түвшинд гаргахаар төлөвлөсөн байсан”

 
Гэрэл зургийг MPA.mn

-Цар тахлаас үүдэн манай хоёр орны харилцаанд ямар нэгэн өөрчлөлт орсон уу.  Эсвэл эерэг өөрчлөлт гарч байна уу. Цар тахал дуусаж, эдийн засаг сэргэх үед ямар хүлээлттэй байгаа вэ?

- Хоёр орны харилцаанд гэвэл энэ оны эхээр бид нэлээд өндөр дээд хэмжээний айлчлал төлөвлөсөн байсан. Түүнээс гадна хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн түвшинд гаргахаар төлөвлөсөн байсан. 

Цар тахалтай холбоотойгоор хоёр талаас өндөр дээд хэмжээний албан айлчлалууд хойшлогдоод буй. Гэхдээ нөгөө талаас технологийн давуу талыг мэдэрч, маш олон уулзалтыг цахимаар хийх арга замыг эрэлхийлж, хийж байна.

Нислэгийн тухайд хэдий бид шүүмжлэлтэй хандаж байгаа ч энэ бол хоёр орны харилцаанд нөлөөлөх зүйл биш. 

Нислэг бол Монгол Улсыг дэлхийд холбож өгөх арга зам. Мэдээж монголчууд Истанбул гэлтгүй Сөүл, Токио гэх зэрэг агаарын тээврийн зангилаагаар дамжуулан нислэг үйлдэх хүсэлтэй байж болно. Гэхдээ бидний санал ирж байгаа зорчигчдыг цөөрүүлэхгүй,  хязгаарлалтууд, авч байгаа арга хэмжээнүүдийг зөөлрүүлэхгүйгээр илүү амар хялбар байдлыг бий болгох юм. Энэ чиглэлээр авах аливаа нэг арга хэмжээ нь хэцүү цаг үед хоёр орны харилцааг харилцан дэмжиж, эергээр нөлөөлөх нь тодорхой. 

Мөн энэ хүнд хэцүү цаг үеийг зөв ашиглаж, төсөл хөтөлбөр, харилцааны хүрээнд бэлтгэлээ хийвэл цаашдаа харилцаа, хамтын ажиллагаа улам хурдтай хөгжих боломжтой. 

Бидний хувьд энэ цаг үеийг шинээр байгуулагдсан Засгийн газрын гишүүдтэй уулзах, тэдний санал хүсэлтийг сонсох, тэдэнтэй хамтарч хийх ирээдүйн бэлтгэл ажлыг хангах зорилгоор ашиглаж байна. Түүнчлэн бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг цахимаар нэг нэгэнтэй нь уулзуулж байна. Нүүр тулаад бизнесээ хийх боломжтой болсон үед нь бүх зүйл бэлэн байхаар тооцож бэлтгэл ажлуудыг хийж байгаа. Товчхондоо аль болох хоосон өнгөрүүлэхгүй байхыг хичээж байна. 

-Цаашид Турк улс Монгол Улстай аль салбарт илүү түлхүү хамтран ажиллах сонирхолтой байгаа бол?

-Бидний сонирхож байгаа салбар гэвэл Турк улсын ч тэр, Монгол Улсын ч тэр, аль алиных нь хамтран ажиллахыг хүсэж байгаа, хамтарч хийж болох тэр салбарууд байдаг. Худалдааны талаас гэвэл Монгол Улсад Туркийн даавуу, хувцас, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүний сонирхол байгаа нь харагддаг. Эдгээр бүтээгдэхүүний үнэ болон чанар нь монголчуудад боломжийн санагддаг гэж харж байгаа. Монголоос Турк улс руу арьс шир, малын гаралтай бүтээгдэхүүн, тодорхой хэмжээнд уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг гаргадаг. Эндээс харахад арьс ширний салбар бусад салбартай харьцуулахад хамгийн илүү хөгжүүлэх боломжтой салбар гэж харагддаг. 

-Энэ талаар олон жил ярьж байгаа байх, тийм үү. Яг бодитой хэрэгжиж эхэлсэн ажил хэр их байгаа вэ?

-Монголд арьс ширний маш их нөөц бололцоо байгаа. Үүнийг ашиглан маш чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, цаашлаад түүнийгээ дэлхийд гаргах гэсэн чиглэлээр ажиллах хүсэл сонирхолтой төдийгүй ажиллаж байгаа. 

Манай улсад туршлага нь байгаа. Тэгэхээр яг энэ салбарт компаниудын хөрөнгө оруулалт байж болно. Мөн боловсролоор дамжуулаад хөрөнгө оруулж болж байна. Тухайлбал, энэ жил дөрвөн монгол оюутныг арьс ширний инженер чиглэлээр тэтгэлэгтэйгээр сургахаар болсон. Монгол Улсад арьс ширний үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүст богино хугацааны сургалтыг хэрхэн зохион байгуулж болох вэ гэдэг чиглэлээр судлаад явж байна. 

Түүнээс гадна арьс ширийг түүхийгээр нь бус, боловсруулсан бүтээгдэхүүн болгон гаргах үйлдвэр барих зорилгоор Туркийн болон Монголын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг уулзуулж болно. 

Энэ бол бидний хамгийн хурдтай хийж болох ажлууд. Түүнээс гадна цар тахлын дараа аялал жуулчлалын салбар нь хамтран хурдтай хөгжүүлж болох салбар гэж харж байна. 

-Та Монгол Улсад ирээд багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд мэдээж шууд нислэгтэй болсон нь том алхам байсан. Тэгвэл цаашид үүнийг хийчих юмсан гэж зорьсон ажил байгаа болов уу?

-Би Монголд ажиллах хугацаандаа юу хийж болох байсан бэ гээд бодохоор миний толгойд үлдсэн хоёр зүйл байна. Энэ хоёр зүйлийг хийж амжаагүй юм болов уу гэж харж байна. Нэг нь, МСҮТ-ийн чиглэлээр Турк улс арвин туршлагатай. Тэр дундаа аялал жуулчлалын чиглэлээр боловсрол олгодог сургалт үйлдвэрлэлийн төв байгуулах юмсан, боловсролын салбар, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллаад үүнийг эхлүүлэх юмсан гэсэн хүсэл маш их байна. 

Хоёрдугаарх нь түүхийн салбар. Монголын түүх гэдэг бидний ч түүх. Энэ утгаараа МУИС-д Турк судлалын хүрээлэн байгуулсан. Энэ хүрээлэнгийн үйл ажиллагааг илүү идэвхтэй болгох алхмуудыг хийхийг хүсэж байна. 

Өөр юу хийж болох вэ гээд харвал, цар тахлын нөхцөл байдал дуусаад, харилцан өндөр хэмжээний айлчлал зохион байгуулах боломжтой болбол Стратегийн түншлэлийн гэрээ хэлэлцээр байгуулах боломжтой болно. 

Энэ бол Монгол Улсад албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа миний хийж болох, хүсэж байгаа зүйлс. 

Ер нь манай хоёр улс бүх салбарт харилцан хамтын ажиллагаагөө өргөжүүлэх боломж байна. Улс орон бүр өөрийн гэсэн туршлагатай байдаг. Бидний хувьд ч гэсэн Монгол Улсаас суралцах маш их зүйл байдаг. Ялангуяа, цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хувьд ч судлах зүйл ихтэй гэж харж байгаа. 

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.