Индэр    
2020 оны 8 сарын 23
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 77: Монгол эмэгтэйн бичсэн "Almost American" номын тухай

Зураг

Unlock подкастын бичмэл хөрвүүлгийн энэ удаагийн дугаараар Монгол эмэгтэй Т.Түвшинбилиг /Билли/-ийн бичсэн "Almost American" буюу "Бараг л Америк" хэмээх номыг хүргэхээр бэлтгэлээ. 

Билли Түвшинбаярын бичсэн "Almost American" ном нь энэ оны дөрөвдүгээр сарын 13-нд нээлтээ хийсэн бөгөөд гарсан даруйдаа Амазоны шинэ номын жагсаалтыг тэргүүлж чадсан бүтээл болоод байгаа юм. 

Олон уншигчдын дунд хүлээлт үүсгээд буй энэхүү бүтээлд Billie 19 настайдаа АНУ явж, хэрхэн амьдарч байгаа талаар болон тус улсад гадаад хүмүүс улсын эдийн эдийн засаг болон бусад салбарт нь хэр хэмжээний хувь нэмэр оруулдаг зэрэг олон зүйлийн талаар бичжээ. 

Номын тухай сонсох: 

 

Зохиогчийн сэтгэгдэл: 19 настайдаа АНУ-ыг зорин ирээд арван нэгэн жил болжээ. Энэ хугацаанд Америк ч биш Монгол ч биш сонин мэдрэмжийг их авдаг байсан юм. Магадгүй над шиг ийм мэдрэмжийг авч байгаа олон хүн байгаа гэж бодсоны үүднээс би энэхүү номоо бичсэн билээ. Мөн АНУ-д цагаачидтай холбоотой олон асуудал, үйл явдал өрнөдөг.  Ялангуяа энэ цаг үед. Тиймээс цагаачид буюу гадаад иргэдэд хандан өөрөөрөө болон хаанаас ирснээрээ үргэлж бахархаж амьдраасай гэх урмыг өгөхөөр зорьсон билээ. Би залуу хүн тул туулж өнгөрүүлсэн амьдралынхаа талаар бичихэд тийм ч их болоогүй. Гэсэн хэдий ч энэхүү бяцхан номоороо дамжуулан гадаад иргэдийн талаарх буруу ойлголтыг бага ч гэсэн залруулахыг хүслээ...  

Арван дөрвөн бүлгээс бүрдсэн "Almost American" номын бүлэг тус бүрийн агуулгыг тоймлон хүргэж байна. 

  1. Биллигийн бага нас хэрхэн өссөн бэ. Монголын 1990 оны Ардчилсан хувьсгалын үед юм ховор байхад төрж өссөн охины хувьд Америк соёлтой яаж танилцсан талаар энэ бүлэгт гарна. Жирийн нэгэн монгол айлд буюу Нарантуул захын хажууд өссөн охин Орос, Монголын хамтарсан гуравдугаар сургуульд орос хэлийг хэрхэн сурсан тухай ч өгүүлнэ. Тухайн үед Америкт гарч байсан дуу хөгжимд дурлаж, алдарт "Friends" киног шимтэн үзэж эхэлснээр Америкийг сонирхох сонирхол нь хэрхэн нэмэгдсэнийг энэ бүлгээс сонирхоорой.
     
  2. Үүрээ орхин одлоо. Монголоос АНУ руу явсан замналаа өгүүлэх өгүүлэмж үргэлжилсээр.  Зах зэлийн шилжилтийн үед Монголын олон айл өрх ажилгүй болж, гэр бүлийн салалт ихсэж байсан үе. Энэ зүйл Биллигийн гэр бүлийг тойроогүй дайраад өнгөрсөн тухай тэрээр номдоо нуулгүй илтгэсэн нь уншигчдын сэтгэлийг хөдөлгөж чаджээ. Тухайн үед дэлхийн хамгийн шилдэг улс руу очно гэдэг хүүхдийн хувьд сайхан зүйл ч гэлээ нөгөө талд хайртай хүмүүсээ орхиод явна гэдэг амаргүй. 
     
  3. Америкт хөл тавьсан нь. Онгоцноос буух тэр мөчид би юу хийчих вэ? гэсэн бодол толгойд нь эргэлдэж байсан тухай энэ бүлэгт бичжээ. Өндөр хүлээлттэй очсон Биллигийн хувьд бодит байдал дээр жижигхэн нэг өрөөнд, газар гудас тавиад унтдаг байсан аж. Америкт ирээд л бүх зүйлийг олж, сайхан амьдардаггүйг харуулахыг зорьсон энэ бүлэг танд нэгийг хоёрыг тунгаахад тань туслах биз ээ.
     
  4. Бүх зүйл шууд ирдэггүй. Цагаач болоод АНУ-д очиход шууд тансаг амьдрал угтдаг гэж бодож байвал үгүй юм. Орой ажлаасаа ирээд хичээлээ хийж байгаад өглөө нь босож хичээлдээ явдаг байсан өдрүүд энэ бүлэгт өгүүлэгдэнэ. Юу ч байхгүй гурван охинд ганц байсан зүйл нь том хүсэл мөрөөдөл, тэмүүлэл байв.
     
  5. Хүн болгон сайхныг хүсдэг. АНУ-д жилд 70 тэрбум долларыг сугалаанд зарцуулдаг. Энэ бүлэгт өөрөө өөрийнхөө хувь заяанд эзэн байхыг Америк мөрөөдөл гэж болно хэмээх агуулгыг уншигчдадаа ойлгуулахыг зорьжээ. Мөн цагаачид мөрөөдлөө тодорхойлоод түүнийхээ төлөө зүтгэж чадвал амжилтад хүрч чаддаг тухай. Хүн болгон сайн сайхны төлөө л амьдардаг тухай гарна. Гаднынхан амьдралаа сайжруулахын тулд америкт ирдэг бол Америкчууд ч өөрсдөө сайхан амьдрахын тулд сугалаа сугалдаг гэсэн санааг гаргаж өгөхийг зорьсон байна. Хүн өөрөө хөдөлмөрлөж л чадвал боломж хаа сайгүй.
     
  6. Цагаачид ба тэдний хүүхдүүд: АНУ-ын хүүхдүүдийн дөрөвний нэг нь гадаад хүмүүстэй амьдарсан хүүхдүүд байдаг. Тэдгээр хүүхдүүд нь нийгэмд ямар мундаг хүмүүс болдог талаар эн бүлэгт гарна. Америкийн хуучны 500 том компанийг үүсгэн байгуулагчдын 40 хувьд нь  гадаад хүний хүүхэд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байдаг аж. Мөн Америкт нэг сая доллараас дээш үнэлэгддэг гарааны бизнесүүдийн 55 хувь нь гадаад хүний хүүхдээр эсвэл хүүхдийнх нь хүүхдээр үүсгэгдсэн байдаг хэмээн тэдний үр нөлөөг бага ч гэсэн таниулахыг зорьжээ.
     
  7.  Бидний төлдөг төлөөс. Гэр бүлээсээ салаад хол амьдарна гэдэг амар зүйл биш. Гэхдээ холдох тусам улам гэр бүлтэйгээ ойртдог  болохыг мэдэрснээ энэ бүлэгт хуваалцана. Хамт нэг гэрт амьдарч байхдаа ярьдаггүй байсан зүйлээ алс холын оронд очоод байнга ярьдаг болсон гэнэ. Мөн гэрийнхнээсээ хол амьдарч байхдаа хайртай хүмүүсээсээ мөнхөд хагацах зовлонг хэрхэн даван туулсан тухайгаа зохиогч уйлангаа бичсэн бүлэг аж. Хайрт өвөөдөө баярлалаа, хайртай шүү гэж хэлж чадахгүй. Гэр бүлийнхнийгээ тэврээд уйлж ч чадахгүй, сэтгэлдээ зовнин суугаа охины дотор ямар байсныг энэ бүлгээс унших боломжтой. Энэ нь уншигчдын хувьд ч хамгийн сэтгэл хөдөлгөм бүлэг байсныг онцолж буй билээ. 
     

    7. Чөлөөт хөдөлгөөн: Англи хэл сайн сурч, шинэ соёлд уусаж орох ямар хэцүү талаар энэ бүлэгт өгүүлэгдэх нь тэр. Мөн орогнол хүссэн иргэдийн тухай болоод цагаачдыг өмөөрч Дональд Трампыг багахан шүүмжилсэн бүлэг юм. 

  8. Бакалавраа хамгаалаад ажилд орсон нь: Мэргэжлээрээ Америкт ажилд орно гэдэг гадаад хүний хувьд маш том өрсөлдөөнийг даван туулж, хүлээн зөвшөөрүүлсний үндсэн дээр бий болдог зүйл. Өөрөөр хэлбэл, гадаад оюутнууд Америкчуудаас хоёр дахин илүү хичээж хөдөлмөрлөж байж үнэлэгдэн ажилд ордог талаар өгүүлдэг. Маркетенгийн менежер гэх ерөнхий мэргэжлээр жижиг сургууль төгссөн, дээрээс нь англи хэл нь хангалттай сайн биш түүний хувьд ямар байсныг энэхүү номоос уншаарай. 
     
  9. Америк маягийн өөртөө итгэх итгэл. Гадаадаас ялангуяа Азиас очсон хүүхдүүдэд тулгардаг зүйлсийн талаар энэ бүлэг үргэлжилнэ. Азийн орнуудад номхон даруу байх тусам зөв харагддаг бол Америкт эсэргээрээ өөртөө итгэлгүй байдлыг илэрхийлдэг гэдэг. Иймд Америкийг зорих гэж буй Ази хүмүүст дараах зөвлөгөөг өгчээ. Үүнд, 
  • Шүдээ гаргаж инээмсэглэх /аль болох олон удаа инээмсэглээрэй/
  • Эхэлж яриа өд 
  • Нөгөө хүнээ сайн сонсож сурах
  • Жижиг, энгийн яриагаар яриагаа эхлүүлэх /цаг агаар, өмссөн хувцас гэх мэт.../
  • Ярилцаж буй хүнийхээ нүд рүү харж ярих
  • Өөрийн бие даасан байдалтай хүнээр Америкчууд бахархдаг тул бие даасан гэдгээ илэрхийл
  • Хэт хувийн асуулт асуухгүй байх /хэдэн хүүхэдтэй вэ, хэзээ хүнтэй суух вэ гэх мэт/
  • Жижиг ч гэсэн зүйл дээр талархсанаа илэрхийлж байх
  1. Сүйт залуу Стивтэй танилцсан түүх. Сүйт залуутайгаа анх яаж танилцсан. Ямар дурсамжийг бий болгосон талаар энэхүү бүлэгт гардаг. 
     
  2. Энэ цаг мөчид. Ангийн найзтайгаа өрнүүлсэн хоёрхон минутын яриа нь Биллиг АНУ-д ажилд орох замыг нээж өгчээ. Компаниуд гадаад хүн авах дургүй байдаг шалтгаан болон гадаадууд ажилд орсон ч асуудал үргэлжилсээр байдаг тухай энэ бүлгээс олж мэдэх боломжтой.  
     
  3. Амар сайхандаа жаргав. Ногоон карт буюу Америкт визнээс шалтгаалахгүйгээр оршин суух эрхтэй болсон үеийн сэтгэл хөдлөлийн талаар гарна.
     
  4. Тархины хоргүй хавдар. Хамгаас хайрт ээж нь тархины хоргүй хавдартай гэж оншлогдож, Турк улсад хагалгаанд орохоор болсон бөгөөд тухайн үед гарсан амьдрал дахь бяцхан зөрчилдөөний талаар өгүүлнэ. 
     
  5. Төгсгөлийн бүлэг...Бараг л Америк буюу өөрийгөө хүлээн зөвшөөрсөн талаар.