Индэр    
2020 оны 7 сарын 18
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 72: Саад бэрхшээлийг даван туулах ЖОР

Зураг

Unlock подкастын бичмэл хөрвүүлгийн энэ долоо хоногийн дугаараар "Эго бол таны дайсан" номоороо танигдсан бэстселлэр зохиогч Райн Холидейгийн ээлжит бүтээлийг танилцуулж байна.

Энэ бол, саад бэрхшээл нь амьдралын салшгүй нэг хэсэг бөгөөд үүнийг хүн өөрийн давуу тал, боломж болгон ашиглаж, амжилттайгаар даван туулах боломжтойг бодит жишээгээр тайлбарласан "Obstacle is the way" хэмээх гайхалтай бүтээл юм.  

НОМЫГ СОНСОХ: 

Энэхүү номд гарах гурван агуулгаас уншигч танд тоймлон хүргэе. 

Хүний амьдрал ямар ч бэрхшээл, саад тотгоргүй, дардан замаар урагшилдаг гэвэл үүн шиг худал зүйл байхгүй. Том жижиг олон саад бидэнд өдөр тутам тохиолдож байдаг хойно түүнийг хэрхэн давж, тэмцэх вэ гэдэг л хамгийн чухал.

Аливаа саад тотгорыг даван туулахад ГУРВАН том хүчин зүйл нөлөөлдөг аж.

  1. Аливааг харах хандлага
  2. Саад тотгорыг боломж болгож эргүүлэх үйлдэл
  3. Ямар ч хэцүү нөхцөл байдлыг даван туулах сэтгэлийн хат

Нэг. ХАНДЛАГА

Эргэн тойронд тохиолдож буй юмсыг харах өнцөг бол таны хандлага. Хандлага таны сул, эсвэл давуу тал ч болж болно. Юмсыг зөв хандлагаар харахад хамгийн саад болдог зүйл нь аливаад сэтгэлийн хөөрлөөр хандах явдал тул бодитоор харж сурахад хамгийн эхэнд суралцахыг энэхүү номд дурджээ.

Агуу хөрөнгө оруулагч Дэвид Рокфеллер бага наснаасаа хүнд хэцүү амьдралыг туулж өссөн нэгэн. Түүний аав гэмт хэрэгтэн, бас архичин байсан бөгөөд гэр бүлээ хаяад явчихсан тул Рокфеллер 16 наснаасаа гэр бүлээ тэжээхийн тулд ажиллаж эхэлсэн гэдэг. Түүний амьдралын зарчим нь ердөө нөхцөл байдлыг бодитоор харж, сэтгэл хөдлөлдөө автахгүй байх явдал байв. Эдийн засгийн томоохон хямралын үед ихэнх хүн шоконд орж, юу хийхээ мэдэхгүй, хөрөнгө оруулалт хийхээсээ айж байхад Рокфелер боломжийг олж харан хөрөнгө оруулалтууд хийж чадсанаараа Америкийн газрын тосны зах зээлийн 90 хувийг атгаж байсан гэдэг.

- Хүмүүс айж зугтаж байхад чи илүү зоригтой, илүү шуналтай байх ёстой. Харин хүмүүс илүү шуналтай байх үед чи айх ёстой- хэмээн хэлсэн Рокфеллерийн үг түүний амьдралд хандах хандлагыг танд ойлгуулах биз ээ.

Мөн та зөв хандлагатай болоход өөрт тохирсон асуудлаа өөр хүнд тохиосон мэтээр бодох, өдөр болгон өнөөдрөөрөө амьдрах амьдралын хэв маягийг өөртөө суулгахыг уг номд зөвлөжээ. Иймд хүний амьдралыг утга учиртай, амттай болгодог саад бэрхшээл бүрт талархаж, бүхнийг одоо цаг дээр байлгаж, юманд бодитоор хандах бэлтгэлээ одооноос эхлээрэй.

ХОЁР. Бодлоо үйлдэл болгох нь

Бодлоо үйлдэл болгож, амьдралаа өөрчлөхөд дараах байдлаар хийж үзэхийг энэхүү номын хоёрдугаар хэсэгт өгүүлж буй.

Аливаа ажлыг хийхдээ сахилга баттай байх. Асуудал гарч ирэх үед хүн хамгийн түрүүнд зугтаах аргаа л хайдаг. Хэн ч чамайг аврахгүй, чи л өөрийгөө аварч чадах учраас сахилга баттайгаар хийх ёстой зүйлээ зүгээр л хий.

Байнга урагшилж байх. Хэчнээн том асуудал тулгарч болох ч байнга урагшилж байх ёстойг бүү март. Шийдэл гэдэг нь тулах даваа болгон дээр гарч ирэх учраас зөв ч бай, буруу ч бай байнга урагшлах ёстой юм. Хэрэв та ямар нэгэн зүйлийг хийгээд гацчихсан байгаа бол би энэ замаар хэр хол явж чадах вэ гэж өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.

Хямралыг боломж болгон ашигла. Хийж байгаа зүйлийн чинь аль нь ч бүтэхгүй байж магадгүй гэсэн хандлагатайгаар урагш хараад ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүн амьдралдаа тулгарч болох эрсдлээ тооцож мэддэг, түүндээ бэлтгэлтэй байх нь чухал юм.

ГУРАВ. Сэтгэлийн хат

Сэтгэлийн тэнхээтэй л байвал ямар ч нөхцөл байдлыг давж гарах хамгийн чухал зэвсгээ олсон гэсэн үг. Сэтгэлийн тэнхээтэй хүн цаанаасаа төрчихсөн байдаг гэж бодож байвал та эндүүрч байна.  

АНУ-ын алдарт ерөнхийлөгчдийн нэг Абрахам Линкольн багаасаа л сэтгэлийн гүн хямралд ордог байсан нэгэн гэдэг. Ингэхдээ хоёр ч удаа амиа хорлохыг оролдож байжээ. Гэхдээ тэр нас ахих тусам сэтгэлийн хямралтайгаа "учраа олж", уналт бүрийг даван туулж, эцэстээ сэтгэлийн асар их хаттай хүн болсон байдаг.

Эхнэр, хүүхдээ ойрхон алдаж, амьдралынхаа бүх зүйлд ялагдал хүлээж байсан ч тэр дээр дурдсанчлан үргэлж сэтгэлийн хаттай байхад өөрийгөө суралцуулахаар урагш тэмүүлж чадсан нэгэн.

Өөрөөр хэлбэл, бүх зовлон бэрхшээлийн ард гарч, амжилтад хүргэсэн ганц зүйл нь сэтгэлийн тэнхээ, сэтгэлийн сахилга бат байв.

Хүний амьдралд цохилт, хүнд нөхцөл байдал ирэхгүй байна гэж байхгүй. Тэр үе бүрд стресстэж өөрийгөө зовоохгүйгээр зүгээр л яавал үүнийг даван туулах вэ гэж бодон, сэтгэл зүйгээ бэлдээрэй. Саад тотгор бол таны амьдралыг амттай болгох боломж байдаг юм шүү.